Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч/ хохирогч О.Б,

шүүгдэгч/ хохирогч С.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Б, С.Тнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ********************,

Урьд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, О.Б /РД:********/,

 

2. Монгол улсын иргэн, ****************,  

Урьд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, С.Т/РД:**************/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  1. Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим С.Ттай маргалдсаны улмаас түүнийг газраар чирч болон хөлөөр өшиглөж биед баруун өгзөг, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
  2. Шүүгдэгч С.Тнь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим О.Бтай маргалдан түүний нүүр, толгой хэсэг рүү гараар цохиж биед тархи доргилт, зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч О.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гадуур ажилтай явж байтал манай найзын эхнэр Г над руу утсаар залгаад чи эр янхан миний нөхрийг хүнтэй унтууллаа, С.Тгийн найз охинтой унтуулсан байна гэсэн. Орой ирж уулз гэхээр нь орой 25-н автобусны буудал дээр очиж уулзсан. Эхлээд Гтай уулзаад тайлбарлаж хэлээд явсан. Гэтэл араас дахиж залгаад хүрээд ир гэхээр нь яваад очтол хар өнгийн машинаас С.Т гарч ирээд над руу хүүхдээ шидээд толгой руу цохиод нүдний шил цохиж унагаасан. Тэгээд цагдаад өгнө гээд С.Тг барьж авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч С.Тмэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бгийн найзын эхнэр Гтай хамт хүүхдүүдээ салхилуулахаар ойрхон гарсан. Намайг согтуу байсан гэж хэлж байгаа нь худлаа хорио цээртэй, архи зарахгүй байсан. Градусгүй ганц хоёр пиво уусан. Хүүхэдтэй байсан болохоор архи уугаад явахгүй шүү дээ. Г Б руу залгаад энэ хоёр уулзсан. Дараа нь Гтай явж байхад Б өөрөө Г руу залгасан. Г тэгээд хүрээд ир гээд Б, Г, Бгийн ах гурав цуг ирсэн. Би Бгийн биед зулайнд няцрал гэмтэл учруулахаар хүрэхээр өндөр хүн биш гар хүрээгүй байж ялтан болоод байгааг ойлгохгүй байна. Анх ирэхээс дуустал Бгийн ах бичлэг хийсэн мөрдөн байцаалтад өгнө гэсэн боловч устсан байна гэж мэдүүлэг өгсөн. Б бас бичлэг устсан гэж мэдүүлсэн. Эхнээс нь дуустал хийсэн бичлэг байхад яагаад устгасан бэ, анхны мэдүүлэгт Энхчимэг, Батчимэг гэх хоёр эгчийг миний биед гар хүрсэн гэж мэдүүлсэн. Сүүлд гэрчийн мэдүүлэгт гэрч нараас асуухад бүлэглэн зодсон асуудал байгаагүй гэж хэлсэн. Хэрэг болоод удаагүй над руу залгаад миний өндрийг асуусан тэгэхээр нь би хэлээгүй зулайн чамархайн зөөлөн эдийн гэмтэл тархи доргилт гэсэн зүйл гарч ирсэн. Би өмнө нь 2020 оны 8 сард шүүхээр ороод торгуулийн ял авсан учир нь Г гэх Бгийн одоогийн найз охинтой шүүхээр орсон. Тухайн үед намайг жирэмсэн байхад миний араар Гтай уулзахаар нь би гэрээс явсан юм. Тухайн хэрэгт Ггийн томографын гаргасан дүгнэлт энэ хэрэгт байгаа Бгийн дүгнэлттэй яг ижилхэн гарсан. Тийм болохоор хардаж байна. Тухайн үед Б намайг машинаас чирч буулгаад, газраар чирсэн, араас хатуу юмаар өшиглөсөн. Миний хүүхдийг аваад хүүхэд өгөхгүй намайг зуураад чирээд байсан, би дөнгөж төрсөн нялх биетэй байсан, толгой руу нь цохиогүй ямар ч гэмтэл учруулаагүй. Би ганцхан удаа нүүр рүү алагдаж гар хүрсэн бол гар хүрсэн гэж хэлнэ нэг ч гар хүрээгүй. Тухайн үед Б намайг чирээд байхаар нь Гд надад туслаарай гэж хэлсэн. Тэгээд би хоёр эгчээ дуудаад эгч нар маань ирээд намайг тавь гэхэд цагдаа иртэл намайг цамцаар боосон” гэв.

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим хохирогч С.Ттай маргалдаж улмаар түүнийг автомашинаас буулгахын тулд чирэх, татах, гулдчих зэргээр эрүүл мэндэд нь халдаж биед баруун өгзөг, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Тнь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим хохирогч О.Бтай маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү гараар цохих, нүүрийг самардах зэргээр эрүүл мэндэд нь халдаж биед тархи доргилт, зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

 

Шүүгдэгч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн урд байх автобусны буудал дээр хүүхдээ салхинд гаргаад Г, С.Т, Ц бид дөрөв машинд сууж байсан. Г миний салсан найз залуу болох Б руу залгаж “чи 25 дугаар  эмийн сангийн урд байх автобусны буудал дээр хүрээд ир” гэсэн. ...Би Б дээр очиж “чи энэ хүүхдээ хардаа” гээд 2 сартай хүүхдээ түүнд тэврүүлсэн. Бгаас хүүхдээ аваад С.Тд тэврүүлсэн чинь Г гэх  эмэгтэй Тгаас манай хүүхдийг булааж аваад Бгийн ах болох Баттулгын машинд ороод суусан. Би Бд “хүүхдээ авах гэсэн юм” гэж хэлсэн чинь “чи над руу хүүхдээ шидсэн биз дээ гэж хэлээд миний цамцаар хоолойг боож Сгийн машины арын суудал дээрээс чирч буулгаад газар хэвтэж байхад цамцнаас татаад “жүжигчин минь бос” гэж хэлээд цамцнаас зуураад чирээд яваад байсан. Би түүнд хандаж “чи миний хоолойг боогоод байна” гэж хэлсэн чинь “чи зугтаачихна гөлөг минь” гэж хэлээд тавихгүй байсан. Тавихгүй болохоор нь би өөрийн эгч Э, Б нарыг дуудсан. ...Миний биед энэ гэмтлийг Б учруулсан. Би машины баруун хаалганы баруун талд сууж байсан чинь Б намайг баруун талаас гулд татаад би замын боржуур дээр унах үед Б намайг бос гээд чирч хүчээр босгох үед дээрх гэмтэл үүссэн. ...Би толгойгоо бариулсан, толгойны зураг авхуулсан. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Сэтгэл санааны хохирол болон өөрөөс гарсан бусад бүх зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 36, 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед Г намайг 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь ах Баттулга, найз охин Ггийн хамт заасан газарт нь очсон. ...Автомашинаас салсан найз охин С.Т хүүхдээ тэвэрсэн нэлээд согтуу гараад ирсэн. С.Т “май хүүхдээ ав пизда минь” гэж хэлээд хүүхдээ шидсэн. Би хүүхдийг бариад авсан чинь С.Т миний нүүр хэсгийг самардаж, гараараа толгой руу 3-4 удаа цохисон. С.Т надад агсам тавиад дайраад, намайг самардаж цохичхоод явах гэхээр нь би түүнд хандаж “чамд би хариуцлага тооцуулна, чи согтуу байна, ингэж болохгүй, цагдаа дуудна” гэж хэлээд явах гээд байхаар нь явуулахгүй гээд цамцнаас нь барьсан. Найзууд нь явах гээд байхаар нь манай найз охин Г хүүхдийг нь тэвэрч байсан хүнээс нь аваад машинд суусан. ...Миний биед учирсан гэмтлийг зөв гаргасан байна, дээрх гэмтлийг С.Т учруулсан. ...С.Т буруу талдаа хүрдтэй машины жолооч талд суугаад машинаа унаад явах гэхээр нь би явуулахгүй гэж хэлээд С.Тгийн цамцнаас татаад машинаас гаргаж ирсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 40, 46 дугаар хуудас/,

 

Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дүү С.Т Энхчимэгийн дугаар луу залгаад “Б миний хүүхдийг аваад надад өгөхгүй байна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь дүү Энхчимэгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн урд автобусны буудал дээр очсон чинь С.Т уйлчихсан, Б С.Тг заамдаад зогсож байсан. ...Б С.Тг заамдаад дугтчаад, чирээд тавихгүй болохоор нь би тэр хоёрын дундуур нь ороод салгасан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Т автобусны буудал дээр уйлчихсан, Б нэг машины хажууд зогсож байсан. ...Би машинд суугаад цонхоор харсан чинь Б С.Т хоёр хэрүүл хийгээд Б С.Тг заамдаж аваад байхаар нь би С.Тгийн хүүхдийг аваад гэр лүүгээ явсан. Нэлээд хугацааны дараа С.Т цагдаа дээр мэдүүлэг өгөөд ирлээ гээд ирсэн. Би С.Тгийн хувцас руу нь харсан чинь цагаан малгайтай цамц нь урагдчихсан, хувцас нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Автомашинаас С.Т бууж ирээд орилоод, тэвэрч байсан хүүхдээ Б руу шидсэн чинь үл таних эмэгтэй хүн хүүхдийг нь бариад авсан. Б С.Тд хандаж чи согтуу байгаа юм биш үү гэж хэлсэн чинь орилж, хашхираад Бгийн толгой хэсэг рүү гараараа цохиж, нүүрийг нь самардсан. С.Т Бгийн толгой хэсэг рүү гараараа цохичхоод зугтаах гээд байхаар нь Б С.Тгийн цамцнаас нь заамдаж аваад цагдаагаар шийдүүлнэ гэж хэлсэн. ...Б түүнийг явуулахгүй гэж хэлээд С.Тг татаж зулгаагаад, машинаас чирч гаргаж ирсэн, тэгэх үед энэ гэмтэл үүссэн байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20, 31 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэнд очоод байж байсан чинь С.Т жижиг машинаас бууж ирээд Бтай хэрүүл хийгээд барилцаж аваад Бгийн толгой хэсэг рүү цохиж нүдний шилийг нь авч шидсэн. С.Т хүүхдээ Б руу шидсэн чинь хүүхдийг нь Г байсан байх нэг нь тосож авсан. Б С.Тд хандаж “чи эх хүн мөн үү, яахаараа хүүхдээ шиддэг юм бэ” гэж хэлсэн. С.Т согтуу байсан учир Бг заамдаж аваад байсан, бид нар салгах гээд дундуур ороод бужигнаж байх үед С.Т газар зам дээр унасан. Тэгснээ С.Т миний хүүхдийг аваад явчихлаа, намайг зодчихлоо гээд дайраад байсан. ...С.Т нь Бгийн толгой хэсэг рүү цохиж, нүүрийг нь самардсан. Бүлэглэж зодсон зүйл байхгүй, хэрүүл маргаан С.Т, Б хоёрын дунд болсон. ...Энэ гэмтлийг С.Т учруулсан. С.Т машинаа унаад явах гээд байхаар нь Б явуулахгүй гэж хэлээд С.Тгийн шуунаас нь татаж зулгаагаад, машинаас нь чирч гаргаж ирсэн, тэгэх үед энэ гэмтэл үүссэн байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22, 30 дугаар хуудас/,  

 

Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Т машинаас буугаад Б руу орилж, хашхичаад тэвэрч байсан хүүхдээ “май энэ хүүхдээ ав” гээд Б руу хэлсэн чинь Б “цагдаа явъя, чамайг одоо цагдаад өгнө” гээд С.Тг чирээд тэр хоёр маргаад байсан. Б С.Тг чирч гулдраад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Гйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б С.Тгийн цамцнаас нь гараараа заамдаж аваад “чи чинь одоо согтуу байгаа юм уу” гээд байсан. Тэгээд би нэг харсан чинь С.Т “туслаарай” гээд газар суугаад уйлж байсан. Б С.Тг заамдаад нааш цааш нь гулдчаад байсан. Чирч байхыг нь хараагүй, чирсэн байх магадлалтай....” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10942 дугаартай:

“1. О.Бгийн биед тархи доргилт, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч /ШШҮХ-ийн дэд дарга/ А.Амгаланболдын “...О.Бгийн биед үзлэг хийхэд толгой дүүрч өвдөнө, хүзүү хөндүүрлэнэ, духны зүүн хэсэгт хөндүүрлэж өвдөнө, хоолой боосон, халуурсан, бөөлжсөн гэсэн зовуурьтай. Үзлэгт заагдсан зүйлүүд нь тархи доргилт. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Эмчийн үзлэгээр үзүүлсэн зовуурь, үзлэг нь гэмтлийн зэрэг тогтоох үндэслэл /томографийн зурганд дүгнэлтэд нөлөөлөх нөхцөл байдал байхгүй/ байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11095 дугаартай:

“1. С.Тгийн биед баруун өгзөг, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...С.Тгийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлээр цохигдох буюу юмнаас унах үед дээрх гэмтэл үүснэ...Машинаас чирэгдэж газар унах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 59 дүгээр хуудас/

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч О.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 96 дугаар хуудас/, шүүгдэгчийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 98-101 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 107 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 110 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 111 дүгээр хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 112-117 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 86-88 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 102 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 120 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 122 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 90-92 дугаар хуудас/, шүүгдэгчийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 128-132 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

   

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим хохирогч С.Ттай маргалдаж улмаар түүнийг автомашинаас буулгахын тулд чирэх, татах, гулдчих зэргээр эрүүл мэндэд нь халдаж биед баруун өгзөг, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Тнь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим  хохирогч О.Бтай маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү гараар цохих, нүүрийг самардах зэргээр эрүүл мэндэд нь халдаж биед тархи доргилт, зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Б, С.Т нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хэн алинд нь хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бол шүүгдэгч С.Тнь өөрийгөө өмгөөлж гэм буруугийн талаар мэтгэлцэж оролцсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Тнь хохирогч О.Бгийн эрүүл мэндэд халдаагүй гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

        Өөрөөр хэлбэл гэрч Т.Ггийн “...Б С.Тд хандаж чи согтуу байгаа юм биш үү гэж хэлсэн чинь орилж, хашхираад Бгийн толгой хэсэг рүү гараараа цохиж, нүүрийг нь самардсан. С.Т Бгийн толгой хэсэг рүү гараараа цохичхоод зугтаах гээд байхаар нь Б С.Тгийн цамцнаас нь заамдаж аваад цагдаагаар шийдүүлнэ гэж хэлсэн...”, гэрч О.Бын “...С.Т жижиг машинаас бууж ирээд Бтай хэрүүл хийгээд барилцаж аваад Бгийн толгой хэсэг рүү цохиж, нүдний шилийг нь авч шидсэн. ...С.Т нь Бгийн толгой хэсэг рүү цохиж, нүүрийг нь самардсан. ...хэрүүл маргаан С.Т, Б хоёрын дунд болсон...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №10942 дугаартай “1. О.Бгийн биед тархи доргилт, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч А.Амгаланболдын “...О.Бгийн биед үзлэг хийхэд толгой дүүрч өвдөнө, хүзүү хөндүүрлэнэ, духны зүүн хэсэгт хөндүүрлэж өвдөнө, хоолой боосон, халуурсан, бөөлжсөн гэсэн зовуурьтай. Үзлэгт заагдсан зүйлүүд нь тархи доргилт. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Эмчийн үзлэгээр үзүүлсэн зовуурь, үзлэг нь гэмтлийн зэрэг тогтоох үндэслэл байна...” гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэн няцаагдаж байна.

 

        Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй /худал мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээлгэхээр заасан/ байдаг бол яллагдагч, шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч О.Б, С.Тнарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Б, С.Тнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Б, С.Тнар нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

        Харин хохирогч нар өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын болон бусад  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Б, С.Тнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

          Шүүгдэгч О.Б, С.Тнарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

  Шүүхээс шүүгдэгч О.Б, С.Тнарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Б, С.Тнарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

 

  1. Бусад асуудлаар:

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Б, С.Тнарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, С.Тнарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, С.Тнарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, С.Тнар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч нар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардлын болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, С.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО