| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0155/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/173 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Хохирогч О.************,
Шүүгдэгч Т.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ийн ************т холбогдох эрүүгийн 2138000000163 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг 21-10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ овогт ************ийн ************ РД:(РС80121537)-т холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 8-15 тоот хашааны урд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед “Tоёота” Ланд-80 маркийн 77-74 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэх заалтыг мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15-8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн О.************ийг “Мустанг”-5 маркийн мотоциклтой замын хөдөлгөөн оролцож байх үед нь мөргөж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 8-15 тоот хашааны урд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед “Tоёота” Ланд-80 маркийн 77-74 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэх заалтыг мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15-8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн О.************ийг “Мустанг”-5 маркийн мотоциклтой замын хөдөлгөөн оролцож байх үед нь мөргөж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000163 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “… 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед өөрийн гэр болох 11-21-10 тоотоос гараад Амгаланбаяр гэдэг найзынхаасаа түлхүүр багаж авах гээд өөрийн эзэмшлийн хүрэн өнгийн Ланд курсер -80 маркийн 7774 ХӨҮ улсын дугаартай автомашинаа унаад гарсан. Гудмаасаа гараад засмалаараа өгсөөд чигээрээ явж байгаад зүүн гар тийш эргээд шороон зам руу ороод чигээрээ яваад 2 юм уу 3 гудам нэвтрээд явж байхад миний баруун гар талаас мотоциклтой хүн ирж байсан. би тухайн үед тэр хүний урдуур амаад гарах юм шиг байна гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал яг миний урдуур мотоциклтой хүн ороод ирсэн. Тухайн үед тэр хүнийг би өөрийн машиныхаа баруун талын урдуураа мөргөсөн. Тэр хүнийг харж байхад зүүн хонгоороо суугаад доошоо саваад унасан. Тэр хүн миний харж байхад 1 метр гарантаа шидэгдээд газар унах шиг болсон. Би тухайн үед сандраад машинаасаа буухад мөргүүлсэн хүн босоод ирсэн байсан. тэр хүн босож ирээд өө ёстой аюул боллоо ёо ёо гээд байсан. тэгээд би тэр хүнийг сугадаж аваад эргээд хартал миний машин бага зэрэг урагшлаад байсан. тэр нь надад мэдрэгдэж байсан. тухайн үед миний толгойд машиныхаа арааг салгаагүй юм байна гэсэн бодол орж ирсэн. Тэгээд би машинаа тойрч гүйгээд жолооч талынхаа хаалгаараа харахад би машинаа D араанаас нь салгаагүй байсан. тэгээд би түлхүүрээ хариулаад Р араа луу нь шилжүүлээд нөгөө залуу руу гүйж очоод сугадаж авсан. Тэгээд тэр залууг барьж байгаад хамгийн түрүүнд 103 руу залгаж дуудлага өгөхөд гадуур дуудлагатай явж байна гэж ярих шиг болсон. Тухайн үед тэр залуугийн уруул нь шалбараад цус гарсан байсан. тэр залуу надад гар, хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би энд удах юм шиг байна яаралтай эмнэлэг оръё гэж бодоод тэр мөргүүлсэн хүнийг өөрийнхөө машинд суулгаад тэгээд эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд амин үзүүлэлт гайгүй юм байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр байж байхад 2 цагдаа ирээд тэгээд хэргийн газарт очсон...” гэх мэдүүлэг (хх-40х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-8-11х),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-14х),
Эд зүйл /баримт,бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-18х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-19-21х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-23-24х),
№02783853 дугаартай Автомашины хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-27-28х),
Хохирогч О.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 06-нд 19 цагийн үед гэрээсээ гараад өөрийн ажил руугаа явж байгаад 5 дугаар хорооны 32 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрт нь улаан өнгийн Ланд-80 маркийн автомашинд мөргүүлсэн юм. Намайг мөргөсөн улаан ангийн машин зүүн талын гудамжнаас гараад миний биеийн зүүн талын хэсгийг мөргөсөн. Би тэр машинд мөргүүлээд шидэгдсэн. Хэр хол шидэгдсэн гэдгээ санахгүй байна. Намайг мөргүүлсний дараа намайг мөргөсөн машины жолооч намайг эмнэлэгт хүргэсэн юм. Би мэс заслын тасагт 6 хоног хэвтсэн. Автомашинд мөргүүлснээс болж миний зүүн талын гарын шуу хэсгийн яс хугарсан. Бас миний зүүн талын өвдөгний үе ;ээр байгаа мах тасарч 3 оёдол тавиулсан...би их гомдолтой байна. эмчилгээ хийлгэж дуусаагүй байгаа. Эмчилгээ хийлгэж дууссаныхаа дараа эмчилгээ хийлгэсэн мөнгөө авмаар байна. мөн өөрийн мотоциклоо бүрэн бүтэн болгож авмаар байна. өөрийн мотоциклоо 700,000 төгрөгөөр үнэлж байна...би одоо гар хугарснаас болж ажлаа хийж чадахааргүй болсон. Би ажил хийгээгүй үеийнхээ цалинг авмаар байна. дор хаяж 2 сарын цалингаа авмаар байна. миний сарын цалин 500,000 төгрөг байдаг юм. ...” гэх мэдүүлэг (хх-33, 35х),
Гэрч Д.************ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байсан гэж бодож байна. би өөрийн төрсөн ээж болох Должинсүрэнгийн очих гээд гудам дунд шороон замаар дээшээ өгсөж явж байхад урдаас нэг мотоциклтой хүн ирж байсан. намайг тэр урдаас ирж байсан мотоциклтой хүний ураас явж байхад хажуу талын гудмаас нь улаан өнгийн Ланд-80 маркийн автомашин ирж мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад очиход нөгөө мотоциклын жолооч ёо ёо гээд хамраас нь цус гоожсон доороо дэвхцээд байсан. тэгээд нөгөө мөргөсөн жолооч нөгөө мөргүүлсэн хүнийг эмнэлэг рүү аваад явсан. (хх-42х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч Б.Цолмонгийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 173 дугаартай:
1. О.************ийн биед зүүн шуу ясны хугарал, дээд уруул, нуруунд зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн өвдгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. О.************ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-46х),
2021 оны 04 дүгээр сарын 20-ны Мөрдөгчийн магадалгаа (хх-71-72х),
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-73х),
2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2145617200284 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-50-51х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14/63 тоот тодорхойлолт (хх-65х), жолоочийн эрхийн онооны лавлагаа (хх-66х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-67х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-68х), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-70х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000163 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 8-15 тоот хашааны урд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед “Tоёота” Ланд-80 маркийн 77-74 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэх заалтыг мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15-8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн О.************ийг “Мустанг”-5 маркийн мотоциклтой замын хөдөлгөөн оролцож байх үед нь мөргөж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-8-11х),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-14х),
Эд зүйл /баримт,бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-18х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-19-21х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-23-24х),
Хохирогч О.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Д.************ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-42х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч Б.Цолмонгийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 173 дугаартай дүгнэлт (хх-42х),
Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн 2145617200284 дугаартай үнэлгээний тайлан /хх-50-51х/
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, дэслэгч Ц.Тэмүлингийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (хх-71-72х) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Т.************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Т.************ нь хохирогч О.************ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 78.500 төгрөг, эд хөрөнгөд 280.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг нийт 1.358.500 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.
Хохирогч О.************ид нь эмчилгээний болон бусад зардалд: Хөгжил Мөрөн эмийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийн 6,250 төгрөгийн Е баримт, Хөгжил Мөрөн эмийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийн 5,000 төгрөгийн Е баримт, Хөгжил Мөрөн эмийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийн 23,200 төгрөгийн Е баримт, Мэйк ХХК Хөвсгөл салбарын эмийн сангийн 1,450 төгрөгийн Е баримт, эмийн сангийн 40,600 төгрөгийн Е баримт, эмийн сангийн 2,000 төгрөгийн Е баримт, нийт 78,500 төгрөг, эд хөрөнгийн хохирол 280.000 төгрөг нийт 358.500 төгрөгийг шүүгдэгч Т.************ээс гаргуулж хохирогч О.************ид олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 79 дугаар хуудсанд байгаа хохирогч О.************ийн цалингийн урьдчилгаа олгох хүснэгтийн баримт нь эх хувиар хэрэгт авагдаагүй байгууллагын тамга тэмдгээр баталгаажаагүй, Хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан захирал Б.Лхагважавын тодорхойлолт нь байгууллагын албан бланк дээр хэвлэгдээгүй, тамга тэмдгээр баталгаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хохирогч О.************ нь Буриад талхны цехийн ажилтан гэх бөгөөд хэрэгт авагдсан байгууллагын захирлын тодорхойлсноор 500,000 цалинтай ажилдаг гэх боловч ажил олгогч аж ахуй нэгж нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй ба Буриад талхны цех нь Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт байхгүй зэргийг харгалзан хохирогч О.************ийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг гаргах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хохирогч О.************ийн нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.************ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.************ нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-68х)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.************ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч нотлох баримтаар тогтоогдсон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 550,000 (таван зуун тавин таван мянга ) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгор ялыг 5 (тав) сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчээс эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохирлын үнэ болох 358.000 (гурван зуун тавин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.************ид олгож, хохирогч О.************ нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.************ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2138000000163 дугаар хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Т.************ийн эзэмшлийн Тоёота Ланд-80 маркийн 77-74 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.************т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ************ийн ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн ************ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.************ нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Т.************ээс 358.000 (гурван зуун тавин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.************ид олгосугай.
6. Эрүүгийн 2138000000163 дугаар хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Т.************ийн эзэмшлийн Тоёота Ланд-80 маркийн 77-74 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.************т олгосугай.
7. Шүүгдэгч Т.************ нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.************ нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.************ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.************т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН