Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

 

  2021       05          21                                  2021/ШЦТ/615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа, 

иргэдийн төлөөлөгч М.Тунгалагтуяа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бадмаа,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.өд холбогдох эрүүгийн 2006 00000 2681 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Б, 1995 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж 1369 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд 2014     оны 12 сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap, 1 хоног баривчлах ял,

2015   оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан, РД:  .

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Cirkle K нэртэй түргэн хоолны газрын урд иргэн Э.Билгүүнтэймаргалдаж түүнийг толгойгоороо мөргөн, газарт унагаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Э.Билгүүн нь 2020 оны 10 дугар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр бид 3 уулзаад нэг дэлгүүрээс ганц шил юм авч уучхаад явж байхад Билгүүнээ маргалдаад байсан. Би Билгүүнээг адилхан уучхаад болилдоо гэж хэлсэн. Мөн би Билгүүнээд ганц шил юм аваад өгье гэж хэлсэн. Тэгээд маргалдаад байхаар нь би нэг удаа мөргөсөн. Тэгээд л ийм зүйл болчихсон. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бадмаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Билгүүний ээжийнх нь төрсөн эгч нь байна. Билгүүн 3 настайгаасаа хойш Москвад амьдарсан. Түүний аав нь бага байхад нь ослоор нас барсан. Мөн ээж нь Москвад байхад нь нас бараад ээжийнхээ чандрыг Билгүүнээ Монголд авч ирсэн. Түүнээс хоёр жилийн дараа түүний ихэр нь эндэж осолд орж нас барсан. Энэ бүх шалтгааны улмаас Билгүүн маш их сэтгэл санаагаар унасан. Энэ хүүхэд Монголд ирээд нийгэмшиж чадахгүй байсан. Аавынх нь төрсөн дүү нь түүнд ажил олж өгсөн. Билгүүн ажлаа маш сайн хийдэг, цэвэрч нямбай хүүхэд байсан. Хэдийгээр бид ах дүү нар нь ч гэсэн түүний төрсөн аав, ээж, ихэр шиг нь  байхгүй. Мөн төрсөн дүү нь АНУ суралцдаг тул сэтгэл санаагаар их унадаг байсан. Мөн хааяа уудаг болохоор өвөө, эмээтэйгээ таарамжгүй харилцаатай байсан. Архи уугаад явах үед нь бид нар олж усанд оруулаад, хувцас хунарыг солиод, ажил төрөлд нь явуулдаг байсан. Мөн Билгүүн нь баяр болгоноор шагнал авдаг. Тэгээд уухаараа хэдэн сараар уугаад явчихдаг. Сүүлийн үед Хэнтий аймагт сүмд яваад архи уухгүй сайжирсан байсан. Ах нь засвар хийлгэх гээд хотод дуудаж авч ирсэн. Эмээ, өвөө нь таарамжгүй харилцсан юм уу, яасан юм дахиад архи уугаад явчихсан. Билгүүнээ Сансар хавиар уудаг байсан. Бид энэ хэрэг явдлыг сонсоод гүн цочролд орсон. Цэл залуугаараа байхдаа нас барсан нь бид нарт хүнд цочрол болсон. Мөрдөгч бид нарт Билгүүний амь насыг хохироосон хүнийг орон гэргүй, өрөөсөн гаргүй, архи уудаг гэж хэлсэн. Бид тийм хүнээр сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлыг яаж төлүүлэх вэ дээ гэж бодоод хохирол төлбөр нэхэмжлээгүй. Энэ хүүхдэд ямар ял оногдуулахыг шүүх шийдвэрлэх байх. Үнэн зөвөөр нь шийдэж, зохих хэмжээний ялыг нь эдлүүлэх болов уу гэж бодож байна. Өмнөх хуралд ирэхэд та нар гомдолгүй гэсэн биз дээ гэж хэлсэн байсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бадмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э.Билгүүн нь миний төрсөн дүүгийнх хүүхэд байгаа юм. ...2011 оноос хойш архи уудаг болчихсон ажил хийгээд олсон мөнгөөрөө архи уудаг болчихсон, нэг уухаараа олон хоног архи уудаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12/,

Гэрч С.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай найзууд болох Б, Билгүүнээ бид гурав 2020 оны 10 дугаар сарын 18-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлд уулзаад “тармаг” гэх нэртэй дэлгүүрээс Б 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад бид гурав 5 давхар байрны орчим хувааж уусан. Тэгээд хойшоо “Cirkel К” дэлгүүрийн тийшээ явж байх замд Билгүүнээ, Б нар маргалдаад байсан. Тэгсэн чинь хойшоо “Cirkle К” дэлгүүрийн үүдэнд бид гурав зогсож байгаад Б Билгүүнээгийн толгой хэсэг рүү мөргөчихсөн. Гэтэл Билгүүнээ арагшаа дагзаараа газар унасан. Тэгээд босч ирэхгүй байхаар нь унтаад өглөө гэж бодоод Билгүүнээг “Cirkel К” дэлгүүрийн үүдний зам дээр чирээд аваачсан. Тэгээд Б бид хоёр дэлгүүр энэ тэр хайж явсан ба дэлгүүрүүд хаасан байсан. Тэгж явж байгаад Б надаас 04-05 цагийн орчимд салаад явсан. Би “Cirkle К” дэлгүүрийн тэнд иртэл Билгүүн алга болчихсон байхаар нь босоод явж дээ гэж бодсон. ...биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй, зовиурлаж бие өвдөж байна гэж хэлээгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 15-17/,

Гэрч Д.Рэгзэнгомбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний 08 цаг 30 минутын хооронд ахлах ахлагч Н.Отгонбаярын хамтаар Сүлд-115 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн... Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cirkle К”гэх дэлгүүрийн...үүдэнд шар өнгийн цамц, цэнхэр өнгийн өмдтэй 40 орчим настай эрэгтэй хүн согтуу унтаж байсан. Тухайн үед тэр хүн нь хурхираад байсан ба бид хэд бодохдоо унтаж байна гэж бодсон. Тэгээд Сүлд-68 чиглэл нь тухайн хүнийг түргэн тусламж дуудаад үзүүлчихсэн эрүүлжүүлэх байранд хүргэх гэсэн боловч эрүүлжүүлэх байр нь дүүрсэн хүн авахгүй гэсэн. Мөн тухайн хүн нь бусадтай харилцах чадваргүй байсан тул ар гэртэй нь холбогдож чадаагүй. ...Тухайн хүнийг машинаас буулгах гэхэд хурхираад унтаад байсан тул би ахлах ахлагч Отгонбаярын хамтаар хоёр талаас нь өргөж хэлтэс рүү оруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18/,

Гэрч Б.Эрболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ГССҮТ-н яаралтай тусламжийн хүлээн авахын эмчээр ажилласан. 09 цаг 30 минутын үед яаралтай түргэн тусламжаар 40 орчим настай, согтолттой, өвдөлт нь цочирсон байдалтай, нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн...тархинд цус харвалт үүссэн тохиолдолд хүүхэн хараа өргөсөх, эвэрлэгийн рефлексгүй болох, даралт, пульс зэрэгт өөрчлөлт орно. Тухайн өөрчлөлтөөс өөрөөр мэдэх боломжгүй ба тухайн хүн нь согтуу байсан тул мэдэх боломжгүй. Тархины зургийг тархинд гэмтэл авсан тохиолдолд авхуулах шаардлагатай..." гэх мэдүүлэг /1хх 19-20/,

Гэрч А.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 сарын 18-ны 20 цагаас 29-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд ахлах ахлагч Г.Дэмчигийн хамтаар Сүлд-68 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 00:46 цагт Сүлд 10-с Баянзүрх дүүргийн 7-р хороо “Cirkle К дэлгүүрийн үүдэнд согтуу хүн унтаж байна гэсэн дуудлага шилжүүлсэн. Тэнэмэл амьдралтай бололтой 30 орчим насны эрэгтэй хүн хэвтэж \; байсныг шалган 103 дуудсан. Түргэн тусламж 02 цагийн үед ирсэн ба үзээд эрүүлжүүлэх байранд хүргэж болно гэсэн бичлэг хийж өгөөд явсан. Эрүүлжүүлэх байрнууд дүүрсэн тул хүнээ хэлтэс рүү явуул гэсний дагуу тус иргэний жижүүр рүү хүргүүлсэн. Анх очиход согтолтын зэрэг нь их хурхираад унтаад байсан ба сэрээж гэрийг нь асуух гэсэн боловч сэрэхгүй, асуултад хариулахгүй унтаад байсан. ...тухайн хүний биед гаднаас ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21/,

Гэрч Ө.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үзлэг хийж биеийн байдлыг үнэлэхэд тухайн хүн сэрэхгүй байсан боловч баруун гараа хөлөө хөдөлгөж хариу урвал үзүүлж байсан. Тэнд байсан цагдаа нараас асуухад шөнө 02 цагийн үед авчирсан. Түүнээс хойш унтаад сэрэхгүй байна гэж хэлсэн. ...Компьютер томограф хийлгэхэд толгойн урд талд болон дагз хэсэгт цус хуралт байна гэж үзээд гулькоз 2 ампул, 250 мл манитол залгасан. Тэгээд тухайн хүнийг буцаагаад тээвэрлээд Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24/,

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талийгаачийн дүгнэлт хэсгийн 1-д тусгагдсан гэмтлүүд нь нийлээд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохилтын улмаас тархины дагз хэсгээр савагдаж цохигдсонтой холбоотойгоор дух болон дагз ясанд хугарал гэмтэл хамт үүссэн байх боломжтой. Бусад тархины гэмтлүүд нь дээрх цохилтын улмаас давхар үүсэж байна гэсэн үг юм. Зүүн шуу, зүүн гуя, цээж, баруун эгэм, баруун шууны цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр 1-3 хоногт үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. ... үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /1хх 63-65/,

Яллагдагч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Билгүүнийг мөргөн унагааж биед нь хүнд гэмтэл учруулж, Билгүүн нь тархины гэмтлээс болоод нас барсан байна. Би амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 87-90, 232-233/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2261 дугаартай:

  1. Талийгаач Э.Билгүүний цогцост духны ясны шугаман, дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулай, зүүн дагз, чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараахи байдал /2020.10.19/ духны баруун дэлбэн, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураатай, баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал, дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан доорхи цусан харвалт баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, духны зулай, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчингийн цус хуралт, зүүн шуу, зүүн гуя, цээж, баруун эгэм, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
  4. Талийгаач нь АВО системээр В (III) бүлгийн цустай байна.
  5. Талийгаач нь ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байсан тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй болно.
  6. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 39-45/,

 

                 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн:

                 1. Талийгаачийн биед учирсан духны ясны шугаман дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух зулай, зүүн дагз, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дух цус хуралт, духны зулай, зүүн чамархайн дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчингийн цус хуралт, зүүн шуу, гуя, цээж баруун эгэм, баруун шууны цус хуралт гэмтлүүдээс гавал тархины тухайлбал духны ясны шугаман дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух зулай, зүүн дагз чамархайн хатуу хальс доорх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал /2020.10.19/ духны баруун дэлбэн, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, духны зулай, зүүн чамархай дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт гэмтлүүд үхэлд хүргэсэн байна.

                 2. Талийгаачийн биед учирсан духны ясны шугаман дагзны зүүн талын цооногоос доош гавлын том нүхний зүүн ар хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух зулай, зүүн дагз чамархайн хатуу хальс доорх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал /2020.10.19/ духны баруун дэлбэн, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн төвгөр гадаргуугаар тархмал дух чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, духны дэлбэнгийн доод гадаргуун өмнөд хэсгийн аалзан хальсан доорх цусан харвалт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, духны зулай, зүүн чамархай дагзны дэлбэнгийн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт гэмтлүүд шинэ гэмтлүүд байна.

                 3. Эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй байжээ.

                 4. Гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 5. Үхэлд хүргэсэн гавал ясны гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

                 6. Талийгаачид эмчилгээг зохих ёсоор хийсэн байна.

                 7. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2261 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /1хх-ийн 216-224/,

                 Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-6/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 110-128/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 101/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-103-109/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 91/ хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх-117-129/, нас барсны гэрчилгээ /хх-131/ гэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Cirkle K нэртэй түргэн хоолны газрын урд иргэн Э.Билгүүнтэймаргалдаж түүнийг толгойгоороо мөргөн, газарт унагаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Э.Билгүүн нь 2020 оны 10 дугар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан болох нь

Гэрч С.Ганбатын: “...Манай найзууд болох Б, Билгүүнээ бид гурав 2020 оны 10 дугаар сарын 18-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлд уулзаад “тармаг” гэх нэртэй дэлгүүрээс Б 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад бид гурав 5 давхар байрны орчим хувааж уусан. Тэгээд хойшоо “Cirkel К” дэлгүүрийн тийшээ явж байх замд Билгүүнээ, Б нар маргалдаад байсан. Тэгсэн чинь хойшоо “Cirkle К” дэлгүүрийн үүдэнд бид гурав зогсож байгаад Б Билгүүнээгийн толгой хэсэг рүү мөргөчихсөн. Гэтэл Билгүүнээ арагшаа дагзаараа газар унасан. Тэгээд босч ирэхгүй байхаар нь унтаад өглөө гэж бодоод Билгүүнээг “Cirkel К” дэлгүүрийн үүдний зам дээр чирээд аваачсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Бат-Эрдэнийн: “...Үзлэг хийж биеийн байдлыг үнэлэхэд тухайн хүн сэрэхгүй байсан боловч баруун гараа хөлөө хөдөлгөж хариу урвал үзүүлж байсан. Тэнд байсан цагдаа нараас асуухад шөнө 02 цагийн үед авчирсан. Түүнээс хойш унтаад сэрэхгүй байна гэж хэлсэн. ...Компьютер томограф хийлгэхэд толгойн урд талд болон дагз хэсэгт цус хуралт байна гэж үзээд гулькоз 2 ампул, 250 мл манитол залгасан. Тэгээд тухайн хүнийг буцаагаад тээвэрлээд Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэсэн...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн: “...талийгаачийн дүгнэлт хэсгийн 1-д тусгагдсан гэмтлүүд нь нийлээд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохилтын улмаас тархины дагз хэсгээр савагдаж цохигдсонтой холбоотойгоор дух болон дагз ясанд хугарал гэмтэл хамт үүссэн байх боломжтой. Бусад тархины гэмтлүүд нь дээрх цохилтын улмаас давхар үүсэж байна гэсэн үг юм. Зүүн шуу, зүүн гуя, цээж, баруун эгэм, баруун шууны цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр 1-3 хоногт үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. ... үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх ба  түүний үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бадмаа нь хавтаст хэрэгт хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Т.Бөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Т.Бөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хүнийг алсан гэмт хэрэгт хуульд заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 37.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бөд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Т.Бөд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Бийн урьд цагдан хоригдсон нийт 213 /хоёр зуун арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, цагаан өнгийн флашийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б нь бусдад баримтаар төлсөн төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бадмаа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Т.ШИНЭБАЯР

 

             ШҮҮГЧИД                               С.ӨСӨХБАЯР

 

                                                                               Г.ХАТАНЦЭЦЭГ