Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0730/З |
Дугаар | 221/МА2023/0177 |
Огноо | 2023-03-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0177
С.Нын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Н,
Нэхэмжлэгч: С.Н,
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 8 жил 11 сарын хугацаанд цэргийн алба хаасанд тооцохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 915 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0730/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 8 жил 11 сарын хугацаанд цэргийн алба хаасанд тооцохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 915 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хууль /1994 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай өргөдөл, гомдлыг татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргах гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Маргааны үндэслэл болох ажиллагаагүй хугацааг цэргийн алба хаасанд тооцож болох зохицуулалт агуулсан хууль тогтоомж байхгүй” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удахгүй өөр ажилд томилно гэж тухайн үеийн удирдлага амаар хэлж, үндэслэлгүйгээр чөлөөлөөд (миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй) улмаар хэлсэн амандаа 8 жил 11 сарын дараа хүрч, ажилд томилсон буюу төр энэ хугацаанд намайг ажиллуулаагүй хохироосон болохоос бус би өөрийн хүсэлтээр ажиллаагүй зүйл огт үгүй болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, хохироосон төрийн байгууллагын буруутай үйлдэлд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, харин төрийн албан хаагчийг өөрөө ажиллаагүй мэтээр буруутган дүгнэж, үүссэн сөрөг үр дагаврыг надад хариуцуулсан үндэслэлгүй. Мөн намайг юуны учир 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн б/814 дүгээр тушаалаар хорих 405 дугаар ангийн нийгмийн ажилтнаар томилсон, энэ нь намайг “буцааж ажилд томилно” гэсэнтэй холбоотой талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
3.2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчийг 2000 онд албан тушаалаас чөлөөлснөөр тэрээр цэргийн цолыг хэрэглэх боломжгүй болж, 2008 онд албан тушаалд томилогдохдоо “хурандаа” цолыг сэргээснээр цол хэрэглэх эрх үүссэн байх тул цол хадгалагдаж байсан гэх тайлбар үндэслэлгүй, энэ хугацаанд цэргийн алба хаасанд тооцох үндэслэл мөн болохгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь намайг ажлаас чөлөөлсөн 2000 оны б/18 дугаар тушаалаар миний “хурандаа” цолыг хураагаагүй, цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халаагүй. Анхан шүүх дээрх дүгнэлтдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журмыг зарим заалтыг иш татсан атлаа мөн журмын дөрөв дэх хэсгийн 4 дэх (халагдаж байгаа цэргийн албан хаагчийн цэргийн цолыг уг цолыг олгосон албан тушаалтан хураан авна), 5 дахь (цэргийн цолоо хураалгаж, цэргийн албанаас халагдсан иргэн албан тушаалд дахин томилогдвол журмын дагуу цэргийн цол олгоно) хэсэгт заасан надад ашигтай заалтыг хэрэглээгүй нь хэт нэг талыг барьсан шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл “хураагаагүй” цэргийн цолыг “сэргээн” олгох тухай ойлголт байхгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан 2008 оны Б/814 дүгээр тушаалын эргэлзээтэй заалтыг туйлын үнэн мэтээр дүгнэсэн нь буруу байна.
3.3. Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хууль /2002 он /-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2, 24.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас чөлөөлөх бөгөөд уг үндэслэлийн аль нь ч надад үүсээгүй. Иймд намайг ажлаас чөлөөлсөн гэх 2000 оны Б/18 дугаар тушаал нь хууль бус бөгөөд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу намайг уг тушаалын дагуу ажиллуулаагүй нь төрийн байгууллагын буруу. Бусдын буруутай үйлдлээс болж гэм буруугүй төрийн албан хаагч олон жил хохирч байгаа шударга ёсонд үл нийцэх ба нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалаар “ “хурандаа” С.Ныг Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргааны дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн”, мөн даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн б/814 дүгээр тушаалаар “С.Ныг Хорих 405 дугаар ангийн нийгмийн ажилтнаар томилж, урьд хэрэглэж байсан цэргийн хурандаа цолыг сэргээн олгож”, мөн даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/683 дугаар тушаалаар “С.Ныг албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан”, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
3.2. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн б/814 дүгээр тушаалаар Хорих 405 дугаар ангийн нийгмийн ажилтнаар томилогдох хүртэл аливаа байдлаар төрийн тусгай албанд ажилласан гэж үзэхээргүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад нэхэмжлэгчээс “... энэ хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй, буцаан томилохыг хүлээж байсан” гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч энэ хугацаанд цэргийн алба хаасанд тооцуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх “... ажлаар хангаагүй хугацааг цэргийн албан хаасан хугацаанд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж зөв дүгнэжээ.
3.3. Нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн б/18 дугаар тушаал өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчээс энэ тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаагүй атлаа “... б/18 дугаар тушаалаар намайг үндэслэлгүй чөлөөлж, хохироосон, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, ... б/18 дугаар тушаал ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу намайг уг тушаалын дагуу ажиллуулаагүй нь төрийн байгууллагын буруу, Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн” гэх зэргээр тайлбарлан гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.
Учир нь С.Н нь “2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 8 жил 11 сарын хугацаанд цэргийн алба хаасанд тооцохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох, хууль зүйн үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийг 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/683 дугаар тушаалаар “2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийтийн албанд биеэр 30 жил, 00 сар, 18 хоног ажилласан болохыг тогтоож, нэмэгдэл 5 сарыг нэмж тооцон, нийтийн албанд нийт 30 жил, 05 сар, 18 хоног ажилласнаар тооцон цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан”, нэхэмжлэгчээс энэ шийдвэрийг эс зөвшөөрч маргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
3.4. Нэхэмжлэгчийн “... надад ашигтай заалтыг хэрэглээгүй нэг талыг барьсан, “хураагаагүй” цэргийн цолыг “сэргээх” олгох тухай ойлголт байхгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан 2008 оны Б/814 дүгээр тушаалын эргэлзээтэй заалтыг туйлын үнэн мэтээр дүгнэсэн нь буруу” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д зааснаар “цэргийн цол” гэж цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг илэрхийлсэн зэрэглэлийг ойлгох бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар цэргийн алба хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн цолыг хэрэглэхээр байна. Мөн 3.1.1-д зааснаар “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгох бөгөөд 27.3-д зааснаар 3.1.1-д заасан цэргийн алба хаагчаас бусад албан тушаалтан цэргийн цол хэрэглэхийг хориглохоор хуульчилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 1-д “Цэргийн албан хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн цол хэрэглэнэ”, 2-т “Цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө “бэлтгэл”, цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө “чөлөөнд байгаа” гэсэн тодотгол хэрэглэнэ” гэж тус тус журамласан.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийг 2000 онд албан тушаалаас чөлөөлснөөр тэрээр цэргийн цолыг хэрэглэх боломжгүй болж, 2008 онд б/814 дүгээр тушаалаар Хорих 405 дугаар ангийн нийгмийн ажилтнаар томилогдохдоо урьд хэрэглэж байсан цэргийн “хурандаа” цолыг сэргээснээр цол хэрэглэх эрх сэргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр б/18 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөхдөө түүний “хурандаа” цолыг хураасан талаар тусгаагүй ч С.Н нь 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн албанд ажиллаагүй, хөдөлмөр эрхлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... цол хэрэглэсэн гэдэг нь цэргийн албанд ажилласан гэж тооцох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн хувьд зөрчил гаргаагүй, халагдаагүй тул өөр алба хааж хөдөлмөрлөх, хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй, мөн нэхэмжлэгчээс “... намайг өөр ажилд томилно гэж амаар хэлж байсан, үүнээс үүдэн хохирсон” гэх боловч ийнхүү ажиллах хүсэлтийг бичгээр гаргаж байгаагүй байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч С.Ныг 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 8 жил 11 сарын хугацаанд цэргийн алба хаасанд тооцохоос татгалзсан нь хууль бус болох нь тогтоогдохгүй, шүүх хууль зөрчиж мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Нын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН