Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 382

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: ТЗДЦГ, 

Хариуцагч: ТЗДЦГ-ын цагдаа зохицуулагч, ЦАА П.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр миний эзэмшлийн Тоёота приус-30 маркийн **-** УБ* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөн, түр саатуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай” мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, “Б” ХХК-ийн журмын хашаанд төлсөн 60,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, хариуцагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын зорчих хэсэг дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй тул өөрийн эзэмшлийн приус маркийн **-** УБ* улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод төмөр замын билетийн касс орж тасалбар захиалаад гарч ирэх хооронд машин маань алга болсон байсан ба ойр орчимд цагдаа харагдаагүй тул зогсож байсан замын хойно байх хөндлөн замын уулзварын эхэнд очиж түр зогсохыг хориглоно тэмдгийн доор байх лавлах 1800-1200 гэх дугаарт залгаж асуухад машин чинь журмын хашаанд очсон байх гэсний дагуу очиход машины урд салхины шилэн дээр “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл” байсан ба уг наалт бүхий цаасан дээр “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.7.37 дахь заалтыг зөрчсөн тул Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалыг баримтлан зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл гаргав гэх агуулга бүхий а/ч О” гэсэн наалт байв.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгаж шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй. 

Иймд ЦАА П.О-ийн гаргасан мэдэгдэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд, иргэн надад чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгож миний автомашиныг журамласан, бичгээр гарсан захиргааны акт байна. 

Цагдаагийн албан хаагчийн гаргасан дээрх захиргааны акт нь дараах үндэслэлээр илт хууль бус болох нь нотлогдож байна. Үүнд:

1. Мэдэгдэлд ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.3.37-д заасныг зөрчиж удаан зогссон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож яваа, зам тээврийн осолд холбогдсон, хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн, улсын дугааргүй, хуурамч улсын дугаартай, техникийн хувьд бүрэн бус /тохирох зөрчлийн доогуур зурах/ приус 30 маркийн **-** УБ* улсын дугаартай автомашиныг Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалыг баримтлан зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл гаргав гэжээ. 

Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14.7.37 гэх заалт огт байхгүй бөгөөд тохирох зөрчлийн доогуур зураагүй тул нэхэмжлэгч миний бие мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийн алийг зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга, агуулгын илэрхий алдаатай шинжийг агуулж байгаа учраас мөн хуулийн 47.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болох нь тогтоогдож байна. Мөн Төмөр замын цагдаагийн хэлтэс нь зөвхөн төмөр замын хамгаалалтын бүс дотор үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх байтал Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дахь хэсэгт заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.37-д “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн бол уг хариуцлага дээр нэмж ачиж зөөвөрлөх, түр саатуулах журам энэ заалтад үйлчлэхгүй юм. 

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл, баривчлах шийтгэл, эрх хасах шийтгэлийг оногдуулна”, 2-т “Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна” гэж заасан байтал Зөрчлийн тухай хуульд огт байхгүй, хамааралгүй дээрх журмаар автомашиныг ачиж 60,000 /жаран мянган/ төгрөг хураасан нь хууль бус үйлдэл болжээ.

Нөгөөтэйгүүр, иргэн миний тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, түр саатуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг байсан гэж үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасны алинд нь ч хамаарахгүй байх ба мөн хуулийн 4.5.1-д заасан “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна” гэж заасны дагуу хураан авах тогтоол үйлдээгүй байна. 

Хоёрт, мөн Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмын 2.1-д “Цагдаагийн байгууллага нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан ерөнхий үндэслэлээс гадна хууль сахиулах зорилгоор дараах тээврийн хэрэгслийг түр саатуулж болно” 

Үүнд: 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4-т заасныг болон 2.2, 2.3-д заасныг, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага болох 25.1, 25.2-т зааснаас үзэхэд дээрх хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхээс гадна хууль сахиулах зорилгоор энэ журамд заасан 6 тохиолдолд л тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам үйлчлэхээр зохицуулсан байтал дээрх үндэслэлүүдийн өмнө “удаан зогссон” гэсэн үг нэмж бичээд хууль, журмыг гуйвуулж иргэдийн өмч, хөрөнгийг хууль, журам зөрчиж ачуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан тул П.О-ийн гаргасан дээрх мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 5.2-т “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна” гэж заасны дагуу иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.

Гуравт, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Цагдаагийн алба, албан хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална”, 5.2-т “Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ” гээд 5.2.1-5.2.5-д заасан чиг үүргийн дагуу иргэний гаргасан гомдлыг хууль зүйн дагуу шийдвэрлэлгүй, гаргасан гомдлоос тэс өөр зүйл тайлбарлан бичиж, иргэний гомдлыг шийдвэрлээгүй болно” гэжээ. 

Хариуцагч ТЗДЦГ-ын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ЦАА П.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн **-** УБ* улсын дугаартай автомашиныг тус дүүргийн 4 дүгээр хороо төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын баруун хойд уулзварт байрлуулсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.40-д “уулзвар гэж замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай)-г” гэж тодорхойлсон газарт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийн а-д уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд зогсохыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн албан хаагч П.О нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Замын хөдөлгөөний дүрэмд түр эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож орхисон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ” гэж заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмын 3.9-д “Цагдаагийн албан хаагч зөөж шилжүүлэх мэдэгдлийг хавсралт /маягт-39/-ын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулна. Мэдэгдлийг зөрчилтэй тээврийн хэрэгслийн шилэн дээр харагдахуйц газар нааж байрлуулж болно. Мэдэгдлийн дагуу чирэгч, ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн зөөж, шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийн бүхээг тээшинд хүн, мал, амьтан байгаа тохиолдолд шилжүүлэхгүй” гэж заасныг баримтлан ачигч автомашинаар тухайн тээврийн хэрэгслийг ачиж явуулсан болно. 

ТЗДЦГ-ын албан хаагч П.О нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 33 дугаар зүйлийн 33.2, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2-т заасны дагуу хяналт тавьж ажилласан болно” гэжээ. 

Хариуцагч ТЗДЦГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Тээврийн цагдаагийн албаны ТЗДЦГ-ын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ЦАА П.О нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх...”, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-д “Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд хяналт тавих”, 2.5-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт явганаар эсхүл тээврийн хэрэгсэлтэйгээр холбоо мэдээллийн болон техник тусгай хэрэгсэл ашиглан үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нь хяналтын цэгээс явганаар 200 м хүртэл гэж заасны дагуу хяналт тавьж ажилласан болно.

Мөн ТЗДЦГ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/208 дугаар тушаалаар Тээврийн цагдаагийн албанд бүтэц орон тоогоор харьяалагдан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмыг мөрдлөг болгон ажиллаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь тус шүүхэд “2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай” мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, “Б” ХХК-ийн журмын хашаанд төлсөн 60,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ТЗДЦГ, ТЗДЦГ-ын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ЦАА П.О нарт холбогдуулан гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Хариуцагч ТЗДЦГ-ын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ЦАА П.О нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.7.37-д заасныг зөрчиж удаан зогссон” гэх үндэслэлээр Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл” маягт-39-г үйлдэж, нэхэмжлэгч П.Б-ын приус-30 маркийн **-** УБ* улсын дугаартай машиныг “Б” ХХК-ийн журмын хашаанд зөөж шилжүүлжээ. 

1. Нэхэмжлэгч П.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс нь зөвхөн төмөр замын хамгаалалтын бүс дотор үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх байтал Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан...” гэж маргасан байна.  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй”, 8.2.1-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар цагдаагийн албан хаагч нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, “Тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх тухай мэдэгдэл”-ийг үйлдэж, зөөж шилжүүлэх эрх эрхтэй байна.   

Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасны дагуу “тухайн захиргааны байгууллагын өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр ТЗДЦГ-ын Замын цагдаагийн тасгийн цагдаа П.Огийн 2019 оны 01 дүгээр сарын   09-ний өдрийн “Тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна. 

Харин нэхэмжлэгчээс хариуцагч цагдаагийн албан хаагчийн тогтоосон гэх зөрчил үндэслэлтэй эсэх, зөрчил үйлдэгдсэн эсэх талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн дараах үүрэг хүлээнэ”, 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 37-д “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. 

Гэтэл хариуцагч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл” маягт-39-г “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.37 дахь заалтыг зөрчиж удаан зогссон” гэж бөглөсөн байх боловч нэхэмжлэгчийн тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...уг мэдэгдэлд дурдагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14.7.37 дахь заалт огт байхгүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна. 

Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлд тээврийн хэрэгсэл түр ба удаан зогсох талаар журамласан байх боловч тус зүйлд 14.7.37 дахь заалт байхгүй байх бөгөөд харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 37-д “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан байна.  

Үүнээс үзвэл, хариуцагч цагдаагийн албан тушаалтан нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, түр саатуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй зүйл, заалтыг үндэслэсэн байх бөгөөд хэрвээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 37-д заасныг зөрчсөн гэж үзвэл торгох шийтгэл оногдуулахаар заасан байхад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах маягт-39-г үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх утга агуулгын илэрхий алдаатай шинжийг агуулжээ.   

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, 4.2.5-д “…шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтална гэж зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуулийн дагуу, зөвхөн түүнд үндэслэсэн байхыг шаарддаг. 

Гэтэл хариуцагчаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шалган тогтоож, хариуцлага оногдуулахдаа захиргааны актад хуулийн зүйл, заалтыг алдаатай, буруу бичиж, илэрсэн зөрчилд хуульд заасан тохирсон шийтгэлийг оногдуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга, агуулгын илэрхий алдаатай шинжийг агуулж, улмаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх үр дагаварыг үүсгэсэн байна. 

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тухайн үед Ц.О нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэлийн хуудсанд бичсэн байсан. Цаашид энэ асуудал дээр анхаарч ажиллана” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Хуулийн зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журамд заасан 6 тохиолдолд л тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, түр саатуулахаар зохицуулсан байхад дээрх үндэслэлүүдийн өмнө удаа зогссон гэх үг нэмж бичээд хууль, журмыг гуйвуулж, иргэдийн өмч, хөрөнгийг ачуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актыг шинжийг агуулж байна” гэж тайлбарлах боловч “удаан зогссон” гэх үндэслэлийг агуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл” маягт 39 нь Хууль зүйн сайдын 2016 оны А/209 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдлийг” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг актын улмаас “Б” ХХК-ийн журмын хашаанд төлсөн нэхэмжлэгчид учирсан хохирол болох 60,000 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заанаар хариуцагч Төмөр зам дахь Цагдаагийн газраас гаргуулахаар даалгаж шийдвэрлэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 25 дугаар зүйлийн 25.2, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 37-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах тухай мэдэгдэл”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг актын улмаас “Б” ХХК-ийн журмын хашаанд төлсөн нэхэмжлэгчид учирсан хохирол болох 60,000 төгрөгийг хариуцагч ТЗДЦГ-аас гаргуулсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, түүнд олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ