| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0058/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2116000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овгийн Д-н Б.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Говь-Алтай аймаг, Цогт сумын төвд зүс таних М.Б-тай “Мотоцикль эвдэлсэн байна чамайг хүүхдүүдээрээ зодуулна” гэж хэлэхэд нь маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “21 дүгээр шүдний булгарал, 22 дугаар шүдний ёзоорын хугарал, баруун доод зовхины баруун талд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Б-н 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Говь-Алтай аймаг, Цогт сумын төвд зүс таних М.Б-тай “Мотоцикль эвдэлсэн байна чамайг хүүхдүүдээрээ зодуулна” гэж хэлэхэд нь маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “21 дүгээр шүдний булгарал, 22 дугаар шүдний ёзоорын хугарал, баруун доод зовхины баруун талд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Хохирогч М.Б-н биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна ... Уучлалт гуйсан. Дахиж хоорондоо муудалцахгүй сайн сайхан явахаар тохиролцсон ... : 250.000 төгрөг төлсөн ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 11 цагийн үед Цогт сумын Гэгээт багт байдаг гэрээсээ тус багт цуг хаваржаанд байдаг Д.Б-тэй хамт өөрийн мотоцикльтой Цогт сумын төвд байдаг Д.Б-н хүүхэд нь болох Б.С-н шинээр мэндэлсэн хүүхдийн нэр өгөх угаалгын найранд явсан юм… би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор Э-н машинд нь суугаад өөрийнхөө мотоциклийг эрүүл байсан Б-д унаад яваа гэж хэлээд өгсөн байсан. Тэгээд сумаас гараад 4-5 км орчимд явж байхад нь замдаа мотоцикль нь унтарсан Б зогсож байсан. Тэгээд би машинаас буугаад мотоциклийг харж байгаад энэ мотоцикл яав даа, уг нь зүгээр яваад байдаг байсан гэж хэлэхэд Д.Б одоо мотоциклоо өөрөө унаад яв, шороо шуурга ихтэй, нүдэнд шороо ороод мотоцикль унтраад явахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би унаж явж чадахгүй би согтуу байна гэж хэлээд унаж яваагүй. Тэгээд Э-н машиныг Б жолоодож миний мотоциклийг Э унаж машинаар чирүүлж явсан. Тэгээд би машин дотор Б-д чи хүүхдийн мотоцикль эвдчихлээ гэж хэлээд сууж байтал миний нүүрэн тус газар хоёр удаа нударгаар цохиод авсан. Тэрнээс болж миний амнаас цус гарсан байсан ба чи яаж байгаа юм бэ гэж хэлээд амныхаа цусыг арчиж цэвэрлэхэд үүдний нэг шүд маань унасан байсан. Дээрээс нь баруун талын нүүр маань хавдсан байсан. Ингээд машинтай хэсэг яваад намайг нэг айлд буулгаж, миний мотоциклийг мөн тэнд үлдээгээд Э, Б хоёр машинтай яваад өгсөн ба би тэр айлд унтаж амраад үлдсэн ...Би маргааш нь гэр лүүгээ харьж, хэд хоног халуураад босч чадахгүй байж байхад цуваа малд явсан манай эхнэр ирээд миний байгаа байдлыг үзээд Баянтоорой тосгоны эмнэлэгт авч ирж үзүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /ХХ32-33/,
Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд манай нөхөр болох М.Б-н биеийн байдал нь муу, нүүр, нүд нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би яасан, юу тохиолдов гэж асуусан. Д.Б-тэй сум ороод буцаж ирэх замдаа ингэж зодуулчихлаа. Тэгээд шууд гэртээ хүрээд ирсэн гэж хэвтэж байсан. Тэгээд сүлжээндээ гараад Баянтооройн төвөөс унаа дуудаад маргааш нь эмнэлэгт аваад ирсэн… Нүүр нь хавдартай нүдний доод талд шалбарсан язарсан байдалтай байгаа. Тэгээд үүдэн шүд нь хугарчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-4/,
Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө эхнэр болох Золзаяа бид хоёр төрсөн охиныхоо хүүхдийн угаалганд очихоор Цогт сумын төв орсон. Тэгээд араас багийн төвөөс Д.Б ирсэн…Тухайн үед Ба нь согтуу байсан ба Б нь архи дарс уугаагүй юм шиг харагдаж байсан. Тэгээд явах гээд хөдлөхөд Ба миний машинд ирээд суусан. Тэгээд Б Ба-н мотоциклийг унаад түрүүлээд хөдөлсөн ба би араас нь явсан. Тэгээд сумын төвөөс ердөө 4 км-ийн зайтай явж байхад Б унаж явж байсан мотоцикл унтарсан, явахгүй, асахгүй байсан …Тэгээд мотоциклийг машины араар Б бид хоёр ээлжлэн чирээд сумын төвд ойрхон нэг айлд үлдээхээр явж байхад Ба нь Б-д чи хүүхдийн шинэ мотоцикль эвдэллээ гээд маргалдаад байсан … Машин дотор Ба Б-д хандаж би хүүхэд болон хүргэнээ дуудаж чамайг зодуулна гэж хэлж байсан. Тэгээд мотоциклийг нь чирээд айлын гадаа нь зогсож байхад Б, Ба хоёр машинаас буугаад Б нь Ба-г нэг цохиж авсан, би сайн анзаараагүй байсан ба салгах гэж дунд нь ороод ирэхэд Б миний хажуугаар дахиад нэг өшиглөөд авсан. Тухайн үед Б эрүүл, архи дарс уугаагүй байсан. Ба-н амнаас цус гарсан байдалтай байхад нь би Б-г дагуулаад ирсэн айл руу цуг орсон ба тухайн айл нь нэг нутгийн таньдаг айл болохоор Ба-г унтуулж амраагаад өглөө явуулаарай гэж захиж хэлээд гарч байхад Ба тухайн айл руу зөрөөд араас ороод ирсэн. Тэгээд Ба-н мотоциклийг тэндээ үлдээгээд айлын хүмүүст захиж хэлээд би Б-тэй цуг хөдөө гэр лүүгээ явсан... Гараараа айлын гадаа нүүрэн тус газарт нь нэг цохисон тэгээд нэг өшгилсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ9-10/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаартай “... 1. М.Б-н биед хохирол учирсан байна.
2. М.Б-н биед 21-р шүдний булгарал, 22-р шүдний ёзоорын хугарал, баруун доод зовхины баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. 5. М.Б-н биед учирсан 21-р шүдний булгарал, 22-р шүдний ёзоорын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтох хүснэгтийн 52.2-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун доод зовхины баруун талд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /ХХ23-24/,
Хохирогч М.Б нь Баянтоорой тосгоны Эрүүл мэндийн төвд үзүүлж тусламж үйлчилгээ авсан тухай үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ17/, хяналтын картны хуулбар /ХХ19-20/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч М.Б-н Цагдаагийн газарт гаргасан “...эмчилгээний болон аймаг сум хооронд явж ирсэн зардлыг Б барагдуулсан. Дараа нь Д.Б манай гэрт ирж надаас уучлал гуйсан. Одоо надад ямар нэгэн өвчин зовуурь байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Д.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Б-т хохиролд 250000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д танилцуулсугай.
5. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Б-т хохиролд 250000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА