Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч  Б.Мөнхтулга,

хохирогч  Ж.Батжаргал,

шүүгдэгч, хохирогч Т.Э-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч, хохирогч Т.Э,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э, Г.Б нарт холбогдох 2034000000622 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

. овогт . . Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум 3 дугаар баг Хайлааст, Өгөөмөр 7 дугаар гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

. овогт . Б Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Булган аймаг Бүрэгхангай сумын Цахт 2 дугаар багт оршин суух хаягтай, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар хянан харгалзсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Гоёл шоп” барааны дэлгүүрийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Эыг зодож түүний биед баруун чихний дэлбээний хүрээ хэсгийн тасарсан шарх, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санааттай учруулсан,

Шүүгдэгч  Т.Э нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Гоёл шоп” барааны дэлгүүрийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ж.Батжаргалыг зодож түүний биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт нүүрний зүүн хэсэг, зүүн чих, зүүн бугалганд, зүүн хөлийн тахим хэсэгт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Ж.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүгдэгч Т.Эт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Г.Баас 800.000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 тал/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-02 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн №11515 дугаартай дүгнэлт /хх-4-5 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №605 дугаартай дүгнэлт /хх-9-10 тал/, хохирогч Т.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14-15/, хохирогч Т.Эаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16 тал/, хохирогч Ж.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17 тал/, гэрч Д.Азжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18 тал/, гэрч З.Мөнгөнцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19 тал/, холбогдогч Г.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21 тал/, холбогдогч Ж.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-23 тал/, холбогдогч Т.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-25 тал/, холбогдогч Ж.Батжаргалаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27 тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2034000000622 дугаартай тогтоол /хх-44-45 тал/, яллагдагч Г.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-46-48 тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2034000000622 дугаартай тогтоол /хх-49-50 тал/, яллагдагч Т.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-51-52 тал/, яллагдагч Т.Эаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-53-54 тал/, хохирогч Ж.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-58-59 тал/, хохирогч Т.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-61-62 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-69 тал/, Т.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83 тал/, Г.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Гоёл шоп” барааны дэлгүүрийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Эыг зодож түүний биед баруун чихний дэлбээний хүрээ хэсгийн тасарсан шарх, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  Т.Э нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Гоёл шоп” барааны дэлгүүрийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ж.Батжаргалыг зодож түүний биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт нүүрний зүүн хэсэг, зүүн чих, зүүн бугалганд, зүүн хөлийн тахим хэсэгт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Т.Эын: “...2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт амьдардаг Отгонбаяр гэх айлын найрт сууж байгаад гэр рүүгээ харихаар явж байсан тэгтэл Төв гудамжинд 2 согтуу залуутай дайралдаад хоорондоо маргалдаад өнгөрсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа намайг харанхуй гудамж руу дуудахаар нь би яваад очтол Жагаа гэх залуу миний дух хэсэг рүү чулуугаар цохиход би газар унасан. Тэгтэл 2-лаа нийлээд миний дээрээс зодож эхлэхээр нь би нэг залууг нь зуураад авсан. Тэгтэл миний чихнээс жижигхэн бор залуу нь хазаад намайг гүйцээж ална гээд миний араас чулуу шидээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/хх-14-15 тал/, “... Би Батжаргалтай муудалцаж, заамдалцаад байх үедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байхаа. Би найз Отгонбаярын найранд ороод гурван аяга цагаан архи, гурван аяга айраг, гурван аяга монгол архи уусан. Би өөрийн үйлдлийг хянах чадвар бол надад байсан. Б гэх залуу миний чихнээс хазаж гэмтэл учруулсан. Миний духан дээр сорви тогтсон тэгээд миний чихийг хазаж тасдсан байгаа юм. Мөн хөл, гар цээжинд зулгарсан шархнуудтай” гэх мэдүүлэг/хх-61-62 тал/,

Хохирогч Ж.Батжаргалын: “...Одоо миний нуруу л жаахан өвдөж байгаа. Хоёр далны хооронд жаахан өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17 тал/, ... Тэр үед Э намайг заамдаад би гарыг нь тавиулах гэж байтал Э гэх залуу Ялалтыг хараад огшсон юм уу яасан юм мэдэхгүй намайг баруун гараараа нүүр лүү цохисон тэгэхээр нь би Ялалтад хандан Э намайг цохьчихлоо шдээ гэж хэлтэл Ялалт намайг барьж авахаа больсон. Тэгээд Э гэх залуу намайг хоёр, гурав өшиглөөд нүүр лүү 2-3 удаа цохьсон тгээд байж байтал машинаас Азаа гэх хүүхэн бууж ирээд болиоч хүн аллаа шдээ гээд Эыг болиулсан. Зүүн нүд хөхөрсөн зүүн гарын тохой, хөлний тахим хөхөрсөн, чих хацар дээр шалбарсан маажсан байсан. Э учруулсан би өөр хүмүүстэй бол цохиж зодолдсон зүйл байхгүй аль бол эвийг олох гээд цохиулаад л өнгөрсөн өөдөөс цохиж зодсон зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-59 тал/,

 

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №605 дугаар “1.2.Ж.Батжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн чих, зүүн бугалганд, зүүн хөлийн тахим хэсэгт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-9-10 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11515 дугаартай “ 1.Т.Эын биед баруун чихний дэлбээний хүрээ хэсгийн тасарсан шарх, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-04-05 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Г.Б*ын Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Гоёл шоп” барааны дэлгүүрийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Эыг зодож түүний биед баруун чихний дэлбээний хүрээ хэсгийн тасарсан шарх, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, цээж, зүүн тохой, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  Т.Э-ын Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Гоёл шоп” барааны дэлгүүрийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ж.Батжаргалыг зодож түүний биед тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт нүүрний зүүн хэсэг, зүүн чих, зүүн бугалганд, зүүн хөлийн тахим хэсэгт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Шүүгдэгч Т.Э, Г.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т.Э, Г.Б-ын нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.    

 

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Шүүгдэгч Т.Э, Г.Б нар нь холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч . овогт ., . овогт . Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Г.Б нарыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Г.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э, Г.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Э, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Г.Б нь Т.Э-т 800.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Батжаргал нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Э, Г.Б нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ