Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Гансувд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-д холбогдох эрүүгийн 2134000000037 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймаг Эрдэнэдалай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, Төв аймаг Эрдэнэ сум 4 дүгээр баг Дөтлүүр гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, .овгийн . У .,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У нь 2021 оны 1 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сум 4 дүгээр баг Зүүншанд гэх газар иргэн Б.Ариунболдтой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн газарт гаргасан гомдол/хх-02 тал/, хохирогч Б.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04-06 тал/, гэрч Д.Ихтэрбумаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-07 тал/, гэрч Э.Эрдэнэсувдаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08 тал/, шүүгдэгч Угээс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт/хх-11-12 тал/, яллагдагч Угээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-25 тал/, Угийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-27 тал/, шүүгдэгч Угийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-29-32 тал/, “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хохирогчийн хүсэлт/хх-38-39 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч У нь 2021 оны 1 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сум 4 дүгээр баг Зүүншанд гэх газар иргэн Б.Ариунболдтой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2134000000037 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Ариунболдын өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Эрдэнэ сум 4-р баг Зүүншанд гэх газар манай хажууд айл Ихтэрбумынд хүмүүс архидаад байхаар нь болиулах гээд ороход гэрийн үүдэнд нь Эрдэнэсувд гэх хун мотоциклоо асаах гээд зогсож байсан гэр дотор Ихтэрбум найз охин Мягмарсүрэнгийн хамт унтаж байсан харин У гэх залуу сууж байсан тэгэхээр нь би та нар архи уухаа боль одоо явцгаа гэхэд У би ямар танайд байгаа юу танд ямар хамаатай юм гэхээр нь би боль зайл гээд ширүүхэн хэлтэл намайг заамдаж бариад гараараа нүүрэнд цохиод намайг дарж унаад дээрээс ахиад хоёроос гурван удаа цохиход Ихтэрбум босож ирээд салгаад бид хоёрыг босготол гурвуулаа зууралдаад орон дээр унасан тэгэхэд У намайг ахиад цохиод миний 2 шүд тэр дороо унаад, ахиад нэг шүд хөдлөөд тэр нь дараа нь уначихсан. Тэгээд миний шүд уналаа гээд салтал У гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Гэрч Д.Ихтэрбум өгсөн: “...Эрдэнэ сум 4-р баг Зүүншанд гэх газар манай гэрт нэг 2,5 литрийн пиво, 0,75 литрийн Хараа архи уугаад 2021 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шене 02 цагийн үед миний найз охин Мягмарсүрэн, Улаанаа гэж дууддаг бид гурав гэрт Томоо гэж дууддаг залуу гэрийн гадна байхад Ариунболд гэх манай хажууд байдаг айлын хүн орж ирээд Улаанааг эхлээд яв гэсэн чинь Улаанаа та хөөгөөд байгаа юмуу гэхэд Ариунболд тэгвэл зайл гэсэн тэгээд Улаанаа Ариунболд хоёр ноцолдоод дээр доороо орцон  Улаанаа дээр нь гарцан байсан тэгээд би салгасан тэгтэл Ариунболд чи яасан их хүн цохидог юм гээд Улаанааг цохиод ахиад барилцаад авсан тэгтэл Ариунболд шүд цохичихлоо гээд салцгаасан. Тэгээд Улаанаа Томоо хоёр яваад өгсөн...Томоо,Улаанаа бид гурав бага зэрэг уусан байсан.Ариунболд эрүүл байсан...Ариунболд манай гэрт орж ирээд Улаанааг яв гээд хөөснөөс болоод тэр хоёр хоорондоо зодолдсон...Уг зодоон салсны дараа Ариунболдын үүдэн 3 шүд нь унасан цус гарсан байсан...Би уг зодоонд оролцоогүй харин салгасан.Надад учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

Гэрч Э.Эрдэнэсувдын өгсөн:“... Эрдэнэ сум 4-р баг Зүүншанд гэх газар 2021 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн үед Ихтэрбумынд 2 литрийн пиво нэг, 0,75 литрийн Хараа архи нэг шилийг уугаад байж байтал эзэн нь ирлээ гээд бид нар явах гээд би гэрийн гадаа мотоциклоо асаах гээд байж байтал гэр дотор аллаа, үснээс тавь гээд орилолдоод байсан тэгээд Улаанаа эхлээд гэрээс нь гараад араас нь Ариунболд гарж ирсэн тэгээд би юу болов гэтэл Ариунболд ах шүд хуга цохичихлоо гэсэн тэгээд Улаанаа бид хоёр гэр гэрлүүгээ явцгаасан...Ихтэрбум,Улаанаа бид гурав бага зэрэг уусан байсан.Ариунболд ямар байсныг мэдэхгүй...Би гэрийн гадаа мотоциклоо асаах гээд байж байсан.Яг юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Яллагдагч Угийн өгсөн:“... 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө намайг гэртээ унтах гээд байж байхад Эрдэнэсувд 88311735 дугаарын утсаар миний 80607023 дугаарын утас руу залгаад Ихтэрбумын гэрт яваад ир энд Эрдэнэсувд Ихтэрбум, Мягмарсүрэн нар архи уучаад муудалцаад байна гэхээр би юунаас болоод муудалцаад байгаа юм гэсэн чинь мэдэхгүй байна аа яваад ирээ гээд байхаар нь би гэрийн гадаа байсан мотоциклийг унаад Ихтэрбумын гэрийн гадаа ирсэн чинь гэр дотор Ихтэрбум, Эрдэнэсувд нарын орилох дуу нь хадаад байсан тэгээд би гэрт яваад орсон чинь Эрдэнэсувд. Ихтэрбум, Мягмарсүрэн нар архи уугаад дууссан, Ихтэрбум, Эрдэнэсувд нар хоорондоо муудалцаад хоорондоо ноцолдоод байхаар би тэр хоёрыг салгаад дараа Ихтэрбум, Эрдэнэсувд нар эвлэрээд сууж байтал гаднаас Ариунболд ах танихгүй эрэгтэй хүнтэй орж ирээд  намайг Ариунболд ах архинд яваад ир гэхээр би чадахгүй би гэрлүүгээ харилаа гэсэн чинь яваад өгчихөлдөө гээд байсан тэгээд нилээн сууж байтал Эрдэнэсувд Ихтэрбум 2 намайг эрүүлээрээ архинд яваад ирээ гээд байхаар нь би Эрдэнэ сум  явж 0.75 литр Хараа, 2.5 литр Нийслэл нэртэй пиво аваад Ихтэрбумын гэрт ирээд бид нар 2.5 литр Нийслэл пивийг нь уугаад сууж байтал гаднаас Чинзориг ах ороод ирсэн тэгээд Чинзориг ах Эрдэнэсувдыг гаднаас битгий архи авчирч уугаад бай гэсэн чинь би агаа би архи авчирч уугаагүй Ихтэрбум картаа өгч явуулж архи авч уусан гэсэн чинь тэгээд одоо явцгаа гэхээр нь би гэрийн гадаа Чинзориг ахтай уулзаад Чинзориг ах гэрлүүгээ явсан дараа иргээд гэрт ганцаараа ороод иртэл Ариунболд ах араас орж ирээд бид нарыг одоо явцгаа гэхээр би дүү нь хончоод явна гэсэн чинь чи муу хүний үг авахгүй бол зайлахгүй юу гээд байхаар би хончоод явна гэтэл Ариунболд ах нэг удаа зүүн талын хацарлуу алгадаад авхаар нь би зөрүүлээд баруун гараараа Ариунболд ахын зүүн шанаа хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэтэл Ариунболд ах газар унаад буцаж босж ирээд миний үснээс зулгааж аваад зүүн шанааруу гартаа барьж байсан утсаараа нэг удаа цохихоор нь би Ариунболд ахаа одоо болий гэсэн чинь миний үснээс тавихгүй болхоор нь би Ариунболд ахын баруун шанаа тус газарт нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон Тэгтэл Ихтэрбум ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би гэрээс гараад гэртээ харьсан...Ихтэрбум,Мягмарсүрэн нар л гэр дотор байсан харин Эрдэнэсувд гэрийн гадаа мотоцикль асаах гээд зогсож байсан...Манай нутгийн хүмүүс байгаа юм хааяа даа гэр орноор нь орж гараад явж байдаг хүмүүс байгаа юм...Байхгүй...Би 4 аяга пиво уусан байсан. Харин Ариунболд анх гэрт орж ирэхдээ согтуу байсан...Энд хонож болохгүй харь гээд хөөгөөд байсан мөн миний нүүрлүү алгадаад авхаар нь уур хүрээд цохиод авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн  24, 25 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №49 дугаартай “...1.2.Б.Ариунболдын биед доод баруун 1-р шүд, доод зүүн 1,2-р шүдний уналт, доод урууланд шарх, дух, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл нь байна. 4.5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар эрүүл мэндийг тогтонги 10%-р сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Ариунболд, гэрч Д.Ихтэрбум, Э.Эрдэнэсувд нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр мэдүүлдэг мэдүүлэг нь Б.Ариунболдын биед доод баруун 1-р шүд, доод зүүн 1,2-р шүдний уналт, доод урууланд шарх, дух, хамарт зулгаралт бүхий гэмтлүүд учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 тоот дүгнэлттэй зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар шүүгдэгч Угийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч У үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Угийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирогч Б.Ариунболд нь шүүгдэгч Угээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бичгийг ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Уг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Угийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10, 37, 38 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч . овгийн . У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-г 550/таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Уд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Уд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ