| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01108/и |
| Дугаар | 927 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 927
| 2017 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 184/ШШ2017/00927 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: “Хишиг арвин өргөө” ХХК /рд:6072848, Сонгионхайрхан дүүргийн 6-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн ХМК-ийн 6-3, 25 тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Даваагийн Чинзориг /рд:УХ69092671, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Малчин, 2-р гудамж, 85 тоотод оршин суух/-д холбогдох
Гэрээний үүрэгт 2,663,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хишиг арвин өргөө” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.Чинзориг нь 2016 оны 8-р сарын 15-ний өдөр манай байгууллагын холслүүлж буй СХДүүрэг, 18-р хороо, 130 айлын орон сууцны Б байрны 5 тоотын 2 ороо байрыг сарын 413,000 төгрөгөөр хөлслөхөөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатайгаар байгуулсан.
Хөлслөгч Д.Чинзориг нь гэрээний хугацаанд 2016 оны 10, 11, 12, 2017 оны 1,2-р саруудын төлбөр нийт 2,065,000 төгрөгийг төлөөгүйгээс гадна уг хугацаануудын хэрэглээний зардлууд болох цахилгаан, ус, дулааны төлбөрүүд болох 49,360 төгрөгийг огт төлөөгүй.
Гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл өгөх, шаардлага тавихад удахгүй төлнө, ирэх долоо хоног төлнө, авлагатай газраасаа мөнгө орж ирэхгүй байна гэх зэргээр хойшлуулах, утсаа авахгүй байх, хаалгаа тайлж өгөхгүй байх үйлдлүүдийг хийсээр өнөөдрийг хүрлээ.
Иймд “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 6.1-д заасан ноцтой зөрчлийг тогтмол гаргаж байгаа тул Хөлслүүлэгчийн зүгээс уг гэрээг дангаар цуцалсан бөгөөд орон сууцны төлбөр 2,065,000 төгрөг, цахилгаан, ус, дулааны төлбөрүүд 49,360 төгрөг, 10 сарын алданги 185,850 төгрөг, 11 сарын алданги 147,441 төгрөг, 12 сарын алданги 110,271 төгрөг, 1 сарын алданги 71,862 төгрөг, 2 сарын алданги 33,453 төгрөг нийт алданги 548,877 төгрөг, нийт 2,663,237 /Хоёр сая зургаан зуун жаран гурван мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч Д.Чинзоригоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Чинзориг хариу тайлбартаа:
“Хишиг арвин өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Түрээсийн төлбөрийн асуудлыг эвлэрлийн түвшинд шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсны дагуу уг байрыг чөлөөлж өгөн, түрээсийн төлбөрийн тооцоог 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэлттэй байна.
Уг түрээслэж байгаа байранд эрчим хүчийг нь хязгаарлаж тасалснаас хойш төдийлөн очиж амьдраагүй байгаа ч уг нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Хишиг арвин өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хангал хүсэлтдээ:
“Хишиг арвин өргөө” ХХК-аас гаргасан манай нэхэмжлэлийн хариуцагч нь эвлэрлийн журмаар шийдэх хүсэлт гаргасныг хүлээн авч байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хишиг арвин өргөө” ХХК-аас хариуцагч Д.Чинзоригт холбогдуулан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 2,663,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч Д.Чинзориг 2,666,237 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хишиг арвин өргөө” ХХК нь хариуцагч Д.Чинзоригт холбогдуулан гэрээний үүрэгт 2,663,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Чинзориг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгч “Хишиг арвин өргөө” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,374 төгрөгнөөс, 28,781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 49,593 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д.Чинзоригоос 14,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хишиг арвин өргөө” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН