Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч М, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. М-т холбогдох 2034005320017 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Б.М, Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээ, өвөөгийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо Зээлийн 9 дүгээр гудамж 04 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Төв аймаг Эрдэнэсант сумын 1 дүгээр баг, Баян-Уулд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч М нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Дэнжийн хүүхдийн тоглоомын саадны ойролцоо тодорхой шалтгаангүйгээр иргэн Г.Ганбаатарыг нүүрэн тус газар цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-01 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргах нь 2020.7.22 /хх-02-04 тал/, хохирогч Г.Ганбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-16 тал/, хохирогч Г.Ганбаатараас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17 тал/, гэрч Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18 тал/, гэрч Н.Үүрцайхаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, гэрч Ц.Сүрэнбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22 тал/, гэрч Г.Ганбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23-24 тал/, гэрч Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25-26 тал/, гэрч Маас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №8667 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-36 тал/, иргэний эрүүл мэндийн дэвтэр /хх-37-39/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-40 тал/, Лазер мед эмнэлэг компьютерт томографикийн шинжилгээ /хх-40-44 тал/, Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №419 /хх-48 тал/, Натур эмнэлэг компьютерт томографийн оношилгоо /хх-49-53 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-54-55 тал/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-56 тал/, Маас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-65-66 тал/, Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70 тал/, зэрэг болно.

 

Шүүгдэгч М нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Дэнжийн хүүхдийн тоглоомын саадны ойролцоо тодорхой шалтгаангүйгээр иргэн Г.Ганбаатарыг нүүрэн тус газар цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Г.Ганбаатарын гэрчээр өгсөн: “...Тэр үед намайг М гэдэг залуу миний нүүрний эрүүний зүүн тал руу гараараа 2-3 удаа цохисон. Харин бусад хамт байсан залуучууд нь намайг цохиогүй, цохих гээд барьж авч чадаагүй. Би зугтаасан юм. Би хэн нэгэн хүнийг цохиж зодоогүй. Харин над руу 2 залуу дайрахаар нь би нэгийг нь тонгорч унагаад нөгөөдхийг нь нэг удаа нүүр рүү нь цохисон. Гэхдээ хэн гэх хүнийг цохисон гэдгээ мэдэхгүй байна. Би 2020 оны 7 дугаар сарын 12-ны шөнө зодуулаад гэртээ харьж хоносон. Маргааш нь хөдөө хамаатны ах Чулуунбаатар гэх айлынд очсон бөгөөд Чулуунбаатар ахын эхнэр Сэлэнгээ эгч миний нүүрийг яасан юм бэ, яагаад хавдсан байгаа юм бэ гэхээр нь шүд өвдөөд байна гэхэд Сэлэнгээ эгч хавдар бууруулна гэж хэлээд мөөгтэй жин тавьж өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотод ирж хоноод маргааш нь буюу 16-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг нефтид байдаг шүдний эмнэлэгт очоод үзүүлтэл намайг гэмтлийн эмнэлэг рүү яваарай очоод зургаа авхуул гэж хэлсэн. Би тэр өдөртөө ГССҮТ-д очоод эрүүний зургаа авхуулахад эрүү зүүн талаараа зөрүүтэй хугарсан байна, хагалгаанд орох юм байна, шинжилгээ өгөөд 1 дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд ороорой гэж хэлсэн. Би нэгдүгээр эмнэлэг дээр очоод дахиад эрүүний зураг авхуулсан. Тэр эмч нь намайг хагалгаанд орно хагалгааны 760.000 төгрөг, хадаасны 300.000 гаруй төгрөг тушаачхаад ирээрэй гэсэн. Би дээрх мөнгийг тушааж чадаагүй болохоор одоо болтол хагалгаанд ороогүй байна. Намайг зодсон М гэх залуугаас эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Гэрч Н.Үүрцайхын гэрчээр мэдүүлсэн: “...Бид хэдийг машинд суухад Мын зүүн талынх нь нүд нь хавдчихсан байсан. Намайг асуухад Ганбаатар миний нүд рүү цохичхоод зугтаачихлаа гэж хэлж байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Ц.Сүрэнбаатарын гэрчээр мэдүүлсэн: “...Нэг хартал Ганбаатар нь Мыг гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохичхоод зугтаагаад явчихсан миний харснаар ийм л асуудал болсон. Намайг байхад М нь Ганбаатарыг цохиж зодоогүй. Тухайн үед М, Итгэлтбаатар, Үүрцайх бид миний машинд хамт хоноцгоосон. Тур үед Мын зүүн талынх нь нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Өөр шарх гэмтэл гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Шүүгдэгч М-ын гэрчээр мэдүүлсэн: “ ...Дэнж дээр очиход залуучууд нэлээд олуулаа зарим нь зодолдоод зарим нь салгаад л байсан. Удалгүй тэр залуучуудыг бид нар салгаад байж байхад одоо надад зодуулсан гээд байгаа Ганбаатар гэх залуу чин хэн юм бэ би чамайг танихгүй юм байна гэхээр нь би нааш ир ахын дүү чи ер нь өөрөө хаанахынх юм гэж хэлсэн. Тэгтэл нэг хүн миний араас намайг дуудах шиг болоод эргэж хараад буцаад харахад Ганбаатар гэх залуу миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохичхоод зугтаасан. Яг зугтааж явахаар нь хөөсөн боловч гүйцээгүй бөгөөд зугтааж байхдаа чи Сумъяа, Аскар нарыг таних уу гэхээр нь би тэр залуучуудыг нь таньдаг юм чинь чи наад хүмүүсээ дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Удалгүй байж байхад Сумъяа ах гээд нутгийн танил ахтай хамт нэлээд олон залуучууд ирээд Сумъяа ах намайг барьж аваад зодсон мөн хажуугаар нь бас хэн нь мэдэгдэхгүй гар орж ирээд цохисон” гэх мэдүүлэг/хх-25-26 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8667 тоот “1.Г.Ганбаатарын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-34-35 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч М нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Дэнжийн хүүхдийн тоглоомын саадны ойролцоо тодорхой шалтгаангүйгээр иргэн Г.Ганбаатарыг нүүрэн тус газар цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.    

 

           Шүүгдэгч М-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Ганбаатарын эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч . овогт М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Ганбаатарын эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн, шүүгдэгч М-ыг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ганбаатар цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-ыг авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ц.ОТГОНЖАРГАЛ