| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/132 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Г.Баярмагнай, О.Гандолгор,
хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгээ,
шүүгдэгч Я, Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б нарт холбогдох эрүүгийн 2034000000717 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
. овогт Г. Я /./, Монгол улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг Баян-Өнжүүл суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багаж хэрэгслийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
. овогт . Б/./, Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, нөхөр хүүхдийн Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Ш.Б нь яллагдагч Я-тэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг "Тэмээн хүзүүний адаг" гэх газарт хохирогч Г.Баярмагнайгийн толгойн тус газар нь чулуугаар цохиж хохирогч Г.Баярмагнайгийн биед баруун чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг Тэмээн хүзүүний адаг гэх газарт приус-20 маркийн 7751 ТӨВ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудын тус тус зөрчсөний улмаас хохирогч 1.О.Гандолгорын биед хүзүүний 7-р, сээрний 1-р нуглам хоорондын мөгөөрсөн цагирагны урагдал, цүлхийлт, тархи доргилт хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд бүлэглэн зодоогүй. Гандолгор, Баярмагнай нарт гар ч хүрээгүй. Тэгтэл эд нар биднийг элбэж зодсон гээд цагдаад гомдол гаргасан байсан. Бид нар өөрсдөө их зодуулсан. Өвчин гарчихсан байсан учраас эмнэлгээр явж чадаагүй сарын дараа эмнэлэгт үзүүлсэн чинь ямар ч гэмтэл гараагүй. Манай нөхрийг араас нь том модоор 2-3 удаа цохиод боож унагаах гэж байхад хажуудаа байсан чулуугаар Баярмагнайн толгой руу цохиод толгойг нь хагалчихсан байсан. Гандолгор өөрөө модтой бууж ирснээ миний охины гуя хэсэгт цохисон, дараа нь миний нуруу руу цохисон. Бид нар адилхан бэртэл гэмтэл авсан. Баярмагнай манай нөхрийг учиргүй цохиод зодоод байхаар нь би айгаад охинтойгоо машинд суусан, тэгтэл Баярмагнай гараад ир гээд орилоод байхаар нь цагдаа дуудахаар явах гэж байтал Гандолгор машины доогуур мөлхөж орж хэвтчихээд намайг дайрсан шүү гэж хэлээд байсан. Манай охин утсаараа зураг авах гэтэл утсыг нь цохиж унагаагаад зураг авч чадаагүй. Бид нарыг гүтгээд байна. Би машиныг ерөөсөө хөдөлгөөгүй. Жолооны ард зүгээр суусан” гэв.
Хохирогч О.Гандолгор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нийтдээ 3156505 төгрөг нэхэмжилж байгаа. Манай хүү Баярмагнай хохирол нэхэмжлээгүй. Хүзүү толгойны зураг авахуулсан, шинжилгээний зураг, замын зардал, Мангуут гэх эмнэлэгт хэвтсэн зардал, сумын эмнэлэгт хэвтсэн баримт, эм тарианы төлбөр зэрэг нийлээд 3156505 төгрөг болж байна гэв.
Хохирогч Г.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хоорондоо маргалдаж ноцолдсон. Би хамаагүй хүчтэй цохиогүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-03-04 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зураг /хх-05-08 тал/, хохирогч О.Гандолгороос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10-11 тал/, хохирогч Г.Баярмагнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, Г.Баярмагнайгаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-16 тал/, гэрч Ягээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-17 тал/, гэрч Я.Тамжидаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18 тал/, Ш.Баас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №708 дугаартай дүгнэлт/хх-21 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-23 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №710 дугаартай дүгнэлт/хх-25 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №709 дугаартай дүгнэлт/хх-28 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-30 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №95 дугаартай дүгнэлт/хх-32-33 тал/, Ягээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-46-47 тал/, Ш.Баас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-51-52 тал/, Ягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-59 тал/, Ш.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-60 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Я нь 2020 оны 11 дүгээр сарын 09 ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг "Тэмээн хүзүүний адаг" гэх газарт хохирогч Г.Баярмагнайгийн толгойн тус газар нь чулуугаар нүүрэн тус газар гараараа нь цохиж хохирогч Г.Баярмагнайгийн биед баруун чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09 ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг Тэмээн хүзүүний адаг гэх газарт прус-20 маркийн 7751 ТӨВ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээны акт болох Монгол Улсын замын хөдөлгөөны дүрмийн 3.1.А Жолооч тухайн аниллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудын тус тус зөрчсөны улмаас хохирогч 1.0.Гандолгорын биед хүзүүний 7-р, сээрний 1-р нуглам хоорондын мөгөөрсөн цагирагны урагдал, цүлхийлт, тархи доргилт хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Гандолгорын өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө би гэрийнхээ зүүн хойд тал руу бэлчээчхээд гэрээ цоожлоод хонь руугаа явган яваад хонио хариулж байтал манай хүү Баярмагнай нь сумын төвд хоночхоод өөрийнхөө амьжиргаа цагаан автомашинтай ирээд “ээж хоёулаа Я ахын хонийг хаваржаанаас доошоогоо дараад ирье гэхээр нь би машинд суугаад цуг Ягийн хонийг дараад зогсож байсан. Я эхнэр Б, охины хамт 3-уулаа ирээд машинаасаа буугаад манай машин дээр ирсэн. Хүү бид хоёр сууж байсан миний машины цонхон дээр Я, нөгөө цонхны талаар эхнэр, охин хоёр нь ирээд Я нь манай хүүг би чамайг ална шүү гэсэн. Манай хүү Баярмагнай нь яасан их хүн алдаг юм гээд машинаас гарсан. Би араас нь салгах гээд очтол охин нь миний өөдөөс дайраад байхаар нь баруун гараараа нүүр лүү нь түлхсэн. Тэгээд намайг охин нь татаж унагаагаад цохиод байсан. Миний авчирсан буюу барьж явсан модоор эхнэр Б нь намайг мөн манай хүүг цохиод байсан. Би одоо больцгооё цагдаа дээр очиж учраа олцгооё гээд машин руу суух гээд алхтал араас эхнэр Б машинаа жолоодож явж байснаа гэнэт хажуу талаас намайг шүргэж машинаа зогсоогоод би ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байсан. Я нь манай хаваржаа руу хонио бэлчээсэн байсан. Өглөө нь манай хонинд айлын хонь нийлсэн гэж Я нь өвгөн, эмгэнд ярьж хулгай хийсэн талаар ярьсан байдаг. Миний зүүн хойд талаас автомашиныхаа баруун урд талаараа их гэрийнхээ хэсгээр шүргэж нэг удаа шүргээд машинаа зогсоосон. Зүүн хөл гуя хэсгээр хөхөрсөн, гарын булчин хэсгээр хөхөрсөн, хүзүү гэмтэлтэй. Гомдолтой байгаа. Эмчилгээний мөнгө төгрөг гаргуулж нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,
хохирогч Г.Баярмагнайн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумаас 11 цаг өнгөрөөгөөд гарсан. Замдаа манай нутагт шинээр шилжиж ирсэн эмгэн өвгөн 2-той таараад тэр ах ах нь өчигдөр идэх гэж байсан хонио гэрийн гаднаас цойлуулсан танай хонинд үзсэн байдаггүй гэхээр нь хойшоо гэр лүүгээ явж байтал ээж Гандолгор хонины бэлчээр дээр байхаар нь ээж дээр очоод ээжийг авсан чинь Я ахын хонь манай хаваржаа луу чиглээд явж байхаар нь ээж бид 2 амьжиргаа цагаан машинтай явж очоод Я ахын хонинуудын толгойг эргүүлж доошоо дараад зогсож байтал Я ах эхнэр Б охин Тамжид нарын хамт автомашинтай ирээд авгай охин 2 нь ирээд манай хонийг тууж хөөлөө гээд уурласан. Дараа нь би танай хонинд өвгөн эмгэн 2- хонь нийлсэн юм бол хэлэхгүй яасан юм дараа нь та нар намайг хулгайчаар дууддаг биз дээ гэсэн чинь Я ах бууж ирээд чамайг би ална гэхээр нь би машинаасаа буугаад ирсэн чинь Я ах намайг духаараа нэг удаа толгой руу мөргөөд дараа нь гартаа барьцан чулуугаараа миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгтэл манай ээж Гандолгортой Тамжид Б 2 зодолдож байсан. Би Я ахаас салах гээд байсан чинь цаанаас Б эгч миний толгой руу чулуу шидсэн тэгээр нь би хөөж гүйж очоод Б эгчийн бөгс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь охин Тамжидыг нь жаахан цааш нь хөөж байгаад орхисон. Тэгээд ээж бид 2 сум орж учраа олно гээд машин луугаа алхаад явж байтал Б эгч охин 2 нь шаргал өнгийн машин бариад хөдөлж байсан. Тэгтэл Я ах авгайгаа хүн дайрч аллаа шдээ зогсооч гээд орилохоор нь би эргээд хартал ээж бид 2-луу машин чиглээд ирж явсан тэгэхээр нь би бултсан чинь манай ээж Гандолгор би дайруулчихлаа гээд орилохоор нь харсан чинь ээж газар машины гол хэсэгт хэвтэж байсан. Тэгсэн чинь Б эгч ээжийгээ татаж аваач пиздаа минь гээд орилоод байсан. Я ах бид 2 ээжийг татаж гаргаж авсан. Дараа нь би ээжийг машинд орж оруулж суулгаад сумын төв орохоор явсан. Манай өвөлжөөнд 2007 онд нүүж ирж байсан. Тэрнээс хойш цуг нэг нутагт амьдарч байгаа хүмүүс байгаа юм. Малын бэлчээрээс болж мөн намайг байнга хулгайд сэрддэг болохоор зодоон болсон байх. Би нэр төрөө сэргээж авмаар байна. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Манай ээж болон надад сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байгаа надад үнэхээр тайван бус байна.” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
гэрч Г.Баярмагнайн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ны өглөө 11 цагийн орчимд сумын төвд хоночхоод хөдөө гэр лүүгээ буюу Тахилт руу явж байхад манай гэрийн хойно буусан өвгөн эмгэн хоёр замд таараад мэнд усаа мэдэлцээд ярилцаж байхад өвгөн нь манай нэг тооны гэрийн гадаа уяатай байсан хонь алдчихлаа гэсэн танай хонинд орсон гэж Я тэгсэн гэхээр нь нийлсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна гэж хэлчхээд хөдөө иртэл ээж хонь дээр явж байсан. Я нь хонь усалчхаад манай хаваржаа руу хонио гаргачхаад гэр лүүгээ давхиад явцан тэгэхээр нь ээжийг хонь дээрээс аваад бид хоёр буцаж ирээд Ягийн хонийг хаваржаанаас доошоогоо дараад явж байтал гэрээсээ Я, эхнэр охиныхоо хамт машинтай давхиад ирсэн. Ээж бид хоёр машин дотроо сууж байтал хажуугаар машинтайгаа орж ирээд 3-уулаа буугаад ирсэн би та намайг хулгайч гэлээ та нар манай хонинд өвгөний хонь нийлсэн бол хэлэхгүй яасан юм гэхэд Я нь ээжийн талаар ирээд мал хөөлөө чамайг ална гээд би алахгүй гээд машинаас буутал намайг Я ах нь духаараа мөргөөд гартаа чулуу атгачихсан байсан гэнэт л миний тархи руу хоёр удаа цохисон. Эхнэр нь чулуугаар нэг удаа хажуунаас толгой руу цохисон тэгэхээр нь би Б эгчийг араас хөөж байгаад нэг удаа өшиглөчхөөд буцсан манай ээжийг зодлоо гээд охиныг хөөж байгаад хаясан эргэж ирээд Ятэй эргээд л зууралдсан салахгүй болохоор нь би за болъё сум дээр очиж учраа олъё гээд машиндаа суух гэтэл Б эгч машинаа хөдөлгөөд нэг тойрч ирээд ээж бид хоёрыг чиглээд ирэхээр нь би бултаж ээж урд гэрлийг нь налаад доогуур нь орчихсон байсан яг мөргөсөн эсэхийг хараагүй. Б эгч, охин хоёр нь машиныхаа хаалгаа цоожилчхоод аваач пизда минь гээд байсан Я бид хоёр нийлж машин доороос татаж гаргаж аваад би сумын төв рүү эмнэлэг рүү би ээжийг машиндаа өргөж суулгаад аваад явсан. Миний толгой руу чулуугаар 2 удаа Я ах цохисон, мөн эхнэр нь нэг удаа толгой руу цохисон нүүр лүү гараараа цохиод байсан. Ягийн эхнэр Б эгч жолоодож яваад ирсэн. Энэ хүн жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байдаг. Тусламж үзүүлсэн хүн байхгүй ээ би ганцаараа ээжийг машин доороос гаргаж өргөж машинд оруулаад эмнэлэг рүү явсан тэр гурав утастай байж түргэн тусламж дуудаж өгөхгүй байсан. Толгой хагарч 1 оёо тавиулсан мөн толгойд цохигдсон шархнууд байгаа толгой хөдөлсөн зүүн чих гэмтсэн зэрэг гэмтэл учирсан. Гомдол, санал байгаа эмчилгээний зардал мөнгө гаргуулж авна мөн ээжийнхээ биед учирсан гэмтэлд гомдолтой байгаа. Энэ хүмүүс удаа дараа заналхийлж сүрдүүлээд байгаа. Хоёр том хүү нь ална гэж занаад их айж байна.” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
шүүгдэгч Ягийн гэрчээр өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ны өглөө хонь усалчхаад усаа буулгах гээд гэр лүү явсан байсан тэгээд Баярмагнай нь сумаас амьжиргаа цагаан автомашин уначихсан ирээд манай хонийг хөөгөөд байсан тэгээд хөөчхөөд Баярмагнай давхиад явчихсан удалгүй ахиж ирээд хөөгөөд байхаар нь эхнэр, охин бид гурав машинаа унаад Баярмагнайгийн машиных нь хажууд зогсоод манай хонийг яагаад хөөгөөд байгаа юм бэ гэхэд Гандолгор нь мод бариад бууж ирээд манай охин Тамжидын хөл рүү нэг удаа цохисон сайн харж амжаагүй Баярмагнай нь намайг хулгайч гэж хэллээ хэмээгээд намайг заамдаад авсан боож унагаагаад толгойны ар луу цохиж мөргөсөн зууралдаад салахгүй байсан. Тэгээд зууралдаж боолгуулж байхдаа чулуугаар би хоёр удаа толгой руу цохисон тэгээд бид хоёр салтал манай эхнэрийг хөөж байгаад бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд манай охин Тамжидыг Гандолгор нь бичлэг хийлээ гээд хөөгөөд байсан тэгээд Баярмагнай нь машин тойроод гараад ир гээд байсан бид нарыг явах гэсэн чинь явуулахгүй машин доогуур ороод хэвтчихээд байсан. Гандолгорыг цээжнээс татаад машин доороос гаргасан тэгэнгүүт эхнэр охин хоёр машин асаагаад давхиад явсан ийм зүйл болсон. Мөргөсөн талаар мэдэхгүй байна. Би эхнэр Бд машинаа хөдөлгөж болохгүй шүү гэж хэлж байсан хэрвээ машин хөдлөх юм бол дээгүүр нь гарчих гээд байсан. Гандолгорыг зодсон хүн байхгүй. Баярмагнай нь манай эхнэр Быг хөөж яваад бөгс рүү нэг удаа, намайг толгой ард дагз руу модоор хугартал нь цохисон миний мэдэхээр хоёр удаа мөргөсөн хацар шалбарсан байгаа. Баруун булчин хөхөрсөн зүүн гар булчин хэсэгт хөхөрсөн толгой өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-17 тал/,
гэрч Я.Тамжидын өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ны өглөө манай хонийг 2 удаа Баярмагнай нь ээжтэйгээ машинтай элдэж хөөгөөд байсан 2 дахь удаагийн хөөгөөд байхаар аав ээж бид гурав очоод яагаад мал хөөгөөд байгаа юм бэ? гэтэл та нар манай хонинд айлын хонь нийлсэн байна намайг хулгайч гэлээ худал хэллээ хэмээн Баярмагнай нь уурлаж Гандолгор эгч машинаас мод барин бууж ирсэн би тэр үед бичлэг хийгээд зогсож байтал Гандолгор эгч модоороо хөл рүү цохиж бичлэг хийж байсан утсыг маань шүүрч аваад шидсэн. Манай ээж Б яагаад охиныг маань цохих гээд байгаа юм бэ гэхэд Баярмагнай нь аав Яг боож аваад газар унагаагаад цохиод байсан. Тэгэхээр би газар унасан утсаа авах гэтэл миний утсыг булааж авахыг завдсан над руу чулуу шидэж модоороо цохих гээд бичлэг хийлгээгүй. Баярмагнай нь ээжийг хөөгөөд нуруу руу модоор цохиж хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн. Дараа нь намайг Баярмагнай нь хөөсөн намайг хөөж байх хооронд ээж машин руугаа суусан би бас суусан хаалгаа түгжиж цонхоо бас хаасан Баянаа нь машиныг цонхыг гараараа цохиод байсан аавыг өдөж чихнээс зулгаагаад Гандолгор эгч манай машиныг дугуйны голоор орж хэвтчихээд явуулахгүй байсан тэгэхээр нь аав татаж гаргасан татаж гаргасны дараа ээж бид хоёр машинтай явж сүлжээтэй газар очиж утсаар ярихаар явахад Гандолгор эгч боссон зогсож байсан харагдсан. Аав Баянаад зодуулаад л нөгөө зодолдсон газраа үлдсэн. Бид хоёрыг утсаар ярьчхаад ирэхэд зөрөөд төв рүү Баярмагнай нь ээжтэйгээ явсан. Машины дотор жолоочийн эсрэг талын суудалд ээж Б суусан байсан би болохоор хойд талын сандал дээр сууж байсан Гандолгор эгчийг машин доороос гарахад ээж Б жолоодоод хөдөлсөн. Баярмагнай нь аавын толгой ард дагз руу модоор хугартал нь цохисон миний мэдэхээр нэг удаа цохисон байна лээ хацар нь шалбарсан байгаа. Надад гомдол санал байна манай малыг машинтай элдэж хөөж худал үгээр гүтгэн дайрч зодож дээрэлхэж хэл амаар доромжилсонд гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
шүүгдэгч Ш.Бын гэрчээр өгсөн: “Тэгсэн Баянаа над руу зодох гээд дайрсан тэгтэл манай нөхөр Я бууж ирээд чи яах гээд байгаа юм бэ? гэхэд манай нөхрийг куртикнээс нь заамдаж аваад унагаагаад гараараа нэг нэгнийгээ цохиод хоорондоо зодолдоод байсан. Мөн модоор манай нөхрийн тархи руу Баянаа нь цохиод байсан. Тэгээд Гандолгор нь намайг зодох гээд мод бариад хөөгөөд байсан Баянаа нь босож ирээд охиныг модоор цохиод байсан намайг модоор нуруу руу цохиж ахар сүүл хавьцаа өшиглөөд байхаар нь охин бид хоёр машиндаа орж суугаад машинаа түгжсэн. Баянаа нь цонхыг хагална шүү гээд цонх балбаад байсан. Би машинаа хөдөлгөж сүлжээтэй газар очиж цагдаа дуудъя гэж бодоод хөдлөх гэтэл Баянаа, Гандолгор хоёр машины урд зогсчхоод байсан. Гандолгор машины зүүн урд дугуйны араар ороод хэвтээд өгсөн тэгэхээр би хаалга онгойлгоод гараач гэтэл гарахгүй байхаар нөхөр Я гаралдаа гэсэн чинь Гандолгор машин доороос гарахаар нь би охинтойгоо цуг машинаа бариад доошоогоо хөдлөөд сүлжээтэй газар очиж цагдаад мэдэгдсэн. Би сандарчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Хэвтээд үлдсэн биеийн байдал ямаршуу байсан талаар мэдэхгүй. Ипсүм маркийн 77-51 ТӨА улсын дугаартай манай нөхөр Ягийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний нуруу хөхөрсөн, ахар сүүл өвдөөд сууж болохгүй байгаа өөр гэмтэлгүй” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
шүүгдэгч Ягийн яллагдагчаар өгсөн: “... Дараа нь Баярмагнай машинаас бууж ирээд намайг шууд куртикны энгэрээс заамдаж аваад намайг хонины хулгайч гэж хэллээ гээд толгойн ар хэсэг рүү цохисон. Дараа нь модоор толгойн ар хэсэг рүү 1 удаа модоо хугартал цохисон. Тэгэхээр нь би газраас чулуу аваад Баярмагнайн толгой руу 2 удаа цохисон чинь толгойноос нь цус гараад байсан. Манай эхнэр охин хоёр машиндаа суусан. Тэгтэл Гандолгор манай машин доор ороод хэвтсэн. Тэгэхээр нь Гандолгороо гараад ирээ гэсэн чинь хэсэг хэвтэж байгаад гараад ирсэн чинь цаанаас Баярмагнай ирээд ээжийгээ тэврээд машиндаа суулгаад явсан” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,
шүүгдэгч Ш.Бын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь манай нөхөр Я газраас чулуу аваад Баярмагнайн толгойн дээд хэсэг рүү чулуугаар хоёр удаа цохисон. Тэгээд 2-уулаа зодолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №708 дугаартай дүгнэлт: “1.Г.Баярмагнайгийн биед баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5.Гэмтэл учруулсан багаж, довтлогчийн хохирогч 2-ийн хоорондын зай хоорондыг тогтоох боломжгүй. 6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх-21 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №95 дугаартай дүгнэлт: “1.О.Гандолгорын биед хүзүүний 7 сээрний 1-р нугалам хоорондын мөгөөрсөн цагирагны урагдал, цүлхийлт, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. 5.Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. 6.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хх-32-33 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Я нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг "Тэмээн хүзүүний адаг" гэх газарт хохирогч Г.Баярмагнайгийн толгойн тус газар нь чулуугаар нүүрэн тус газар гараараа цохиж хохирогч Г.Баярмагнайгийн биед баруун чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэрч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Я нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг Тэмээн хүзүүний адаг гэх газарт приус-20 маркийн 7751 ТӨВ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудын тус тус зөрчсөний улмаас хохирогч 1.0.Гандолгорын биед хүзүүний 7-р, сээрний 1-р нугалам хоорондын мөгөөрсөн цагирагны урагдал, цүлхийлт, тархи доргилт хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт, гэрч хохирогчийн мэдүүлэгүүдээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ш.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ш.Б нь яллагдагч Я-тэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг "Тэмээн хүзүүний адаг" гэх газарт хохирогч Г.Баярмагнайгийн толгойн тус газар нь чулуугаар цохиж хохирогч Г.Баярмагнайгийн биед баруун чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я-гийн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас хохирогч Баярмагнай нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж хохирогч О.Гандолгор нь гэмт хэргийн улмаас учирсан 3156505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас цалин нэхэмжилсэн 954.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээж,
Нотлох баримтын шаардлага хангасан 2.202.305 төгрөгийг шүүгдэгч Ш.Б-аас гаргуулан хохирогч О.Гандолгорт олгохоор хянан шийдвэрлэснийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б, Я нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ш.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я-г Төв аймгийн Прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч . овгийн Г. Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
шүүгдэгч Ш.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я, Ш.Б нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /3 сарын/ хугацаанд төлөхийг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я, Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
6.Эүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Гандолгор нь цалин 954.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нараас энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүйг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Баярмагнай гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Я, Ш.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я, Ш.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я, Ш.Б нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ