| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч М.Гансувд
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Д.Б, Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг Бүрэн сумын Эрдэнэхангай 4 дүгээр баг 1 гудамж б14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн 2-227 тоотод байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.Мөнхдэлгэрийг ямар ч шалтгаангүйгээр хутга барьж “ална” гэж дайрч, улмаар зүүн гаран тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэв.
Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн 2-227 тоотод байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.Мөнхдэлгэрийг ямар ч шалтгаангүйгээр хутга барьж “ална” гэж дайрч, улмаар зүүн гаран тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С.Мөнхдэлгэрийн “...2021.01.15 өдөр 10 цагийн орчим ус авах гээд гэрээсээ гараад Эрдэнэбат гэдэг хүний худаг дээр очоод усаа аваад байж байсан чинь Д.Б нь адуугаа услаад байж байсан юм. Тэгээд бид хоёр уулзаад сууж байхад адуу нь усаа ууж дуусаад худгаас гараад явсан чинь Б нь намайг гэр лүү хүргээд өг гэж хэлсэн юм. Тэгээд машиндаа суулгаад хөдөлсөн чинь Бгаас архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан юм. Тэгээд Бүрэн сумын нутаг монгол хороолол 2-227 тоот ирээд гэр лүү нь ороод Бгийн гэрт нь оруулж өгөөд сууж байсан чинь Ууганзаяа хоёр дүүгийн хамт гэртээ байж байсан юм. Тэгээд би найз нь явлаа гэж хэлсэн чинь чамайг ална гэж хэлэхээр нь эргээд хартал баруун гартаа хутга бариад дайрсан юм. Тэгээд би зүүн гараараа хутганаас нь барьж аваад Бг түлхэж унагаад гэрээс нь гараад явсан чинь араас хутгатайгаа гараад ирэхээр нь хутгыг нь булааж аваад хашаан дотор нь шидсэн юм. Тэгээд би машин дотроо суугаад гэр лүүгээ явсан юм. Төв аймаг Бүрэн сумын монгол 3-р баг 2-227 тоот гэртээ чамайг ална гээд хутга бариад босоод ирсэн юм урд өмнө нь бид хоёр хэрэлдэж зодолдож байгаад би хөлийг нь гэмтээж байсан болохоор над руу хутга бариад дайрсан гэж бодож байна" гэх мэдүүлэг/хх-16 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Бгийн гэрчээр мэдүүлсэн: "...2021 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 07 цагийн орчим Төв аймаг Баян-Өнжүүл сумаас Бүрэн суманд ирээд гэртээ байж байгаад 10 цагийн үед адуундаа тэжээл өгөөд усалчхаад байж байсан чинь Жамсран Цогтсайхан нартай уулзаад Хэрлэн гэдэг хүнсний дэлгүүр ороод 3-н ширхэг 2.5 литрийн нийслэл нэртэй пиво аваад гэрийнхээ хашаан дотор байж байгаад ууж дуусаад цуг ууж байсан хүмүүс маань гэр, гэр лүүгээ явсан 12 цагийн үед манай хашаанд Дэлээ гэх залуу бонго маркийн авто машинтай орж ирээд хужир ачиж байсан юм. Тэгээд би яаснаа мэдэхгүй тасарсан байсан. Тэгээд өглөө сэрсэн чинь манай эхнэр Мөнхцолмон гэртээ ирээд манай эмнэлэг дээр дуудлага ирсэн байна хутганы хэрэг гарсан байна. Дэлээ гэдэг хүний гарыг зүссэн байна гэсэн дуудлага ирсэн юм. Тэгээд би Дэлээ гэдэг хүн рүү залгаад юу болсон юм бэ гэж асуусан чинь хутгаа буцааж татаад гар зүсээд хаясан гэж хэлсэн юм. Тэгээд гайгүй юу гэж хэлсэн чинь гайгүй гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-22 дугаар тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай "1.С.Мөнхдэлгэрийн биед зүүн 2-р хурууны 1-р үенд нөсөөжилт, зүүн гарын 1-р хуруунд гарх, хумс унасан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаандаа үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-27-28 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 4 сарын 26-ны өдөр 32 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-51 тал/ 2021 оны 4 сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн 2134000000083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Д. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ