Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч . овогт . М-т холбогдох 2134000420080 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, . овогт . М, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Борнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймаг Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Нарт Өнжин гэх газарт оршин суух хаягтай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар  сарын 21-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн 124 гэх газарт байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Ууганцэцэгийг баруун нүдэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгч М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн 124 гэх газарт байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Ууганцэцэгийг баруун нүдэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Э.Ууганцэцэгийн: “Би 2019 оны 09-р сараас М гэх залуутай гэр бүлийн баталгаа гаргаж хамтран амьдраад 1 жил гарангын хугацаа өнгөрсөн. Мтай амьдрах хугацаанд надад 2-3 удаа гарч хүрч байсан. Өмнө нь гар хүрэхэд би цагдаагийн байгууллагад хандалгүй дараад өнгөрч байсан. Гэтэл энэ явдал даамширч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр миний нүүр хэсэгт өөрийн гараараа нэг удаа хүчтэй цохиж хүний нүүр харахын аргагүй болгож хөхрүүлж гэмтээсэн. Мөн 2021 оны 01 сард миний баруун хөл рүү хөлдүү хагалсан модны хэрчим шидэж гэмтээсэн. Би гомдолтой байгаа. Миний хажууд манай 6 настай хүүхэд Түвшинбаатар, 1 ой 8 сартай Мөнхзаяа, 7 настай Мөнхгэрэл, манай төрсөн дүү 15 настай Төгстөмөр нар байсан. Бид хоёрт өс хонзонгийн асуудал байхгүй. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн маргаан болсон. Би нөхөр Мт хандаж хүнд зээлсэн 100.000 төгрөгөө хэзээ авах талаар асуутал манай нөхөр чамд ямар хамаатай юм бэ, ажил явдал гарсан гэж байна гэж уурлаад гараад явсан. Гадуур 1 хоночхоод 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Тэгээд над руу үхэр малаа хөөхөд яадаг юм гэх зэргээр харааж эхэлсэн. Удалгүй хадам ээж Тунгалаг манай гэрт орж ирээд миний хүүхэд чамаас болж гадаа хоносон байна. Манай хүүхдийг хөөдөг хэн юм бэ хурдан хувцсаа бэлд чамайг ээж дээр чинь хүргэж өгнө гэх зэргээр хөөж тууж байгаад гарсан. Тэгээд М гэрийн баруун орноос босож ирээд зүүн талын орон дээр байхад минь миний баруун талын нүд рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-13-14, 17 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Төгстөмөрийн: “2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө манай М гадуур хоноод 09 цагийн орчим орж ирсэн. Эгч чи хаагуур заваарч яваад ирж байгаа юм гээд уурлаж байгаад тэр 2 хэрэлдээд байхаар нь би модон дээр очоод сууж байгаад гэрт буцаад ороход Ууганаа эгч цохиулсан хамаг хувцас хунараа бэлдэж аваад сумын төв рүү явна гээд уйлаад сууж байсан тэгээд сумын төв орж ирсэн. Би хараагүй гадаа модон дээр сууж байсан. Намайг гаднаас орж ирэхэд цохисон байсан.” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

Гэрч Л.Тунгалагийн: “Цагаан сарын өмнө би яг хэдэн байсныг нь санахгүй байна. Манай хүү М эхнэр Ууганцэцэг тэр 2 маргалдаад М хээр хоночхоод өглөө манай гэрт орж ирсэн. Тэгээд би хүүгээ гэртээ харь гэж хэлээд гаргаад явуулсан. Тэгээд удалгүй байтал манай хүү М намайг утсаар дуудсан тэгээд би тэднийд яваад очтол бэр хүү 2 хэрүүлтэй байж байсан тэгэхээр нь би та 2 дандаа яах гэж хэрэлдэж байдаг юм гээд бэрдээ хандан би чамайг ээж дээр чинь хүргэж өгнө гэж хэлсэн. Манай бэр би цагдаа дуудна тэгээд өөрөө эндээс явна гэж хэлсэн би тэдний гэрээс гараад төв рүү явсан. Намайг сумын төвд байж байхад манай бэр такси дуудаад аваад явсан байсан. Намайг тэдний гэрт байхад тэр 2 нэг нэгнээ цохиж гэмтээгээгүй гараад явсны ард муудалцаж манай хүү М бэрийн нүд рүү цохисон гэж намайг төвөөс ирэхэд М надад өөрөө хэлсэн. Би цохиж зодолдож байхыг нь өмнө харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-64 тал/,

Шүүгдэгч Мын гэрчээр мэдүүлсэн: “Би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Ууганцэцэгтэй гэр бүлийн маргаан болоод би уурлаад гэрээсээ гараад явсан. Тэгээд тэр шөнө би уурандаа ууланд ганцаараа 1 хоноод 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө гэртээ 09 цагийн орчим орж ирэхэд эхнэр маш ууртай байсан тэгээд хэл амаар доромжилж байсан тэгээд би дахин уурлаад эхнэр Ууганцэцэгийг нүүрэнд нь өөрийн баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод гараад яваад өгсөн. Маргааш нь хэсгийн төлөөлөгч дуудаж цагдаагийн байгууллагад ирсэн. Бид 2 гэр бүлийн баталгаатай хамтран амьдраад 2 жил гаран болж байна. Өмнө би 2021 оны 01 дүгээр сарын үед уурандаа гэрт байсан галын модны хайрцагнаас нэг мод аваад шидсэн тэр нь манай эхнэр Ууганцэцэгийн баруун талын өвдгөнд тусаж оносон. Би уурандаа тэсгэл алдаад нэг удаа цохичихсон юмаа. Манай эхнэр Ууганцэцэг намайг цохиж зодоогүй харин хэл амаар маш хэцүү байдалд ортол доромжилдог. Манай гэрт миний 3 хүүхэд манай эхнэрийн дүү Төгстөмөр нар байсан.” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай “1.Э.Ууганцэцэгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруу, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-30 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн 124 гэх газарт байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Ууганцэцэгийг баруун нүдэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын нуруу, баруун шилбэнд цус хуралт, хамрын нуруу, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.    

 

           Шүүгдэгч М-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч . овогт . М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ