| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00438/и |
| Дугаар | 819 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 819
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2017/00819 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Боржигон овогт Дэмбэрэлийн Отгонбаатар /Баянгол дүүрэг, 20-р хороо, БУК, 6-р гудамж 2 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Мөнхбаатарын Мөнгөнчимэг /Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Хилчин, 87-р гудамж 1 тоот оршин суух/-т холбогдох,
гэрээний үүрэгт 1,656,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч М.Мөнгөнчимэг нь 2015 оны 03-р сарын 13-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулан 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлэн авсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй болно. Хариуцагчид төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 100,000, алданги 550,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, нийт 1,656,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Мөнгөнчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие нь мөнгө хүүлэгч Д.Отгонбаатараас өндөр хүүтэй мөнгө зээлж, бизнесийн эргэлтдээ зарцуулдаг байсан. Урьд нь зээлж авч байсан мөнгөө цаг тухайд нь хүүтэй тооцож өгч байсан. 2015 оны 3 сард авсан 1,000,000 төгрөгийг төлж чадаагүй байгаа нь үнэн. Би энэ тухайгаа хэлж хэд дахин компани дээр нь очиж уулзан бизнес маань доголдолд ороод байна. Төлөлтийг бага багаар төлөхөөс бүхлээр нь хийж чадахгүй байна гэж гуйж очиж байсан боловч огт зөвшөөрдөггүй байсан. Миний бие нь өрх толгойлсон эмэгтэй. Ээж маань 80 хүрсэн хөгшин эмнэлэг болгоныг дамжин явж, байнга хүний асаргаа сувилгаа шаардлагатай, зүрхний хэмнэлийн дутагдалтай, тархины судасны нарийсалттай өөрөө явж чадахаа болисон. Одоо ч төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор амьдралын бололцоо тааруу байгаа юм. Иймд иргэн Д.Отгонбаатарын 1 сая төгрөгийг хүү 100 мянган төгрөг болон нотариатын 6,000 төгрөг, нийт 1,106,000 төгрөгийг сар болгоны 25-нд (110,000 төгрөгөөр) төлж, 10 сарын хугацаанд барагдуулах хүсэлттэй байна. Бодит байдлыг минь харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгнө үү.
Ар гэрийн боломж тааруу учир уг мөнгийг бүхлээр нь төлөх чадваргүй байна. Хэсэгчлэн бага багаар нь төлж барагдуулахыг хүсэмжлэн гуйж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан, 1,656,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагч М.Мөнгөнчимэг нь иргэн Д.Отгонбаатараас 1,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байх боловч нэг сая төгрөгийг хүү 100 мянган төгрөг болон нотариатын 6,000 төгрөг, нийт 1,106,000 төгрөгийг сар болгоны 25-нд (110,000 төгрөгөөр) төлж, 10 сарын хугацаанд барагдуулахыг зөвшөөрч, харин алданги төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч М.Мөнгөнчимэгт 1,000,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Энэ гэрээ 1,000,000 төгрөгийг бодитойгоор нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, бичгээр байгуулсан зээлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтааj нотлогдож байх тул зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
Хариуцагч М.Мөнгөнчимэг нь нэхэмжлэгчид үндсэн зээл, түүнд ногдох хүү, нотариатын зардалд нийт 1,106,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангид нэхэмжилсэн 550,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, шүүхэд ирүүлсэн тайлбарыг харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгөхийг шүүхээс хүсчээ.
Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу анзын гэрээг бичгээр байгуулсан байх тул үүргийн гүйцэтгэлийг хангахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байх ба Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох хэдий ч шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирж хэргийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх үндэслэл бүхий шалтгааныг нотлоогүй ба гэрээгээр тохиролцсон анзыг шаардах эрх үүссэн үеэс буюу нийт 714 хоногт x 5,000 төгрөг (1,000,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги)-өөр тооцвол нийт 3,570,000 төгрөг болж байгааг тайлбарлах нь зүйтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй үндэслэлээр алдангийг багасган нэхэмжилж байх тул алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Иймд хариуцагч М.Мөнгөнчимэгээс үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 100,000, алданги 550,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6,000 төгрөг, нийт 1,656,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна.
Хариуцагч М.Мөнгөнчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнгөнчимэгээс 1,656,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,446 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 41,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН