Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 268

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай, Жаргалант баг нефтийн шинэ хэсэг, 6-16 тоотод оршин суух, ИЦ89030867 регистрийн дугаартай, Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагчийн төлөөлөгч: Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Батбаясгалан /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал удаа дараа өрөөндөө дуудаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өг гэж шаарддаг байсан. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн орой ажил тарсны дараа ажлаас халагдах хүсэлтээ өг гэж шаардахад нь хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг Тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал танилцаад ийм хүсэлт бичихгүй, ажлаас чөлөөлөгдөхдөө ийм өргөдөл бичдэг гээд өмнө нь ажлаас гарсан хүний өргөдлийг уншиж өгсөн. Би уг өргөдлийг хуулан бичиж байтал чи төрийн үйлчилгээний албан хаагчаар ажилладаг болохоор Хөдөлмөрийн тухай хууль баримтлах ёстой гэхээр нь 38 дугаар зүйлийн 38.1.1 зүйлийг бичиж өгсөн. Мөн намайг халсан тушаалын эх хувийг аваагүй тул шүүхийн тамгын газраас гаргуулах шаардлагатай байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон. Тэгээд би 2015 оны 08 сард жирэмсний амралтаа авсан. Намайг төрөөд 3 сартай хүүхдээ асарч байхад тамгын дарга над руу залгаад ажилдаа ор, ажилдаа орохгүй бол тушаалыг чинь гаргалаа гэхээр нь ажилдаа орсон. Ийнхүү би ажилдаа ороод Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалтад явсан бөгөөд уг сургалтын үеэр бидний ажлыг шалгаж, би 48 архивчаас 3-р байранд буюу шилдэг архивчаар шалгарсан тул шагнал олгосон. Тэгээд тамгын дарга шүүхийн Ерөнхий зөвлөлөөс олгосон уг шагналыг өөр хүнд олгох байсныг намайг авсан байна гэж байсан. Мөн удаа дараа надад сануулах арга хэмжээ авсан. Уг сануулах арга хэмжээ авсан тушаалуудад гомдол гаргаж, Говь-Алтай аймгийн шүүхээс сануулах арга хэмжээ авсан тушаалуудыг үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Тамгын дарга өрөөндөө дуудаж, ажлаас гарах өргөдлөө өг гэж шаарддаг байсан. 2016 оны 08 сарын 18-ны өдөр ажлаас халагдах тушаал гарсан. Харин 2016 оны 08 сарын 17-ны орой ажил тарсны дараа намайг ажлаас халагдах хүсэлтээ өг гэж шаардахад нь арга буюу хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг Тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал танилцаад ийм хүсэлт бичихгүй, ажлаас чөлөөлөгдөхдөө ийм өргөдөл бичдэг гээд өмнө нь ажлаас гарсан Должиндэмидийн өргөдлийг уншиж өгөхөд хуулан бичиж байтал чи төрийн үйлчилгээний албан хаагч болохоор Хөдөлмөрийн тухай 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлах ёстой гэхэд уг зүйлийг бичиж өгсөн. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тамгын даргын тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 сарын 18-ны өдрийн Б/126 тоот тушаал нь эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Б.Долгорсүрэнгийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлтийг хүлээн аваагүй, харин дарамт шахалт үзүүлсний улмаас уг тушаалыг гаргасан гэж үзэж байна. Өмнө ажлаас гарсан Должиндэмидийн хүсэлтийг дуурайлган бичүүлсэн байдаг. Мөн Б.Долгорсүрэнг хууль бусаар сахилгын арга хэмжээ авсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн дарамт, шахалтын улмаас дээрх тушаалыг гаргасан гэсэн тайлбарыг үндэслэн энэхүү тушаалыг хүчингүй болгох саналтай байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 03 сарын 03-ны өдөр Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын албан тушаалын ажлыг хүлээн авсан өдрөөс эхлэн шүүн таслах ажиллагааны тасралтгүй явагдах, ил тод байдлыг хангах, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахын төлөө идэвхи, санаачлага гаргаж ажиллаж, архив бичиг хэргийн эрхлэгч Б.Долгорсүрэнд үүрэг даалгавар өгсөн боловч үр дүн муутай байсан. 2016 оны 04 сарын 23, 24-ний өдрүүдэд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад онгоцоор явуулах ажлыг зохион байгуулж, түүнд 2016 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн 2016 оны 04 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд чөлөө, хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгож байсан. 2016 оны 04 сарын 28-ны өдөр Б.Долгорсүрэнд өгсөн үүрэг даалгавартай холбогдуулан түүнээс асуухад юу хийх талаараа би сайн мэдэхгүй байна гэсэн.

Төрийн архивын тасагтай хамтарч арга арга зүйн зөвлөгөө авч ажиллахад, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай зөвлөмжийг Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт ирүүлсэн. Б.Долгорсүрэн нь энэхүү зөвлөмжийн дагуу ямар нэгэн ажлыг эхлүүлээгүй ба үл тоомсорлож байсан. Дээрх зөрчлийг арилгах талаар Б.Долгорсүрэнд үүрэг, даалгавар, шаардлага тавихад уйлдаг, юу хийхээ мэдэхгүй байна гэх хариултийг үргэлж хэлдэг байсан. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр миний бие дээрх зөрчлийг арилгах зорилгоор Төрийн архивын тасаг, аймгийн Прокурортой хамтарч архив, албан хэрэг хөтлөлт сэдвээр сургалт зохион байгуулж, улмаар сургалтад Шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдсан.

Б.Долгорсүрэн нь архивын тайлан мэдээг холбогдох албан тушаалтнаар хянуулахгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх төрөлжсөн архив руу дур мэдэн явуулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсаар байсан тул хамт олонд нь дахин хэлэх гэтэл өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн болно. Б.Долгорсүрэн нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах үед тус шүүхийн шүүгчийн туслах Х.Дорждэрэм байсан. Б.Долгорсүрэнг өөрийн зүгээс байж болох бүх арга замаар дэмжиж ажилласан ба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан тул түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Б.Долгорсүрэнг шаардаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлсэн гэж үзэж байгаа бол хуульд заасны дагуу нотлох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Түвшинжаргалын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 66-р хуудсанд авагдсан хүсэлт зэргээр Б.Долгорсүрэнг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой байгаа, мөн Б.Долгорсүрэн нь хүүхдээ 3 сартай байхад ажилдаа орсон, ажлаас гарах хүсэлтээ бичиж өгөх талаар дарамталж байсан талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм.Учир нь хүүхдээ үргэлжлүүлж асрах боломж Б.Долгорсүрэнд байсан. Хүсэлтийн хувьд дарамт, шахалтаар буюу хүчээр бичүүлсэн нь ямар ч боломжгүй тул Б.Долгорсүрэнг өөрөө хүсэлтээ өгсөн гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гомдол гаргаж, шүүх хуралдаанд Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Долгорсүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн, архивын ажил үр дүнгүй байсан, архивын тайлан, мэдээг хянуулалгүй явуулсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх цалин олговор шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байгаад тус газрын дарга Ж.Түвшинжаргалын 2016 оны 08 сарын 18-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбарууд, хүсэлт, тушаалын хуулбар, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно.

Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн /хх-19, 56/ ...тамгын газрын даргын өрөөнд орох болгонд эсвэл өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэж шахаж, өмнө ажлаас халагдсан хүний хүсэлтийг хуулан бичүүлж, хуулж бичсэний дараа Х.Дорждэрэмийг дуудан ирүүлсэн... гэх тайлбар нь түүний хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч П.Янжмаагийн ...тааралдах болгонд Б.Долгорсүрэн уйлсан, юу болсныг асуухаар тамгын дарга дарамтлаад хүсэлтээ өгөөд ажлаас гар гээд байна, хүсэлтээ өгдөг юмуу гэж ярьсан, гэрч Ж.Ганзоригийн ... Б.Долгорсүрэн тамгын даргын дарамт шахалтад байсан, удаа дараа миний өрөөнд уйлж орж ирээд тамгын дарга ажил үүргээ мэдэхгүй, чадахгүй гэж байна, чадахгүй бол ажлаасаа гар гэж байна гэж надад ярьсан, гэрч Б.Баярцогтын ... Б.Долгорсүрэн нилээн дарамтад байсан, тамгын дарга намайг өрөөндөө дуудаад халагдах өргөдлөө бичээд өг гээд шахаж шаардаад байна гэдгийг сонссон, гэрч О.Түвшинжаргалын ... Б.Долгорсүрэн тамгын дарамтад байсан, уйлчихсан байдаг, нялх хүүхэдтэй учир хөхний сүү нь нэвтэрсэн гэдгийг манай ажлынхан бүгд мэднэ гэх мэдүүлгүүдээр батлагдаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Түвшинжаргал шүүхэд ...архив бичиг хэргийн эрхлэгч Б.Долгорсүрэнд үүрэг даалгавар өгсөн боловч үр дүн муутай, 2016 оны 04 сарын 28-ны өдөр үүрэг даалгаврын талаар асуухад юу хийхээ сайн мэдэхгүй байна гэж хариулсан, энэ талаар бичгээр авахад архивын ажиллах журмыг зөрчсөн талаар дурдсан. Б.Долгорсүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа гаргасан, хүсэлт гаргах үед шүүгчийн туслах Х.Дорждэрэм байсан гэж тайлбарлаж, түүний хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Б.Ариунзаяагийн ...О.Түвшинжаргал бид хоёр Б.Долгорсүрэнд ажлын шаардлагыг дарамт гэж ойлгож байгаа бол хэлэх зүйлгүй, загнуулах үе байлгүй яахав, чадахгүй зүйл байгаа бол хүмүүсээс асууж хичээх, мэрийх хэрэгтэй гэж хэлсэн. Захиргааны ажилчид бүгд дэмжиж тусалж ажиллая гэж яриад өөрөө ч сайн ажиллана гэж ярьсан. Байнга уйлсан эсэхийг мэдэхгүй, нэг удаа өрөөнд уйлсан орж ирээд хүсэлтээ өгч ажлаас гардаг юм уу гэж байсан, гэрч Н.Дэлгэрцэцэгийн ....хэд хэдэн удаа энэ асуудлыг ярьсан. Хамгийн сүүлд Б.Долгорсүрэнд боломж олгоё, Б.Долгорсүрэн өөрөө хичээнэ гэж хэлсэн. Тамгын газрын дарга мэдэхгүй зүйлээ асуу, зөвлөнө, тусална гэдэг талаар ярьсан. Б.Долгорсүрэн хугацаатай бичгийг хугацаанд явуулаагүй гэсэн асуудал яригдаж байсан, үр дүн гэдэг асуудал яригдаагүй. Тамгын газрын дарга дарамталж байна гэж Б.Долгорсүрэн яриагүй, өөрийн ажлыг асуудаг байсан, гэрч Н.Гүнчинсүрэнгийн захиргааны ажилтнууд цугларсан үед тамгын газрын дарга Б.Долгорсүрэнгийн ажил төрлийн талаар яриад ажлаас гарна, гарахгүй гэдэг асуудлыг ярихаа болъё, дэмжиж ажиллая, ажлаас гарах хүсэлтийг авахгүй гэх агуулгатай яриа болсон гэж мэдүүлжээ.

Нэхэмжлэгчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн тус шүүхийн тамгын газрын даргад гаргасан хүсэлтэд ... би ядаж 04 сарын 01-ний үед ажилдаа оръё гэхэд тамгын дарга шүүгч, иргэд надад гомдол гаргаад байна гэж утсаар ярихаар нь 2016 оны 03 сарын 21-нд ажилдаа орсон. Хэд хоногийн дараа ШЕЗ-ийн сургалтад суугаад ирсэний дараа шагналын талаар ярьж, тэр үеэс намайг өдөр бүр хүсэлтээ өг гэж шахаж шаардаад би сэтгэл санаагаар унаж, хүүхдээ хөхүүлэх боломжгүй болж, нэмэлт хоол өгдөг талаар даргад хэлсэн, таны хараа хяналтын дор, таны хүсэлтийн дагуу бичлээ, 2016 оны 08 сарын 17-ны өдрийн хүсэлтэд Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна, мөн ээлжийн амралтын тооцоог хийлгэх гэж тус тус бичсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, зөвхөн өөрийн хүсэл зоригоор, чөлөөт байдлаар сайн дурын үндсэн дээр бичгээр гаргадаг.

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр хүү төрүүлсэн нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт эмэгтэй хүний хөдөлмөрийг тухайлан хуульчилж, ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хоригложээ.

Уг хэрэгт ШЕЗ-ийн Б.Долгорсүрэнгийн гомдолд хариу өгөх 01/1238 дугаар албан бичиг болон шилдэг архивчийн өргөмжлөлийн хуулбар, Завхан аймгийн архивын тасгаас шүүхийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын ажлын илтгэх хуудас зэрэг нотлох баримтууд авагдсан ба Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 295 дугаар шүүхийн шийдвэрээр Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 04 сарын 29, 05 сарын 20-ны өдрийн Б.Долгорсүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг аваад 2016 оны 08 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан бөгөөд хүсэлт гаргах болсон шалтгааныг хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд ажил олгогчийн шаардлага, зүй бус нөлөөлөл байсны улмаас ажилтан хүсэлт бичсэн гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал өөр Шүүхийн тамгын газрын даргаар томилогдсон, тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм уг хэрэгт гэрчээр асуугдсан ба Д.Батбаясгаланг хариуцагчийн төлөөлөгчөөр томилсон байна.

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг тус аймаг дахь шүүхийн тамгын газрын санхүүд даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор хэлэлцэх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч буруу халсан үеийн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж шийдвэрлүүлж болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн нотариатоор гэрчлүүлээгүй иргэний үнэмлэх /хх-2/-ийг үнэлээгүй ба шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримтаар өгсөн гэрч Ж.Ганзориг, О.Түвшинжаргал нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд, гар утаснаас угаасан гэх өмнө, хойно үеийн архивын гэрэл зургууд нь хуулийн шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэн буцаан өгсөн болно.

Нэхэмжлэгчийн Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг тушаал хууль зүйн үндэслэлгүй ажилтныг ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл болох хууль зүйн факт тул тушаалыг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлага болон түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 3703787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалд холбогдох Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэмэгдүүлсэн шаардлага, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 3703787 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Долгорсүрэнг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийндундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын санхүүд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Долгорсүрэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн буруу халсан үеийн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж шийдвэрлүүлж болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ