Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болдбаяр,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Э.Эрдэнэсувд/онлайн/,

шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж. Ч.т холбогдох 2034000000443 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

. овогт . Ч, Монгол улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороолол, Хүннү 2222 хороолол 113 байр 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт Э.Эрдэнэсувдтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Энэ хэрэг 2020 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн орой 21 цагийн орчимд манай том хүүгийн эдлэн газар дээр болсон. Энэ эдлэн газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 4-р баг Хушин гэх нэртэй газар байдаг. Энэ аж ахуйд миний бие Улаанбаатар хотоос 07-ний өдөр амрах санаатай ирсэн. Ирээд удаагүй байтал гадаа хүн орилох чимээ гараад байхаар нь гараад очтол энэ хэргийн хохирогч гэх Эрдэнэсувд гэж залуу танай малчин Бум хаана байна хөөе гэх зэргээр зүй бус харьцаж орилоод байсан. Тэгэхээр нь миний бие чи согтуу байна явах хэрэгтэй амгалан тайван байдал битгий алдагдуулаад бай гэх зүй ёсны шаардлага тавьсан. Маргаан үүсэж би зайл гэж хэлсэн хэлхээс ч өөр арга байгаагүй гэтэл өөдөөс чи намайг зайл гэдэг хэн юм муу цагаач нар баячууд миний нутаг дээр ирчхээд намайг хөөдөг хэн юм би та нарын хөөснөөр явдаг хүн биш гээд анх хэрүүл маргаан үүссэн. Хохирогч мотоциклтойгоо миний машин манай хүүгийн машин хоёрын дунд хавчигдуу байдалтай сууж байсан. Чи болгоомжтой гар машин тэрэг шүргэх гээд байна гэж хэлсэн гэтэл хөрөнгө мөнгөөрөө хааж боолоо гэж загнаад байсан. Би аль болох хурдан яв гэдэг үүднээс хандсан. Энэ хүний мотоцикл нь асдаггүй юм байна лээ маниулаа дэвсээд асахгүй байсан. Машины аль нэг тал руу уначих гээд байсан тэгэхээр нь би хоёр машины дундуур чиглүүлээд яв гээд түлхсэн.  Намайг түлхэхэд мотоцикл нь асаагүй байсан. Тэгээд унаад өгсөн босож ирээд асуудал ширүүн болсон. Ширүүн гэдэг нь би энэ хүнийг зодоод энэ хүн намайг зодоод байсан зүйл огт байхгүй харин харилцан маргаад байсан. Унаад босож ирэхдээ энэ хүний шүд гэх үү хамар гэх үү цус гарсан байсан. Тэрийгээ өөдөөс цацаад сагаад хэрүүл өдөөд намайг зуурчхаад тавихгүй байсан тэр цамц маань надад байгаа бүр ураад хаячихсан. Ийм байдал үүсгээд байсан тэгэхээр би за дүү хоёулаа эр хүмүүс байна манайд оръё эвлэрье гэж хэлээд дагуулаад орсон. Намайг яваад ороход манай ах дүү нар бууз хийчихсэн байсан би дүү суугаад бууз ид эр хүн шиг эвлэе үүнээс хойш чи бид хоёр энэ дошин дээр хамт амьдарна чи нутгийн хүн би цагаач гээд нэрлээд яваад байх энэнд сайн муу санах хэрэггүй гэдэг санал тавьсан. Хохирогч орж ирээд бууз идэх гэснээ болиод хохирлоо төлүүлнэ гээд байсан тэгэхээр нь би ямар хохирол учирчхаад байгаа юм бэ гэж асуухад миний шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд хэрэг явдал болоод тэрүүгээр байсан хүмүүсийн амгалан тайван байдал алдагдаад наад согтуу хүнээ явуул гэж хэлсэн. Би аль болох тайван болих гээд гэрээс гаргаж өгөөд хашаанаас гаргаж өгөх гэсэн дахиад зуураад хохирол мөнгө өг гээд байсан би хэд гэж асуухад 50.000 гэж хэлсэн. Тэгээд би надад чамд өгдөг мөнгө байхгүй явдаг газраараа яв гэж хэлсэн гэтэл бүүр зуурчхаад тавихгүй байсан нэг цаг орчим зууралдсан. Тэр хооронд би нэг удаа ч гар хүрээгүй. Зуураад байсан би харилцан түлхээд байсан энэ газар нь хазгай газар байсан учраас хоёр гурав түлхэхэд яах аргагүй хашаа налж унасан. Тэгээд бүр дийлдэхгүй салахгүй байхаар нь би өөрийн санаачилгаараа цагдаа дуудсан. Цагдаа ирэхдээ маш хүндрэлтэй ирсэн. Согтуу хүн амгалан тайван байдал алдагдуулаад байна цаашилбал нөхцөл байдал хүндрэх гээд байна ирж ав гэж хэлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа гэж нэг нөхөр надад шууд та өөрөө машинаараа авчир гэж хэлсэн би хариуд нь авч очих нь битгий салж чадахгүй байна та нар ирж авах ёстой гэж хэлсэн. Гэтэл өөдөөс та тэгвэл бензиний мөнгө төлөөрэй гэж хэлсэн. Давхиж ирээд надаас мөнгө нэхсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм та нар хууль сахиулах үүрэгтэй хүмүүс болохоос хүнээс мөнгө нэхэх үүрэгтэй улс биш би та нарт гомдол гаргана гэж хэлсэн гэтэл за за уучлаарай гээд аваад явсан. Авч явахад нь зүгээр суу гээд суугаагүй дуудлагаар ирсэн хоёр цагдаа бараг хүч хүрээгүй ноцолдож барьсан. Ингэж энэ хүнийг сум руу авч явсан. Энэ залуу өглөө эрт над дээр давхиж ирсэн ирээд ах мөнгө өгчих гэсэн би өгөхгүй гэсэн. Тэгээд гомдлоо гаргасан гэсэн ийм л юм болсон. Энэхүү хэргийн  мөрдөн байцаалтыг анхан шатанд Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Цэрэнпэл гэж хүн явуулсан байдаг. Мөрдөн байцаалт явуулахдаа хуулийн зүйл заалт нэлээн зөрчиж хугацаа алдсан. Хоёрдугаарт мэдүүлэг авсан гэрчийн этгээдүүдийн мэдүүлэг дээр улаан цайм засвар хийсэн бүр 47 хоногоор урагшлуулсан. Надаас 8 дугаар сарын 25-нд хамгийн сүүлд мэдүүлэг авсан. Хоёр гэрчээс 8 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг авсан байдаг. Би өмнө нь албан ажил хийж байсан учраас бичгийн тэмдэглэлийг маш сайн хөтөлдөг. Цэрэнпэл дэслэгч эрүүгийн хэрэг үүсгэх саналаа 7 дугаар сарын 27-ний өдөр прокурорт өгсөн байдаг. Тэр санал нь он сар өдөр огт тавигдаагүй байсан болов ч сүүлд нөхөж тавьсан байдаг. Гэтэл хэргийн гол оролцогч болох  яллагдагч гээд байгаа надаас анхны мэдүүлгээ 8 дугаар сарын 25-нд авсан байдаг. Гэрч гэх хүмүүсээс 8 дугаар сарын 19-ний өдөр авсан байдаг. Хэргийн газар үзлэг хийгээгүй гэрчээс мэдүүлэг аваагүй байж урьдчилан тооцоолж төлөвлөж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа явуулсан байдаг. Энийг би нөлөөллийн шинжтэй гэж үзэж байгаа. Ийм зүйлийг хяналтын прокурор хүлээж аваад эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан байдаг. Шинжээч эмч Эрхэмбаярын мэдүүлэг байдаг хавтаст хэргийн 20 дугаар хуудас. Мэдүүлгээс гадна шинжээч эмчийн дүгнэлт гэж зүйл байгаа түүн дээр  далны хэсэг болон хөлийн хэсэгт зулгаралтай гэж бичсэн байгаа болохоос шүд унасан барьсан гэх нэг үсэг байхгүй. Тэрийг прокурор татаж оруулж ирээд 3 дугаар шүд унасан байсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Хүн зодсон хэрэг гэдэг бол нэг нь хүч түрэмгийлж нөгөө нь хүчинд автаж байх байдал үүсхийг хүн зодох хэрэг гэж хэлэх байх. Бид хоёрын дунд харилцан нэг нэгнээ татсан түлхсэн шөргөөлцөлдсөн ийм л зүйл болсон. Хэргийн газарт үзлэг хийж зураг хөрөг авах ёстой тийм зүйл огт хийгдээгүй. Мөрдөгч бол хуулийг үнэнхүү зөрчсөн, худлаа баримт санаатай бүрдүүлсэн, түүнийг прокурор хяналгүйгээр хэрэгжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн заалт байдаг энэ заалт хэрэгжээгүй байна гэж үзэж байна. Би прокурорын тогтоолд гомдол гаргасан түүнийг хүлээж аваагүй ийм л зүйл болсон. Би дараагийн шатанд хандахгүйгээр шүүх дээр очиж үнэн байдлаа олъё гэдэг саналтайгаар орж ирсэн” гэв.

 

Хохирогч Э.Эрдэнэсувд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би тэр өдөр Ихтэрбумтай уулзах гэж байгаа юм гэтэл зайл гэж хэлсэн тэгэхээр нь ахаа би яахаараа хөөгддөг юм гэж хэлсэн чинь учир зүггүй пиавор цагаан юм барьж аваад нуруун дундуур нэг цохиод тэр нь хоёр хуваагдсан. Би та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд чамайг цохиход ямар хамаатай юм гэсэн тэгэхээр нь би мотоциклоосоо буугаад гараас нь бариад та яаж байгаа юм гэсэн чинь би чамтай юм ярьдаг хүн биш гэсэн. Тэгээд удалгүй Ихтэрбум ирж миний мотоциклийг аваад явсан араас нь цагдаа ирсэн. Намайг гэрт орж бууз ид гэсэн гэрт нь орсон чинь хүмүүс нь уурлаад байсан. Нуруун дундуур хөхрөлтэй, шүд хугарсан шүдээ янзлуулмаар байна. Хохирол нааш цаашаа явсан эмнэлэгт үзүүлсэн гээд хэдэн төгрөг гарсан тооцоо гаргаж баримтаар баталгаажуулаагүй чадаагүй учраас нэхэмжилж байгаа зардлын дүгнээ хэлж чадахгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Эрдэнэсувдын Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл/хх-02 тал/, хохирогч Э.Эрдэнэсувдаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-08 тал/, гэрч Г.Эрдэнэцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09 тал/, гэрч Д.Ихтэрбумаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10-11 тал/, шүүгдэгч Ж.Чоос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12 тал/, гэрч Н.Ичинноровоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 389 дугаар дүгнэлт/хх-15 тал/, шинжээч Э.Эрхэмбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19-20 тал/, Ж.Чоос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26-28 тал/, Ж.Чийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-29 тал/, Ж.Чийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-38-44 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт Э.Эрдэнэсувдтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2034000000443 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Э.Эрдэнэсувдын өгсөн: “... Бумаа гэх залуутай би мэндлээд Бумаа үхэр хөөж ирнэ гэж хөдлөөд би араас нь хөдлөх гэтэл миний мотоцикль асахгүйби мотоциклио янзалж асаах гээд байж байтал нэрийг нь мэдэхгүй Бумаагийн захирал гэх ах ирээд хэл амаар доромжилж зайл гээд байхаар нь би өөдөөс нь хөөгдөхгүй явчихна гээд хэлтэл намайг яасан олон юм ярьдаг юм гээд барьж явсан цагаан пивороор 2-3 удаа цохиод тэгээд намайг хурдан зайл гэж хэлээд цааш жаахан явж байснаа буцаж эргэж ирээд миний шүдлүү 1 удаа цохиод миний 1 шүд хугараад 1 шүд хөдөлгөөн орсон. Тэгээд би нөгөө хүнтэй маргалдаад байж байтал гэрт хоол болчихлоо орж хоол идий гээд намайг дагуулаад гэртээ орсон. Тэгээд намайг бууз ид гэхэд шүд өвдөөд идэж болдоггүй гараад явах гэтэл нөгөө ах намайг цагдаа дуудаж өгнө тэгээд учраа ольё гээд би яван...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Г.Эрдэнэцогтын өгсөн: “ ...Тухайн өдрийн орой Ч гэж хүнтэй уулзах гээд гэрийн гадаа ирэхэд Ч нэг согтуу хүнтэй маргалдаад нөгөө хүн нь Чийг та миний шүдийг цохичихлоо ш дээ гээд маргалдаад байсан”  хх-09 тал/,

Гэрч Д.Ихтэрбумын өгсөн: “ ... Тухайн өпөр би сумын төв орчихоод гэртээ ирэхэд Эрдэнэсувд манайд ирчихээд явж байна. Танай дарга Ч намайг зодчихлоо гээд мотоцизль уначихсан явж байсан. Тэгээд гэрийн манай захирал Ч Эрдэнэсувдтай хэрэлдээд Эрдэнэсувд миний шүдийг цохьчихсон гээд маргалдаад би тэр хоёрыг салгаад Ч захирал цагдаа дуудаад Эрдэнэсувдыг өгч явуулсан. Эрдэнэсувд надад тухайн үед нуруугаа харуулахад хэсэг хэсэг газар улайж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

Гэрч Н.Ичинноровын өгсөн: “ ... Тухайн үед би нөхөр Чтойгоо Төв аймгийн Эрдэнэ сум руу хүү Эрдэнэбатын малчингийн гэрт очсон юм очоод байж байтал нэг согтуу нөхөр мотоциль унаад хаазлуулаад л мотоциклиороо машин дайрах шахсан тэгээд хашигчаад юу болоод байна юу хүн ирэв гээд манай нөхөр гараад тэр залууд харанхуй болчихсон байна чи эндээс яваа гээд хэлэхэд чи эндээ намайг хөөдөг хүн биш гээд их согтуу тэгээд хүмүүс рүү үсчээд шүлс ам нь үсрээд байсан. Тэгээд би тэр залууд эрүүл болоод ярь гэж хэлсэн. Гэр лүү тэр залууг дагуулж гэрт орж хоол ид гэж хэлсэн тэгтэл хашгираад үсчээд байхаар нь манай нөхрийн уур нь хүрээд нэлээд хэдэн үг хэлсэн. Тэгээд арай ч нэг юм гэрээс гаргасан тэгээд гэрээс гаргахад манай нөхөртэй зууралдаад тэгээд архины мөнгө өг гээд нэхээд байсан тэгээд цагдаа дуудаж өгсөн юм” гэх мэдүүлэг/хх-13 тал/,

Шинжээч Э.Эрхэмбаярын өгсөн: “ ... Үзүүлэгч Э.Эрдэнэсувдын биед үзлэг хийхэд баруун дээд 3-р шүд үгүй буйланд язарсан шарх, уруулын дотор салстад цайвар ногоон идээт өнгөртэй шархтай байсан ба 3-р шүд унасан эсэх, унасан бол шинэ эсэхийг тогтоох зорилгоор эрүүний дэлгэмэл зураг буюу шүдний зураг авахуулахаар явуулсан боловч ирээгүй тул 3-р шүдний шинэ хугарсан эсэхийг тогтоох боломжгүй болсон. Үзлэг хийхэд баруун дээд 3 дугаар шүд унасан бөгөөд бусад шүдэнд зовиур шаналгаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №389 дугаартай “...1. Э.Эрдэнэсувдын биед уруул, буйланд шарх, зүүн даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал  болсон гэх, 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Э.Эрдэнэсувд, гэрч Д.Ихтэрбум, Г.Эрдэнэцогт нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр мэдүүлдэг, мэдүүлгүүд нь Э.Эрдэнэсувдын биед уруул, буйланд шарх, зүүн даланд цус хуралт гэмтлүүд учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 389 тоот дүгнэлттэй зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ч-ийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Ж.Ч-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Ч-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Э.Эрдэнэсувд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Ж.Ч-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин тухайн гэмт хэрэг гардаг өдөр хохирогч Э.Эрдэнэсувдын шүүгдэгч Ж.Ч болон түүний гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг зөрчлийн тухай хуульд зааснаар хянан шийдвэрлүүлэх,

тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь нотлох баримт засварласан талаарх гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлбэл зохино.

 

Шүүгдэгч Ж.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10, 37, 38 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Ж. Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-ийг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан/3 сарын/ хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ч-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ч нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ