| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/154 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ча. Ш-т холбогдох 2134000490113 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х. овогт Ч. Ш. ., Монгол улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймаг Баян-Өнжүүл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 26-р гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн” гэв.
Шүүгдэгч Ш нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бага уушиг” гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ноос 2021 оны 02 дугаар сарын 18-нд шилжих шөнө иргэн С.Мөнхбаатарын эзэмшлийн 19 тооны алдуул мал буюу хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Nissan Ad маркийн 85-12 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан завшиж бусдад 2.453.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэрч Б.Даваанямын: “... Манай гэр 2020 оны 08 сард Аргалант суманд шилжиж ирсэн айл байгаа юм. Тэгсэн 2021 оны 02 сарын 17-ны өдөр хонио тариа тарьдаг хашаатай поолинд өдрийн цагаар манай хүүхэд хариулдаг байсан юм. Тэгсэн орой манай хүүхэд хонио хурааж ирээд хургалсан хонио хургыг хөхүүлэх гээд гарсан чинь хургатай шар толгойтой хонь байхгүй байсан. Тэгээд айлын малд нийлсэн байлгүй гэж бодоод орой байсан болхоор бид хэд тоохгүй хоноод өглөө малаа бүртгээд үзтэл манай хониноос 17-н тооны хонь шар толгойтой хуц зэрэг нийт 18-н толгой хонь алга болсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Гэрч М.Ганболдын: “... Би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо баруун “Түрүүний ар" гэх газар гэртээ гэр бүлийн хүний хамт байж байтал манай танил Ш орой 19-н цагийн орчим эхнэр Найдангийн хамт манай гэрт цагаан машинтайгаа ирээд надаас танай хонинд хэдэн хонь түр зуур хорио цээр дуустал орхиод явах санаатай ирлээ гээд ирсэн би тухайн үед ямар учиртай хонь юм гэж асуутал би Батсүмбэр сумын "Халзангийн даваа" гэх газар хүнтэй наймаа хийсэн юм гэхээр ямар наймаа хийгээд явна даа гэж асуутал азаргаа 2.000.000 сая төгрөгөөр зарсан тэгсэн нөгөө хүн маань мөнгө олдохгүй байна та оронд нь хонь авчих гэхээр нь би тэгий гээд хэдэн хонь ачаад танай гэрийг ойрхон болохоор яваад ирлээ гээд эхнэр Найдангийн хамт цагаан өнгийн машинтай эхлээд 11 хонь ачаад ирсэн эргэж яваад 23-н цагийн орчим дахиад 10 хонь ачиж ирээд манайд буулгаад хорио цээр дуусгаад 23-аас ирж авна гэж хэлээд тэр хоёр явсан. Манай хоёрын гэр 2020 онд хамт хаваржиж байсан манай гэрээр орж гараад явдаг байдаг хүмүүс байгаа танилцаад 1 жил болж байгаа хүмүүс юм. Би тухайн үед хүнтэй наймаа хийсэн юм гэхээр нь итгээд тэр малны им тамгийг бол хараагүй зүс нь бол хар алаг, хар зүстэй эм хонь, шар толгойтой, алаг зүстэй янз бүрийн хонь харагдаж байсан им тамгийг анзаараагүй хондлой дээрээ хар будагтай хонь байсан. Тэр хоёр урд өмнө унаад яваад байдаг байсан суудлын жижиг цагаан өнгийн машинтай ачиж очсон юм би машины номер дугаарыг нь санахгүй байна. Тэр талаараа надад юм яриагүй би суулд 2 хоногийн дараа цагдаа ирээд асуудал болоод ирэх үед нь хулгайн мал байсан байна гэж ойлгосон юм. Тухайн үед би Ш, Найдансүрэн хоёрт тус болоод авчирсан малыг нь харж байсан юм, тэрнээс хөлс мөнгө шан харамж аваагүй” гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Иргэний нэхэмжлэгч П.Найдансүрэнгийн: “ ... Ш бол манай нөхөр байгаа юм. Би үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээгүй байж байгаад цагдаагаас сонссон би нэг хэсэг Улаанбаатар хотод байсан тэр үед л юм шиг байна лээ. 85-12 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2020 оны 03 сард 6.500.000 төгрөгөөр техникийн захаас худалдаж авч байсан. Би тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг/хх-96 тал/,
Шын гэрчээр өгсөн мэдүүлсэн: “ ... Би 2021 оны 02 сарын 17-ны өдөр, Төв аймгийн Аргалант сумын нутаг Жамбалын тариан талбайн дотор хонио хариулаад явж байгаад орой болоод хонио хашаад урд айлын Батаа гэх залуугийн гэрт нь очтол надад 19-н цагийн орчим харанхуй болж байтал адуун дунд 17-18 тооны хонь байна гэхээр нь би очоод үзтэл Шар халзан хуц. Тас хар хонь, Шилэн дээрээ цагаан үстэй хар алаг, Хар алаг эм хонь зэргийн 17 тооны хонь байхаар би хөөж хашаандаа авчирч хонуулаад маргааш нь хоньтойгоо нийлүүлж хариулж байгаад 2021 оны 02 сарын 18-ны шөнө харанхуй болсны дараа өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 85-12 УНЧ улсын дугаартай суудлын машинаар 2 удаа ачаад Улаанбаатар хот СХД-н 21-р хороонд байдаг Урнаа гэх гэх айлын хашаанд хашаад орхиод ирсэн байгаа миний ачиж зөөвөрлөсөн хонь одоо тоо ёсоороо бүгд бүрэн байгаа. Би тухайн эзэн нь олдохгүй байхаар нь өөрийн мал болгох гээд авсан юм. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан болохоор ганцаараа явсан юм. Намайг хонио хариулаад байж байхад надаас Мөнхбаатар гэх хүн хар толгойтой хургатай хонь гээд асуухаар би мэдэхгүй хараагүй гэж хэлээд явуулсан юм. Би тэр малын эзэн Мөнхбаатар гэх хүнийг урд ганц нэг удаа зүс харж байсан нэрийг нь бол мэдэхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Надад тийм асуудал байхгүй. Харин анхны удаа хулгай хэрэгт орлоо муухай зүйл болсонд харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Яллагдагч Шын “Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийн мэдэх бүх зүйлээ бүгдийн ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-63 тал/
“Эм Жэй Жэй Эм” ХХК-иын шинжээчийн 2021 оны 03 сарын 27-ны өдрийн 07/81 дугаартай “Шүдлэн хонь 13, нэгж үнэлгээ 121.800 төгрөг, эм хонь 5. 129 төгрөг, хуц 1, 22.500 төгрөг, нийт 2.453.400 төгрөг”, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-10 тал/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-11 тал/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш нь 2021 оны 04 сарын 7-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-101 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 04 сарын 23-ны өдөр 30 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-104 тал/ 2021 оны 04 сарын 23-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ш.т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ш.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.т холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, 85-12 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ч. Ш-ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, 85-12 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ