| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох 2134000000185 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Т. Т/ /, Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг А4-9 тоотод оршин суудаг, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1152000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Т.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт 2021 оны 05 дүгээр сарын 04-ны өдөр Ө.Бат-Ирээдүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн” гэв.
Шүүгдэгч Т.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт 2021 оны 05 дүгээр сарын 04-ны өдөр Ө.Бат-Ирээдүйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ө.Бат-Ирээдүйгийн: “ ... Би Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р баг Эрдэнэ-Уулын 1-1 тоотод эхнэр Нандингэрэл том хүү Энэрэл, бага хүү Дөлгөөн нарын хамт оршин суудаг юм. 2021 оны 05 сарын 04-ны өдрийн 17 цагийн үед манай гэрийн үүдэнд манай сумын иргэн Төрбат гэх залуу таарахаар нь би утас нь дээрээ байсан ууцан дээрээ ногоон будагтай бор толгойтой төлөг, мөн ууцан дээрээ будагтай үхсэн хар толгойтой төлөгний зураг харуулаад энэ хэний хонь вэ? гэж асуусан чинь манай хонь байна гэхээр нь хаанаас хэзээ авч ирсэн юм бэ? энэ 2 хонь чинь манай шинэ будсан хонь байна гэсэн чинь юу яриад байгаа юм. Манай дүү Т хүнээс худалдаж авч авчирсан би залгаад дуудчихъя ирэхээр нь уулзаад асуучих гэж хэлээд яваад өгсөн. Удаагүй байтал Төрбат буцаж ирээд наад хонийг чинь өчигдөр авч ирсэн юм гэхээр нь чи түрүүхэн 2-3 хонгийн өмнө авч ирсэн гэж хэлээ биз дээ хоёр өөр юм яриад байх юм гэсэн чинь манай нэг борлонгоор хоёр эргүү төлөг авч ирээд өчигдөр авчирч тавьсан юм гэхээр нь би тэр хоёр төлөг чинь эргүү төлөг биш байна лээ гэсэн чинь бензин асгаад эмчилсэн юм гээд дайраад байсан. Тэгээд Төрбатыг яваад өгөхөөр нь гэртээ ороод байж байтал гаднаас Төрбатын дүү Т орж ирээд хонь хулгайлсан хулгайч хаана байна гэхээр нь хулгайлсан юм бол байхгүй гэсэн чинь гараараа нүүр хэсэг лүү нэг удаа цохихоор нь барилцаж аваад хоорондоо нэг, нэг цохилцоод газар унатал нүүр хэсэг лүү нэг удаа хөлөөрөө өшиглөхөөр нь босоод иртэл хацар хамраас цус гарч байсан. Гаднаа манай гэрийнхэн орж ирээд бид хоёрыг салгаад удаагүй байтал цагдаа ирээд Тийг аваад явсан. Нүүр хэсэг лүү гараараа 2-3 удаа цохисон, унагааж байгаад нүүр хэсэг рүү өшиглөсөн. Хамар битүүрч, толгой өвдөж байна. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж зүүн нүдний доод хэсэгт 2 оёдол тавиулсан. Хамар мурийсан байна гэж хэлсэн. Толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тийн биед ил харагдах шарх сорив байгаагүй. Өмсөж явсан богино ханцуйтай цамцаа өөрөө урчихсан байсан. Тийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Манай найз Тэмүүлэн, аав Өнөржаргал, ээж Мөнхцэцэг нар байсан. Эмчилгээ зардал мөнгөө төлүүлмээр байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг/хх-08 тал/,
Шүүгдэгч Т.Төрбатын гэрчээр мэдүүлсэн: “... 2021 оны 05 сарын 04-ний өглөө хонио хөдөлгөхөд нууруун дээрээ буруу талын гуя дагасан ногоон будагтай, зөв талын чих нь зүрх имтэй бор толгойтой төлөг маань хониндоо байсан юм. Өдөр 15 цагийн үед хонин дээрээ очоод хонио бүртгээд үзтэл нөгөө авсан төлөг маань байхгүй болохоор нь худаг дээр байгаа хонинд үзчихээд байж байтал манай сумын залуу Бат-Ирээдүй саарал өнгийн жижиг тэрэгтэй ирээд утсан дээрээ авсан төлөгний зураг үзүүлээд энэ хэний хонь юм бэ гэхээр нь манай төлөг байна ш дээ би наадахыг чинь өдөржингөө хайлаа гэсэн чинь чи манай төлгийг шинээр будаад авчихсан байна гэхээр нь ахиад манай ийм будагтай төлөг байгаа наад төлөг чинь манай дүүгийн төлөг гэсэн чинь дүүгээ дууд гээд яваад өгсөн юм. Би араас нь давхиж очоод манай дүү Т Зүүндэлгэрт байдаг Пүүжээ гэх залуугаас нэг шүдлэн ишиг өгөөд хоёр эргүү төлөг авсан юм гэсэн чинь тэгээд 3 хоногийн дотор наад хоёр төлөг чинь эрүүл болох уу? гээд салаавч гаргаад, заамдаж байгаад баруун шанаа хэсэг рүү гараараа цохиод газар унасан, унасны дараа дээрээс өшиглөөд байхаар би гэдэс хэсэг лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд цуг зогсож байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь утсаа гаргаж ирээд Тийн 88529206 дугаарын утас руу залгаад чиний энэ төлөгнөөс болж хүнтэй муудлаа, авсан хүнтэйгээ цуг суман дээр яваад ир гээд дуудсан. Удаагүй байтал Т аймгаас ирээд намайг гэрээс аваад Бат-Ирээдүй гэх залуугийнд очоод тэр хоёр хоорондоо барилцаж аваад зодолдоод байсан. Нэг харсан чинь Бат-Ирээдүйгийн хамраас цус гараад тэгээд салцгаасан. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан. Миний биед учирсан гэмтэл шарх сорви өвдөж байгаа зүйл байхгүй байна. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бат-Ирээдүйгийн зүүн нүдний доод хэсэг болон хамраас цус гарч байсан. Тийн нүүр хэсэг улайсан байсан. Манай дүү Т Зүүндэлгэр гэх газар байдаг Пүүжээ гэх залуугаас нэг шүдлэн ишиг өгөөд сольж авсан. Баруун талын гуя дагасан ногоон будагтай зөв талын чих нь зүрх имтэй, буруу чих шоргоолж имтэй бор толгойтой төлөг, хар толгойтой төлөг байсан юм. Бат-Ирээдүй манай төлөг гээд дайраад байсан. Миний биед халдсан." гэх мэдүүлэг /хх-11-12 тал/
Гэрч Х.Баярхүүгийн: “Тус өдөр аймгийн төвд байхад манай найз Батнасан залгаад унаа олоод Сэргэлэн сумын төв дээр ирээд аваач гэхээр нь унаа хайтал Т тааралдсан ингээд Сэргэлэн сум явах гэж байна гэхээр нь машинд суугаад хамт Сэргэлэн суман дээр очиж Батнасанг аваад гарах гэтэл айл руу орно хүнтэй уулзах ажилтай гэж хэлээд айлын хашааны гадаа очиж зогсоод дотогшоо ороод явчихсан тэгтэл удалгүй нэг хүнтэй хэрэлдээд гараад ирсэн. Тэр хүн нь нүүрнээс нь цус гараад шалбарсан байсан тэгтэл нэг настай эмэгтэй гарч ирээд Т рүү дайраад чи манай хүүхдийг зодлоо гээд гараарaa нүүр толгой руу нь цохиод дайраад байсан. Т эсэргүүцэл үзүүлээгүй тойроод зугтаад байсан нөгөө эмэгтэй футболкыг нь зуурч ураад хойноос нь хөөгөөд цохиод байсан. Тэгтэд цагдаа ирээд салгаад аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-19 тал/
Гэрч Ц.Батнасангийн: “Тус өдөр би Сэргэлэн сумын төв дээр айлд байж байгаад аймгийн төв рүү явах гээд Баярхүү гэх найз руугаа залгатал манай нэг ах Сэргэлэн явах гэж байна хамт очоод авъя гэж хэлээд 16 цагийн орчимд ирж намайг авсан тэгээд нөгөө машинтай хүн нэг айлын гадаа очиж зогсоод энэ айлд орчхоод гараад ирье гэж хэлээд Баярхүү бид хоёр машинд нь үлдсэн тэгтэл удалгүй нөгөө жолооч ах хашаанаас гарч ирэхдээ нэг залуутай муудалцаж гарч ирээд нөгөө залуу нь хацраас нь цус гараад нүүр шалбарчихсан байсан тэгтэл дотроос тайрмал үстэй туранхай 50 орчим насны эмэгтэй гарч ирээд манай жолоочийг чи яахаараа манай хүүхдийг зоддог юм бэ? гээд нүүр толгой руу нь гараараа 4-5 удаа алгадаж цохиод футболкийг нь урсан тэгтэл цагдаа ирээд манай жолоочийг аваад явчихсан” гэх мэдүүлэг /хх-21 тал/
Гэрч Н.Өнөржаргал: “Тус өдөр намайг гэртээ гаднаас ороод иртэл Т манай хашаанд манай хүү Бат-Ирээдүйг газар унагаачихсан өшиглөчих шиг болсон тэгэхээр нь больцгоо юу болоод байгаа юм бэ? гээд салгаад хүүгээ өргөөд босгоод ирэхэд нүүр нь халцраад цус гоожоод босоод ирсэн би нүүр лүү нь өшиглөж гэж бодсон. Ингээд би нөгөө залуутай нь уулзаж ярилцах гээд өөдөөс явахад зугтаад хашаанаас гараад яваад өгсөн. Ингээд би гарч очоод барьж аваад бугуйн дээрээс нь атгахад тавиулчихсан тэгэхээр нь футболкон дээрээс атгахад намайг тавиулах гээд өөрөө футболкоо угзарч ураад зугтаачихсан тэгээд л цагдаа ирээд нөгөө хүнийг аваад явчихсан. Манай дүү Мөнхцэцэг Бат-Ирээдүйг өмөөрөөд 1-2 удаа гараараа савчиж болиулах санаатай Тийг цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/
Гэрч Б.Тэмүүлэнгийн: “Тус өдөр 16 цагийн орчимд Бат-Ирээдүйгээс дугуй авах гээд гэрт нь очиход эхнэр 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байсан ингээд үүдний тамбараас дугуйгаа авах гээд би тамхи татаад зогсож байтал хашааны хаалгаар Т гэх залуу орж ирж байгаа харагдсан тэгээд нөгөө залуу над дээр хүрч ирснээ хэн бэ? гэж асуухаар нь би юуг нь ойлгоогүй юу гээд асуутал хажуугаас Бат-Ирээдүй би гэж хэлсэн чинь нөгөө залуу Бат-Ирээдүйг чи яасан овоо писда вэ гэж хэлээд шууд гараараа нүүр лүү нэг удаа цохисон тэгтэл Бат-Ирээдүй доошоо тонгойгоод цамцнаас нь барихад нөгөө залуу бас зууралдаад хашааны хаалганы орчимд очиход Бат-Ирээдүйг газарт унагаад нүүрэнд нь 1, 2 удаа өшиглөсөн тэгээд би салгаж авсан тэгтэл Бат-Ирээдүйгийн хацар нь язраад нүүр нь халцарсан байсан. Тэгээд гэрийнхэн нь гарч ирээд цагдаа дуудах шиг болсон удалгүй цагдаа ирээд аваад явах гэтэл явахгүй эргэж боороод байсан тэгтэл Мөнхцэцэг эгч, Өнөржаргал ах хоёр нөгөө хүнийг яв чи гээд хөөгөөд нөгөө хүн тэр хоёртой хэрэлдэж байгаад Өнөржаргал ах футболкноос нь барьцан байхад өөрөө гарыг нь давхар бариад футболкоо урж байгаа харагдсан тэгээд л цагдаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-25 тал/
Гэрч Х.Пүрэв-Очирын: “Тус өдөр намайг хонио хариулаад явж байхад 16 цагийн орчимд Т машинтай давхиж ирээд надаас өмнө нь 2 толгой эргүүтсэн өвчтэй охин төлөг 1 борлонгоор сольж авсан байсан юм тэгээд миний танаас авсан 2 төлгийг Сэргэлэн суман дээр хүн миний төлөг байна гээд манай ахыг зодсон байна та очиж учрыг нь олж өг хулгайн төлөг биш биз дээ наадах чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун хулгайн төлөг байх вэ дээ манай өөрийн тэмдэгтэй мал байгаа би өөрөө очиж учрыг нь олж өгье гэж хэлээд хамт машинд нь суугаад Сэргэлэн суман дээр очсон.Ингээд гэрээрээ орж ах нь байхгүй байхаар нь утсаар яриад замаараа дэлгүүрийн үүднээс ахыгаа аваад нэг айлын гадаа очсон тэгээд ахтайгаа цуг машинаас буугаад айл руу орсон би машинд нь сууж байгаад араас нь буугаад очтол бөөн хэрүүл болоод л нэг залуутай барилцаж аваад нэгнийгээ цохилцоод зодолдоод эхэлсэн тэгэхээр би нөгөө залууд нь юу болоод байгаа юм бэ энэ чинь миний төлөг шүү дээ энэ чинь миний унаган мал шүү дээ манай тэмдэгтэй байгаа одоо очоод манай малыг үзсэн ч болно шүү дээ гэхэд намайг сонсох янзгүй хараалын үг хэлээд Ттэй муудалцаад байсан. Ингээд цагдаа ирсэн Тийг аваад явсан. Нөгөө залуу нь эхлээд Тийг нүүрлүү нь нэг удаа гараараа цохих шиг болсон тэгтэл зууралдаж байгаад Т нөгөө залууг гараараа нүүр лүү нь нэг удаа цохих шиг болсон тэгтэл хацраас нь юм уу хамраас нь цус гараад байгаа бололтой байсан тэгээд л ерөнхийдөө зууралдаад байсан тэгтэл цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/
Төв аймаг шүүхийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “1. Ө.Бат-Ирээдүйгийн биед зүүн хацарт шарх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-32 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Т нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 5 сарын 28-ны өдөр 46 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг/хх-67 тал/ 2021 оны 5 сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Т.өд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Т.Т.ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Т.өд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Т. Т.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.ийг 500/таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ