| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0154/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Б-т холбогдох эрүүгийн 2134000000137 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж. овогт Н. Б/./, Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймаг Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн “Харгантын хоолой” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг модон гүүрний хажууд тээврийн хэрэгсэл дотор иргэн И.Норжмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар И.Норжмаагийн эрүүл мэндэд “дух, хамар, зүүн хацар, дээд урууланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг модон гүүрний хажууд тээврийн хэрэгсэл дотор иргэн И.Норжмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар И.Норжмаагийн эрүүл мэндэд “дух, хамар, зүүн хацар, дээд урууланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч И.Норжмаагийн: “... Тэр хооронд Баасан-Очирийн машинд цуг явсан хумуус пиво уусан миний хажуу талд Эрхэмбаярын эхнэр Б нь суусан бид хэд сууж байхад Б нь халамцуу надаас хэрүүл өдөөд намайг баян хүмүүсийн машнид суулаа та гэж хэлсэн тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэж хэлхэд Б нь миний ийг маажиж нүүр урсан тэгээд би болиоч гэж хэлсэн Ганпурэв бууж ирээд Бийг машинаас буулгаад чи Норжмаа эгчийг аллаа гэж хэлээд Бийг татаж буулгасан мөн би араас нь буугаад гадаа гарч уйлсан. Ганпүрэв та хоёрыг эхлээд тоглож байна гэж бодож байхад Бяарчимэг чи яагаад настай хүнийг зодож байгаа юм гэж хэлсэн. Би машин дотор Бийг миний нүүрийг самардаж урж байхад нь самардуулахгүй гарыг хаасан, тэгээд өөрөөсөө нааш түлхсэн. ... Тэгээд маргааш өглөө нь толинд нүүрээ харөхад хүн харах аргагүй аймар майзсан шархыг нь тоолоход 33 ширхэг хумсны шархтай байсан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 23-ны өдөр Б нь Баасансугартай хамт манай ирээд надаас уучлалт гуйсан тухайн үед би чи эгчийгээ ядаж нүдрүү болон өөр газар луу зодохоор байсан бол цохихгүй нүүр хүн харахын аргагүй урж самардсан байна миний нүүрийг хар гэж хэлэхэд яанаа миний буруу яахуу эгч гэж асуусан. Миний даралт их хүний нүүр лүү харж чадахгүй хэцүү байна нүүр их хорсож байгаа тул би гоо сайхандаа санаа зовж байна. Б бид хоорын болсон явдалын хуулийн байгууллагаар шалгуулмаар байна” гэх мэдүүлэг/хх-07 тал/,
Гэрч Л.Эрхэмбаярын: “ ... Тэгээд машинаа гаргах гээд эрчүүд голын цохиод байж байхад хэсэг хугацааны дараа Норжмаа эгч ирээд миний нүүрийг танай эхнэр Б нь самардаж маажаад ийм болгочихлоо гэж хэлсэн нүүрийг нь хархад зүүн тал болон хацар нь цус болсон урагдсан байдалтай байсан. Би Норжмаа эгчээ одоо яанаа манай эхнэрийг уучлаарай гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлсэн. Би машин гарахгүй байсан тул машинаа үлдээгээд явахаар болоод эхнэрээ авчирахад манай эхнэрийн амсаж явсан футволк нь урагдсан гадуураа цамцаа өмсөн байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж асуухад Норжмаа эгчтэй муудсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-09-10 тал/,
Гэрч Б.Баасандоржийн: “ ...Ххэсэг хугцааны дараа голын зүүн талд байж байхад миний утас дугарсан Лхагва-Эрдэнэ нь манай эхнэр Даваадуламтай яриад Б, Норжмаа эгч хоёр ноцолдоод байна ирж аваач гэж хэлсэн. Тэгээд цуг байсан Ганпүрэв нь Норжмаа эгчийг дагуулаад мөсөн дээгүүр алхаад гараад ирсэн. Тухайн уед Норжмаа эгч согтуу байсан тэгэхдээ учраа мэдхээр байсан ямар ч гэсэн архи, пиво уусан харагдаж байсан. Би Сумын таваас ирсэн Батчимэг болон Норжмаа эгч болон эхнэрээ суулгаад явсан” гэх мэдүүлэг/хх-12 тал/,
Гэрч С.Хишигдуламын: “ ... миний араас Норжмаа эгч Б хоёр машинаас бууж ирсэн тэгээд барилцаад байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан тэгтэл Б болон Ганпүрэв хоёр салгаад байсан тэгээд Ганпүрэв боль гэж хэлээд Норжмаа эгчийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Гэрч С.Даваадуламын: “ ... Тэгээд ууж байхад Норжмаа эгч Б хоёр юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Хишигээ болон Батчимэг хоёр болсон явдлыг мэдэж байгаа Ганпүрэв Норжмаа эгчийг аваад явсан. Машин дотор хэрэлдэж байгаад машинаас бууж гадаа гараад ноцолдож муудсан. Машин дотор нэг нэгнийхээ үсийг зулгаагаад буусан би жирэмсэн болохоор боль гэж хэлээд машинаас буулгасан юм” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Б.Батчимэгийн: “... Норжмаа эгч Б хоёр машин дотор нэг нэгнээ үсдээд байсан. Норжмаа эгч Бийн гарыг хазаад үснээс зулгаасан мөн Б нь Норжмаа эгчийн үснээс зулгаагаад нүүрийг нь маажсан” гэх мэдүүлэг/хх-19 тал/,
Гэрч М.Ганпүрэвийн: “ ... Тэгээд Б нь Норжмаа эгчийг Лхагва-Эрдэнийг жоохон хүүхэд байхад нь тоохгүй байсан одоо баян болохоор нь машинд суугаад явж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгтэл Норжмаа эгч чи юу гээд байгаа юм гэж хэлээд үсдэлцээд авсан. Тэгээд би зогсоод машинаас буугаад салгасан” гэх мэдүүлэг/хх-23 тал/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дугаартай “1. И.Норжмаагийн биед дух, хамар, зүүн хацар, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-32 тал/, яаралтай түргэн тусламжийн хуудас/хх-36 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-39-40 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 4 сарын 30-ны өдөр дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-99 тал/ 2021 оны 5 сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Б.т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Н.Б.ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б.т холбогдох хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж. овгийн Н. Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт- авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ