Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Иргэдийн төлөөлөгч Г.Дашсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ж.Наранбаатар,

Хохирогч Ш.Гантунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А-д холбогдох эрүүгийн 2034003760701 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Б. А, 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Дуут хурим, Булаг 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус бүр Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Булгийн 3-5 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ш.Гантулгыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Цагаан дэлийн өврийн бууц” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ш.Гантунгалагийг “чи миний аавыг ад үзлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодсоны улмаас түүний биед зүүн талын 4 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хийн хуралдалт, шингэн хуралдалт бүхий хүнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь бол зодож байгаагүй” гэв.

Хохирогч Ш.Гантунгалаг: “Гомдол санал байхгүй. Урьд нь зодож байсан асуудал байхгүй“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-02 тал/, хохирогч Ш.Гантунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-05-07, 66 тал/, гэрч Ц.Ариунтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-09 тал/, гэрч Г.Түвшинсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10-12 тал/, гэрч В.Баттулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-15 тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-17-19 тал/, Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний 32 дугаар дүгнэлт/хх-22-23 тал/, Аийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-28 тал/, Аийн захиргааны зөрчлийн бүртгэл/хх-29-31 тал/, яаралтай тусламжийн хуудас/хх-32 тал/, түргэн тусламжийн дуудлагын хуудас/хх-33 тал/, эмчийн үзлэг/хх-34-35 тал/, яаралтай түргэн тусламжийн хуудас/хх-36, 37 тал/, сэжигтэн Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-5759 тал/, А.Ариунзулын төрсний гэрчилгээний хуулбар/хх-67 тал/, А.Амарбаясгалангийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-68 тал/, Аийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-71-76 тал/, гэрч Б.Бадамжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-87-89 тал/, гэрч Г.Басхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-90-92 тал/, яллагдагч Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-97-100 тал/, гэрч Д.Эрдэнэбадрахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-102-103 тал/, гэрч Ц.Ариунтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-104-105 тал/, гэрч Ж.Энхтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-106-107 тал/, Аийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-108-119 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. 

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ш.Гантунгалагыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ш.Гантунгалагыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна.

 

Шүүх Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу явагдсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч , харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-д хамаарагдахаар хуульчлагдсан шүүгдэгч А, хохирогч Ш.Гантунгалаг нар нь гэр бүлийн хамааралтай бүхий харилцаатай эхнэр нөхөр хоёр мөн боловч хэрэгт Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарагдахаар хуульчлагдсан бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдсэн гэх үйлдэл нь баримтаар нотлогдоогүй байна.

Харин хэрэг учрал гарсан өдөр өөрийн эхнэр Ш.Гантунгалагын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцааны буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйчилж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ш.Гантунгалагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг/байнгын шинжтэй/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн зүйчлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн тайлбарлаж байгаагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр байх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж хүндрүүлэн дүгнэх боломжгүй бөгөөд хууль тогтоогч гагцхүү гэр бүлийн хамаарал бүхий  харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гурав буюу түүнээс дээш бие даасан шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ш.Гантунгалагийг зодсон, дарамталсан, догшин авирласан, тарчлаан зовоосон гэх байнгын шинжтэй үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулсан гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эхнэр Ш.Гантунгалагын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх бүрэлдэхүүн өөрийн хуульд заасан, зүйчлэлийг хөнгөрүүлэх, хэрэгсэхгүй болгох эрх хэмжээний дотор Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүлийн 2 хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйчлилж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Цагаан дэлийн өврийн бууц” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ш.Гантунгалагийг “чи миний аавыг ад үзлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодсоны улмаас түүний биед зүүн талын 4 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хийн хуралдалт, шингэн хуралдалт бүхий хүнд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ш.Гантунгалагийн өгсөн: “Би 2010 онд А гэдэг хүнтэй суугаад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Би 1 дагавар хүүхэдтэй юм. Манай Төв аймгийн Дэлгэрхаан суманд ажиллаж амьдардаг юм. Манай нөхөр мал маллаж би Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвд ажилладаг юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ны орой 18 цаг 20 минутын үед би Дэлгэрхаан сумын төвийн худгаас очиж ус авсан. Тэгтэл манай хадам аав Дэлгэрхаан сумын иргэн Цэдэн-Иш гэх айлын гадаа байхаар нь би дуудаад та хөдөө гэрт очоод ишиг хурга хөхүүлээд байж бай гэж хэлтэл хадам аав би чадахгүй гээд яваад өгсөн. Тэр үед манай нөхөр мотоцикльтой адуундаа явсан байсан. Тэгэхээр нь би 2 бага хүүхдээ дагуулаад хөдөө гэртээ очоод ишиг хургаа хөхүүлээд байж байтал манай нөхөр ирсэн. Тэгэхээр нь би нөхөртөө уурлаад манай ажил дээр шалгалт ирэх гээд би ажилтай байхад танай аав чадахгүй гээд яваад өглөө эцгийгээ байж чадахгүй гэвэл зайлуул гээд хэлсэн юм. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл манай нөхөр намайг чи миний аавыг ад үзлээ гээд миний цээжний зүүн талын хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд би төв рүү явалгүй хөдөө гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагийн үед бостол миний цээжний дээд хэсэг рүү хавдаж цаанаас хий орсон юм шиг өвдөөд байсан. Тэгэхээр нь би Дэлгэрхаан сумын эмнэлэгт үзүүлтэл манай эмч хот руу явж үзүүлэхгүй бол болохгүй гээд намайг аваад ирсэн. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхөр намайг 1 удаа л өшиглөсөн өөрөөр гар хүрээгүй. Миний биед яг ямар учирсан талаар би мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй би өөрөөсөө болсон. Урьд нь зодож байгаагүй. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг. ...Би нөхөр Атэй хамтран амьдраад 10 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Намайг манай нөхөр А зодож байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7, 66 тал/,

            Гэрч Ц.Ариунтуяагийн өгсөн: “Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн дарга хийдэг юм. Дэлгэрхаан сумын иргэн Ш.Гантунгалаг нь манай эмнэлэгт ариутгагч, нярвын ажил хийдэг юм. Тэгтэл 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн үед Гантунгалаг над руу залгаад би нөхөртөө зодуулчихлаа миний бие өвдөөд амьсгалж чадахгүй байна гэж дуудлага өгсөн. Тэгэхээр нь би дуудлагын дагуу очиж Гантунгалагийн биед үзлэг хийхэд нүүр хавдсан, зүүн талын нүд, шанаа орчмын хэсэг хөхөрч хавдсан, цээжний зүүн талд хий хурсан байдалтай, тэмтрэхэд нуржигнаж дугарна, зүүн талын цээжний 6, 7, 8 дугаар хавирга тэмтрэхэд эмзэглэл ихтэй, амьсгал олширсон, хүчилж амьсгалсан байдалтай байсан. Өөр нүдэнд ир харагдах шарх, сорви, ил хугарал байхгүй байсан. Тэгээд би эмчилгээ хийгээд Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж өгөхөөр Дэлгэрхаан сумаас 13 цаг 30 минутанд гарч 23 цагт очсон. Тэгээд би хүлээлгэж өгөөд буцсан. 2019 онд 2 удаа зодож дуудлага өгч байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээд цагдаагаар шалгуулж байсан. А архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Гантунгалаг хааяа хэрэглэдэг. 2018 оноос хойш бараг 10 удаа мэдэгдэж цагдаад дуудлага өгч шалгуулж арга хэмжээ авхуулж байсан. ...Тухайн өдөр манай ажилтан Ш.Гантунгалаг 19 цаг 05 минутанд өөрийн биеэр эмнэлэг дээр ирж надад үзүүлсэн. Би тухайн үед яаралтай тусламжийн 87 дугаартай хуудас нээж үзлэг хийсэн. Үзлэгээр Ш.Гантунгалагийн биед баруун талын шанаа хөхөрч хавдсан, баруун гарны алга хэсэгт 3 хэсэг жижиг зүссэн байдалтай байсан. Тухайн авсан гэмтлээ надад хэлэхдээ 18 цагийн үед манай нөхөр миний араас хөөж нүүр лүү 2 удаа гараараа цохиж хутга барьж дайрахаар нь хутгыг нь булаацалдаж байхдаа гараа зүссэн гэж хэлсэн. Мөн Ш.Гантунгалаг өөрийн биеэр 19 цагийн үед эмнэлэг дээр нөхөртөө зодуулчихлаа гээд ирсэн. Тэгэхээр нь би биед нь үзлэг хийхэд нүүрний зүүн талын хэсэг тэр чигтээ хавдсан, зүүн талын чихнээс цус гарсан, их биеийн нуруу хэсгээр маш олон тооны хөхрөлт үүссэн, үснээс нь зулгаасан байдалтай хуйхны хэсэгт 5 хэсэг газар хавдсан байдалтай байсан. Тэгээд бид нар эмчилгээ хийсэн. Би Ш.Гантунгалагтай 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш цуг нэг байгууллагад ажиллаж байгаа. Ш.Гантунгалаг ажил дээр байнга бие нь хөхөрч хавдсан, уйлсан нөхөртөө зодуулчихлаа гэх шалтгаан ярьж ирдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 104-105 тал/,

            Гэрч Г.Түвшинсайханы өгсөн: “Би Ш.Гантунгалаг гэж хүний том хүү нь байгаа юм. Манай ээж миний төрсөн эцгээс 2010 оны намар салаад А гэдэг хүнтэй 2010 онд сууж дундаасаа 2 хүүхэдтэй болоод одоог хүртэл амьдарч байгаа юм. А манай ээжтэй суусан цагаасаа хойш манай ээжийг байнга дарамталж зоддог болсон. Манай ээж энэ хүнтэй суух үед би жоохон байсан болохоор тухайн үед яаж зодож байсан талаар санахгүй байна ямар ч байсан 2017 оны зун Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн хажууд согтуугаар А өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар манай ээжийг дайрч унагаасан. Тэр үед манай ээж 3 цаг орчим ухаангүй Дэлгэрхаан сумын эмнэлэгт хүргэгдэж байсан. Тэгтэл тухайн өдрийн маргааш нь ээж бид 2 хувцсаа аваад гэрээс нь явах гэж байтал согтуу мотоцикл унаж ирээд ээжийг нүүрний шанаа хэсэгт цохиж унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгээд ээжийн үснээс нь зулгаагаад мотоциклоороо чирч байсан. Би тэр үед жоохон байсан учраас хориглож чадаагүй. Мөн 2018 оны хавар намайг Төв аймгийн Баянчандмань суманд сургуульд сурч байх үед А бас манай ээжийг зодоод ээж нуруу бөөрний гэмтэл аваад Улаанбаатар хотод ирэхэд нь би тосож аваад Улаанбаатар хотын "Мөнгөн гүүр" гэх нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн 2018 оны зун А манай ээжийг зодож үүдэн 2 шүдийг нь хугалж байсан одоо манай ээжийн үүдэн 2 шүд нь хиймэл шүдтэй. А байнга архи уудаг манай ээжийг байнга зоддог их хэрцгий хүн. Би одоо цэргийн алба хаахаар явах гэж байгаа би ээжийгээ үлдээгээд явахаас айж байна. Сая 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 04 дугаар сарын 30-ныг шилжих шөнө зодоход нь би хажууд нь байгаагүй. Би болсон үйл явдлын талаар хальт сонсоход манай ээжийг цохиж унагаагаад босох гэхээр нь өшиглөөд байсан гэж байсан. Тэр үед А архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Миний зүгээс бол маш их гомдолтой байна. Манай ээж зодуулчхаад өөрөө Аийг өмөөрөөд байдаг. Зүүн талын хавирганууд хугарсан, уушиг элэг нь гэмтсэн гэж сонссон. Намайг зодож байгаагүй. Намайг хоноцын шээс минь ална шүү гэх мэтээр байнга дарамталдаг байсан. Би одоо цэрэгт явах гэж байгаа тул миний ээжийг дахиад зодох вий гэхээс би айж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,

            Гэрч В.Баттулгын өгсөн: “Би Ш.Гантунгалагийн төрсөн ах нь байгаа юм. Манай дүү А гэдэг хүнтэй 2010 онд сууж дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм. Манай дүү бас 1 дагавар хүүхэдтэй юм. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд байдаг манай төрсөн дүү Ган-Эрдэнэ над руу залгаад Ш.Гантунгалаг эгч нөхөртөө зодуулаад хавирга нь хугарсан юм шиг байна. Дэлгэрхаан сумын эмч Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явах гэж байна та тосоод аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Гантунгалаг руу залгаад болсон асуудлын талаар асуухад би нөхөртөө зодуулаад Дэлгэрхаан сумын эмнэлэг дээр үзүүлээд байж байна. Миний хавирга хугарсан юм шиг байна амьсгалж чадахгүй байна. Намайг одоо эмч аваад Улаанбаатар хот явна гэсэн би дөхөж очоод ярья гэж хэлсэн. Тэгээд би орой 23 цагийн үед Улаанбаатар хотын "Гэмтэл согог судлалын төвд" иртэл манай дүү эмнэлэгт хэвтэж байсан. Манай дүүгийн биеийн хоолой хэсэг нь хөөсөн юм шиг амьсгалж чадахгүй уушги гэмтсэн гэж байх шиг байсан. А гэдэг хүн манай дүүтэй суусан цагаасаа хойш байнга дарамталж зоддог байсан. Манай дүүг автомашинаар дайрч мотоциклоор чирч байсан удаа ч байдаг. Манай дүүг зодож болох бүхий л зүйлээр зодож байсан одоо алах л үлдээд байна тийм учраас би их айж байна. Манай дүүгийн том хүү нь одоо цэргийн алба хаахаар явж байгаа тэр хооронд янз бүр болохоос их айж байна. Манай дүү нөхөртөө зодуулсан талаараа бид нарт болон цагдаагийн байгууллагад хэлэхгүй нуугаад байдаг. Миний хувьд дүүгээ бусдын гарт алдах вий гэхээс их айж байгаа учраас би их гомдолтой байна. 2018 онд байхаа Улаанбаатар хотын "Мөнгөн гүүр" гэх эмнэлэгт ирж 10 хоног хэвтэж байсан. Тэр үед нь би болсон зүйлийн талаар асуухад нөхөр нь зодоод мотоциклоор чирсэн гэж байсан. Миний дүүг байнга зодож дарамталж зоддог биед нь маш их гэмтэл учруулж байсан. Би өөрөө хажууд нь байдаггүй болохоор бусад зүйлийн сайн мэдэхгүй. Байна одоо дүүгээ Аээс салгаж авмаар байна. Миний дүүг А дахиж дарамтлах вий гэж би айж байна. Хамгийн гол нь манай дүү нөхрөө өөрөө өмөөрөөд юмаа нуугаад байдаг болохоор хэцүү байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

            Гэрч Д.Эрдэнэбадрахын өгсөн: “Би А гэх айлтай 2018 онд 1 жил саахалт айл байсан. Ер нь бол байнга А би эхнэрээ зодчихлоо гээд манайд ирэхдээ ярьж байдаг эхнэр Ш.Гантунгалаг ч бас манайхаар орж гарахдаа А зодсон гээд ярьж байдаг. Гэхдээ би зодож байхыг нь бол хараагүй. Ер нь архи согтууруулах ундаа уугаад хоорондоо зодолдоо гээд дуудаж байдаг. Ш.Гантунгалагийг нүүр нүдний хэсэг нь хавдсан А зодсон гээд явж байгаа харагддаг гэхдээ яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ер нь л А байнга зоддог юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/,

            Гэрч Ж.Энхтуяагийн өгсөн: “Бид 2 цуг Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвд ажилладаг. Би маш сайн мэднэ. Ш.Гантунгалагийг нөхөр А нь байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Миний мэдэхийн сүүлийн 5 жил орчим байнга зодож байгаа. Би ээлжийн сувилагч хийдэг тул ажил дээрээ ээлжинд гарч байхад байнга зодуулчихлаа гэртээ байж чадахгүй байна гээд эмнэлэг дээр ирж хонодог. Ямар ч байсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагийн үед байхаа Ш.Гантунгалаг над руу залгаад миний бие өвдөөд байна би хөдөөгөөс сумын төв рүү орж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Гантунгалаг дээр очтол зүүн талын шанаа хэсэг нь хөхөрч хавдсан газар сууж чадахгүй цээж хэсэг нь хавдсан амьсгаадсан байдалтай байсан. Тэгэхээр нь их эмч Ц.Ариунтуяаг дуудаж үзүүлсэн. Тухайн үед Ш.Гантунгалаг манай нөхөр намайг зодож цээжин дээр хөлөөрөө дэвссэн гэж хэлж байсан. Тэгтэл Ш.Гантунгалагийн хавирга нь хугарч уушги руу нь нэвтэрсэн байна гэж байсан. Ер нь бол Ш.Гантунгалагийг нөхөр А нь байнга зоддог их харгис хүн байдаг. Архи хэрэглэдэг байнга архи уусан байдаг. Хүнтэй хүнгүй хамаагүй зодоод байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 тал/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Ш.Гантунгалаг-н биед зүүн талын 4-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушгины эдийн няцрал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хий хуралдалт /1200 мл/, шингэн хуралдалт /30 мл/ гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх-ийн 22-23 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

         Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч А_ийг гэм буруугүй “ гэсэн дүгнэлт гаргасан боловч дээр дурдагдсан нотлох баримтуудаар А нь өөрийн эхнэр Ш.Гантунгалагын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон тул шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан саналыг хүлээн аваагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Гантунгалаг нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч А нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч А_ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, Эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 2 хүүхдийн хамт амьдардаг, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан А_ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэв.

 

            Эрүүгийн 2034003760701 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч А_ийн 2020 оны 12 сарын 1-ны өдрөөс 2021 оны 2 сарын 24-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 85/наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн

        Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А_ийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг  болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Х. овгийн Б.А_ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1-т зааснаар шүүгдэгч Б.н А.ийг 3/гурван/ жил 1/нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийн цагдан хоригдсон 85/наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2021 оны 6 сарын 3-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн 2034003760701 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                      Т.БАТЖАРГАЛ 

 

                                                                   Ю.ЭНХМАА