Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М.д холбогдох 2034005630621 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Э. М, Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоригдол, ам бүл 1, ганцаараа Төв аймаг Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 04-05 тоотод оршин суух хаягтай,

Урьд Төв аймаг сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 05 сарын баривчлах ялаар, Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Э.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 06 сарын дундуур болон 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутагт Б.Оюуны эзэмшлийн “Приус” маркийн 29-67 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил болон хаалгыг эвдэлж бага хэмжээний буюу 465000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруутайгаа маргахгүй. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Харин Оюун гэдэг хүн надаас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэж хэлсэн. Тухайн үед бичгээр прокурорт өгнө гэж байсан. Өвчин зовлон гараад нааш цаашаа явж чадахгүй юм байна лээ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Б.Оюуны өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-10, 11 тал/, “Дельтамон” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-21 тал/, Э.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Г.Нямаахүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, гэрч С.Ариунбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 53-75 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд болно.

 

Шүүгдэгч Э.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 06 сарын дундуур болон 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутагт Б.Оюуны эзэмшлийн “Приус” маркийн 29-67 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил болон хаалгыг эвдэлж бага хэмжээний буюу 465000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

Хохирогч Б.Оюуны өгсөн: “2020 оны 08 сарын 05-ны өдөр Жаргалант суманд байх өөрийн гэртээ байж байтал хажуу айлын хашаан дотроос М нь миний өөрийн Т.Приүс маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү тоосго шидээд яваад өгсөн би гэрээс гараад хартал над руу салаавч гаргачхаад М нь зугтаад алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. М ер нь бол байнга архи уусан үедээ намайг дарамталж машин тэргийг чинь эвдэнэ гэх мэтээр байнга заналхийлдэг. М бид хоёрын хооронд өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Т.Приус маркийн 29-67 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь худалдаж авахдаа банкны лизингээр авсан. Албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгал байсан 2020 оны 08 сарын 19-нд даатгал нь дууссан. Жолоочийн талын хаалга хонхойж орсон, урд салхины шил хагарсан нийт 465 000 төгрөгийн хохирол үүссэн. Машины эд зүйл эвдсэн. Гарсан зардлаа гаргуулж авна. 465000 төгрөг нэхэмжилж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 тал/, “...2020.08.05-ны өдөр би гадуур явж байгаад гэртээ 14 цагийн үед хариад машинаа хашаандаа оруулаад байшингийнхаа урд талд тавьчихсан гэртэй ороод цай ууж байтал манай дүү Оюунгэрэл нь машин унаж гарах гээд жолооны ард талд нь суутал М нь хажуу айлын хашаанаас тоосго шидэж урд салхины шил хагалаад зугтаачихсан тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед би дүү Оюунгэрэл, ээж Нямаахүү, хамаатны эгч Ичинхорлоо бид 4 байсан. Одоо миний машины урд салхины шил хагарсан байдалтай байгаа. 2020.06 сарын дундуур би эмнэлгийн урд машинаа тавьцан байж байтал М нь машин луу тоосго барьж ирээд цонх хагалах гэж байхаар нь би болиултал уурандаа жолооч талын хаалга руу өшиглөж хонхойлгоод яваад өгсөн. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн он залуу Приус-30 маркийн машин байдаг үнэлгээгээр хаалга шил нийлээд 465.000 төгрөг болсон. Надад учирсан энэ хохирлыг би төлүүлмээр байна шил хагалсны дараа хот хүрээ явсан тэр бензин тосны мөнгөө ч гэсэн гаргуулж авмаар байна. Мд хуулийнх нь дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Яллагдагч Э.Мийн өгсөн: “Би 2020 оны 08 сарын 04-ний өглөө Оюун надтай уулзчихаад явсан юм. Тэгээд би орой нь Оюун руу залгасан чинь утсаа авчхаад ярихгүй сонсож байгаад салгаад байсан юм. Тэгэхээр нь би 2020 оны 08 сарын 05-ны өглөө дэлгүүрээс Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи аваад гэртээ харьж уучхаад 10 цаг өнгөрч байхад газар хот буюу Оюуны хажуу талын айл болох Ариунбат ахын хашаанд орсон чинь мод хагалаад гаднаа сууж байсан. Тэгээд би Ариунбат ахтай ойр зуурын юм ярьж байгаад Оюуны хашаанд нь байсан 29-67 УАА улсын дугаартай приус-30 маркийн автомашины урд талын салхины шил рүү хашаа давуулаад Ариунбат ахын хашаанд байсан тоосгыг аваад шидсэн. Тэгсэн чинь салхины шилийг нь хагалсан. Тэгээд би шууд гараад явчихсан. Би 2020 оны 08 сарын 04-ний орой утсаа авахгүй, авчхаад ярихгүй салгаад байхаар нь маргааш өглөө нь архи уугаад л хажуу айлынх нь хашаанаас тоосго давуулаад шидчихсэн юм. Оюун бид хоёр 2018 оны 10 сараас хойш бид хоёр холбоотой байгаа. Бид хоёрыг хамт амьдардгийг ээж Нямхүүгээс бусад нь мэддэг байсан юм. Ер нь Оюун ээжээсээ нуудаг байсан юм. Би бусдад учруулсан хохирол төлбөр гэж төлөөгүй. Гэхдээ би автомашины лизингийн мөнгийг төлдөг байсан. Автомашины лизингийн мөнгө гэж сард 569.000 төгрөг төлдөг байсан. Би Ариунбат ахын хашаан дотор нь байсан хураалгаастай модны хажууд тал тоосго байхаар нь аваад шидсэн чинь Ариунбат ах намайг "Хөөе чи болиоч" гэхээр нь би шууд гараад явчихсан. Тэгээд намайг гэртээ очоод байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргээ өмнө үйлдсэн хэргийнхээ ялыг нэмж нэгтгэж шийтгүүлмээр байна. Би хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Г.Нямаахүүгийн өгсөн: “Би 2020 оны 08 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн Билүүтын 16-1 тоот гэртээ Оюун, Оюунгэрэл нарын хамт байж байгаад Оюунгэрэл нь Оюуны 29-67 УАА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй айл руу явах гээд гарсан чинь тас хийх чимээ гарахаар нь Оюун бид хоёр гэрээс гарсан чинь автомашины урд салхины шил хагарчихсан байсан. Тэгээд би Оюунгэрэлээ яасан бэ? юу болов гээд асуутал Мөнхүүш /М/ баруун талын хашаа нь дээгүүр өнгийж байгаад урд салхины шил рүү тоосго шидчихлээ гэж хэлтэл Ариунбат гэх манай хөрш айлын хүн гаднаа мод хагалаад сууж байгаад Мөнхүүш тоосго аваад хашаа давуулаад шидчихлээ, би боль гэж хэлсэн чинь үгэнд орсонгүй, зугтаагаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дуудсан. Би яг Мийг тоосго шидэж байхыг хараагүй, гэхдээ Оюунгэрэл, манай хөрш айлын хүн болох Ариунбат тэр хоёр харсан гэж надад хэлж байсан. Урьд өмнө нь М манай охин Оюуныг зодож, дарамталж байгаад цагдаагийн байгууллагад шалгагдаад эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулж байсан юм. Тэрэндээ өсөрхсөн байж магадгүй. Оюунгэрэл, Ариунбат нар Төв аймгийн Жаргалант суманд ажил дээрээ байрлаж ажиллаж байгаа. Оюунгэрэлийн утасны дугаар нь 88662230, Ариунбатын утасны дугаарыг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн: “Би 2020.08.05-ны өдөр гэртээ ээж Нямаахүү, эгч Оюун нарын хамт байж байгаад би эгч Оюуны автомашинтай айл руу явах гээд машинд нь ороод суутал урд салхины шил дээр цагаан өнгөтэй тоосго буугаад хагалчихаар нь би машинаас буугаад хартал Ариунбатын хашаанаас М харж зогсож байхаар нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь М “хохино пизданууд” гэж орилоод зугтаачихаар нь сумын цагдаа дуудсан. 2967 УАА улсын дугаартай автомашины урд салхины шилийг М хагалсан. Машины шил рүү тоосго шидэж хагалахыг Ариунбат хашаанаасаа харж байсан. Би Мийг нутгийн хүн гэдгээр нь сайн танина. Уг автомашины урд салхины шил хагарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч С.Ариунбатын өгсөн: “М бид хоёр хуурай ах дүү хоёр байгаа юм. 2020.08.05-ны өдөр үдээс хойш М манайд ирсэн. Тэгсэн М хажуу айл руу өнгөлзөөд байсан. Тэгээд би мод хагалж байх хооронд шил хагарах дуу гарахаар нь харсан чинь М хашааны хаалга руу гүйгээд хажуу айлын хүмүүс машины шил хагалчихлаа гээд орилолдоод байсан. Хажуу айлаас Оюунгэрэл Мөнхүүш машины шил хагалчихлаа гэхээр нь би яадаг хог вэ сая манай хашаанаас гараад гүйчихлээ гэж хэлсэн. Тэр машины шил хагалсан өдрөөс 10 орчим хоногийн өмнө шөнө М манайд орж ирээд Оюунаа ойрд харагдав уу гэхээр нь би ёстой мэдэхгүй байна гэсэн чинь шууд гараад явчихсан. Манайх 2020 оны 08 сард баахан тал, бүтэн тоосгонууд цуглуулаад үүд хэсгээ шалласан юм. Тэр тоосгонуудын дийлэнх нь цагаан өнгөтэй байсан. М манай хашаанд орж ирээд надтай мэнд мэдчихээд 10 хүрэхгүй минут болж байгаад л гараад явсан. М эхлээд надтай мэнд мэдэхдээ манай зүүн талын хашаа руу өнгийгөөд харж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

“Дельтамон” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Одоогийн байдлаар уг автомашины салхины шил хагарсан, жолооч талын хаалга хөлөөрөө хөшиглөсний улмаас хонхойсон байдалтай байна. Салхины шилний үнэ ханшийг судлах явцад "Харх" авто машины шил худаалдаг дэлгүүрт Хятад улсад үйлдвэрлэгдсэн шил 140,000 төгрөгний үнэтэй байна. Мөн "Приус центр” худалдааны төвд оригинал салхины шил нь 315,000 мянган төгрөгний үнэ ханштай байна. Жолооч талын хаалга нь "Стар" центрт 300,000 төгрөгний үнэ ханштай байна. Гэвч хаалгыг бүтнээр нь солих шаардлагагүй Вьетнам засварын газруудаас засварын ажлын хөлсийг асууж лавлахад дунджаар 150,000 төгрөгний үнэ ханштай байна. 2967 УАА улсын дугаартай приус-30 маркийн автомашины хохирлын үнэлгээг салхины шил 315,000 төгрөг, хаалганы сэв дарахыг 150,000 төгрөг нийт 465,000 /Дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.” гэх /хх-ийн 17-18 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

          Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

          Шүүгдэгч Э.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 06 сарын дундуур болон 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутагт Б.Оюуны эзэмшлийн “Приус” маркийн 29-67 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил болон хаалгыг эвдэлж бага хэмжээний буюу 465000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

         Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

          Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

          Шүүгдэгч Э.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

          Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.М.ийн бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээж 465.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Э.М.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

          Хохирогч Б.Оюунд 465.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй, нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Мөөс 465.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Оюунд олгож хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Э.М нь 2020 оны 8 сарын 17-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр хянан шийдвэрлэгджээ.

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 6 сарын 02-ны байдлаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 9 сар 15 хоногийн ялыг биечлэн эдэлж, үлдсэн ял нь 8 сар 15 хоногийн хорих ял байна./ялын тооцоонд тусгагдсанаар/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийтэд эдлэх ялын хэмжээг тогтооно." гэж зааныг үндэслэн энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.М.д оногдуулсан  320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож,  /1 сар 10 / хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн Э.М.ийн нийт эдлэх ялыг 9 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Э.М.д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

           

            2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э. М-ийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн Э.М-ийн нийт эдлэх ялыг 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 9 /ес/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М.ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.өөс 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулан Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Билүүтийн 16-1 тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Оюунд олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,  болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.М.д урьд авсан авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ