Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.т холбогдох 2034000000724 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Л. А, Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг Батцэнгэл суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Уланбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 10-6 тоотод нийтийн байранд оршин суух хаягтай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч А нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Жаргалант хэсэгт байрлах "Арвижих" хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Э.Уранчимэгийн эзэмшлийн 776.300 төгрөгний үнэ бүхий Айфоне-8 маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөг болон түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 976.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-02 тал/, Цагдаагийн газарт гаргасан гомдол/хх-03 тал/, Арвижих хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл/хх-05 тал/, хохирогч Э.Уранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-09 тал/, гэрч Э.Уранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10-11 тал/, гэрч Г.Мөнхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ын үнэлгээний тайлан/хх-16-27 тал/, яллагдагч Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35, 77тал/, Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-36 тал/, Аийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-37-70 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Жаргалант хэсэгт байрлах "Арвижих" хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Э.Уранчимэгийн эзэмшлийн 776.300 төгрөгний үнэ бүхий Айфоне-8 маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөг болон түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь:   

Хохирогч Э.Уранчимэгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Арвижих хүнсний дэлгүүр рүү хүнсний зүйл авах гэж ороод кассны хажуу талын цагаан хөлдөөгч нь дээр Айфоне-8 маркийн гар утас, бор өнгийн түрийвчээ тавиад цааш заал нь дах лангуу нь дээрээс юм аваад касс нь дээр ирээд тооцоо хийх гээд түрийвчээ авах гэсэн чинь байхгүй болчихсон байсан. Тэгээд би дэлгүүрээс гүйж гараад харсан чинь гадаа харанхуй болчихсон гадаа машинууд зогсож байсан, аль машинд суусан нь мэдэгдэхгүй байсан. Миний түрийвч дотор ногоо хураалтын мөнгө 200000 төгрөг байсан. Би өөрийнхөө утсыг 850000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хулгайд алдсан өдрөө Арвижих дэлгүүрийн хяналтын камерийг үзээд эмэгтэй хүн хулгайлсан юм байна гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 9 тал/,

Хохирогч Э.Уранчимэгийн гэрчээр мэдүүлсэн: “ Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд ногоон талбай дээр ажиллаж байгаад сумын төв орж ирээд хүнсний дэлгүүрэс хүнс цуглуулаад гарсан юм. Энэ үед өөрийн авч явсан гар утас, гар түрийвч зэрэг эд зүйлсийг дэлгүүрийн хөлдөөгчин дээр тавьж байгаад дэлгүүр дотроос бараа цуглуулаад ирэх хооронд худалдан авагч миний гар утас, түрийвч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан гар утас Ай фоне-8 загварын гар утас мөн урт нарийхан бор өнгийн арьсан түрийвч байсан. Түрийвчин дотор 200.000 төгрөг байсан. Миний хажууд худалдан авалт хийж байсан хүн хөргөгчин дээрээс аваад явсан байсан тул энэ хүнийг олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрч Г.Мөнхжаргалын: “Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ажлын байран дээр касс дээр ажиллаж байсан ба ойрхон харанхуй болсон байсан бөгөөд нэг эмэгтэй орж ирээд манай дэлгүүрээс юм аваад гарсан. Тэгээд энэ эмэгтэй гараад явсны дараа манай сумын Уранчимэг орж ирээд юм авахдаа гар утас, түрийвч зэрэг эд зүйлээ хөргөгчин дээр тавиад бараа цуглуулж дуусаад тооцоо хийх гээд түрийвчээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд дэлгүүрээс гараад хүн хараад гүйтэл гадаа хүн байгаагүй. Тэгээд орж ирээд дэлгүүрийн камер шүүсэн. Тэгээд өдөр нь манай дэлгүүрээс нөхөр хүүхдүүдийн хамт орж ирээд бараа аваад гарсан хүн байсан. Би энэ эмэгтэйг танихгүй, өмнө нь харж байгаагүй эмэгтэй байсан. Туранхай бор царайтай, жоохон хүүхэд хөхүүлдэг байдалтай эмэгтэй байсан. Нөхөр нь эмэгтэйгээсээ арай өндөр туранхай залуу харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Яллагдагч А.ийн: “2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Төв аймгийн Жаргалант суманд ногоо хураалтын ажлаас төмс хураах ажил хийх гээд нөхөр Баасандорж, хүүхэд Бадам-Очир нарын хамт оччихсон байсан. Тэгээд би 20 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Арвижих хүнсний дэлгүүр ганцаараа орж Нийслэл нэртэй лаазтай 0.5 литрийн пиво 6 ширхэг, ЛД нэртэй тамхи 1 ширхэгийг аваад гарах замд хөлдөөгч нь дээр бор өнгийн түрийвч, цагаан өнгөтэй гар утас байсан. Тэгээд би гараад машинд пивонуудаа оруулж тавьчихаад буцаад дэлгүүр ороод 3000 төгрөгийн юнителийн нэгж авахдаа хөлдөөгч нь дээр байсан утас, түрийвч хоёрыг аваад гарсан. Тэгээд нөхөр, хүүхдийн хамт шууд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд утсыг нь үзтэл Айфоне-8 маркийн гар утас, турийвч нь дотор нь 20.000 төгрөгийн 10 ширхэг дэвсгэрт бас 3500 төгрөг байсан. Тэгээд би мөнгийг нь үрчихсэн, харин гар утас, түрийвч хоёр нь манай гэрт одоо байгаа. Би гар утас, түрийвч хоёрыг нь бас 200.000 төгрөгийг нь эргүүлж хохирогчид нь өгнө. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07/05 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 16-24 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч А нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Жаргалант хэсэгт байрлах "Арвижих" хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Э.Уранчимэгийн эзэмшлийн 776.300 төгрөгний үнэ бүхий Айфоне-8 маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөг болон түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

 

Шүүгдэгч А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгч А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 200000 төгрөгийг төлж бардуулсан байна.

            Харин Айфоне-8 маркийн утасны хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.ээс 824400 төгрөг гаргуулан хохирогч Э.Уранчимэгт олгохоор шийдвэрлэв.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хавсаргагдан ирсэн Арвижих хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг хуулбарласан DVD 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б. овогт Л. А.ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.т ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан А нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ээс 824400 төгрөг гаргуулан Төв аймаг Жаргалант сум 2 дугаар баг Салхитын 1-4 тоотод оршин суух Э.Уранчимэгт олгосугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ