| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
хохирогч Б.Лхагважаргал,
шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох 2134000000122 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
З овогт С. Г/ /, Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “Олл инженер” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 20 дугаар байр 57 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус сумын 6 дугаар баг 40 дүгээр байр 2-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Монголын Цахилгаан холбооны газрын гаднах машины зогсоол дээр машин дотор Б.Лхагважаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, Б.Лхагважаргалын эрүүл мэндэд, “дээд уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хохирогч Б.Лхагважаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09 тал/, гэрч Т.Түмэн-Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт/хх-13-14 тал/, яллагдагч Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-27 тал/, Гийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-28 тал/ зэрэг болно.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Г нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Монголын Цахилгаан холбооны газрын гаднах машины зогсоол дээр машин дотор Б.Лхагважаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, Б.Лхагважаргалын эрүүл мэндэд, “дээд уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Лхагважаргалын: “...2021 оны 02 дугаар сарын 23-ны орой өөрийн найз Г, Мөнхжаргал нартай хамт 19 цагийн үед холбооны зогсоол дээр машин дотор 2 тос савтай пиво хувааж уусан тэгтэл юм ярьж сууж байгаад Г бид хоёр хоорондоо маргалдсан, тэгтэл Г миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон, тэгээд бид хоёр хоорондоо харилцан цохиолцоод зодолдсон, газарт унаж ноцолдсон, тэгтэл манай найз бид хоёрыг салгасан. Миний уруул сэтэрсэн өөр гэмтэл учраагүй. Намайг цохихоор би барьж аваад бид хоёр барьцалдсан. Би Гийг цохиж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 09 тал/
Гэрч Т.Түмэн-Өлзийгийн: “...2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед байх гэртээ байж байтал гадаа хүмүүс маргалдаж байгаа чимээ сонсогдсон тэгээд полкон дээр гараад хартал манай найз Г, Лхагважаргал нар нь хоорондоо маргалдаад цагдаа ирчихсэн байсан ба намайг гараад очтол цагдаагийн газар руу манай хоёр найзыг цагдаа аваад явсан. ..Б.Лхагважаргалын уруул нь дотор талдаа сэтэрчихсэн байсан. Ямар ч байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 11 тал/
Яллагдагч Гийн: “...Надад сонсгож буй хэргийн зүйл анги, прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан би хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой ... би өөрийн найз Б.Лхагважаргал, Мөнхжаргал нартай уулзаад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг баг холбооны зогсоол дээр машин дотор 2 тос савтай пиво уугаад сууж байсан, тэгтэл манай найз Лхагважаргал 10 жилийн сургуульд миний дээд үед байсан чи надаас дүү гээд томроод байсан. Тэгэхээр нь чи найз нөхөд байж битгий балай юм яриад бай гэж хэлсэн, тэгэхэд Б.Лхагважаргал янз бүрийн юм яриад байхаар нь миний уур хүрээд уруул хэсэгт нь гараараа 1 удаа цохиод бид хоёр барилцаж аваад ноцолдсон ... тухайн үед нилээн согтсон байсан. Б.Лхагважаргал намайг зодож цохисон зүйл байхгүй, миний биед учирсан гэмтэл би цохих юм уу ноцолдож байх үед л үүссэн байж гэж бодож байна. Би бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай "Б.Лхагважаргалын биед дээд уруулын дотор салстад язарсан шархт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Г нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Монголын Цахилгаан холбооны газрын гаднах машины зогсоол дээр машин дотор Б.Лхагважаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, Б.Лхагважаргалын эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Г.эд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт С. Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 450/дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Гэд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ