Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0180

 

 

                          “М А Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгч: “М А Т” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

                     “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, 

Нэхэмжлэлийн шаардлага: “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулж MV-0052ХХA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К Бны барьцаанд байсан MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн албан бичиг гаргаж өгөхийг даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын MV-005211A, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XX тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н-Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн Б.М, хариуцагч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2020/0312/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М А Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулж MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К Бны барьцаанд байсан MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн албан бичиг гаргаж өгөхийг даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XX тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан “MV-0052XXА, MV-0057XXА, MV-0064XX, MV-77XXА, MV-0103XXА, MV-0119XX дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн гэрээний гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, К Бны барьцаанд байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн албан бичиг гаргаж өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж”, 

2 дахь заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.4.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын MV-0052XXA, MV-0057XXА, MV-0103XXА тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Манай компани нь “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулж “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож барьцааны бүртгэлээс чөлөөлсөн албан бичиг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа 5.5-д “... барьцааны гэрээний нөгөө тал болох банкийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэсэн илт үндэслэлгүй дүгнэлт хийж, манай нэхэмжлэлийн шаардлагыг маш буруугаар гуйвуулан тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөө бусад эд хөрөнгийн хамт барьцаалж болох боломжтойг тухайлан заасан бөгөөд 51.4.1-д “Тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичгийг хавсаргаж ирүүлснээр төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг барьцаанаас чөлөөлснөөр бүртгэх”-ээр тусгайлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 51.4.1-д заасан баримт бичгийг бид барьцаалагч этгээд болох “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас авч байж дараа нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлтээ хүргүүлэх боломжтой болно.

3.2. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн 5.6-д “маргааныг зохицуулах зүйл нь нийтийн эсхүл хувийн эрхзүйн аль нь болохоос хамаарч шүүх хэргийг хянан шийдвэрлэхээс биш ... “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллага албан тушаал учир захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж шууд дүгнэх нь буруу” гээд мөн 5.7-д “ ...маргаан бүхий харилцаа нь иргэний эрх зүйгээр зохицуулагдах буюу нэхэмжлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан маргаж байгаа асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэсэн, энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

3.3. Тухайлбал манай нэхэмжлэлийн шаардлага нь барьцаалагч “К Б” нь Ашигт малтмалын тухай хуулийн 54.1.4-т заасан албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйтэй маргасан ба К Б болон зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд маргаан өр төлбөр байхгүй гэдэг нь гэрээ талуудын тайлбар, нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Энэ ч утгаараа гэрээний талууд иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгээгүй. Гэтэл анхан шатны шүүх манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “барьцааны гэрээний нөгөө тал болох банкийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийг шүүх өөрийнхөөрөө гуйвуулан тайлбарлаж шүүх хөндлөнгийн байх зарчмыг илэрхий зөрчиж, хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасан.

Түүнчлэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны талаарх заалтыг илт буруугаар тайлбарласнаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхүүд болох нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, хариуцагчаа өөрөө заах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг бүх боломжийг үгүйсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Товчхондоо манай компанийн нийтийн эрх хүрээнд үүсгэсэн маргааныг анхан шатны шүүх харьяаллын бус буюу иргэний эрх зүйн, тухайлбал, “банкийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан” гэж дүгнэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг илт буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.4. Шийдвэрийн 6.2-т “Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичгийг өргөдөлдөө хавсаргаж өгөөгүй” гэж дүгнэснээс үзвэл тухайн баримт бичгийг заавал хавсаргаж өгөх учиртайг мэдэж байгаа мэт атлаа энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг “иргэний эрх зүйн маргаан” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэсэн хэдий боловч “нотолсон баримт бичгийг гаргаж өгөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн агуулгатай болсон.

3.5. Түүнчлэн шийдвэрийн 6.2-т “... хавсаргаж өгсөн гэх баримт ... -ыг үзвэл дотооддоо харилцсан албан бичиг” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдох атал энэ талаар ямар ч дүгнэлт өгсөнгүй орхигдуулж байна.

3.6. Нөгөө талаар энэ маргаан нь маш удаан хугацаанд үргэлжилсэн байгаа анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа, давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа шийдвэрлэгдэж байна. Гэтэл өчнөөн сар жил өнгөрч нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан шүүх хурлаа хийсний дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж нь шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үндсэн зорилгод огт нийцэхгүй мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хэний нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, энэ нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгааг анхаарна уу.

3.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулав.

2. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

3. Нэхэмжлэгч “М А Т” ХХК нь “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулж “MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К Бны барьцаанд байсан MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн албан бичиг гаргаж өгөхийг даалгуулах”, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XX тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.

4. Нэхэмжлэгчийн К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан “MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, К Бны барьцаанд байсан MV-0052XXA, MV-0057XXА, MV-0064XX, MV-0077XXА, MV-0103XXА, MV-0119XXА дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн албан бичиг гаргаж өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх “...хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан мөн эсэхээс үл хамаарч маргаан бүхий харилцаа нь иргэний эрх зүйгээр зохицуулагдах буюу нэхэмжлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан маргаж байгаа асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй” гэх байдлаар зөв дүгнэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

4.1. Тодруулбал, захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага” гэж ойлгохоор хуульчилж, түүнд хамаарах байгууллага, этгээдийг тодорхой заасан.

4.2. Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь дээрх зохицуулалтад хамаарах захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн тухай албан бичиг гаргаж өгөх эсэх үйлдэл нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн гаргасан захирамжилсан шийдвэр биш, өөрөөр хэлбэл, энэхүү харилцаа нь нэхэмжлэгч “М А Т” ХХК болон К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарын хооронд байгуулсан барьцааны болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь зөв.

4.3. Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар уг асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэрийг орхигдуулсан, энэ талаарх давж заалдах гомдлыг үгүйсгэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх засах боломжтой алдаа байх тул 1 дэх заалтад “...баримтлан” гэсний дараа “... “М А Т” ХХК-иас” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. 

4.4. Нэхэмжлэгчээс “...өчнөөн сар жил өнгөрч нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан, шүүх хурлаа хийсний дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үндсэн зорилгод огт нийцэхгүй” гэх боловч шүүх энэ үндэслэлээр харьяалал зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

5. Нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын MV-0052XXA, MV-0057XXА, MV-0103XXА тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “...хариуцагч шийдвэр гаргахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг нэхэмжлэгчээс шаардсан нь зөв, үүнийг нь хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэх байдлаар дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

5.1. Тодруулбал, Ашигт малтмалын  тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч барьцааны гэрээ дуусгавар болсны дараа “тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэлээс хасуулах” тухай өргөдлийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч нотолсон баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр тодорхой заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангуулж, дурдсан баримтыг гаргаж өгөөгүй байна.

Мөн Ашигт малтмалын  тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д зааснаар төрийн захиргааны байгууллага дээр заасан баримт бичгийг хүлээн авсны дараа тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэх бөгөөд хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 51.4, 51.5-д заасны дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн манай газарт ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэлээс хасах боломжтойг үүгээр уламжилж байна” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

5.2. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд дээрх хуулийн зохицуулалт, маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь MV-0052XXA, MV-0057XXА, MV-0103XXА тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, шүүх хуулийн шаардлага хангаагүй буюу хуульд заасан баримтыг хавсаргаж ирүүлээгүй өргөдлийг хүлээн авч, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгуулах нь хуульд нийцэхгүй. 

5.3. Мөн нэхэмжлэгч нь өргөдлөө шаардлага хангуулан тус газарт дахин  хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газар руу хандахдаа зөвхөн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хандсан, энэ 3 тусгай зөвшөөрөл дээр шаардлага байхгүй” гэж мэдүүлсний дагуу шүүх “... Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газар руу хандахдаа зөвхөн 3 /MV-0052XXA, MV-0057XXА, MV-010329А тоот/ тусгай зөвшөөрлийн хүрээнд хандсан, хандаагүй 3 тусгай зөвшөөрөлтэй холбогдох шаардлага байхгүй талаараа тайлбарласан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн” гэж тэмдэглэн хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч тусгайлан гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй, 6 тусгай зөвшөөрлийн тухайд маргаж байгаа” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаагүй 3 тусгай зөвшөөрөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцээгүй, үүнтэй холбоотойгоор хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж маргаагүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд ийнхүү тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй.

6.1. Харин нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн холбогдох шаардлагаас татгалзаагүй л бол шүүх уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн болохоо шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгах үүрэгтэй. 

6.2. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч “MV-0064XX, MV-0077XXА, MV-0119XX тоот тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаагүй” болохоо үгүйсгэж маргаагүй тул эдгээр тусгай зөвшөөрлүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсныг бүртгэлээс хассан бүртгэл хийхийг даалгах боломжгүй байна.

6.3. Иймд шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...MV-010329А” гэсний дараа “...MV-0064XX, MV-0077XXА, MV-0119XX” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...баримтлан” гэсний дараа “... “М А Т” ХХК-иас” гэж, 2 дахь заалтад “...MV-0103XXА” гэсний дараа “...MV-0064XX, MV-0077XXА, MV-0119XX” гэж тус тус нэмж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М А Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                      ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 ШҮҮГЧ                                                               А.САРАНГЭРЭЛ

            ШҮҮГЧ                                                               Н.ДОЛГОРСҮРЭН