Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/ШШ2018/0015

 

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/ШШ2018/0015

Улаанбаатар хот


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б...” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “төлөвлөгөө, тайлан хүлээн авах журам” захиргааны хэм хэмжээний актын 2 дугаар хавсралтын 4.1.1, .4.1.2, .4.5.3, 4.5.4, 4.5.8, .4.5.10, 4.5.11 дэх заалтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасанаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б...” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Б...” ХХК-ийн MY-009464 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох, боловсруулах үйлдвэрийн 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баярмагнайд танилцаж хүлээн авахаар хүргүүлсэн боловч хариу өгөөгүй учраас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад энэ талаар гомдол гаргасан.

Манай гомдлын хариуг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 02/1551 тоотоор ирүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан уул уурхайн орд газрын ашиглалтын төлөвлөгөө тайлан хүлээн авах журам шаардлагын дагуу хийж ирүүл гэж шаардсан.

Бидний гомдол гаргаж буй захиргааны хэм хэмжээний акт нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарсан Засгийн газрын “Захиргааны хэм хэмжээний акт”-ыг дагаж мөрдөх тухай 119 дүгээр тогтоолд “... Захиргааны хэм хэмжээний акт заавал хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлж, “хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэний дараа л хүчин төгөлдөр дагаж мөрдөж, энэ шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус байна ...” гэж тодорхой заасан бөгөөд үүнийг 2015 оны Захиргааны ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйлд хуульчилсан. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэх гэж заасан байхад өнөөг хүртэл дээрх журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй /Засгийн газрын 119 дүгээр тогтоол 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр/ Захиргааны ерөнхий хуультай зөрчилдөж байна. Дээрх журмыг боловсруулах үүргийг Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй байна.

Ингэж хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг тулган шаардаж 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө танилцаж хүлээн авч зөвшөөрөл өгөөгүй учраас 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, газар ус ашиглах дүгнэлт, гэрээ хийгдээгүй. Манай компанийг төрийн хяналт шалгалтын байгууллага, иргэний хөдөлгөөний зүгээс уурхайн үйл ажиллагааг хааж, торгууль тавьж, бид ажлаа хийж чадахгүй хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж ажлаа явуулаагүй байж Төрийн болон татварын байгууллагад 17 сая төгрөг төлж хохирч байна

Энэхүү Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөө тайлан хүлээн авах журам нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдаж бүртгэгдээгүй, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №4-д нийтлэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4-д заасан шаардлагыг хангаагүй, Засгийн газрын 119 дүгээр тогтоолыг биелүүлээгүй зөрчилдөж буй тул “Б...” ХХК-ийн хувьд энэ журмын 2 дугаар хавсралтын 4.1.1, 4.1.2, 4.5.3, .4.5.4, .4.5.7, .4.5.8, .4.5.10, 4.5.11 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэмэлт тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.6.2, 48.6.3-тендер заасныг тус тус үндэслэн “Хайгуулын болон Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар баталсан.

Дээр дурдсан тушаалыг баталж хэрэгжүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор”, 48.6.3-д “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу” төрийн захиргааны байгууллагад ирүүлэхээр хуульчилсан хуулийн зохицуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч натт хүндрэл чирэгдэлгүйгээр, түргэн шуурхай, хэмнэлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан зааврыг хэрэгжүүлснээр төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-11.1.12-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэн үнэлэлт, дүгнэлт гаргах, бодлого хэрэгжүүлэх ажлыг үнэн зөв бодитой болоход чухал ач холбогдолтой болсон.

Манай байгууллагын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас хайгуулын болон ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өддрийн 20 дугаар тушаалаар батлагдаж Хууль зүйн яаманд бүртгүүлсэн “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн хүлээн авч ажиллаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын төлөвлөгөө, тайланд тавигдах ерөнхий шаардлагыг энэ журмаар зохицуулж байгаа бөгөөд түүнд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлсэн төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллага хүлээн авч хянан бүртгэдэг.

Түүнчлэн энэ журмаар Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн агуулга, түүнд тавих ерөнхий шаардлагаас гадна мөн журмын 5, 6, 8, 9 дүгээр зүйлүүдэд эдгээр баримт бичгүүдэд заавал тусгах геологийн болон уулын ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу заавал хийж гүйцэтгэх, мэдээ, баримт, судалгаа болон олборлолтын ажил зэрэг бусад асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын болон Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар” нь зөвхөн байгууллагын дотоодод мөрдөх зохицуулалт юм.

Иймд “Б...” ХХК-ийн ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б...” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус зааврын “4.1.1, 4.1.2, 4.5.3, .4.5.4, .4.5.7, 4.5.8, .4.5.10, 4.5.11 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[1] байна.

“Б...” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолд заасан захиргааны хэм хэмжээний акт заавал хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлж, “хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэний дараа л хүчин төгөлдөр дагаж мөрдөж, энэ шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус байна” гэж заасныг биелүүлээгүй, мөн журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4-д заасныг хангаагүй” гэжээ.

Нэхэмжлэгчээс “хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг тулган шаардаж 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө танилцаж хүлээн авч зөвшөөрөл өгөөгүй учраас 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, газар ус ашиглах дүгнэлт, гэрээ хийгдээгүй. Манай компанийг төрийн хяналт шалгалтын байгууллага, иргэний хөдөлгөөний зүгээс уул уурхайн үйл ажиллагааг хааж, торгууль тавьж, бид ажлаа хийж чадахгүй хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж ажлаа явуулаагүй байж төрийн болон татварын байгууллагад 17 сая төгрөг төлж хохирч байна” гэж маргаж буй актын улмаас зөрчигдсөн гэх эрхээ тодорхойлжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б...” ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг дарга хүлээн авахтай холбогдох харилцаанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан заавар үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын “Б...” нэртэй газарт орших 34 гектар талбайд ашигт малтмал ашиглахыг “Б...” ХХК-д зөвшөөрч --------- тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгожээ. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг тус хуулиар зохицуулж эхэлжээ.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02/155 дугаар албан бичгээр “Б...” ХХК-ийн --------- ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Б...”орд элс хайрга боловсруулах үйлдвэрийн 2018 оны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах зааврын 4 дүгээр хэсэгт дурдсан шаардлагын дагуу боловсруулж ирүүлэхийг мэдэгджээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан зүйлгүй, тэдгээрийн хооронд “төлөвлөгөө, тайлан хүлээн авч, ирүүлэх” талаар харилцаа үүсээгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан нэхэмжлэгчийн маргаж буй заавар нь Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий этгээд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг ирүүлэх, хүлээн авахад үйлчлэх агуулгатай нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалын 3-т “... зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллахыг Геологи, хайгуулын хэлтэс, Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс, Нүүрсний судалгааны хэлтэст тус тус үүрэг болгож” тус зааврыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон агуулгаас харагдаж байна. Мөн тус зааврыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нь хэрэглэгдэх этгээдүүдэд аймгийн Засаг дарга багтаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж заасан тул Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн баталсан дээрх заавар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авахтай холбоотой харилцаанд үйлчлэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ”, 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн баталсан маргаан бүхий заавар нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт үйлчилнэ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн /2014 оны/ 20 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, 34.5.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу” гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтуудаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө буюу дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг тухайн талбай орших аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж, батлуулахаар байна.

Үүний дагуу нэхэмжлэгч 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар Төв аймгийн Засаг даргад хандсан, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02/1551 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг төлөвлөгөөгөө маргаан бүхий зааварт нийцүүлэн ирүүлэхийг шаарджээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах эрхэд үйлчлэл үзүүлж буй захиргааны үйл ажиллагаа нь маргаж буй заавар гэхээс илүүтэйгээр төлөвлөгөө, тайлан хүлээж авах эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тухай асуудал байна.

Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авч, батлахгүй байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан эрх хэмжээ бүхий этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд нийцэж буй эсэх талаар холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.

Иймд маргаж буй актын үйлчлэл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхэд чиглэсэн үйлчлэлгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б...” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “төлөвлөгөө, тайлан хүлээн авах журам” захиргааны хэм хэмжээний актын 2 дугаар хавсралтын 4.1.1, .4.1.2, .4.5.3, 4.5.4, 4.5.8, .4.5.10, 4.5.11 дэх заалтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасанаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА