| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00395/и |
| Дугаар | 747 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 747
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 184/ШШ2017/00747 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Номин Реалтор” ХХК /рд:5638771, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтэд оффисын 7 давхарт, утас 99025423/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Хатант Интернэшнл” ХХК /рд:2708442, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, хорооны байрны замын урд талд байрлах өөрийн байр, 99117888/-д холбогдох
Гэрээний үүрэгт 15,320,824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дамба хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“Нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК, хариуцагч “Хатант интернэшнл” ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2,481,980 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 12,838,844 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрэв.
Эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн тул шүүх хуралдааныг зохигчдын эзгүйд явуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК нь түрээсийн гэрээний төлбөрт 15.320.824 төгрөг гаргуулахаар хариуцагч “Хатант Интернэшнл” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2,481,980 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 12,838,844 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулснаа шүүхэд ирүүлжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК-д хариуцагч “Хатант Интернэшнл” ХХК нь түрээсийн гэрээнийтөлбөрт 12,838,844 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,277.50 төгрөгийг хариуцагч “Хатант Интернэшнл” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН