Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч  Т.Төмөртулга,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох 2134000000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б Б, Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхайнгай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны системийн инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр Төв аймаг Борнуур сумын 1 дүгээр баг 5-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрт иргэн С.Өнөржаргалын нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод, салстад зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрт иргэн С.Өнөржаргалын нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод, салстад зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч С.Өнөржаргалын: “...Би 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ажил дээрээ өглөө 09 цагийн орчим ирээд ажлаа хийж байгаад 14 цагийн орчим Б над дээр 1 ширхэг 2,5л савлагаатай пиво бариад орж ирсэн тэгээд тэр пиво нь Номин-Эрдэнэ, Б бид нар уусан. Тэгээд би 1 шил архи авсан түүнээсээ уугаад нэлээн согтсон тэгээд машинд явж байгаад зогсоох гээд үрүүл булаацалдах үед Б миний зүүн нүд рүү баруун гарын тохойгоор цохисон. Тэгээд өөр зодоон цохион болоогүй. Би Номин-Эрдэнэ гэх хүнийг танина миний түрээслэн суудаг үсчний яг хажуу талын дэлгүүрийн хүүхэн байгаа юмаа харин Б Номин-Эрдэнийн нөхөр тэгээд нэг нутаг учир хурдан танилцсан өөр харилцаа холбоо байхгүй ээ. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүй байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Гэрч Д.Номин-Эрдэнийн: “...Тухай өдөр нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан тэгээд би өөрийн найз Сарангэрэлтэй таараад манай гэрт очиж хоол унд хийж идээд 1 ширхэг пиво уугаад байж байхад манай найз Аргангатаас залгасан тэгээд бид 3-ыг арангатайд хүрээд ир гэж хэлсэн. тэгээд бид 3 Арангат явах болсон тэгээд гэрээс гараад сумын төв орж ирэхэд Өнөрөө ах ажил дээрээ байсан ингээд Өнөрөө ахтай цуг явахаар болсон тэгээд дэлгүүр ороод Өнөрөө ах өөртөө 1 шил 0,5 гр савлагаатай архи авсан. Тэгээд түүнийгээ замдаа уугаад байсан Өнөрөө ах жолоочийн хажуу суудал дээр сууж яваад гэнэт манай нөхөр машин барьж явахад нь хажуу талаас нь жолоотой нь булаацалдсан тэгээд би та болио гэж хэсэг байж байгаад дахин булаацалдаж эхэлсэн тэгээд бүүр болохгүй манай нөхөр Өнөрөө ахын зүүн нүд рүү тохойгоороо нэг цохисон ингээд машинаа зогсоогоод Өнөрөө ахыг хойш суулгаад шууд гэрт нь хүргэж өгсөн тэгээд Өнөрөө ахыг буулгаад цааш явсан. Манай нөхөр толгой, нүдний хэсэгт нь нэг удаа баруун гарынхаа тохойгоор зүүн нүдэнд нь цохисон. Манай нөхөр Өнөрөө ах 2-ын огт тийм асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Б.Баттулгын гэрчээр: “Би 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баяр байсан. Тэгээд би өөрийн эхнэр болох Номин-Эрдэнийг баярлуулах гээд манай гэрт эхнэрийн найз Сарангэрэлийн хамт суугаад "Сэнгүр" нэртэй 2,5л савалгаатай пиво хувааж угаад Борнуур сумын Аргангат гэх газар явахаар болсон Сарангэрэл гэртээ үлдээд, Өнөрөө ахыг ажлаас аваад явъя гэж би өөрөө бодоод Өнөрөө ахын ажил дээр ирэхэд ах халамцуу байсан тэгээд Өнөрөө ах машинд суугаад Аргангат хөдлөхөөс өмнө дэлгүүр орж 1 пиво авсан энэ үед Өнөрөө ах би пиво ууж чаддаггүй юмаа 1 шил архи авна гээд 1 шил 0,5гр савлагаатай архи аваад нөгөөхийгөө машинд уугаад яваад байсан гэтэл гэнэт Өнөрөө ах машины жолоотой орооцолдоод эхэлсэн хэд хэд машины үрүүлээс зууралдаад байхаар нь салгачхаад байж байсан дахиад машины рүлийг нь бариад би та болиочээ машин онхолдуул яана гээд баруун гарын тохойгоор 1 удаа тохойлдсон тэгээд машинаа зогсоогоод машины арын суудал дээр суулгаад тайвшруулж байгаад гэрт нь хүргэж өгсөн..Би толгой, нүдний хэсэгт нь нэг удаа баруун гарынхаа тохойгоор зүүн нүдэнд нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Гэрч Ч.Сарангэрэлийн: “...Би тэр өдөр “Хишиг” төвд ажил хийж байсан тэгээд манай найз Номин залгаад манай нөхөр надад зориулаад хоол хийсэн байна 2уулаа манай цуг очъё гэж надад хандсан хэлсэн тэгээд би тэр саналыг хүлээн зөвшөөрөөд хамт Номиогийн гэрт очихоор болсон. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим найзынхаа гэрт нь очсон тэгээд тэднийд хоол унд идээд ардаас нь 1 ширхэг 2,5л савлагаатай "Нийслэл” гэх нэртэй пиво найзтайгаа хувааж уусан. Тэгээд ууж байх үед манай найз Арангатаас залгаад Номиотой ярьсан тэгээд Номио ярьж дуусаад Арангат орох уу гэж хэлсэн тэгээд би тэр саналыг дэмжээд Арангат явахаар болсон. Тэгээд бид хэд замдаа нэг хүн авсан би танихгүй ээ Номио нөхөртэйгөө тэр хүнийг таньж байсан. Тэр хүн суухдаа 1 шил архитай мөн өөрөө жоохон уусан байдалтай байсан. Тэгээд бид нар Арангат явж байхад нөгөө сүүлд суусан залуу жолоо барьж Номиогийн нөхөртэй үрүүл булаалцдаг байсан. Тэгээд Номиогийн нөхөр нь яах гээд байгаа юм бэ гээд тохойгоороо тэр сүүлд суусан Өнөрөө гэх залуугийн нүүрэнд дундуур цохчих шиг болсон би сайн хараагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Яллагдагч Б.Баттулгын: “Би 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Өнөржаргал гэх найз ах дээрээ 10 цагийн үед 2.5 литрийн пиво авч очоод хамт уусан ингээд ажилтай байсан болохоор орхиод гэр лүүгээ 10 цаг 30 минутын үед явчихсан юм гээд гэртээ ирээд ойр зуурын ажлаа амжуулж байгаад орой 18 цагийн орчимд эхнэрээ ажил дээрээс нь найзтай нь аваад гэртээ аваачиж баярлуулах санаатай дэлгүүрээс 2.5 литрийн 1 пиво аваад гэртээ очиход хоол унд хийж өгөөд манай эхнэр найз Сарангэрэлтэй хамт пивоо уусан би пивоноос нь уугаагүй ээ. Ингээд байж байтал манай нэрийн утас дуугараад хүнтэй утсаар яриад манай найз Арангатаас дуудаж байна гээд авчих гэнээ хэдүүлээ хамт яваад аваад ирье гэж хэлсэн ингээд би Сарангэрэл нэр хоёроо машиндаа суулгаад 20 цагийн орчимд гарсан замаараа сумын төвөөр орж дэлгүүрээс очих айлдаа юм авъя гээд дэлгүүрийн үүдэнд зогстол Өнөржаргал ах дэлгүүрийн хажууд байдаг үсчнийхээ газарт ажил дээрээ байж байсан ингээд би ажил руу нь ороод Өнөржаргал ахыг ажил чинь дууссан юм уу гэрлүүтээ явах юм уу дүү нь танай гэрийн ойролцоо айлд очих гэж байна гэхэд тэгье гэж хэлээд хамтдаа гараад манай машинд суусан. Би Өнөржаргал ахад хамт миний очих гэж байгаа айлд оччихоод буцах замд та гэртээ буучих гэж хэлсэн. Ингээд дэлгүүрээс Өнөржаргал 0.5 литрийн Хараа архи аваад машинд суугаад замдаа тус архинаасаа ганцаараа уугаад яваад байсан ингээд нэлээд согтох шиг болсон айлдаа арай очиж амжаагүй байтал миний рульнээс гараараа бариад булаацалдаад байхаар нь яах гээд байгаа юм бэ боль гээд тулхсэн. Тэгтэл дахиад рульнээс бариад булаацалдаад боль гэхээр үгэнд орохгүй байхаар нь би баруун гараараа нүд хэсэг рүү нь нэг удаа тохойлдсон тэгтэл суудалдаа буцаж суугаад би машинаа зогсоогоод машинаас гаргаж бие засуулаад салхинд жаахан сэргээгээд машиндаа суулгаад шууд гэр лүү нь очиж хүргэж өгөөд цаашаа нөгөө айл руугаа явсан. Ингээд би маргааш өдөр нь эхнэрээс Өнөрөө ах ажилдаа ирж үү нүд ам нь зүгээр байна уу гэж асуухад хөхөрчихсөн байна билээ ажилдаа ирсэн байна гэж хэлсэн. Ингээд тэр өдрийн маргааш өдөр нь би утсаар залгаад бие зүгээр үү гэж асуухад эмнэлэг ирж үзсэн жаахан халуураад байна нүдэнд цус хурсан байна гээд байна. Улаанбаатар хот руу шинжилгээнд яв гээд байна ах нь явахгүй ганц нэг хоногоос гайгүй болох байх гэж хэлсэн. Тэгтэл ээж нь над руу утсаар залгаад Өнөрөө ах чинь хуучин хацартаа хагалгаатай аппрадтай юм аа наадах чинь өөрөө явахгүй гээд байна чи нэг уулзаад хэлээд өгөөч гээд би уулзаад би 100.000 төгрөг өгөөд та нэг үзүүлээд ирээч гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй ирээд ах нь шинжилгээ өгчхөөд ирсэн ахых нь бие хэвийн байна гэнэ ээ гэхээр нь би эм тариа гарсан зардал чинь хэд болсон бэ би өгье гэж хэлэхэд яах юм бэ хэрэггүй ах нь өөрөө болгон гэж хэлсэн. Манай эхнэр найз хоёрыг нь архи уухгүй болохоор л дотроо жаахан дургүйцсэн юм шиг билээ түүнээс яг энэ байдлаа бол хэл яриагаараа илэрхийлж хэлээгүй. Гэнэт л рульнээс зууралдаад байсан.Бас их согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Төв Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 36 дугаартай “1. С.Өнөржаргалын биед зүүн нүдний дээд, доод салстад зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлхгүй” гэх дүгнэлт/хх-11-12 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрт иргэн С.Өнөржаргалын нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод, салстад зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

 

Шүүгдэгч Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-49 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 26-ны өдөр 16 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-58 тал/ 2020 оны 5 сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Баттулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Өнөржаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохиролгүй байна.

 

           Шүүгдэгч Б.т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450/дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ