| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0162/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.т холбогдох 2134000000098 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Г. Г, Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, 7 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 2-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 2-20 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Оюунжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 2-20 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Оюунжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Оюунжаргалын: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний хамтран амьдрагч болох Г бид хоёр гэртээ архи ууж байгаад муудалцаад Г миний хамар луу баруун гараараа нэг удаа цохисон миний хамраас цус гоожиж байгаад тогтсон. Тэгээд хавдартай хэд хоног явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 22 ны өдөр манайд ирсэн сумын цагдаа эмнэлэгт үзүүл гээд сумын эмнэлэгт үзүүлтэл хамар чинь хугарсан байна гэж хэлсэн бас аймаг орж шүүх эмнэлэгт үзүүлсэн. 15, 22-ны өдрүүдэд гэртээ Г бид хоёр уусан. 23-нд Бадамдорж гэх залуутай цуг гурвуулаа уусан. Манай хүүхдүүд гэртээ байдаг бид хоёрын хажууд. Манай 3 хүүхдийн мөнгө миний дансанд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг ороод тэрнээс мах, гурил будаа аваад үлдсэнгээр нь 3,4 хоног уусан. 10 жил болж байна дундаасаа 3 хүүхэдтэй. Манай 7, 6, 5 настай 3 хүүхэд маань байсан өөр хүн байгаагүй. Тэр өдөр бид хоёр Сэржим нэртэй архи хувааж уугаад дууссан Г архи байна уу гэхээр нь байхгүй гэтэл босож ирээд миний хамар руу цохисон. Би хөөж гаргаагүй өөрсдөө гадаа тоглож байсан ор гэхэд орохгүй жоохон тоглож байгаад орьё гээд байсан бүгд гадуур хувцастай байшингийн нөмөрт тоглож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,
Гэрч Г.ийн: “...Би тэр үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна над руу юм шидээд уурлаад байхаар нь би гараараа хамар орчим нэг удаа цохисон. Манай эхнэр Б.Оюунжаргал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ тогтмол хэрэглэдэг зүйл бол байхгүй мөнгө байхгүй үед бол уухгүй хүүхдийн мөнгө буух болон өөр аргаар мөнгөтэй болсон үедээ уудаг. Бид 2 хамт амьдраад 10 гаруй жил болж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Д.Оюунгэрэлийн: “...2021 оны 01-р сарын 22-ны 16 цагийн орчим хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Түмэн-Өлзий хамт Хамтдаа хамгаалъя аяны хүрээнд эрсдэлд бүлгийн айл өрхөөр орж судалгаа авч асуумж авах зорилгоор Уйлантын 2-20 тоотод оршин суух Г гэх айлд орох үед гадаа 3-7 насны гурван охин гадуур хувцас байхгүй байшингийн нөмөрт тоглож байхаар нь дагуулаад гэрт орох гэтэл ээж нь болох Б.Оюунжаргал хүүхдүүд гэж андууран "цааш аа яв яах гээд байгаа юм" гэж уурлахад хэсгийн цагдаа "цагдаагаас явж байна хаалгаа" гэхэд хаалгаа онгойлгож өгсөн гэрт орох үед Г орон дотроо согтуу унтаж байсан Отгонжаргал мөн архи согтууруулах ундааны зүйл хэрглэсэн нүүр нь хавдаж хөхөрсөн зодуулсан байдалтай хөл дээрээ тогтож чадахгүй байж байсан би нөхцөл байдлын үнэлгээ хийгээд цагдаагийн хамт хэсгийн цагдаагийн өрөөнд авч ирсэн. Тогтмол хэргэлдэг эхнэр Б.Отгонжаргалын хамт хоёулаа хэрэглэдэг. Архины хамааралтай гэр бүл. Би нийгмийн бодлогийн мэргэжилтэн хийгээд хоёр жил болж байна миний ажиллах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг би мэдэхгүй харин архины хамааралтай байнга уудаг гэдгийг би мэднэ, хамгийн сүүлд 2020 оны 12-р сарын 24-ний өдөр орсон шинэ он гараад сая ороход ийм асуудал гарсан байсан. Улсаас олгодог хүүхдийн мөнгөөр архи уугаад байдаг болохоор Ганзоргийн хоёр охин Зулзаяа, Золзаяа хоёрын нэр дээр 8-7 насны хоёр хүүхдийн мөнгийг хадгаламж нээлгэж өгсөн. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн баталгаа авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
Яллагдагч Г.ийн: “...Би тэр үед согтуу байсан өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 59 дугаартай "1.Б.Оюунжаргалын биед хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дотор булан, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 2-20 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Оюунжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 23-ны өдөр 31 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-75 тал/ 2020 оны 4 сарын 23-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Оюунжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохиролгүй байна.
Шүүгдэгч Г.т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Г. Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.т оногдуулсан 300/гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ