| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00364/и |
| Дугаар | 745 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 745
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 184/ШШ2017/00745 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ”Орчлон өргөө” СӨХ /Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, өөрийн байранд, утас: 99935533, 98665533/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Бөхбаатар /Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, 45 дугаар байрны 157 тоот, утас 99746276/
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2013 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл нийт 38 сар төлөөгүй төлбөрт 523,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”Орчлон өргөө” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны 45 байрны 157 тоотод оршин суугч П.Бөхбаатар нь “Орчлон өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2013 оны 07-р сараас 2016 оны 12-р сар хүртэл нийт 38 сар төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх, ашгийг зөрчиж байна. П.Бөхбаатар нь олон сараар СӨХ-ны төлбөрөө төлдөггүй 153 орон сууц өмчлөгчийн нэг юм.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх, лифтний төлбөр, цахилгаан, узель, тохижилж, цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг ажпууд бүрэн гүйцэт хийгдэж чадахгүй доголдох хэмжээнд хүрээд байгаа ба төлбөрөө төлсөн айлуудын мөнгөөр бүрэн гүйцэд хийгдэж чадахгүй байгаа ба энэ нь төлбөрөө төлсөн бусад оршин суугчдын эрүүл цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтойгоор зөрчиж хохироож байна.
Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ”гэж заасан. Мөн хуулийн 148-р зүйлийн “...148.2.2.сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
148.2.3. дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;
148.3. Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан тус тус заасан сар бүрийн СӨХ-ийн төлбөрөө төлөх үүрэгтэй юм.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, 45 байр 157 тоотод оршин суугч П.Бөхбаатар 2013 оны 07-р сараас 2016 оны 12-р сар хүртэл нийт 38 сарын СӨХ-ны төлөгдөөгүй төлбөр 523,840 төгрөгийг гаргуулж “Орчлон өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Бөхбаатарын төлөөлөгч Б.Ганхуяг хариу тайлбартаа:
“”Орчлон өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй П.Бөхбаатарт холбогдох 345,400 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон тул үлдэгдэл 145,500 төгрөгийг төлөхгүй буюу миний гэртээ хийсэн засварын төлбөрт суутган тооцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Орчлон өргөө” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“200,000 төгрөг төлөхийг нь зөвшөөрсөн. Дахин нэхэмжлэл гаргахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон өргөө” СӨХ-ноос хариуцагч П.Бөхбаатарт холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 523,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч П.Бөхбаатар нь 200,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулах, үлдсэн 145,400 төгрөгийг гэртээ хийсэн засварын зардалд суутган тооцохоор тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Орчлон өргөө” СӨХ нь хариуцагч П.Бөхбаатарт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 523,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.Бөхбаатар 345,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны дотор 200,000 төгрөгийг төлж, 145,500 төгрөгийг гэртээ хийсэн засварын зардалд суутган тооцохоор нэхэмжлэгч “Орчлон өргөө” СӨХ-той харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,365 төгрөгөөс 8,182.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 8,182.50 төгрөг, хариуцагч П.Бөхбаатараас 4,091.25 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Орчлон өргөө” СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН