Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 744

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2017/00744

               Улаанбаатар хот

                           

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг

                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Саржан долоо овогт Батжаргалын Ариунчимэг /Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 26-р байрны 35 тоот/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Геологийн төв лабортари” ТӨҮГ /Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж өөрийн байранд, утас: 99169910/-т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дамба хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Ариунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   “Миний бие 2015 оны 11 сарын 3-нд 230 тоот тушаалаар эдийн засагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 8 сарын 31-нд 224 тоот тушаалаар стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл арга хэмжээ авагдаж байгаагүй. Шинэ захирал 2016 оны 10 сарын 6-нд Ө.Оюунбаатар томилогдон ирснээр хүмүүсийг халах цомхотгох үйл ажиллагаа хийхийн тулд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт бүтэц шинээр батлуулж, тогтоол гаргаж уг тогтоол дээр зарим нэг албан тушаалын нэрийг өөрчилж, тасаг нэгжийг нэгтгэж, мөн нэршлийг нь өөрчилсөн ч тухайн албан тушаалын нэр, тасаг нэгжийн чиг үүрэг хэвээрээ ажлын байрны тодорхойлолт хэвээрээ байсаар атал, нэр өөрчилсөн төдийд албан тушаал нь бүр мөсөн байхгүй болсон мэтээр аашилж, дур зоргоороо аашилж өөрийн хүн хэмээн гаднаас хүн авч ирж ажилд томилж,ажилтан албан хаагчдад мэдэгдэх хуудас өгч, захиргааны дарамт шахалт үзүүлж ажлаас халж эхэлсэн.

... Мөн ТӨҮГ-ынхаа жилийн эцсийн шинжилгээний ажпын гүйцэтгэлийг хүртэл хийж дуусгасан. Энэ мэтчилэн бүх жилийн эцсийн ажлыг хийлгэж аваад, 2017 оны 1 сарын 2-ны 1 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Чөлөөлж буй үндэслэл нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, мөн бүтэц гэсэн боловч хариуцсан ажил үүрэг тасаг нэгж нь хэвээрээ байгаа нь хууль бус дээр нь ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл биш тул албан тушаалдаа томилогдож, аливаа нэг нам, бүлэглэл, хуулийн этгээд хувь хүн хэн ч бай хуулийн өмнө тэгш эрхтэйгээр асуудлаа шийдүүлэх ёстой гэж үзэж байна. Учир нь өнөөдөр энэ байгууллагад миний чиг үүрэг хэвээрээ бөгөөд Стратеги төлөвлөлтийн хэлтэс эрхэлсэн дэд захирал гэж нэршилтэй байсныг Техник хангамж үйлчилгээний хэлтэс эрхэлсэн дэд захирал гэж нэршилтэй болгосон бөгөөд үйл ажиллагааны хүрээнд хамаарах хэлтсүүд хэвээрээ байхад намайг орон тоо бүтцээр халлаа гээд халсан мөртлөө гаднаас Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг аваад ажиллуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагчаас гаргасан эвлэрэх саналыг хүлээж аван, эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдааныг зохигчдынэзгүйд явуулж, уг гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“1. Хариуцагч энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын 30-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны олговорт ажлаас халагдсан өдөр болох 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан 2017 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар ажлын нийт 59 өдөр бөгөөд ажиллаж байсан хугацааны сүүлийн 10,11,12 сарын дундаж цалин хөлснөөс тооцоход нэг өдөрт 67,790 төгрөг гарч байгаа бөгөөд үүнийг ажиллаагүй байсан бүх хугацаагаа буюу 59 хоногоор үржүүлэхэд 3,999,610 төгрөгийг нэхэмжлэгчид олгох,

2.Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан 2017 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар нийт ажлын нийт 59 өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг төлж баталгаажилт хийлгэж өгөх,

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал болох 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалд дурдсан нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны ажил олгогчоос авах тэтгэмжийг 10,11,12 сарын дундажаас тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлсөнд 1,250,000 төгрөгийг нэмж олгох,

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн гол шаардлага болох ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирлын ажил албан тушаал эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тус тус харилцан тохиролцож байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ариунчимэг нь хариуцагч “Геологийн төв лабортари” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрэх санал тавьж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулснаа шүүхэд ирүүлжээ.

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч “Геологийн төв лабортари” ТӨҮГ нь нэхэмжлэгч Б.Ариунчимэгт   2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны нийт 59 өдрийн олговорт 3,999,610 төгрөгийг гарт олгох, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэж өгөх, ажлаас халагдсаны тэтгэмжид 1,250,000 төгрөгийг гарт олгохоор; нэхэмжлэгч Б.Ариунчимэг нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тус тус харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 98,943.80 төгрөгийг хариуцагч “Геологийн төв лабортари” ТӨҮГ-аас гаргуулж, улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН