| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/182 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б.т холбогдох 2034003130351 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Б.Б, Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-03 тал/, Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-04 тал/, хохирогч Б.Цэцэгмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-09 тал/, гэрч Б.Цэцэгмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10-11 тал/, гэрч Б.Цэвэлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, шүүгдэгч Бээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14-15 тал/, гэрч Ц.Солонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16 тал/, эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл/хх-18 тал/, яллагдагч Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25-26 тал/, шүүгдэгч Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-36 тал/, Бийн хувийн байдлыг тогтоосон баримт/хх-38-47 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг Таван зуут гэх газар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Цэцэгмаагийн 16 тооны хонийг зарж өгнө гэх нэрийдлээр хуурч, өөртөө шилжүүлэн авч 3200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Цэцэгмаагийн: “... Би болсон асуудлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй байна. Би хохиролоо барагдуулж авах хүсэлтэй байна.” /хх-ийн 09 тал/,
Хохирогч Б.Цэцэгмаагийн гэрчээр мэдүүлсэн: “... Би Өвөрхангай аймгийн Баян Өндөр сумын 4-р багт гурван хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Энэ жил манай нутагт зуншлага тааруу өвөлжилт хүндрэх шинжтэй байсан тул би Төв аймгийн Баянхангай суманд отор нүүдэл хийж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний таньдаг Б гэдэг хүн эхнэр Солонгын хамт манайд ирээд надаас 15 ямаа худалдаж авч явсан ба хоёр хоногийн дараа зарсан ямааны маань мөнгийг надад авчирч ирж өгөөд дахиад зарах мал байна уу? гэхээр нь надад махлаж зарах мал байхгүй ууцанд хэрэглэх хэдэн эр хонь байна гэсэн чинь Б тэгвэл тэр хонинуудыг чинь худалдаж авья мөнгийг нь Улаанбаатар хотод аваачиж зарчихаад танд өгье гэсэн. Тэгэхээр нь би Бт 16 тооны хонийг нэгийг нь 200,000 төгрөгөөр бодож өгч явуулсан, тэгээд цагаан сарын дараагаас эхлээд миний утсыг авахгүй алга болоод өдийг хүрч байна, ... би Бээс 3,200,000 төгрөг нэхэмжилж байна, надтай ярих болгондоо худлаа яриад, анхнаасаа намайг залилж байна гэж би үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Гэрч Б.Цэвэлмаагийн: "... Би дүү Цэцэгмаагийн хамт Өвөрхангай аймгаас Төв аймгийн Баянхангай суманд отроор ирсэн юм. 2019 оны 12 дугаар сард Б гэдэг хүн манайд ирээд Цэцэгмаагаас 16 тооны хонь ачиж авч явсан. Авч явахдаа ууц болгож зарчихаад мөнгийг нь өгнө гэж хэлээд авч явсан. Тэр үеэс хойш одоог хүртэл хонины мөнгийг нь өгөхгүй байгаа, ... Б эхнэр Солонготой хамт цэнхэр өнгийн портер маркийн 67-04УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж авч явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Гэрч Ц.Солонгын: “... 2019 оны 12-р сард манай нөхөр Бийн таньдаг хүнээс очиж хонь авна гээд Төв аймгийн Баянхангай сум руу очиж Цэцэгмаа гэдэг хүнтэй уулзаж 16 тооны хонь авсан юм. Тэгээд авсан хонио ууцны хонь болгож эвдээд хадгалсан. Цагаан сарын хонь зарагдахгүй байсан ба уг ууцнуудаа цагаан сарын өмнө бөөнд нь Дэнжийн мянгын зах дээр аваачиж зараад нийт 2,203,200 төгрөг болсон. Тэр хонь авсан эгч мөнгөө цагаан сарын үеэр авая гэсэн тул уг мөнгөө өсгөж байгаад өгчихөе гээд Бийн ээж Хятад руу Эрээн явна гэхээр 1 сая орчим төгрөг өгч явуулаад гутал авхуусан. Авч ирсэн гутал нь олигтой зарагдахгүй байсан. Тэгээд мөнгийг нь өгч чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Гэрч Б.ийн: "... 2019 оны 12 дугаар сард манай ээжийн дүү Сүрэнхорлоо эгч намайг найз гэх Цэцэгмаа гэдэг хүнтэй холбож өгөөд би Цэцэгмаа гэдэг хүнтэй уулзаад хонь авах талаар ярилцсан юм. Тэгээд би Төв аймгийн Баянхангай суманд Цэцэгмаа эгчийнд очиж 16 хонийг амьдаар нь портерт ачаад авч явсан. Тэгээд тэр хонинуудаа цагаан сараар ууцанд хэрэглэхээр Улаанбаатар хот руу аваачаад Эмээлтэд бэлтгүүлээд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт махны том агуулахад хадгалсан юм. ... 2020 оны цагаан сар бас өвчин гарсантай холбоотойгоор өргөн дэлгэр болоогүй тул би ууцнуудаа сайн зарж чадаагүй, ... Цэцэгмаа эгчээс авсан 16 хонь нь нийт 2 сая төгрөг болсон юм. Би анхнаасаа Цэцэгмаа эгмээс нэг хонийг нь 200000 төгрөгөөр бодож, цагаан сарын дараа мөнгийг нь өгөхөөр тохирсон байсан. ... Өмнөговь руу явсан тэнд Хятад руу нүүрс оруулахгүй, ажилгүй, нэг хэсэг болсон ба тэнд хувиараа жижиг сажиг ажил хийсэн ба олигтой мөнгө олохгүй, идэж уух юмандаа хэрэглээд таарсан. Би тухайн үед ажилгүй байсан ба махны бизнес гайгүй ашигтай байдаг гэхээр нь махны бизнес хийж үзэж байсан юм. Цэцэгмаа эгчээс хонь аваад ууцаар бэлтгэж, цагаан сараар зарах гэж байсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Яллагдагч Б.ийн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэргийнхээ талаар өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлгэн дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Б.Цэцэгмаа нь манай ээж Сүрэнхорлоогийн найз байгаа юм цагаан сар болохийн өмнө ууц бэлдэх гээд нэг ууцны махыг нь 200.000 төгрөгөөр Б.Цэцэгмаа гэх хүнээс авсан юм. Би 1.000.000 гаран төгрөг төлсөн байгаа цаашид хохирлоо төлөх гээд Таван толгой компанид ажил хийж байгаа. Би хохирлоо нөхөн төлнөө хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна гэм буруугаа ойлгож байгаа..."гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл/хх-18 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг Таван зуут гэх газар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Цэцэгмаагийн 16 тооны хонийг зарж өгнө гэх нэрийдлээр хуурч, өөртөө шилжүүлэн авч 3200000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Хохирогч Б.Цэцэгмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Шүүгдэгч Б.т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Б. Б-ийг бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ