Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1276

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хороолол, Сургуулийн 1333 тоотод оршин суух хаягтай боловч одоо хамгаалах байранд амьдарч байгаа гэх, эмэгтэй, регистрийн дугаар ЦД 86061805, Боржигон овогт Ганбаатарын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 3 дугаар гудамжны 66-А тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧО 83030576, Боржигон овогт Цэрэнхишигийн Баттулгад холбогдох

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг, хариуцагч Ц.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ц.Баттулгатай 2004 онд танилцаж, 2016 оноос хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2016 оны 8 дугаар сард хүү Алтангэрэл төрсөн, одоо 8 сартай.Гэвч хамтран амьдарснаас хойш Ц.Баттулга намайг болон миний дагавар хоёр хүүхдийг байнга хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтад байлгадаг болсны улмаас хүүхдүүд өөртөө итгэлгүй, дуугүй, хичээлд явах дургүй болж сурлага нь муудсан.Түүний зодуур дарамтыг тэвчихгүй 2017 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр гэрээсээ явж Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд байрлаж байсан.Түүнээс хойш Ц.Баттулга уучлал гуйж, амлалт бичиж өгсөн тул аргагүйн эрхэнд 3 хүүхдээ бодоод 2017 оны 3 дугаар сарын сүүлчээр дахин хамт амьдарсан боловч Ц.Баттулга эрүүл байхдаа намайг зодож, хувцас урж, нүүр толгойгүй цохиж зодсон, 2017 оны 1-3 сарын хугацаанд 2 удаа цагдаад дуудлага өгч эрүүлжүүлж байсан, миний толгой өвддөг болсон, намайг хөөдөг, хүүхдүүдийг гартаа таарсан зүйлээрээ зоддог.Би хэзээ энэ хүний гарт амиа алдах бол гэсэн айдастай байх болсон.Ц.Баттулга нь хэрэв чи надаас салах юм бол эгч, дүү гэр бүлийнхнийг чинь орвонгоор нь эргүүлж, голомтыг чинь самарна, шатаана, ална гэж байнга заналхийдэг учир би айгаад салж чадахгүй өдий хүрсэн.Гэр бүлийн хүчирхийлэлийн асуудал нь хүүхдүүдийн хүмүүжил, боловчсролд сөргөөр нөлөөлж байгаа тул бидний дундаас төрсөн хүү Алтангэрэлийг миний асрамжид үлдээж, Ц.Баттулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ц.Баттулгатай 2014 онд танилцаж, 2016 оноос хамт амьдарсан, бидний дундаас 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хүү Алтангэрэл төрсөн, би хоёр дагавар хүүхэдтэй байсан.Ц.Баттулга миний хоёр дагавар хүүхдэд гар хүрч зоддог болохоор 2017 оны 3 дугаар сараас тусдаа Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд 3 хүүхдийн хамт амьдарч байна.Бид гэрлэлтээ батлууаагүй бөгөөд цаашид Ц.Баттулгатай хамт амьдрах боломжгүй тул хүү Алтангэрэлийг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа:Би Г.Алтанцэцэгтэй 2014 онд танилцан хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас хүү Алтангэрэл 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр төрсөн.Миний гэр орон шатаана гэж уурласан асуудал бол Г.Алтанцэцэгийн саажилттай дүү Шинэцэцэгийг бид хоёрыг хар гэж шаардаж хэл үг хийгээд байхаар нь ийм зүйл болсон.Би Г.Алтанцэцэгийг зодож байсан удаа байхгүй, харин 2 хүүхэд нь худлаа ярьж, надаас хулгай хийж, гадуур тэнэж, хичээл хийхгүй байсан учраас загнаж цохиж авсан зүйл байгаа, түүнээс байнга зодож дарамталж байгаагүй.Хүү Алтангэрэл одоо 8 сартай, Г.Алтанцэцэг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр намайг цагдаад барьж өгөөд гэрээсээ явсан.Баянгол дүүргийн цагдаагийн байцаагчийн өрөөнд хүүхдийг оруулж өгөөд чи ав гэж хэлээд орхиод явсан, миний хүү хөхүүл байсан, би хүүхдээ угжаар тэжээж байгаад 3 сарын 17-ны өдөр ээжид нь аваачиж өгсөн.Цаашид хоёр биенээ ойлгоод хмат амьдрах хүсэлтэй байна.Хэрэв Г.Алтанцэцэгт хүүгээ өгөх юм бол Г.Алтанцэцэг 3 хүүхэд харж өсгөнө гэхэд хэцүү.Би хүүгээ эхгүй, эцэггүй болгож өсгөх хүсэлгүй байна, эвлэрэх хүсэтэй байна, би хувиараа зурагчин хийж хөдөмөр эрхэлдэг гэжээ.

 

Хариуцагч Ц.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Г.Алтанцэцэгтэй 2014 оны 3 дугаар сард танилцаж, 2016 оны 6 дугаар сараас нэг гэрт хамт амьдарсан, 2 хүүхэд нь худлаа ярьж, хулгай хийнэ, хичээл хийхгүй, гадуур тэнэдэг тул би гар хүрсэн.Би өөрийн бага хүүгээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна.Би 2 хүүхэдтэй хүнтэй сууж байгаа болохоор саажилттай дүүг нь харахгүй гэж хэлдсэг байсан.Г.Алтанцэцэг 2 хүүхдээ өсгөж чадахгүй байж, 3 хүүхэд тэжээх боломжгүй.Г.Алтанцэцэгт орон гэр байхгүй, ар амьдрал нь хэцүү байдаг.Би хүүхдээ 10 гаруй хоног угжаар хооллож байсан, би Г.Алтанцэцэгээс тусдаа амьдарч, хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна.Би хүүгээ өөрийнхөө асрамжид авна, тэгээд Г.Алтанцэцэгтэй уулзуулахгүй гэв.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг хариуцагч Ц.Баттулгад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Г.Алтанцэцэг Ц.Баттулга нар 2014 онд танилцаж, 2016 оны 6 дугаар сараас  хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Алтангэрэл төрсөн байна.

 

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч Алтангэрэлийг эцэг Баттулгаар нь овоглож төрсний бүртгэлд бүргүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд хүү Алтангэрэл эх Г.Алтанцэцэгийхээ асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Г.Алтанцэцэг цаашид Ц.Баттулгатай гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлж хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул Алтангэрэл цаашид хэний асрамжид байх нь түүний эрх ашигт илүү тохиромжтой байх талаар дүгнэж үзэхэд тэдний хүү Алтангэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр төрсөн 8 сартай байх бөгөөд хүүхдийн насны байдал, эхийн хүсэлт зэргийг харгалзан түүнийг ээжийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нөгөө талаар Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 5 дугаар зүйлийн   5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байх бөгөөд эхийнхээ сүүгээр амьдарч байгаа хүүхдийг эцгийн асрамжид байлгах боломжгүй байна.

 

Мөн Ц.Баттулга хүү Алтангэрэлийг өөрийнхөө асрамжид авсан нөхцөлд түүнийг ээжтэй нь уулзуулахгүй гэж тайлбарлаж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж, улмаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Алтангэрэлийг ээжийнх нь асрамжид байлгахаар шүүх шийдвэрлэсэн ч Ц.Баттулга нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Ц.Баттулгын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 болон мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэврийн нэг жилийн хугацаанд төлөгдөх дүнгээс тооцсон 50 546 төгрөгийг  Ц.Баттулгаас тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдөр төрсөн Алтангэрэлийг эх Г.Алтанцэцэгийнх нь асрамжид байлгасугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Алтангэрэлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны батагаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны батагаажих түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Баттулгаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Ц.Баттулгаас 120 746 /нэг зуун хорин мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН