Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2117525, Монгол Даатгал ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47-Б байрын 15 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар АЭ 89092773, Тайхар овогт Түдэвбалбарын Батболдод холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4 316 624 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Монгол Даатгал ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Батболд нь 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Батсайханы эзэмшлийн 53-67 УНЦ улсын дугаартай, Х.Аванте маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан зөрчил гаргаж зам тээврийн осол гаргасан.Үүний улмаас тус компанид даатгалтай Ф.Ариунаагийн жолоодож явсан 10-11 УБЯ улсын дугаартай М.Бенз маркийн тээврийн хэрэгсэлд 6 044 000 төгрөгийн хохирол учруулсан байна.Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Бэст Эстимэйт ХХКомпанийн 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 20110927222 тоот хохирлын үнэлгээний тайлангаар, зам тээврийн осол гаргасан гэм бурууг ЗЦГ-ын 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн акт зэргээр тогтоосон байна.Монгол Даатгал ХХКомпани ЗЦГ-ын акт, даатгуулагч болон тус компанийн хооронд байгуулсан 90С1100348 тоот даатгалын гэрээ, хохирлын үнэлгээний тайлан, даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн 4 316 624 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх Монгол Даатгал ХХКомпанид бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгагчид төлөх үүрэгтэй.Иймд Т.Батболд, Т.Батсайхан нар нь 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанитай “Төлбрийн гүйцэтгэлийн хэлцэл” байгуулан ослын улмаас учруулсан хохирлоо 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул нөхөн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 4 316 624 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Т.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа зөрчил болсныг хүлээн зөвшөөрч замын цагдаагийн актан дээр өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.Мөн манайд хохиролоо хэрхэн төлж барагдуулах талаар бичиж өгсөн байгаа.Хаанаас мөргөсөн гэдгийг замын цагдаагийн байгууллага тогтоох ёстой, машины хаалгыг Батболдод өгөх үндэслэлгүй гэв.

 

            Хариуцагч Т.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны хороолол доторх хөдөлгөөнд 53-67 УНЦ улсын дугаартай машиныг барьж яваад 10-11 УБЯ улсын дугаартай Т Бенз маркийн машинтай мөргөлдсөн ба тухайн үед намайг машинаас буухад уг машин дахин хөдөлж намайг баруун талаас мөргөсөн.Мөргөсний улмаас баруун хойд талын хаалга цөмрөн цонх хагарсан.Баянгол дүүргийн үамын цагдаад намайг ингээд 2 удаа мөргөсөн гэж хэлэхэд хүн сандрахаараа тэгдэг юм гээд загнаад байсан, 10-11 улсын дугаартай машины урд талын хаалт болох нь үнэлгээний үнэ нь 3 583 000 төгрөгөөр үнэлж сольсон.Уг сольсон хаалгыг Монгол Даатгал компаниас намайг аваад зараад манайхаас нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасаарай гэж хэлэхэд би Бенз машины хаалгыг Г.Нямсамбууд зарах гэж байтал Монгол Даатгал компаниас надад хаалгыг өгөөгүй, бас намайг зогсож байхад мөргөсөн учраас Монгол Даатгал компаниас нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Монгол Даатгал ХХКомпани хариуцагч Т.Батболдод холбогдуулан даатаглын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4 316 624 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Батсайханы эзэмшлийн 53-67 УНЦ улсын дугаартай, Х.Аванте маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа  Ф.Ариунаагийн жолоодож явсан 10-11 УБЯ улсын дугаартай М.Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгээр тогтоосон байдал, зам орчны байдал, осол болсон газар дээр хийсэн хэмжилтын бүдүүвч зураг зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Зам орчны байдлын тусгай тэмдэглэлд “Hyundai Avantexd маркийн 53-67 УНЦ улсын дугаартай машины жолооч Т.Батболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 1-9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчснөөс М.Бенз маркийн 10-11 УБЯ улсын дугаартай авто иашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан буруутай гэж үзэж актыг тогтоов гэжээ.

 

Энэхүү ослын улмаас Ф.Ариунаагийн жолоодож явсан 10-11 УБЯ улсын дугаартай Mercedes Benz g 500 маркийн тээврийн хэрэгсэлд 6 044 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Бэст Эстимэйт ХХКомпанийн 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний 20110927222 дугаартай тайлан, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр нотлогдож байна.

 

Ф.Ариунаа нь Жигүүр Дэл ХХКомпанид нягтлан бодогч ажилтай болох нь түүний дээрх компанитай байгуулсан 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд Жигүүр Дэл ХХКомпани нь Макс Импекс ХХКомпанийн салбар компани болох нь тус компаниас Монгол Даатгал ХХКомпанид 2011 оны 10 дугаар сарын 4-ны өдөр гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Макс Импекс ХХКомпани Ф.Ариунаагийн жолоодож явсан Mercedes Benz g 500 маркийн, 10-11 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол даатгал ХХКомпанид 2011 оны 7 дугаар сарын 1-ны өдөр 1 жилийн хугацаатай даатгуулсан болох нь Монгол даатгалын ХХКомпаниас 2011 оны 7 дугаар сарын 4-ны өдөр олгосон авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаагаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Монгол даатгал ХХКомпани нь Жигүүр Дэл ХХКомпанид даатгалын нөхөн төлбөрийн 4 316 624 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн болох нь 4466 дугаартай төлбөрийн даалгаварын баримтаар нотлогдож байна.

 

Макс Импекс ХХКомпани нь 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 536/11 дугаартай баримтаар Монгол даатгал ХХКомпанид нэхэмжлэх эрхээ шилжүүлсэн байх бөгөөд энэхүү баримтад “тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 10-11 УБЯ улсын дугаартай, Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Hyundai Avante маркийн 53-67 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 3, 4 дүгээр хорооллын хүнсний захын 4 замын уулзварт баруун 4 зам чиглэн явж байх үед хойд талаас нь мөргөж 6 044 000 төгрөгийн хохирол учруулсныг Монгол даатгал ХХКомпани даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан нь үнэн болохыг тодорхойлж, Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх өөрийн шаардах эрхийг бүрэн шилжүүлж байна” гэжээ.

 

Монгол даатгал ХХКомпани дээрх зам тээврийн ослын улмаас Т.Батболдын бусдад учруулсан хохирлыг гэрээний дагуу төлж барагдуулсан тул энэхүү даатгалын нөхөн төлбөрийг Т.Батболдоос шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Т.Батболдын 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр жолоодож явсан Х.Аванте маркийн 53-67 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Батсайхан нь Монгол даатгал ХХКомпанитай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл хийсэн байна.

 

Энэхүү хэлцэлд Т.Батсайхан нь 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн ослын улмаас учруулсан 4 316 624 төгрөгийн төлбөрийг 2011 оны 11 дүгээр сарйн 1-ний өдрөөс эхлэн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сар бүр 360 000 төгрөгөөр хэсэгчлэн Монгол даатгал ХХКомпанид төлөхөөр тохиролцсон байна.

 

Мөн хариуцагч Т.Батболд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч байгууллагад гаргасан хүсэлтэндээ “Т.Батболд би танай компаниас гаргасан мөнгөн дүн болох 4 316 000 төгрөгийн 50 хувь болох 2 316 000 төгрөгийг 10 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх боломжтой байна.Иймд дээрх нөхцөлөөр эвлэрэх саналтай байна” гэжээ.

 

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан байна.

 

Иймд Т.Батболдын зам хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөрийн 4 316 624 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

          Хариуцагч Т.Батболд шүүх хуралдааны товыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний мэдэж хурлын тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байх боловч  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан Түдэвбалбарын Батболдоос 4 316 624 /дөрвөн сая гурван зуун арван зургаан  мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Монгол даатгал ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 017 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батболдоос 84 017 /наян дөрвөн мянга арван долоон/ төгрөгийг гаргуулан Монгол даатгал ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН