Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000760102 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд

               Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Э.Д /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 59 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн урд уулзварын замд “Mercedes Benz” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа, мөн дүрмийн 8.9.б-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохиог солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-д зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү /энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу/ нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, шар гэрэл дохио асаж байхад явган хүний гарцын өмнө зогсолгүйгээр явган хүний замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “Тухайн үед хөл хорио тогтоох гээд яараад явж байсан учир санаандгүй осол хийсэн миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “Надад байцаагч нэхэмжлэл авчирч өг гэсэн тухайн үед баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Нэмж баримт гаргаж өгөхөөр байсан” гэв.

 

           Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 59 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн урд уулзварын замд “Mercedes Benz” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа, мөн дүрмийн 8.9.б-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохиог солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-д зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү /энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу/ нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, шар гэрэл дохио асаж байхад явган хүний гарцын өмнө зогсолгүйгээр явган хүний замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 5-15, 18 дугаар хуудас/,

 

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...бичлэгийн цагийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг 59 минут 05 секундэд явган зорчигч Б.Б /шар өнгийн куртик, хар өмдтэй/ дүрслэгдэх бөгөөд уулзварын хойно явган хүний гарцаар ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлтэй явж байгаа дүрслэгдэнэ. ...22 цаг 59 минут 07 секундэд явган хүний улаан гэрэл ассан үед явган зорчигч явган хүний гарцаар алхаж явж байгаа нь дүрслэгдэнэ. ...22 цаг 59 минут 18 секундэд уулзварын хойшоо харсан гэрлэн дохио ногооноос шар гэрэл рүү шилжиж байгаа. ...22 цаг 59 минут 21 секундэд явган зорчигч Б.Бг хар өнгийн улсын дугаар харагдахгүй Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхдаа мөргөж байгаа нь дүрслэгдэнэ.” гэх /хэргийн 24-25 дугаар хуудас/,

        

         Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ харихаар ажлынхаа хүнд дайгдаад 25 дугаар эмийн сан дээр машинаас нь буугаад дээшээ Өргөө кино театр луу алхаад Номин худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт алхаад Өргөө кино театрын зүүн урд уулзварын хойд явган хүний гарцаар гарч байсан. Түүнээс хойш юу ч санахгүй байна, нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...Би улаан гэрэл ассан байхад нь гарцаар гарсан. Намайг 4 тийшээ харахад ямар нэгэн машин байгаагүй. Хөл хорио тогтооход 2-3 минут дутуу байсан учир би яараад гарсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

         Иргэний хариуцагч Э.Тодгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр улсын бүртгэлд байдаг боловч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Э.Дт худалдсан. Худалдах худалдан авах гэрээг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийсэн. Түүнээс машиныг хүлээлцсэн өдөр 03 дугаар сарын 25-ны өдөр юм. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй. Э.Д өөрөө хариуцна....” гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/,

 

         Гэрч Б.Энхдөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа буугаад Дтай ярихад “машины дугуй солиулж байна” гэхээр нь би Бичил хорооллын тэнд байх дугуй засвар дээр очсон. Ингээд бид хоёр юм ярьж байгаад дугуй засаад дуусахаар нь Д намайг гэрт хүргэж өгөхөөр 25 дугаар эмийн сан руу явахаар болсон. Д Мерседес бенз маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би хажуу талын урд суудал дээр нь суугаад Өргөө кино театрын хойд талаас уулзвар луу явж байхад зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байхаар нь уулзвар луу орох гэтэл явган хүний замаар гэнэт нэг эмэгтэй ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй гарч ирээд нэг зогтусаад шууд гүйхэд Д жолооны хүрдээ баруун дараад тоормосоо гишгэсэн. Тэгэхэд тэр эмэгтэй машины зүүн урд талын хэсэгт шүргүүлээд зам дээр унасан. ...тэр эгч дээр Д очоод түргэн цагдаа дуудаад өндийлгөөд суулгасан байсан. Тэр эмэгтэйг уулзвараас хойшоо 3-5 метрийн зайнд тулаад харсан. Жолоочийн явж буй эгнээ рүү харсан гэрэл дохио ногоон ассан, явган хүний гарцны гэрэл улаан асаж байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №312 дугаартай материалаар хийсэн шүүх шинжээчийн дүгнэлт:

“1. Б.Бгийн биед баруун эгэм ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд голомтлог цус хуралт, эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 58-60 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №1359 дугаартай Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн дүгнэлт:

  1. Хэргийн газраас бэхжүүлж авсан тоормосны мөр нь авто техникийн хурд тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
  2. Хэргийн газраас бэхжүүлж авсан Mercedes Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн уртаар хурдыг тодорхойлоход дунджаар 64,24 км/цаг гарч байна.” гэх дүгнэлт /хэргийн 78-80 дугаар хуудас/,

 

               “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 33462 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Mercedes Benz маркийн 320SEL загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд болон хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангахгүй байна.
  2. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн талын толь байхгүй, зүүн урд талын дохиогүй, зүүн урд хаалганы шил хагарсан, бүх дугуйн хээний гүн, мөн тээврийн хэрэгсэл дээрх арлын дугаарын сүүлийн 17 дахь тоо /MDB1400332A104110/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх дугаартай /MDB1400332A104111/ зөрсөн зэрэг гэмтэл зөрчилтэй стандартын шаардлага хангахгүй байгаа ба арлын дугаарын зөрчил нь гэрчилгээн дээрх бичилтийн алдаа байсныг архивын лавлагаа импортын гаалийн мэдүүлгээр тодруулав.
  3. Энэхүү тээврийн хэрэгсэл нь хий, хий шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй, тоормос бүрэн ажиллаж байна.
  4. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь хий, хий шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба тоормос гишгэх үед тоормосны мөр замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурд, замын гадаргуу, тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч тасалдсан мөр зам дээр үүснэ.” гэх дүгнэлт /хэргийн 90-93 дугаар хуудас/,

 

            2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

  1. Mercedes Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Д /***/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4.  Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 8.9.б-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохиог солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-д зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү /энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу/ нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
  2. Явган зорчигч Б.Б /***/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 Гэрэл дохио нь дараах утгатай байна г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэх /хэргийн 106 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Өргөө кино театрын зүүн замаар ертөнцийн зүгээр  хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр уулзвар луу орох гэтэл уулзварын хойд явган хүний гарцан дээр гэнэт нэг эмэгтэй хүн урд гарч ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргүүлээд газар унасан. Би машинаасаа бууж ирээд цагдаа, түргэний 102, 103 дугаарт өөрийн *** дугаараас дуудлага өгөөд удалгүй түргэн ирээд тэр эмэгтэйг авч яваад, би цагдаагийн бүрэлдэхүүнд уг хүнийг мөргөсөн газрыг зааж өгч үзлэг хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 143-144 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

         Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 16 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 46 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 101-102 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 129 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 132-134 дүгээр хуудас/, Э.Тодгэрэл, Э.Д нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 135-136 дугаар хуудас/, гэрч С.Өлзийсайханы мэдүүлэг  /хэргийн 149 дүгээр хуудас/, гэрч Ө.Алтанцэцэгийн мэдүүлэг  /хэргийн 152 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт  /хэргийн 156 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 157-161 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Д нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 59 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн урд уулзварын замд “Mercedes Benz” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа, мөн дүрмийн 8.9.б-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/шар гэрэл дохио нь гэрэл дохиог солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-д зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү /энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу/ нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, шар гэрэл дохио асаж байхад явган хүний гарцын өмнө зогсолгүйгээр явган хүний замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, жолоодох эрхийн лавлагаа, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

  Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Нөгөөтэйгүүр хохирогч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г-д “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж заасан заалтыг зөрчиж явган хүний гарцын улаан гэрлээр зам хөндлөн гарсан үйл баримт тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. 

        

         Товчоор дүгнэвэл шүүгдэгч Э.Д, хохирогч Б.Б нар замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг хэн аль нь биелүүлээгүй, шүүгдэгч зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй зорчсоны улмаас тус осол гарч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ. 

 

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

         Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

 

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

        Шүүгдэгч нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч Э.Дыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор 615.858 төгрөгийн баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид нийт 2.459.200 төгрөгийг /хэргийн 157-161 дүгээр хуудас, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгчээс нэмж 650.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн/ хохирол, хор уршигт төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

            Харин хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын болон бусад  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Э.Дын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

 

  Шүүхээс шүүгдэгч Э.Дыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүх цаг үеийн нөхцөл байдал, шүүгдэгчийн орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.  

 

  1. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Дыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардлын болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО