Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Ч.У, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ш-ийн Б-д холбогдох эрүүгийн 2035001020031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт Ш-ийн Б, 1969 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн .........тоотод оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хугацаагаар хорих ял биечлэн эдлүүлэхээр тогтоосон, регистрийн дугаар: .........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт орших Гашууны голд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Ч.У-ын эзэмшилд байсан эд хөрөнгө болох Самсунг жи-5 загварын гар  утас, шармал төмөр зүүлт, иргэн Г.О-гийн Хуавэй вайя 7 загварын гар утас зэрэг нийт 796’292 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэж дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035001020031 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ч.У-ын “...Би 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бөхмөрөн сумаас Улаангом суманд ирсэн ба маргааш нь буцаж сум руу явах гээд хойд дөрвөн замын зогсоол дээр зогсож байхад Г.О надтай утсаар яриад сум руу ачаа дайж явуулах гэсэн юм гээд удалгүй нэг эмэгтэйтэй хамт соната-7 загварын машинтайгаа ирсэн юм. Г.О надад “би гашууны голын тэнд найзындаа очиж хоол идэх гэж байна чи хамт очоод хоол идчихээд яваач” гэхээр нь хамт явсан. Гашууны гол дээр очоод нэг айлын ойролцоо зогсоход Г.О-тэй хамт явсан эмэгтэй “манай гэр энэ” гээд хажууд байсан гэрийг зааж байсан. Тэгээд Г.О танихгүй эмэгтэй бид 3 голын хажууд сууж байтал Г.О 1 шил Экс нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд бид 3 хувааж уугаад байж байсан юм. Тухайн үед би буцаж явах байсан учир архи их уугаагүй бөгөөд архи талаас доогуур орсон байх үед хажууд байсан гэрээс хоёр эрэгтэй хүн гарч ирээд бид нартай хамт сууж архи уусан. Би тухайн хоёр залууг огт танихгүй бөгөөд Г.О, Г.О-гийн найз нь таньж байсан. Тэр 2 залууг Н, М гэж дуудаж байсан. Удалгүй Н гэж дуудаж байсан залуу куртикныхаа дотор талын халааснаас 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд тойруулж ууцгаасан. Би тус архинаас нэг уусан, машин барих байсан учир их уугаагүй, архи задлаад удаагүй байхад Г.О машинаа унаад яваад өгсөн бөгөөд өөрийнхөө утсыг голын хажууд зүлгэн дээр үлдээчихсэн байхаар нь би авч халаасандаа хийсэн. Би Г.Ог хаашаа явсныг нь мэдээгүй буцаж ирэх байх гэж бодсон...” гэх мэдүүлэг[1],

“...Р.Нгээс “аль чигт явж зам руу орох вэ” гэж асуухад “одоо Г.О хүрээд ирэх байлгүй, Г.О лүү зАч хүрээд ирэх байх” гэж хэлсэн. Тэр үед миний гар утасны цэнэг дуусчихсан, Г.О-гийн гар утас цэнэгтэй ч би “дэлгэцийн кодыг нь мэдэхгүй яах вэ” гээд Р.Н-тэй хамт зогсож байтал гэрээс Ш.Б /М/, Д.Ц /Н/ нар гэрээс гарч ирээд Д.Ц гэрийн үүдэн дээр үлдээд харин Ш.Б над руу шууд хүрч ирээд “чи одоо яагаад байгаа пизда вэ? чи ямар том пизда вэ?” гэж хэлээд миний уруул руу гараараа 1 удаа цохихоор нь би Ш.Б-д “та яагаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Гэтэл Ш.Б миний гартаа барьсан гар утсыг харчхаад “наад утсаа өг” гэж хэлээд миний хацар болон цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохиод миний гарт байсан Самсунг жи-5 загварын гар утсыг булааж авсан. Тэгчхээд Ш.Б намайг хөлөөрөө бас өшиглөөд “чамд өөр юу байна, халаасанд чинь юу байна” гэж хэлээд миний өмдний халаасыг гараараа дарж үзээд халаасанд байсан Г.О-гийн гар утсыг өөрөө гаргаж авсан. Тухайн Г.О-гийн гар утастай хамт 3000 төгрөг байсныг Ш.Б нь авчхаад 3000 төгрөгийг “энийгээ ав” гээд буцааж над руу шидсэн. Тэгээд Ш.Б намайг дахин өшиглөхөд би газарт унасан. Намайг газарт унахад Ш.Б хөлөөрөө миний толгой дээр гишгээд “муу дөрвөд пизда минь ална шүү, чи хаашаа ч явахгүй шүү” гэж хэлээд хөлөө надаас авахад би босож ирсэн. Намайг босоход Ш.Б миний хүзүүнд байсан шаргал өнгийн шармал төмөр зүүлтийг хараад “наадах чинь алт юм уу, чи ямар том пизда бэ, наад гинжээ өг” гэж хэлээд миний гинжийг гараараа татахад гинж тасрахгүй байсан тул Ш.Б миний хүзүүнд байсан гинжийг тайлж авсан. Надаас гинж тайлж авах үед Ш.Б-ийн хажууд Д.Ц зогсож байсан юм. Тэр үед цаанаас 1 мотоциклтой залуу гэрийн ойролцоо ирж зогсоход Ш.Б нь Д.Ц-д “наад пиздаагаа намайг иртэл явуулахгүй байж бай” гэж хэлчхээд тэр мотоциклтой залуугийн ард сундлаад яваад өгсөн... Д.Ц-ийг гэр лүү оронгуут нь би тэндээс гүйгээд хойд талын ногооны талбайтай айлын хаалга дээр ирээд “хүн байна уу?” гэж дуудахад нэг эрэгтэй гарч ирэхээр нь би түүнд “хүнд зодуулаад утас, гинжээ дээрэмдүүлчихлээ, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэр залуу намайг гэр лүүгээ дагуулж ороход эхнэр нь гэх эмэгтэй байсан бөгөөд тэр залуугийн гар утасны цэнэг дуусчихсан байсан тул мотор асааж гар утсаа цэнэглээд цагдаад дуудлага өгөөд би тэр залуугийн хамт 12 дугаар багийн төв рүү цагдааг тосч очсон юм... Миний биед тогтоогдсон доод уруулын зулгаралт гэмтлийг Ш.Б миний гар утсыг надаас хүчээр авах үедээ уруул руу гараараа цохиж учруулсан, мөн миний хүзүүний гинж болон Г.О-гийн гар утсыг авах үедээ миний цээж рүү гараараа хэд хэд цохисноос болж намайг гэмтээсэн.” гэх мэдүүлэг[2],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ш.Б гарч ирээд “чи одоо яах гээд маяглаад байгаа юм” гэж хэлээд намайг цохиод гэрийн хажууд гаргаад миний утас болон манай найз Г.О-гийн утас, хүзүүнд байсан гинжийг авсан. Д.Ц ах гэрийн зүүн талд байсан. Тэгээд байж байтал мотоцикл ирсэн бөгөөд Ш.Б тухайн мотоцикл дээр суугаад “наадхаа намайг иртэл байлгаж байгаарай” гэж Д.Ц ахад хэлсэн. Тэгээд Д.Ц гэдэг хүн ийшээ яв гээд намайг өшиглөх маягтай үйлдэл хийсэн. Би тэндээсээ яваад тэр хавьд нэг айл байсан бөгөөд тэр айл руу яваад гаднаас нь дуудахад нэг залуу гарч ирсэн. Тэгээд “ах нь хүнд утсаа дээрэмдүүлчихлээ, цагдаа дуудмаар байна яаж дуудах вэ” гэхэд “болно болно” гээд мотор асаагаад утсаа 5 минут цэнэглээд утсаараа яриулсан...” гэх мэдүүлэг,

2. Г.О-гийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн “...2020 оны 12 дугаар сард болон 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.Р утсаар яриад “утасны мөнгийг төлж өгнө, чи гомдолгүй гээд хэлчих, энэ хүмүүсийг салгачихмаар байна” гэж хэлсэн. С.Р нь өнөөдөр миний данс руу хохиролд 820’000 төгрөг шилжүүлсэн. Яагаад С.Р нь миний утасны хохирол төлсөн болохыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],

3. Гэрч Д.Ц-ийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Би тухайн өдөр Ч.Утай огт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, түүнийг зодож цохисон зүйл байхгүй, утсыг нь авсан зүйл байхгүй. Тухайн үед Ш.Б ах Ч.У-ыг гэрээс дагуулж гарчхаад “явчихлаа” гэж хэлээд орж ирсэн бөгөөд Ш.Б ах Ч.У-ыг цохисон эсэх, түүний гар утсыг авсан эсэхийг нь би сайн мэдэхгүй, тухайн үед гадна харанхуй бүрий болсон байсан юм” гэх мэдүүлэг[4],  

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин гэрчээр өгсөн “...Г.О нь гэнэт машинаа асаагаад яваад өгсөн бөгөөд хаашаа явж байгаа талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Бид нар голын эргээс С.Р-гийн гэр лүү орсон бөгөөд Ч.У мөн бид нартай хамт гэр лүү орсон. Тэгэхэд С.Р ах уурлаад Ч.У-ыг гарч зайл пизда минь гээд хөөхөд Ч.У гэрээс гарсан. Ч.У гэрээс гарчхаад Р.Н-г дуудахад Р.Н гарсан ба араас нь Ш.Б ах гарсан юм. Би шээх гээд гарч ирэхэд Р.Н гэр лүүгээ орчихсон. Ш.Б нь Ч.У-ыг газарт унагачихсан зодоод байсан ба Ш.Б Ч.Ут “чи яасан том пизда бэ, наад зүүлтээ өг” гэж хэлээд Ч.У-ын хүзүүнд зүүсэн байсан зүүлтийг тайлж авсан. Ш.Б нь мөн Ч.Ут “гар утсаа өг” гэж хэлээд түүний халаасанд байсан гар утсыг авсан бөгөөд тухайн үед яг хэдэн гар утас авсныг нь би анзаарч хараагүй ямар ч байсан Ш.Б Ч.У-ын өмдний халаасанд байсан гар утсыг авч байсан. Тэгээд байж байтал манай сумын А.Алтаа гэх залуу мотоциклтой ирснийг Ш.Б ах дуудаад мотоциклд нь сундлагдаад Алагаагийн гэр лүү явсан. Явахдаа Ш.Б ах надад “энэ пиздааг хараад байж бай, явуулж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би Ш.Б-ийг явсны дараа би С.Р-гийн гэр лүү орчхоод гараад ирэхэд Ч.У явчихсан байсан. ...Тэгж байтал нөгөө Ч.У гэх залуу цагдаа нартай хамт ирээд Ш.Б бид хоёрыг дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Тухайн үед цагдаа нар гар утас болон гинжийг асуусан бөгөөд тэр үед Ш.Б ах надад “чи юм хэлж болохгүй шүү” гэж хэлэхээр нь би цагдаа нарт “тийм зүйл болоогүй, гар утас аваагүй” гэж худал хэлсэн. ...Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв юм. Би болсон явдлын талаар өөрийн эхнэр Д.Отгонзаяад үнэнээр нь хэлж байсан бөгөөд эхнэр маань надад “цагдаад мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэл” гэж хэлж байсан боловч Ш.Б, С.Р нар намайг гуйгаад байхаар нь л би худал хэлээд мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг[5]

4. Гэрч Р.Н-н “...Би гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтээд унтах гэхэд Ч.У гэх залуу орон дээр ирээд миний хажуугаар хэвтчихээд намайг тэврээд байхаар нь би босоод гэрт байсан хүмүүсээс санаа зовоод Ч.У-т “гаръя” гэж хэлээд түүнийг дагуулж гараад эвлэж байгаад явуулчихъя гэж бодоод дагуулаад гарахад Ч.У нь миний хоёр гараас татаад гэрийн арагшаа чирсэн тэгэхээр нь би “намайг аваарай” гэж хэлээд орилоход Ш.Б ах гэрээс гарч ирэхэд Ч.У миний гарыг тавьчхаад хойшоо гүйсэн. Тэгэхэд би гэр лүүгээ зөрөөд гүйгээд орсон бөгөөд Ч.У-ын араас Ш.Б ах гүйгээд явсан. ...Д.Ц, Ш.Б нар өглөө яваад өгсөн. Удалгүй Г.О нөхөр н.Начин, Ч.У гэх залуугийн хамт манайд ирээд, Ч.У нь надад “тэр ах намайг зодоод Г.О бид хоёрын утас болон миний гинжийг авсан” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг[6],

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Тухайн үед манай аав С.Р нь тухайн гар утаснуудыг олж авсан эсэх талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд манай аав С.Р нь уг гар утаснуудыг олж авсан талаар би мэдэхгүй байна. Энэ талаар манай аав С.Р мэдэж байгаа байх. Мөн тухайн хоёр гар утсыг олж авсан гэж мэдүүлэг өгөх талаар Ш.Б, Д.Ц нар нь ятгасан, гуйсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[7],

5. Гэрч С.Р-гийн “...би 08:00 цаг өнгөрч байхад гэрээс гараад хойшоо түнгэ рүү эргээд шээхэд гэрийн ар талын хаяаны орчим цэнхэр өнгийн хавтгай утас байсан. Мөн түнгэний хажууд ойрхон цайвар өнгөтэй хавтгай утас байсан. Би гээсэн утаснуудыг олж авчхаад гэр лүү орж ирээд гэрийнхээ авдар дээр 2 гар утсыг тавьсан ба асаалттай байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед Р.Н нь гэрт унтаж байсан. Би гэрээсээ гараад 2 цаг гаруй хугацаанд Тэрэм хад руу адуундаа яваад ирэхэд Р.Н орондоо унтаж байсан бөгөөд авдар дээр байсан 2 гар утас байхгүй байсан. Би манай урд талд байсан Алагаагийн гэрт очоод Алагаагаас “манай гэрт хүн ирсэн үү, 2 утас байсан алга” гэхэд А “танай гадна машинтай 2-3 хүн ирээд гэрт чинь орчхоод гараад явж байсан, танихгүй хүмүүс байсан, цагаан өнгийн машинтай ирээд явсан” гэж хэлсэн. Би охин Р.Н-гээс авдар дээр тавьсан утас хаана байгаа талаар асуухад “би мэдэхгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8],

6. Гэрч Ц.Т-ы “...2020 оны 7 дугаар сарын 29-ний орой 20:00 цагийн орчим жимсний талбайн урд талын айлын гаднаас хүмүүсийн хэрэлдэж маргалдаж байгаа гэмээр дуу чимээ гарч байгаад гэнэт тэр айлаас нэг мотоцикл хөдлөөд явах чимээ сонсогдсон. Мотоцикл яваад удалгүй хүний дуу чимээ гарахгүй болчихсон бөгөөд 10 гаруй минутын дараа манай жимсний талбайн хаалганы гаднаас “хүн байна уу” гээд нэг эрэгтэй хүн дуудсан. Тэгээд би гэрээс гарахад шар царайтай, дундаж нуруутай, 30 орчим насны нэг танихгүй эрэгтэй зогсож байсан бөгөөд “ах нь хүнд зодуулаад гар утас, гинжээ дээрэмдүүлчихлээ арай гэж зугтаж ирлээ, чи цагдаад дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би тэр эрэгтэйг дагуулаад гэрт ороход тэр ахын хамар, ам нүүрний орчмоос цус гарчихсан, бусдад зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[9],

7. Гэрч Д.Б-гийн “...Тухайн эрэгтэй хүн өөрийгөө Ч.У гэж хэлж байсан. Танихгүй дундаж өндөртэй, шар царайтай Бөхмөрөн, Баян-Өлгий чиглэлд хүн тээвэрлэдэг жолооч ажилтай гэж хэлж байсан бөгөөд тэр хүний ам, нүүр хэсэг нь цус болчихсон байдалтай зодуулсан байсан юм....” гэх мэдүүлэг[10],

8. Гэрч А.А-гийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 19:00-20:00 цагийн орчимд өөрийн улсын дугааргүй улаан өнгийн хятад мотоциклтойгоо бэлчээрт байх үхэр лүүгээ явж байтал голын хойд талд байсан Ё буюу С.Р-гийн гэрийн гаднаас манай нутгийн танил М буюу Ш.Б нь намайг гараараа даллаад дуудсан. Би мотоциклтойгоо гол гатлаад С.Р-гийн гэрийн хажууд очиход танихгүй шар царайтай нэг эрэгтэй /Ч.У гэх/ гэрийн гадна өвдөглөөд суучихсан байдалтай, тэр эрэгтэйн нүүр, ам орчимд цус болчихсон, зодуулсан байдалтай хажууд нь Ш.Б согтуу зогсож байсан ба намайг очих үед гэрээс Н буюу Д.Ц гарч ирсэн. Ш.Б надаас “чамд тамхи байна уу?” гэж асуухаар нь би “тамхи татдаггүй, байхгүй” гэхэд Ш.Б ах “аавын чинь тамхинаас татмаар байна, танай аавынд очъё” гээд миний мотоциклын ард сундалж суугаад хөдлөхөд Ш.Б ах Д.Цэд хандаж “наад залуугаа явуулж болохгүй, байлгаж байгаарай” гэж хэлсэн. ...замд Ш.Б ах надад “энэ залуу Ё-гийн охиныг оролдоод ноцолдоод байхаар нь Н бид хоёр салгаж авсан юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[11],

9. Гэрч Д.О-гийн “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өглөө манай нөхөр Д.Ц гэртээ ирсэн бөгөөд урьд орой С.Р-гийн гэрт хоноод ирсэн гэж хэлсэн. Тэр өдөр над руу цагдаагаас утсаар яриад манай нөхрийг асуусан бөгөөд би утсаар ярьчхаад нөхөр Д.Ц болсон явдлын талаар асуухад манай нөхөр Д.Ц “өчигдөр орой Ш.Б ах нэг залууг зодоод гар утас болон гинжийг нь авчихсан” гэж хэлсэн. Би Д.Ц-д “чи цагдаад очоод үнэнээ хэлээрэй” гэж хэлээд явуулсан бөгөөд тухайн үед Д.Ц нь “яаж хөгшин хүнийг тэгж хэлдэг юм, Ш.Б надаас гуйгаад байна” гэж хэлсэн. Тэр явдлаас хойш цагдаагаас Ш.Бийг дуудаж мэдүүлэг авсан ба тэр үед Д.Ц нь болсон явдлын талаар худал мэдүүлэг өгчихсөн гэж хэлж байсан. ...манай нөхөрт Ш.Б, С.Р нар “хэргийг нь аргалчихна” гэж хэлсэн учраас манай нөхөр цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг[12],

10. Гэрч Б.О-ын “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймагт байхдаа А.Энхзул гэх эмэгтэйгээс өөрийн Самсунг эс 9 загварын гар утсаар сольж авч байсан юм. ...Миний бие тухайн А.Э-ын барьж байгаа Хуавэй вайя 7 загварын гар утсыг “солих уу?” гэхэд “чинийх ямар утас юм бэ?” гээд миний Самсунг эс 9 загварын гар утсыг үзээд “за сольё” гэхээр нь сольж байсан юм. ...Тухайн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх манай ажил дээр А.Э-ын хамаатны хүн гээд нэг залуу ирээд миний Самсунг эс 9 загварын гар утсыг өгөөд тухайн Хуавэй вайя 7 загварын гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг[13],

11. Гэрч А.Э-ын “...2020 оны 8 дугаар сарын 10-ны орчимд би Увс аймгийн төвд орших Гашууны голын ширэг /зүлэг/ дээрээс 864579042184638 гэх IMEI кодтой Хуавэй вайя 7 загварын ар тал нь цэнхэр өнгийн гар утас байхыг олж авсан. Би Б-ын О-ыг таньдаг. Би өөрийн олсон 864579042184638 гэх IMEI кодтой Хуавэй вайя 7 загварын гар утсаа Б.О-тай 2020 оны 10 дугаар сард уулзаж байхдаа гар утсаа солих талаар асуухад Б.О надад Самсунг эс 9 плас загварын гар утас өгсөн...” гэх мэдүүлэг[14],

12. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаартай “...Үзүүлэгч Ч.У-н биед гэмтэл учирсан байна. Доод урууланд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Ч.У-н хэлсэн болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Доод урууланд зулгаралт, цээжний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбай хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт[15],

13. Эд зүйлд үнэлгээ хийсэн Увс Финанс-Аудит ХХК-ны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай “...2020 оны 7 дугаар сарын байдлаар Улаангом суманд шинэвтэр Хуавэй  вайя 7 загварын 2 симтэй гар утас, мобиком ба юнителийн сим картын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 647’125 /зургаан зуун дөчин долоон мянга нэг зуун хорин тав/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[16],

14. Эд зүйлд үнэлгээ хийсэн Увс Финанс-Аудит ХХК-ны 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай “...2020 оны 7 дугаар сарын байдлаар Улаангом суманд “Самсунг Ж-5” загварын гар утас, төмөр зүүлт, юнителийн сим картны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 149’167 /нэг зуун дөчин есөн мянга нэг зуун жаран долоо/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[17],

15. Шүүгдэгч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд Р.Н гадаа орилох шиг болохоор нь би гэрээс гүйгээд гарсан. Тэр үед Р.Н гэр лүү зөрөөд орсон бөгөөд би Ч.У-ыг Р.Н-г оролдсон гэж ойлгоод гүйж очоод Ч.У-ыг үгийн зөрүүгүй нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд өшиглөхөд газар унасан. Тэр үед Ч.У-ын уруулаас цус гарсан байхад тэр “цагдаа дуудна” гээд утас гаргаж ирэхээр нь “утсаа өг” гэж хэлээд утсыг нь булааж авсан. Тэгээд дахин халаасанд нь утас дугарахаар нь би түүний халаасыг нэгжиж үзээд нэг утас байсныг нь авсан бөгөөд цэнхэр өнгийн утас байсан. Би тухайн үед уг гар утаснуудыг өмднийхөө халаасандаа хийсэн. Тэгээд би Ч.У-ын хүзүүнд нь зүүлт байхаар тайлж өг гээд авчхаад ширэг рүү хаячихсан...” гэх мэдүүлэг[18]

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ё-гийн охин орилохоор нь би гарч харахад Ч.У хажууд нь байсан болохоор би энэ залуу тэр охиныг оролдсон юм болов уу гээд согтуу хүн уурандаа нэг удаа алгадсан нь үнэн. Гэтэл цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирэхээр нь утсыг нь булааж авсан. Хүзүүний гинж нь цамцнаас зуурах үед нь унасан байх. Дахиад нэг утас дугарахаар нь Ч.У-ын халааснаас тухайн утсыг авсан. Тэгээд би тамхи татахаар А-гийн залуутай мотоциклтой явахдаа байж бай, эргэж ирээд утсыг нь өгнө гэчхээд А-гийнд очоод тамхи татчихаад эргээд иртэл Ч.У явчихсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом 5 дугаар багийн нутагт орших Гашууны голын дэргэд байх гэрч С.Р-гийн гэрт болон гэрийн гадна хохирогч Ч.У нь гэрч Р.Н-г тэврэх, гараас нь чирэх зэргээр зүй бусаар харьцсаны улмаас шүүгдэгч Ш.Б нь хохирогч Ч.У-ын биед халдаж, доод урууланд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн биед халдах явцдаа түүний Самсунг жи 5 /Samsung j5/ загварын гар утас, төмөр гинж, мөн хохирогчид байсан гэрч Г.О-гийн Хуавэй вайя 7 /Huawei Y7/ загварын гар утсыг авч нийт 796’292 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Ч.У, гэрч Д.Ц, Р.Н, Ц.Т, Д.Б, А.А, Д.О, Г.О нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ш.Б-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн биед халдаж, бие махбодын болон оюун санааны хувьд өөрийн эрхшээлд оруулсны дараа хохирогчийг өөрийн эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэхгүй чадваргүй болгож эд хөрөнгийг нь авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ш.Б нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй байдалд халдаж, бусдын эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогч Ч.У-ыг зодож, түүний биед байсан эд хөрөнгийг авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэрч Р.Нн “...Би гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтээд унтах гэхэд Ч.У гэх залуу орон дээр ирээд миний хажуугаар хэвтчихээд намайг тэврээд байхаар нь би босоод гэрт байсан хүмүүсээс санаа зовоод Ч.Ут “гаръя” гэж хэлээд түүнийг дагуулж гараад эвлэж байгаад явуулчихъя гэж бодоод дагуулаад гарахад Ч.У нь миний хоёр гараас татаад гэрийн арагшаа чирсэн тэгэхээр нь би “намайг аваарай” гэж хэлээд орилоход Ш.Б ах гэрээс гарч ирэхэд Ч.У миний гарыг тавьчхаад хойшоо гүйсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.А-гийн “...замд Ш.Б ах надад “энэ залуу Ё-гийн охиныг оролдоод ноцолдоод байхаар нь Н бид хоёр салгаж авсан юм” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч Ч-ын зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон гэж дүгнэлээ.

Гэрч Д.Ц 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “...Тухайн үед Ш.Б ах Ч.У-ыг гэрээс дагуулж гарчхаад явчихлаа гэж хэлээд орж ирсэн бөгөөд Ш.Б ах Ч.У-ыг цохисон эсэх, түүний гар утсыг авсан эсэхийг нь би сайн мэдэхгүй, тухайн үед гадна харанхуй бүрий болсон байсан юм” гэж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Ш.Б нь Ч.У-ыг газарт унагачихсан зодоод байсан ба Ш.Б Ч.Ут “чи яасан том пизда бэ, наад зүүлтээ өг” гэж хэлээд Ч.У-ын хүзүүнд зүүсэн байсан зүүлтийг тайлж авсан. Ш.Б нь мөн Ч.Ут “гар утсаа өг” гэж хэлээд түүний халаасанд байсан гар утсыг авсан бөгөөд тухайн үед яг хэдэн гар утас авсныг нь би анзаарч хараагүй ямар ч байсан Ш.Б Ч.У-ын өмдний халаасанд байсан гар утсыг авч байсан. ... Тухайн үед цагдаа нар гар утас болон гинжийг асуусан бөгөөд тэр үед Ш.Б ах надад “чи юм хэлж болохгүй шүү” гэж хэлэхээр нь би цагдаа нарт тийм зүйл болоогүй, гар утас аваагүй гэж худал хэлсэн...” гэж зөрөөтэй мэдүүлсэн байна.

Гэрч Д.Цийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг нь гэрч Д.Отгонзаяагийн “...нөхөр Д.Ц болсон явдлын талаар асуухад “өчигдөр орой Ш.Б ах нэг залууг зодоод гар утас болон гинжийг нь авчихсан” гэж хэлсэн. Би Д.Ц-д “чи цагдаад очоод үнэнээ хэлээрэй” гэж хэлээд явуулсан бөгөөд тухайн үед Д.Ц нь “яаж хөгшин хүнийг тэгж хэлдэг юм, Ш.Б надаас гуйгаад байна” гэж хэлсэн. Тэр явдлаас хойш цагдаагаас Ш.Б-ийг дуудаж мэдүүлэг авсан ба тэр үед Д.Ц нь болсон явдлын талаар худал мэдүүлэг өгчихсөн гэж хэлж байсан. ...манай нөхөрт Ш.Б, С.Р нар “хэргийг нь аргалчихна” гэж хэлсэн учраас манай нөхөр цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэрч Г.О-д 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний нэхэмжлэгчийн эрх, үүрэг тайлбарлан өгч, хууль сануулж иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч тогтоол гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоон гэж заасныг зөрчсөн байна. Иймд гэрчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоохгүйгээр хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь хэргийн зүйлчлэл, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй болно. Прокурор нь Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т зааснаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд цаашид хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад гарсан зөрчлийг тухайн шатанд нь илрүүлж, арилгуулах арга хэмжээ авч байх нь зохистой.

Гэрч С.Р “...би 08:00 цаг өнгөрч байхад гэрээс гараад хойшоо түнгэ рүү эргээд шээхэд гэрийн ар талын хаяаны орчим цэнхэр өнгийн хавтгай утас байсан. Мөн түнгэний хажууд ойрхон цайвар өнгөтэй хавтгай утас байсан. Тэгээд би гээсэн утаснуудыг олж авчхаад гэр лүү орж ирээд гэрийнхээ авдар дээр 2 гар утсыг тавьсан ба асаалттай байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. ...Би гэрээсээ гараад 2 цаг гаруй хугацаанд Тэрэм хад руу адуундаа яваад ирэхэд Р.Н орондоо унтаж байсан бөгөөд авдар дээр байсан 2 гар утас байхгүй байсан...” гэж хэрэгт тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд энэхүү мэдүүлгүүд нь гэрч Д.Цийн “...Ш.Б нь Ч.У-ыг газарт унагачихсан зодоод байсан ба Ш.Б Ч.Ут “чи яасан том пизда бэ, наад зүүлтээ өг” гэж хэлээд Ч.У-ын хүзүүнд зүүсэн байсан зүүлтийг тайлж авсан. Ш.Б нь мөн Ч.Ут “гар утсаа өг” гэж хэлээд түүний халаасанд байсан гар утсыг авсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Н-н 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Тухайн үед манай аав С.Р нь тухайн гар утаснуудыг олж авсан эсэх талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд манай аав С.Р нь уг гар утаснуудыг олж авсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр тус тус няцаан үгүйсгэгдэж байх тул түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй юм.

Тодруулбал гэрч Д.Ц, С.Р нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд шүүгдэгч Ш.Б-д ашигтай мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Мөн гэрч Д.О “...манай нөхөрт Ш.Б, С.Р нар “хэргийг нь аргалчихна” гэж хэлсэн учраас манай нөхөр цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ш.Б нь гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Д.Ц 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хүний үндсэн эрхийг нь болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан зориуд худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

Гэрч Д.Ц нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв өөрийнх нь эсрэг, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй байдаг. Тодруулбал Д.Ц нь уг эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж мэдүүлэг өгсөн тул хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээнэ.

Шүүн таслах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж, харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй болон хэрэг гарах үеийн цаг агаарын болон гэрэлтүүлгийн нөхцөл байдал зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсвэл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар Эрүүгийн хуулиар зохицуулсан[19].

Прокурорын яллах дүгнэлтдээ дурдсан “Д.Ц хэргийн талаар гэрчийн мэдүүлэг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авахад худал мэдүүлсэн талаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлдэг боловч тухайн мэдүүлэг авах цаг хугацаанд Д.Цийг хэрэг бүртгэлтийн 203500102 дугаартай хэрэгт холбоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд шууд бусаар хохирол, хор уршиг учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул гэрч нарын болон шүүгдэгчийн дээр дурдсан үйлдлийг энэ хэрэгтэй нэгтгэн шалгах үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б, Д.Ц, С.Р нарын үйлдлийг шалгуулахаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэрч А.Э “...2020 оны 8 дугаар сарын 10-ны орчимд би Увс аймгийн төвд орших Гашууны голын ширэг /зүлэг/ дээрээс 864579042184638 гэх IMEI кодтой Хуавэй вайя 7 загварын ар тал нь цэнхэр өнгийн гар утас байхыг олж авсан. Би Б-ын О-ыг таньдаг. Би өөрийн олсон 864579042184638 гэх IMEI кодтой Хуавэй вайя 7 загварын гар утсаа Б.О-тай 2020 оны 10 дугаар сард уулзаж байхдаа солих талаар асуухад Б.О надад Самсунг эс 9 плас загварын гар утас өгсөн...” гэж, гэрч Б.О “...Миний бие тухайн А.Энхзулын барьж байгаа Хуавэй вайя 7 загварын гар утсыг солих уу гэхэд “чинийх ямар утас юм бэ?” гээд миний Самсунг эс 9 загварын гар утсыг үзээд “за сольё” гэхээр нь сольж байсан юм...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Тодруулбал гэрч А.Э нь гээгдэл эд хөрөнгө буюу Хуавэй вайя 7 загварын гар утсыг ашиглаж байгаад гэрч Б.О-ын Самсунг эс 9 загварын гар утсаар арилжсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Хуавэй вайя 7 загварын гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрөө ашиглаж, бусдад арилжиж эд хөрөнгийн эрх олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл баримт тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний өмчлөх эрхийг гэмт халдлагаас хамгаалах, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод үндэслэн А.Э-ын дээрх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт мэдээлэл хүргүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.У-ын “...Надад учирсан хохиролд Ш.Б нь 300’000 төгрөгийг өнөөдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр төлж барагдуулж, надаас уучлалт гуйсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.О-гийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...С.Р нь өнөөдөр миний данс руу хохиролд 820’000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Нарангэрэлийн “...Манай нөхөр Ш.Б нь зан аашийн хувьд илүү дутуу зангүй гэр орондоо хэл ам, хэрүүл маргаан хийгээд байдаггүй. ...Ш.Б нь гэр бүлдээ хайр халамжтай, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд байдаггүй хүн юм...” гэх мэдүүлэг[20], гэрч Д.О-ын “...Ш.Б нь зан аашийн хувьд даруухан, ямар нэгэн хэл ам гаргаад байдаггүй, үг дуу цөөтэй, даруу төлөв зантай залуу юм. Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаж байгаагүй, гэр бүлдээ хайр халамжтай, эхнэр хүүхэдтэйгээ хэрүүл маргаан гаргадаггүй, төлөв томоотой хүн юм...” гэх мэдүүлэг[21], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар[23], Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[24], Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт[25] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээрт багт эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хугацаагаар хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч “шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-д заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулан” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилсан, шүүгдэгч Ш.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан түүнд ял оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч Ш.Б нь бусдын өмчлөх эрхэд Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол, хор уршиг учруулсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх, 1.4-д “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ. Шүүгдэгч нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Хуавэй вайя 7 /Huawei Y7/ загварын гар утсыг хохирогчоос дээрэмдэж авсан байх тул уг гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ. Уг утас нь гэрч Г.О-гийн өмчлөлийн эд зүйл болох нь тогтоогдсон, шүүгдэгч Ш.Б нь С.Р-гоор дамжуулан гэрч Г.Од гар утасны үнийг нөхөн төлсөн байх тул уг гар утсыг улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Ш.Б-д 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих санал” гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ш-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Хуавэй вайя 7 загварын гар утсыг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА

[1] 1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас

[3] 1 дүгээр хх-ийн 67-69 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас

[6] 1 дүгээр хх-ийн 54-56  дугаар хуудас

[7] 1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас

[8] 1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас

[9] 1 дүгээр хх-ийн 61-62  дугаар хуудас

[10] 1 дүгээр хх-ийн 63-64  дүгээр хуудас

[11] 1 дүгээр хх-ийн 65-66  дугаар хуудас

[12] 1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас

[13] 1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас

[14] 1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас

[15] 1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас

[16] 1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас

[17] 1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас

[18] 2 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас

[19] Улсын Дээд Шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай тогтоол

[20] 1 дүгээр хх-ийн 90 дүгээр хуудас

[21] 1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас

[22] 2 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас

[23] 2 дугаар хх-ийн 34-35 дугаар хуудас

[24] 2 дугаар хх-ийн 36-39 дүгээр хуудас

[25] 2 дугаар хх-ийн 41 дүгээр хуудас