Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т ургийн овогт Ш-гийн А-т холбогдох эрүүгийн 2135000500070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Ш-гийн А 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .....

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.А нь Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутагт бэлчээрлэж байсан Завхан сумын иргэн Б.Б-ын адуунаас 2019 оны 12 дугаар сарын сүүлээр нэг тооны хээр зүсмийн морь хулгайлж хохирогч Б.Б-д 1’000’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2135000500070 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн “...2019.12.30-ны орой Өлгий сумын хүн Б гэх танил залуу утсаар холбогдож “танай адуутай төстэй адуу Өлгий сумын нутаг Бодоокын ууланд байна” гэхээр нь би “чи нүдээр үзээд өгөөч манай 17 тооны алаг азаргатай, хээр голдуу зүсмийн адуунууд байгаа” гэж хэлсэн. Удалгүй Б яриад “танай адуу мөн байна, яах вэ, ирж ав 15 тооны адуу байна шүү” гэхээр нь би 2 адуу дутлаа гэж бодож гайхаад Бадид Бодоокын уулаас доошоо буулгаад орхичих гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Бодоокын уул гэх газар луу мотоциклоор ганцаараа яваад очтол адуунууд буцаад уул руу гарчихсан байсныг очиж авсан. Тэгэхэд яалтачгүй 15 тооны адуу байсан ба 2 адуу буюу хээр морь, хүрэн гүү дутсан. ...Үүнээс хойш 4-5 хоногийн дараа Өлгий сумын Ш гэх танил залуу ярьсан. Учир нь адуу олдсоны дараа Ш-д Өлгий сумын хүн болохоор нь “адуу олдсон чинь 2 морь дутчихлаа сураглаад өгөөч” гэж захисан байсан. ...Ш “чиний захисан 2 морины нэг болох хүрэн гүүтэй төстэй морь манай адуунд байна. Адуун дээр очсон чинь нийлчихсэн байна, хэзээ нийлснийг нь мэдсэнгүй, чиний морь байна” гэж хэлэхээр нь тодруулж зүс, им тамгыг нь асуусан чинь миний морь мөн байсан. ...2020 оны намар 10 дугаар сард нөгөө Б гэх залуу дахиад утсаар холбогдож “таны гээсэн хээр морьтой төстэй морийг Өлгийн О буюу Ш.А гэх залуу алсан сураг гарсан” гэхээр нь би тодруулаад “ямар учиртай яаж алсан гэж байна” гэсэн чинь “О би бас тамгагүй хээр морь гээсэн байсан айлын адуунд төсөөтэй байхаар нь цаламдаж барьтал хөл нь гэмтчихээр нь алаад авчихлаа” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед ийм сураг сонсчхоод 2020 оны 10 дугаар сард би Өлгий сумын төв орж О-гийнд очиход гэртээ байсан. Уг залуутай ярилцаж алга болсон хээр морио тулгаж нэхсэн чинь эхэндээ мэдэхгүй гээд гүрийгээд юу ч яриагүй. Тэгэхээр нь би суугаад хоёр цаг орчим нэхээд дуугарахгүй болохоор нь “за чи үнэнээ хэлэхгүй бол чамайг яг одоо цагдаад хэлнэ” гэсэн чинь бас л юу ч ярихгүй байгаад байсан. Тэгэхээр нь гайхаад миний морийг аваагүй юм байхдаа, Б-ийг худлаа хэлсэн юм байх гэж бодоод Од “чамд 4 хоногийн хугацаа өгье, өгдөг газарт чинь өгнө шүү, үнэнээ хэл” гэж хэлчхээд гэр лүүгээ явсан. ... Оо буюу Ш.А миний гэрт 10 хоногийн дараа хүрч ирээд “би танай морийг авсан үнэн цагдаа шүүх битгий болооч морины өртгийг өгье, миний морьтой төстэй болохоор нь цаламдсан чинь хөл нь хугарчихаар нь алаад махыг нь зарсан” гэхээр нь “битгий худал ярь, чи морь гээсэн ч юм уу? манай морийг олж авсан ч юм уу? хэн мэдэх юм” гээд нэлээд асуугаад бараг 12 цагийн хугацаанд ярилцсан...” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Р.Д-ын “...Б.Б гэх хүн миний том хүү юм. Миний хүү Б.Б 2020 оны 12 дугаар сард 1 тооны хээр морь болон 1 тооны гүү алдсан хээр морь тухайн үед 7 настай би унаж хонь хариулдаг байсан юм. Харин тэр гүү ямар зүсмийн хэдэн настайг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед Завхан, Өлгий, Наранбулаг сумдын нутгаар 2 тооны адууг хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч М.Т-ын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин гэрчээр өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд манайх өөрийн хүнсний малаа гаргаж төхөөрсөн. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би өөрийн хүнсээ гаргаж дуусаад байж байтал Ш.А над руу утсаар ярьж хонгор морь ирээд барилцаад хүнсэнд гаргаад өгөөч гэж гуйсан. Тэхээр нь би хамт байсан О.Ч-ын хамт Ш.А-ын гэрт очиход Ш.А адуугаа тэр чигт нь гэрийн гадна тууж ирээд хашаанд шахсан байсан. Уг айлд Ш.А-ын ээж, эхнэр бас байсан. Ш.А, О.Ч бид 3 нийлж адуунаас Хонгор зүсмийн, цагаан өсгийтэй, ойролцоогоор 5 орчим настай, эр морийг барьж төхөөрсөн. Махыг хаа, гуя, сээр, хүзүү, ууц зэргээр салгаж бэлдсэн. Сээр хавс боогоогүй.  ...Үүнээс хойш ойролцоогоор 10-аад хоногийн дараа байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би тэмээгээ хураагаад Ш.А-ын гэрийн ард ойрхон явж байтал гэрээс нь 200-аад метрийн зайнд харганаас дэлтэй, хээр морь уясан байсан. Тухайн үед нар жаргаж байсан. Холын бараа тасраагүй, харанхуй болсон байсан ба уясан морь луу дөхөж очоод харсан чинь тамга олж хараагүй, хур дэлтэй /олон жил аваагүй дэл/ баруун чихэндээ /буруу чих/ цуулбар /шуулбар/ имтэй 5-6 насны бололтой эр морь байсан. Үүнийг харчхаад тэмээгээ туугаад гэр лүү явсан. ...Тухайн үед харанхуй бүрий болсон байсан тул ерөнхий зүс, дэл, им зэргийг анзаарч харснаас биш хөл гар нь бэртсэн үгүйг сайн хараагүй. Мөн хажууд нь өвс байсан үгүйг нь хараагүй тул мэдэхгүй байна. Хэзээ уг газарт аваачиж харганаас уясан болохыг мэдээгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч О.Ч-ын дахин өгсөн “...2019 онд айлууд хүнсний малаа гаргаж байсан цаг хугацаанд буюу 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр өглөө эртхэн 07-08 цагийн үед би М.Т над руу утсаар яриад “манайд хүрээд ирээч, хүнсний мал гаргалцаад өгөөч” гэхээр нь би мотоциклтой тэдний гэрт очсон. Тэдний гэрт эхнэр болон ээж нь байсан. М.Т бид хоёр тэдний хүнсний шийр мал гаргах гэж байтал Ш.А ирээд бид хоёрт “нэг хүнсний адуу гаргаад өгөөч” гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрч хамт тэдний гэр лүү мотоциклоор очсон. Тухайн үед Ш.А адуугаа тэр чигт нь аваад ирчихсэн. Гаргах морио барьж авч чадахгүй байсан тул бид 3 очингуутаа адуу шахаж байгаад хонгор зүсмийн, хөлийн /туурайны/ үзүүрт жоохон цагаантай, ойролцоогоор 5 орчим настай эр морь барьж авсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Б-ийн “...Миний нэрийг Б гэдэг. Зарим хүмүүс андуурч Б гээд байдаг. ...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Б над руу утсаар яриад “адуугаа гээлээ Өлгий сум руу явсан байж магадгүй байна, нутагтаа сураглаад өгөөч” гэж захиж хэлсэн. ...Би тэр үед мотоциклтой явж Бодоокын бэл гэх газарт очиход Б.Б-ын захисан нэг алагтай, голдуу хээр зүсмийн 14-15 тооны адуу байхаар нь Б.Б руу яриад “танай адуу бололтой 14-15 тооны адуу Бодоокын бэлд байна, ирж аваарай” гэж хэлсэн. ...Үүнээс хойш нэг билүү хоёр хоногийн дараа Б.Б яриад “адуугаа авлаа, олж өгсөнд баярлалаа, 2 морь дутлаа” гэсэн зүйл хэлсэн. Дутсан морийг нь би сайн мэдэхгүй. Тэгтэл Б.Б надад “дутсан 2 морь нь хүрэн гүү, хээр морь юм байна нутагтаа сураглаад хайгаад өгөөрэй” гэж захисан. ...2020 оны 10 дугаар сард Б.Б-ын хээр морийг Ш.А авсан байж магадгүй талаар сураг яриа гарсан тул үүнийг Б.Бод ярьж хэлсэн. Б.Б өөрөө Ш.А-тай уулзсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Я.Н-ын “...Худалдаалах тавилгаа хийж дуусгаад Ч-ийн портер загварын машинд ачиж аваад Өмнөговь, Өлгий сумын чиглэлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед явсан. Цаг хугацааг нь яг сайн санахгүй байна. Нэг өдөр тавилгаа ачаад эхлээд Өлгий сумын төв орсон. Өлгий сумын Хаан банкны урд хэсэгт зогсоод тавилга зарж эхэлсэн. Маргааш өдрийн 13 цагийн үед банкныхаа урд зогсож байтал мотоциклтой малчин байрын залуу ирж бид хоёртой уулзаад тавилга харсан. Тэр залуу Ч-той ярилцаад гадна зогсоод үлдсэн. ...Тэгсэн Ч тэр залууг “адууны махаар тавилга авъя” гэж байна гэснээс өөр зүйл хэлээгүй. ...нөгөө адууны махаар тавилга авна гэсэн залуугийн гэрт очсон. Очиход ирж уулзсан залуу эхнэр хүүхэдтэйгээ байсан. Нөгөө залууд “тавилгаар солих махыг нь авъя” гэдгээ хэлээд “өгөхөөр ярилцаж тохиролцсон тавилга чинь байхгүй байна. Наранбулаг сум ороод хийгээд аваад ирье” гэж хэлсэн чинь зөвшөөрсөн тул махаа ачиж аваад явсан. Тэр залуу мөлхөө тавилга авахаар болсон байсан. ...Тухайн үед хаа, гуяар хуваасан, гэдэс дотортойгоо нэг адууны мах ачиж аваад Наранбулаг орсон...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Б.Ч-ын “...Тэгэхэд эхлээд Өлгий сум орохдоо тавилгаа Хаан банкны гадна байрлуулаад худалдаалж байтал нөгөө Ш.А гэх залуу мотоциклтой ирээд надтай уулзаж тавилга үзэж сонирхсон. Ш.А тавилга дотроос 800’000 төгрөгийн үнэтэй мөлхөө тавилгыг /хойморт тавьдаг авдартай зурагтын том авдар гэмээр зүйл/ авахаар ярилцаж эхэлсэн. Тэгэхэд Ш.А “тавилгыг адууны махаар худалдаалах уу?” гэхээр нь би зөвшөөрч эхлээд адууны махыг харахаар болсон. Ш.А-ын гэр нь Өлгий сумын төвд байдаг тул тавилгаа зарж байгаад очиж үзэхээр болсон. 17-18 цагийн үед байх Я.Н явахаар болж тавилгаа машинд ачиж байтал Ш.А над руу залгаж дуудахаар нь очиж хашаа руу нь ороход адууны мах гэрийн гадна байсан өөрийнх нь жийп машин дотор байсан ба үзсэн чинь дунд зэргийн цогцтой /биетэй/ цэвэрхэн гаргасан, тарган адууны мах байсан. ...Тухайн үед мах ачиж авч байхад Ш.А эхнэртэйгээ байсан. Тухайн адууны махыг хаа, гуяар нь салгаад цэвэрхэн уталчихсан мах байсан...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Д.Б-ын “...2020 оны 10 дугаар сард Өлгий сумын төв дээр байхад манай гэрт Завхан сумын иргэн Б.Б гэх хүн ирсэн. Тэгээд манай нөхөртэй гэрийн гадна юм ярилцаад байсан. Тэгээд нөгөө хүн явахаар нь би нөхрөөсөө “ямар учиртай хүн бэ?” гэж асуухад манай нөхөр надад урьд нь “2015 онд гээгдсэн даага гүйгээд ирчхэж” гэж хэлж байсан. “Тэгээд түүнийг барьж имийг нь үзэх гээд барьж авах гээд уургалтал мөсөн дээр унаад гэмтчихсэн юм. Тэгээд тэр морины эзэн юм байна” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Манай нөхөр 2020 оны 12 дугаар сард байх яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна нөгөө Завхан сумын Б.Б гэх хүнд 1 сая төгрөгийг хүргэж өгсөн гэж хэлж байсан. ...2019 оны өвөл манайх хүнсэндээ адуу хэрэглэх гээд Хонгор зүсмийн 5-6 орчим насны морь нядалсан ба сумын төвд уг адууны махыг авч ирээд байж байтал Наранбулаг сумын Ч гэх хүн гэрийн тавилга зарж явахаар нь уг адууны махаа өгөөд гэртээ мөлхөө тавилга авч тавьсан юм аа. Тэгээд тэр жил адууны мах хүнсэндээ хэрэглээгүй...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Т.А-ийн “Бид хоёр төрөл садан ах дүүгийн холбоо байхгүй. Нэг багийн хүмүүс болохоор бие биенээ сайн танина. Ер нь бол манай адуу хаана байгаа талаар асууж сурагладаг байсан. Түүнээс биш хээр зүсмийн адуу алдаж хайж сураглаж байгаагүй. Миний хувьд Ш.А-ын хээр зүсмийн адуу алдсан гэж сонсож байгаагүй. Ш.А нь 20 гаруй тооны адуутай юм....” гэх мэдүүлэг[9],

10. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаартай “7 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 /нэг сая/ төгрөг, 4 настай гүү 700’000 /долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[10],

11. Шүүгдэгч Ш.А-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сард өдрийн тодорхой сайн санахгүй байна. Мал хариулж явж байтал замд алаг азаргатай адуу таарсан. Уг адуутай 2-3 өдөр дараалан таарсан ба миний мал хариулж явсан газарт бэлчээрлэж байсан. Уг айлын адуунд урьд нь миний гээгдүүлсэн, тамгагүй хээр зүсмийн морьтой адил зүсмийн морь байхаар нь уг морийг барьж тамгыг нь үзэхээр шийдсэн. Ингээд уг айлын адууг Бодоокын гол руу тууж оруулаад голын хөвөөнд шахаж байгаад нөгөө хээр зүсмийн морийг дээсэн бугуйлаар цаламдаж /бугуйлдаж/ барьсан. Уг морийг цаламдаж бариад татахад морь голын мөсөн дээр унаж хөлөө гэмтээсэн. Уг морийг тамгатай эсэхийг харахад тамгагүй байсан ба миний гээгдүүлсэн морьтой зүс, им нь яг таарч байсан. Уг морийг үзчихээд орхиод явах гэхээр хөл нь гэмтчихсэн зовуурьтай байхаар нь гэр лүүгээ авч яваад гэрийн баруун талд байх харганатай газарт хүргээд харганаас олсоор уяж орхиод өвс тавьж өгсөн. Уг моринд өвчин намдаах малын тариа хийж уяатай 2 хонуулсан. 3 дахь өдрийн өглөө нөгөө морин дээр яваад очсон чинь биеийн байдал нь муу байсан тул алж авахаас өөр ямар ч аргагүй болоод алж өвөл хүнсэндээ хэрэглэсэн. Бид хоёр учрыг олох гэж ярилцсан чинь 2019 оны 12 дугаар сард айлын адуунаас авч алсан хээр морь уг Б.Б гэх хүний морь болж таарсан...” гэх мэдүүлэг[11],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...малын бэлчээрт хэдэн адуу байсан. Захаар нь өнгөрч явсан чинь буруу чихэндээ сэтэрхий имтэй миний морь таарсан. 3 жил дэлийг нь авч засаагүй, сүүлийн хэдэн жил ямар ч хүн гар хүрээгүй байдалтай, тарган, догшин омголон зантай адуу байсан. Тухайн морины эзнийг 2, 3 хоног сурагласан боловч эзэн нь тодроогүй. Нэг өдөр би тухайн морийг голын мөс рүү шахаж бариад миний морь мөн үү гэдгийг нь шалгах зорилгоор тамгыг нь харах гэтэл голын мөсөн дээр халтирч унаад хөлөө гэмтээсэн. Тэгээд тухайн моринд тариа хийгээд гэрийнхээ гадна авч ирээд 2, 3 хоног ажиглахад ямар ч хоол өвс тэжээл идээгүй, тэгээд үхэхэд тулахаар нь өөрийнхөө идшинд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутагт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-ын адуунаас 1 тооны хээр зүсмийн 7 настай морийг авч нядалсан үйл баримт хохирогч Б.Б, гэрч М.Т, Б.Б, Д.Б, шүүгдэгч Ш.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.А 2016 онд 3 настай хээр зүсмийн морь алга болгосон гэж мэдүүлдэг боловч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй, мөн гэрч Т.А-гийн “Ер нь бол манай адуу хаана байгаа талаар асууж сурагладаг байсан. Түүнээс биш хээр зүсмийн морь алдаж хайж сураглаж байгаагүй. Миний хувьд Ш.А-ыг хээр зүсмийн морь алдсан гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн “Уг айлын адуунд урьд нь миний гээгдүүлсэн, тамгагүй хээр зүсмийн морьтой адил зүсмийн морь байхаар нь уг морийг барьж тамгыг нь үзэхээр шийдсэн. Ингээд уг айлын адууг Бодоокын гол руу тууж оруулаад голын хөвөөнд шахаж байгаад нөгөө хээр зүсмийн морийг дээсэн бугуйлаар цаламдаж /бугуйлдаж/ барьсан. Уг морийг цаламдаж бариад татахад морь голын мөсөн дээр унаж хөлөө гэмтээсэн. Уг морийг тамгатай эсэхийг харахад тамгагүй байсан ба миний гээгдүүлсэн морьтой зүс, им нь яг таарч байсан” гэх мэдүүлэг нь гэрч М.Т-ын “...Би тэмээгээ хураагаад Ш.А-ын гэрийн ард ойрхон явж байтал гэрээс нь 200-аад метрийн зайнд харганаас дэлтэй, хээр морь уясан байсан. Тухайн үед нар жаргаж байсан. Холын бараа тасраагүй, харанхуй болсон байсан ба уясан морь луу дөхөж очоод харсан чинь тамга олж хараагүй, хур дэлтэй /олон жил аваагүй дэл/ баруун чихэндээ /буруу чих/ цуулбар /шуулбар/ имтэй 5-6 насны бололтой эр морь байсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал шүүгдэгч Ш.А нь тухайн морийг өөрийнх нь биш гэдгийг мэдэж байсан тул бусдаас нуух зорилгоор гэрээсээ хол, харганатай газар уясан байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж уламжлалт нүүдлийн мал аж ахуйд түшиглэн амьдардаг малчин иргэдийн өмчийн эрхийг тусгайлан хамгаалахаар зохицуулсан бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг хулгайлах гэмт хэргээс тусгайлан 17.12 дугаар зүйлд хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн обьектив талын талын үндсэн шинж нь бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар хангагддаг.

Шүүгдэгч Ш.А нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, 500 гаруй тооны малтай атлаа амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн нэг тооны морийг хулгайлж авсан байна. Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хэсгийн “хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэж заасныг хассан байна. Өөрөөр хэлбэл тухайн хэсэгт заасан шүүгдэгчид оногдуулах боломжтой хөнгөн ялыг хасжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар түүнийг үйлдлийг зүйлчилж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 1’000’000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь 76 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Б-ын “...Надад учирсан хохирлыг 1’000’000 төгрөгөөр Ш.А-тай тохиролцсон ба хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй. Ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлтээр[12] тогтоогдож байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.А-ын хувийн байдлын талаар гэрч Ш.Т-ийн “...Манай төрсөн ах Ш.А төлөв даруу зантай уур уцааргүй юманд нухацтай ханддаг, бусдыг хүндэтгэн харьцдаг, бусдыг гутаан доромжлох дургүй, ёс суртахуун сайтай, багаасаа гэр бүлийн төлөвшил сайтай, гэр бүлдээ халамжтай, ах дүү хамаатан садан нутаг усандаа нэр хүндтэй, ямар нэгэн хорт зуршил байхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тамхи татдаггүй, манай хамгийн том ах бөгөөд дүү нартаа үлгэр дуурайлал болж аливаа юмыг зааж сургаж байдаг. Дүү нартаа аавын оронд аав болсон хүн юм аа...” гэх мэдүүлэг[13], гэрч Б.Г-ын “...Манай авга ах Ш.А төлөв даруу зан ааштай, хүнд тусархаг, элдэв янзын хорт зуршил байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй айлын том нь юм аа...” гэх мэдүүлэг[14], гэрч Ш.Н-гийн “...Ах маань мал маллаж, мал дээр өссөн, одоо ч гэсэн мал маллаж байна. Зан харилцааны хувьд эелдэг зөөлөн, даруу төлөв зантай, бидний төлөө, ажлыг хийж бүтээе гэсэн бодолтой л амьдарч байгаа...” гэх мэдүүлэг[15], гэрч Б.Э-ын “...Ш.А нь зан аашийн хувьд ямар ч хүнтэй харьцдаг, хүнийг ялгаж харьцдаггүй, элдэв янзын хорт зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй гэр орон эхнэр хүүхдэдээ халамжтай зочломтгой зантай залуу юм...” гэх мэдүүлэг[16], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь Увс аймгийн Өлгий сумын Чаргат багт эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд анх удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...өмгөөлөгчийн санал үндэслэлгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс үзвэл миний үйлчлүүлэгчийн анх удаа мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох үндэслэл болдог. Шүүгдэгч Ш.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн малтай андуурч авсан гэх мэтээр хэрэгт тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй мэдүүлж байгаагаас дүгнэхэд үйлдсэн гэмт хэргийнхээ хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугаа бүрэн гүйцэт ойлгон ухамсарлаагүй байна. Тодруулбал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь шүүгдэгчийн субьектив шинжтэй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгоор хэлсэн үгээр тодорхойлогдохгүй бөгөөд тухайн хэрэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн объектив шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.А нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн хээр зүсмийн морийг унаж явсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг морийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга гэж үзэж хураан авах нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох морины үнийг буюу 1’000’000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулах үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн 1’000’000 төгрөгийг, хураан авахаар шийдвэрлэсэн 6 настай хээр зүсмийн морийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Ш.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуучин эмээл, хазаар, олс, бор бариултай хутгыг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн шүүгдэгч Ш.А-ын хээр зүсмийн морийг битүүмжилсэн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт Ш-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ат оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох морины үнэд 1’000’000 төгрөгийг, гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан уналга болох 6 настай хээр морийг шүүгдэгч Ш.А-аас тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Ш.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуучин эмээл, хазаар, олс, бор бариултай хутгыг тус тус устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шүүгдэгч Ш.А-ын хээр зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 15-21 дүгээр хуудас

[2] хх-ийн 29 дүгээр хуудас

[3] хх-ийн 38-39 дүгээр хуудас

[4] хх-ийн 36-37 дугаар хуудас

[5] хх-ийн 48-50 дугаар хуудас

[6] хх-ийн 63-64 дүгээр хуудас

[7] хх-ийн 66 дугаар хуудас

[8] хх-ийн 68-69 дүгээр хуудас

[9] хх-ийн 79 дүгээр хуудас

[10] хх-ийн 89 дүгээр хуудас

[11] хх-ийн 124-125 дугаар хуудас

[12] хх-ийн 24 дүгээр хуудас

[13] хх-ийн 71 дүгээр хуудас

[14] хх-ийн 73 дугаар хуудас

[15] хх-ийн 75 дугаар хуудас

[16] хх-ийн 77 дугаар хуудас

[17] хх-ийн 158 дугаар хуудас