| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2021/00001/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч М.Мэндбаяр
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.Б холбогдох эрүүгийн 2039004420090 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, яс үндэс халх, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, CMKI ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг гэртээ өөрийн хүүхэд болох насанд хүрээгүй Б.О Б.М нарыг гараараа цохих, гар утасны цэнэглэгчээр ороолгох зэргээр зодож насанд хүрээгүй хохирогч Б.М ын эрүүл мэндэд нь баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Насанд хүрээгүй хохирогч Б.М ын 2020 оны 10-р сарын 06-ны өдөр өгсөн: “Би аав болон дүүгийн хамт Бор-Өндөр сумын 2-р баг оршин суудаг. Би волейболын секцэнд явдаг юм. Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сурагч нэг өдрөөр сургууль дээрээ багшийн оронд хичээл заасан. Тэгээд 19 цаг 30-40 минутын хооронд гэртээ харьсан. Намайг гэртээ ороход манай дүү болон аав хоёр байсан. Аав намайг оройтож ирлээ, дүүгийнхээ хоолыг хийж өгөөгүй гээд хоёр гараараа ээлжлээд миний хацар луу хоёр удаа алгадаж, гараа атгаж байгаад хоёр удаа цохиж, гараараа элгэн тус газар нь нэг удаа цохисон. Цохихоор нь намайг хамгаалахаар боль зүгээр зогс гээд байсан. Тэгээд гар утасны цэнэглэгч аваад нуруу хэсэг рүү тав зургаа удаа, толгой хэсэг рүү хоёроос гурван удаа, хоёр хөл рүү хориос гучин удаа ороолгосон. Тэгээд дүү бид хоёрыг буйдан дээр зэрэгцүүлж суулгаад намайг дүүдээ хоол хийж өг, гадуур битгий тэнээд бай гэсэн агуулгатай зүйлс ярьсан. Тэгээд гар утасны хоёр ширхэг цэнэглэгч давхарлаж байгаад миний хөл рүү дөрөвөөс таван удаа ороолгосон. Дүүгийн хөлрүү нэг, нуруу хэсэг рүү дөрөв тав, гар луу нь нэг удаа ороолгож харагдсан. Тэгээд аавын уур арай гайгүй болоод хоол ундаа хийж идээд амарцгаасан. Би он сараа сайн санахгүй байна. Ер нь уурлах болгондоо л загнаж, намайг алгадаж, цохьдог. Баруун хөлний гуя хэсэг хөхөрч, бага зэрэг хавдсан. Баруун хөлний шилбэ хөндүүртэй. Намайг 11, 12 настайгаас эхэлж, гар хүрч зодох болсон. Уул нь хааяадаа зүгээр нэг уурлахаараа айхтар уурладаг. Түргэн ууртай. Өөрийнх нь үгнээс зөрөх, хэлснээр нь байхгүй байснаас болж уурладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/
-Гэрч О.Н 2020 оны 10-р сарын 06-ны өдөр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 02-ны орой Б.М аа над руу аав бид хоёрыг зодоод байна, бид хоёрыг авахгүй юмуу гэж мессеж бичээд зургаа чатаар явуулсан. Тэгэхээр нь би ямар ч байсан хоёр дүүгээ авая, хувцас хунараа бэлдэж бай, маргааш унаа олоё гэсэн. Тэгээд маргааш нь унаа олж Б-г ажилдаа явсан хойгуур унаанд Б.М , Б.О хоёрыг суулгаж аймаг руу гэртээ авчруулсан. Хагас сайнд ирсэн болохоор шууд цагдаад хандаагүй, хамаатангуудтай ярилцаж байгаад 108 утсанд хандаж, тэгээд цагдаа дээр ирсэн. Хүүхдүүддээ хатуу ханддаг. Өөрийнхөөрөө байлгах гэдэг. Ямар ч тайлбар сонсдоггүй. Урьд нь эхнэртээ маш хатуу хандаж, гар хүрдэг байсан. Эхнэр нь 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр нас барсан. Түүнээс хойш хоёр хүүхэдтэйгээ цуг амьдрах болсон. Ш.Б ахынх манай гэр бүлтэй нэг доор цуг амьдарч байсан учраас ерөнхийдөө би зан аашийг нь сайн мэддэг. Гэр бүлийнхэндээ байнга гар хүрдэг. Гар утас эдрийг нь булааж авдаг. Их овлигогүй хүндээ. Харахад их даруу төлөв. Эрүүл согтуугүй гэр бүлдээ асуудал үүсгэж, зоддог. Хоёулаа уйлсан муухай царайны хоёр хүүхэд ирсэн, хоёулангийнх нь бие хөхөрч, зодуулсан байдалтай байсан. Цаашид энэ хоёр хүүхдийг өөр дээрээ өсгөх бодолтой байгаа. Энэ хоёр маань ч гэсэн над дээр байх хүсэлтэй байгаа. Аав нь байнга зодож дарамталдаг болохоор аавыгаа уучлахгүй, очихгүй гээд байгаа. Бид хоёрыг аав руу битий явуулаарай гээд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
-Насанд хүрээгүй гэрч Б.О ын 2020 оны 12-р сарын 14-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгий Бор-Өндөр сумын 2-р баг аав, эгчийн хамт амьдардаг. Манай ээж 2020 оны хавар өвчний учир нас барсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой аав над руу утсаар яриад “хоол идэх үү” гараад ир гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Хувцасаа өмсөөд гарахад аав байрны үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд аав бид хоёр Б.М эгчийг аваад хоол идэх газар хайгаад явсан. Тухайн үед Б.М эгч сургууль дээрээсээ гэртээ ирээгүй байсан. Багш нарын баяр болж байгаа гээд Б.М эгч багш болсон. Бид 3 хоол идэх газар олдохгүй болохоор нь хүнсний дэлгүүрээс хоолны материал аваад гэртээ орсон. Бид нарыг гэртээ ороод хоол хийх гэж байхад аав Б.М эгчийг “дүүгийнхээ хоолыг хийж өгсөнгүй” гээд загнаад байхаар нь би айгаад өөрийнхөө өрөөнд орсон. Намайг өрөөндөө байхад аав Б.М эгчийг загнаад, зодож байгаа бололтой байсан. Эгч уйлаад байсан. Тэгтэл аав удалгүй намайг хүрээд ир гээд дуудахаар нь очиход Б.М эгчийн гуя руу аав цэнэглэгчээр ороолгож байсан. Намайг хажууд нь очиход цэнэглэгчээрээ миний зүүн гуя болон зүүн гаран дээр ороолгосон. Дараа нь намайг газар унагасан. Тэгээд аавын уур гайгүй болж Б.М эгч бид хоёртой юм ярьж байгаад хоолоо хийж идээд унтсан. Намайг гэртээ байхад Б.М эгчийг гэртээ ирсэнгүй, мөн надад хоол хийж өгөөгүй, дүүгээ өлсгөлөө гэж уурлаад эгч бид хоёрыг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 79/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №611 тоот:
1.Б.М ын биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №610 тоот:
1.Б.О ын биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, гуянд цус хуралт, зүүн дал, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,
-Насанд хүрээгүй хохирогч Б.М ын 2020 оны 12-р сарын 08-ны өдөр дахин өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 15 тоотод аав, дүүгийн хамт амьдардаг. Манай ээж 2020 оны хавар өвчний улмаас нас барсан. Би Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Хичээлээс гадуур гар бөмбөгийн секцэнд явдаг. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баярын өдөр болж, сургууль дээр сурагчийн нэг өдрөөр бага ангийн багш болсон юм. Би сургууль дээр хичээл зааж байгаад орой 18 цагийн үед тарсан. Хичээл зааж тараад ангийнхаа хүүхдийн гэрт очиж хамт байж байгаад гэр лүүгээ 19 цаг 40 минутын үед харих гээд явж байхад аав залгаад "Дүүтэй чинь хамт дэлгүүр явж байна, хаана байгаа юм" гэж асуухаар нь байгаа газраа хэлсэн. Тэгэхэд аав, дүү 2 хамт машинтай ирээд хүнсний дэлгүүр орж хоолны материал аваад гэртээ харьсан. Бид нар гэртээ ороод шууд миний толгой руу гараараа цохисон, элэг рүү цохисон, мөн алгадсан. Намайг том өрөө рүү оруулаад гар утасны цэнэглэгчээр ороолгосон. Мөн дүүг бас цэнэглэгчээр ороолгосон, алгадаад элэгдсэн, мөн үсдсэн. Тухайн үед аав их уурласан байсан. Тэгээд дүү бид 2-ыг хамт буйдан дээр суулгаж байгаад зэмлэсэн, намайг дүүдээ хоол хийж өгч бай, гадуур битгий яваад бай гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Тэгээд аавын уур гайгүй болоод өндөг, хиам шарж идээд орой болж унтацгаасан. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө аавыг ажилдаа явсан хойно аймаг руу Н эгчтэй ярьж байгаад унаа олоод Хэнтий аймаг руу дүүгээ аваад явсан. Аймгийн төвд Н эгчийнд очоод болсон асуудлаа хэлэхэд Н эгч 108 тусгай дугаарт залгаж мэдээлэл өгсөн. Аав архи уугаагүй, эрүүл байсан. Б.О бид 2-ыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр л тэгж зодсон. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй. Харин дүү бид 2-ыг болж бүтэхгүй юм хийвэл аав загнаж, зэмлэдэг. Тухайн үед намайг дүүдээ хоол хийгээгүй, намайг оройтлоо гэж уурлаад зодсон байх. Аав дүү бид 3-аас өөр хүн байгаагүй. Миний бие зүгээр байна, ямар нэгэн зовиур байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо аавтайгаа хамт байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 59/
-Насанд хүрээгүй гэрч Б.О ын 2020 оны 12-р сарын 14-ний өдөр дахин өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 15 тоотод аав, эгчийн хамт амьдардаг. Манай ээж 2020 оны хавар өвчний улмаас нас барсан учраас аав, эгчтэйгээ хамт байдаг юм. 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой аав над руу утсаар яриад "Хоол идэх үү" гараад ир гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан учраас хувцсаа өмсөөд гарахад аав байрны үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд аав бид 2 Б.М эгчийг аваад хоол идэх газар хайгаад явсан. Тухайн үед Б.М эгч сургууль дээрээс гэртээ ирээгүй байсан юм. Багш нарын баяр болж байгаа гээд Б.М эгч багш болсон. Бид 3 хоол идэх газар хайж яваад олдохгүй болохоор нь хүнсний дэлгүүрээс хоолны материал аваад гэртээ орсон. Бид нарыг гэртээ орсоны дараа хоол хийх гэж байхад аав Б.М эгчийг "Дүүгийнхээ хоолыг хийж өгсөнгүй" гээд загнаад байхаар нь би айгаад өөрийнхөө өрөөнд орсон. Намайг өрөөндөө байхад аав Б.М эгчийг загнаад, зодож байгаа бололтой байсан, эгч уйлаад байсан. Тэгтэл удалгүй аав намайг хүрээд ир гээд дуудахаар нь очиход Б.М эгчийн гуя руу аав цэнэглэгчээр ороолгож байсан. Намайг хажууд нь очиход цэнэглэгчээрээ миний зүүн гуя болон зүүн гаран дээр ороолгосон. Дараа нь намайг газар унагасан. Тэгээд аавын уур гайгүй болж тайвшраад Б.М эгч бид 2-той юм ярьж байгаад хоолоо хийж идээд унтаж амарсан. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өглөө босоход аав байхгүй, ажилдаа явчихсан байсан. Б.М эгч бид 2 үдээс хойш Хэнтий аймаг руу аавд хэлэхгүй явсан. Аав тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан. Намайг гэртээ ганцаараа байхад Б.М эгчийг эрт гэртээ ирсэнгүй, мөн надад хоол хийж өгөөгүй, дүүгээ өлсгөлөө гэж уурлаад эгч бид 2-ыг зодсон байх. Тухайн үед бид 3-аас өөр хүн байгаагүй. Аавын мөнгөнөөс 100.000 төгрөг дэрэн дор нь байж байхаар нь би аавд хэлэлгүй 20.000 төгрөг аваад, үлдсэн мөнгийг нь дэрэн дор нь үлдээсэн. Тэгэхэд аав мэдчихсэн байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр намайг загнаж, зодохдоо "Намайг мөнгө авсныг мэдсэн байсан бөгөөд дахиж хэлэхгүйгээр мөнгө авч болохгүй гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 79/
-Гэрч О.Н ын 2020 оны 12-р сарын 04-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар оршин суудаг. Миний талийгаач эгчийн хоёр хүүхэд болох Б.М , Б.О нар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд аав Ш.Б хамт гурвуулаа амьдардаг. Би эгчийнхээ хоёр хүүхэдтэй байнгын холбоотой утсаар ярьдаг, чаталдаг байсан. Тэгсэн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр /он сарыг нь одоо сайн санахгүй байна/ Б.М чатаар аав намайг зодоод байна гэхээр нь яаж зодсон юм гэсэн өөрийнхөө зодуулсан хэсгийн зургыг дарж явуулсан. Тэр зурган дээр хөл нь хөхөрсөн байсан. Хөлөө харуулаад аавтайгаа баймааргүй байна гэхээр нь дүүтэйгээ хамт Бор-Өндөр сумаас Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирэх унаа байвал суугаад хүрээд ир гэж дуудсан. Дуудаад үдээс хойш машинд суугаад хүрээд ирсэн. Ирэхээр нь Б.О ын биеийг харсан гар, нуруундаа гэмтэлтэй байсан. Манай гэрт ирээд Б.М надад аав бид хоёрын байнга шахуу зодоод байна гэхээр нь 108 дугаарын утасруу залгаж дуудлага өгч цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Миний эгч 2020 дугаар 05 сарын 29-ний өдөр нас барсан. Тэр цагаас хойш тэр гурав хамт байсан. Тэр хугацаанд байнга зодож байсан үгүйг нь би мэдэхгүй. Б.М манай гэрт ирээд байх үедээ ингээд зодоод байна гэхээр нь л би цагдаад мэдэгдсэн. Одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд аав Ш.Б хамт байгаа. Надад сүүлд нь хэлэхдээ байнга зодсон асуудал байхгүй, одоо аавтайгаа хамт амьдарна гээд аавтайгаа хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
Хууль ёсны төлөөлөгч П.О-ийн “...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Б.М ын ээж нь 2020 оны хавар өвчний улмаас нас барсан. Би Б.М ын нагац эгч нь байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57/
-Насанд хүрээгүй хохирогч Б.М ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 75-76/
-Яллагдагч Ш.Б 2020 оны 12-р сарын 11-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CMKI" ХХК-ны менежер хийдэг бөгөөд Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 15 тоотод 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэртээ харихаасаа өмнө хүү Б.О той утсаар ярихад "Би гэртээ ганцаараа байна, өлсөөд байна" гэж хэлэхээр нь "Эгч чинь ирээгүй байгаа юм уу" гэж асуухад гэж ирээгүй гэж хэлэхээр нь охин руугаа залгаад "Хичээл чинь өдөр тарсан байхад яагаад хариагүй юм бэ" гэж асуухад "Манай ангийн хүүхэд гэртээ ганцаараа байгаа юм, хань болж байна" гэж хэлэхээр нь "Дүү чинь гэртээ ганцаараа байхад, айлын хүүхдэд хань болдог нь ямар учиртай юм гэж хэлээд гэртээ хариа" гэж хэлээд утсаа тасалсан. Би гэр лүүгээ явж байхдаа Б.О той дахиад утсаар яриад "Та 2 гараад ир, хамт гадуур хоол идье" гэж дуудсан. Бид нар хамт гадуур хоолны газар хараад явсан чинь хоолтой газар байгаагүй. Тэгэхээр нь бид 3 хүнсний дэлгүүр ороод хоолны материал аваад гэртээ харьсан. Гэртээ орж ирээд өндөг, хиам шарах гэж бэлдээд байж байхдаа 2 хүүхдээ загнаж зэмлэсэн. Учир нь талийгаач ээжийгээ өнгөрснөөс хойш манай охин гэртээ 2, 3 хоног хоноогүй, гэр орондоо тогтохгүй, сэтгэл санаа нь тогтворгүй, оройтож ирээд байхаар нь "Эхлээд ээжээсээ хойш эмэгтэй хүүхэд хэцүү байгаа байх гэж бодоод юм хэлдэггүй, ойлгодог байсан", харин дүү нь гэртээ хоолгүй өлсөөд байна гэх үед уур хүрээд байсан болохоор загнасан. Би 2 хүүхдээ загнаж, зэмлэж байхдаа жоохон юм ойлгог гэж бодоод цэнэглэгчний залгуураар хэд хэдэн удаа ороолгосон. Тэгээд 2 хүүхэд уйлаад суухаар нь би хэсэг байж байгаад 2 хүүхэдтэйгээ ярилцсан. Тэгээд болсон үйл явдал, цаашид ямар байх, яаж амьдрах талаараа ярилцаад ойлголцсон. Гэртээ хариагүй оройтоод, дүүдээ хоол хийж өгөөгүй байхаар нь уурласан. Мөн өмнө нь гэртээ 2, 3 хоног хоноогүй, гэр орондоо тогтохгүй зэрэг байдлыг нь бодож байгаад уурандаа ийм асуудал хийсэн. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/
-Хууль ёсны төлөөлөгч П.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Ш.Б нь одоо хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Гэр бүлийн хүн нь 2020 оны 05 сарын 30-ны өдөр нас барсан, талийгаач нь миний төрсөн ахын хүүхэд байсан ба нагац эгч нь байгаа юм. Талийгаачийг нас барах үед би Солонгос улсад байсан. Ш.Б надтай уулзаж уучлалт гуйсан, би охин Б.М д төгсөх ангийн хүүхэд гэр орноосоо холдож болохгүй гэж хэлж зөвлөж байгаа. Ш.Б хувьд их л томоотой, бараг л дуугардаггүй шахуу хүн. Нэг уурлахаараа цочмог уурладаг юм шиг байгаа юм. Манай талийгаач дүүтэй гэр бүл болсон цагаас нь бид нар Бор-Өндөрт хамт амьдарч байна. Ш.Б нь өмнө нь хүүхдүүддээ гар хүрч байгаагүй, одоо хүүхдүүдтэйгээ энгийн харилцаатай байгаа” гэв.
-Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн өдөр ганцаардаад бухимдсандаа буруу зүйл хийсэн. Өмнө нь хүүхдүүддээ гар хүрч байгаагүй, үг хэлдэг байсан. Тэр өдөр манай хүү өлсөөд байна гэж утсаар хэлэхэд нь охин руу утсаар ярьж дүү чинь гэртээ ганцаараа байхад чи өөр хүүхдэд хань боллоо гэж хэлсэн. Өмнө нь хүү миний түрийвчнээс 100.000 төгрөг алга болсон байсан, дараа нь ойлгуулж хэлсэн. Тухайн өдөр охинд уурласан үедээ тэр нь бодогдоод хүүгээ зодсон. Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49-15 тоотод гэртээ өөрийн хүүхэд болох насанд хүрээгүй Б.О Б.М нарыг гараараа цохих, гар утасны цэнэглэгчээр ороолгох зэргээр зодож насанд хүрээгүй хохирогч Б.М ын эрүүл мэндэд нь баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.М , насанд хүрээгүй гэрч Б.О гэрч О.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 611 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар зөрөөгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Б.М ын бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №611 тоот шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй Б.М ын биед хөнгөн хохирол учирсан болох нь, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №610 тоот шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй Б.О ын биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, гуянд цус хуралт, зүүн дал, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон боловч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тус тус тогтоогдсон байна.
Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49-15 тоотод гэртээ “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар өөрийн хүүхэд болох насанд хүрээгүй Б.О Б.М нарыг гараараа цохих, гар утасны цэнэглэгчээр ороолгох зэргээр зодож насанд хүрээгүй хохирогч Б.М ын эрүүл мэндэд нь баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Бямбасүрэнг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:
1-рт.Шүүгдэгч Ш.Б нь өөрийн охин Б.М ыг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу “дүүдээ хоол хийж өгсөнгүй, гэр орондоо эрт ирсэнгүй” гэх нөхцөл байдлын улмаас зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
2-рт.Шүүгдэгч Ш.Б 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүүхдээ зодсон үйлдэл нь байнгын шинжтэй байсан, удаа дараа давтагдаж байсан, бусдын бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан, охин Б.М д сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодид нь гэмтэл учруулж байсан, хохирол учруулж болох нөхцөл байдал үүсгэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
3-рт.Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.
4-рт.Шүүгдэгч Ш.Б хүүхдээ зодсон үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинж тогтоогдохгүй, түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын шинжтэй байхыг шаардана гэж хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Бямбасүрэнг охин Б.М ыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Ш.Б хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ш.Бямбасүрэнд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М ын биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.М , түүний хууль ёсны төлөөлөгч П.О нар нь “гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Ш.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүхээс шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 700 нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр
зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-Б-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ