Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01144

 

      2017 оны 04 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01144

               Улаанбаатар хот

  

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

                             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23в байрны 62 тоотод оршин суух, Цэций боржигин овогт Пүрэвдоржийн Лхагвадорж /РД-ЧА79010390/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж, 11 дүгээр байр, 148 тоотод оршин суух, Баатад овогт Минжиймаагийн Төгсбаяр /РД-ЦГ68092119/-т холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн, хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Лхагвадорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: П.Лхагвадорж нь өөрийн өмчлөлийн эксковатор, ковшийг М.Төгсбаярт түрээслүүлэх зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 03/16 тоот механизм түрээсээр ажиллуулах гэрээг байгуулсан.

Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн ашиглалтад Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Гурван Ухаа гэдэг газар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахад зориулж дээрх механизмуудыг шилжүүлэх, хариуцагч нь уг механизмуудыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд ашиглаж, түрээсийн 1 сарын төлбөрт нийт 27 сая төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж механизмуудыг хариуцагчийн үйл ажиллагаа явуулах газарт нь хүргэж өгч, техникийн хэвийн ажиллагаа болох операторчноор хангасан.

Гэрээний дагуу хариуцагч нь түрээсийн төлбөр болон тээвэрлэлтийн зардалд 88,300,000 төгрөг төлөх үүрэг үүссэн ба үүнээс 12,550,000 төгрөгийг төлсөн.

Талууд тооцоо нийлсэн актыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн бөгөөд тус актаар механизмуудын ажилласан хоног болон хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 75,750,000 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан тус тус баталсан.

Анх шүүхэд 75,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч 69 сая төгрөгийг зөвшөөрсөн учир нэхэмжлэлээ багасгасан.

Уг багасгасан шаардлагаа дэмжиж байгаа тул М.Төгсбаяраас 69,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Төгсбаяр нь П.Лхагвадоржтой 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгчээс түрээсийн механизмуудыг хүлээн авсан.

Дээрх тохиролцооны дагуу үүргээ талууд биелүүлж ажиллах ёстой байсан боловч миний өөр бусад тоног төхөөрөмжид гарсан эвдрэл, гэмтлийн улмаас нөхөн сэргээлтийн ажил нь бүрэн хэрэгжиж ашиг орлого өгч чадаагүй. Нэгэнт ашиггүй болсон тул бид ярилцаад тооцоо нийлж үлдэгдэл төлбөрт тохирсон гэрээ хийсэн.

Түрээсийн төлбөр, тээврийн хөлсөнд 15,250,000 төгрөг өгсөн, хамгийн сүүлд 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд хийсэн тул үлдэгдэл төлбөрөөс хасч тооцогдох ёстой.

Үлдэгдэл төлбөр болох 69 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 69 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч М.Төгсбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.Лхагвадорж нь нөхөн сэргээлтийн ажилд зориулж худалдаж авсан нийт 90 орчим сая төгрөгийн үнэтэй бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг тус түрээсийн гэрээний төлбөрийн тооцоонд барьцаалан авч, “түрээсийн мөнгөө өгч байж, эд зүйлээ ав” гэсэн байдаг. М.Төгсбаярт барьцаалуулах хүсэл сонирхол байгаагүй.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг барьцаалан авах үед М.Төгсбаяр очиж чадаагүй, ажилтай байсны улмаас гэрч Д.Энхтөрийг явуулсан. Гэтэл Д.Энхтөр нь өөр хүнийг П.Лхагвадорж руу явуулж эд хөрөнгийг тоолуулсан байдаг боловч ямар ч баримтгүй ирсэн. Ингээд М.Төгсбаяр нь П.Лхагвадорж руу тооллого хийсэн баримт байхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгийн жагсаалт гаргасан 2 тал гарын үсгээ зурсан.

Ингэхдээ тэд түрээсийн төлбөрөөс 30 сая төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөх, үлдэгдэл төлбөрийг хавар өгөхөөр тохиролцсон байхад П.Лхагвадорж нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу авсан гэж байна.

Иргэний хуулийн 301 дүгээр зүйл нь мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд барьцаалж байгаа бол бичгээр гэрээ байгуулах ёстой.

Гэтэл талууд анх түрээсийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ямар нэгэн арга хэмжээ авна гэж тохиролцоогүй.

Нэхэмжлэгч тал автомашиныг М.Төгсбаярын эзэмшилд бүртгэлгүй гэж байна. Уг машиныг найзаасаа худалдаж аваад хэрэглэж байсан. Мөнгийг нь дараа нь өгч нэрээ шилжүүлэхээр тохироод эзэмшилдээ авч, хөдөө ашиглаж байхад нь аваад явсан учир шаардах эрхтэй.

            Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтуудыг үндэслэн 89,119,000 төгрөгийн үнэлгээ бүхий баригч ширээ 2 ширхэг /цаашид ш гэх/, конвэйрийн ком 2 ширхэг, сэгсрэгч ком 2 ш, цахилгааны шит 1 ш, генератор 7,5/970 1 ш, генератор 7,5/1450 1 ш, генератор 5,5/2900 2 ш, цахилгаан барабан /шатсан/ 1 ш, кабелийн утас 500 м, усны насос-1, түлшний насос 1 ш, усны насос 1 ш, тасдагч /том/ -1 ш, тасдагч /жижиг/ 1 ш, өрөм 2 ш, цэнхэр сав 3 ш, Жи мобайл антенн 1 ш, хар фанер 9 ш, ширээ 1 ш, сандал 10 ш, компрэссор 1 ш, угаалгын машин 1 ш, бутаар 1 ш, дорцов ком 1 ш, түлхүүр ком 1 ш, электрод 12 ш, ор 8 ш, шар канистр 4 ш, тосол 20 л, жижиг паажуур 1 ш, гэрийн хулдаас 20 м, Хюндай старекс автомашин зэргийг П.Лхагвадоржоос гаргуулж өгнө үү.

            Шар канистр 100 ширхэг, машин угаагч зэргийг нэхэмжлэгчээс шаардаж байсан боловч гэрч Д.Энхтөрд 6 ширхэг канистр, машин угаагч нь байна гэж надад хэлсэн учир уг тус эд хөрөнгийг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь гэрээний үүргээ зохи ёсоор биелүүлээгүй, нөхөн сэргээлтэд ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдээ бусдад шилжүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж болзошгүй байсан тул өөртөө туслах үүднээс Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар эд хөрөнгийг саатуулан барьсан.

            Дурдсан эд хөрөнгийг нь мөнгөө төлчихвол буцааж өгөхөд бэлэн байгаа. Талууд эд хөрөнгөө хүлээлцсэн акт үйлдсэн. Электрод 1 хайрцаг 3 ширхэг байсан тэрийг өгнө, усны насосыг 2 удаа бичсэн байсан. 1 байгаа. Ганомыг усны насос гэж андуурч бичсэнээ болсон байдаг. Мөн шалны хулдаас 20 м гэсэн байна. Нэхэмжлэгч хулдаас хүлээж аваагүй, актад байхгүй. Бид 11 дүгээр сард гэрийг буулгасан бөгөөд хулдаас нь газартайгаа наалдсан байсан учир түүнийг шатаасан. Хьюндай старекс машин нь М.Төгсбаярын өмчлөлд бүртгэлгүй өөр хүний нэр дээр бүртгэлтэй болох нь үзлэгээр тогтоогдсон. Иймээс шаардах эрхгүй.

            Тиймээс шүүхийн шийдвэр гарсны дараа эдгээр эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.Лхагвадорж нь хариуцагч М.Төгсбаяраас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75,750,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч М.Төгсбаяр, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 69,000,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Иймээс шүүх хариуцагчийн дээрх зөвшөөрлийг Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан П.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй, М.Төгсбаярт холбогдох иргэний хэргийн хариуцагч М.Төгсбаярын, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төгсбаяраас 502,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Лхагвадоржид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 Хариуцагч М.Төгсбаяр, нэхэмжлэгч П.Лхагвадоржоос 89,119,000 төгрөгийн үнэлгээ бүхий баригч ширээ 2 ширхэг /цаашид йш гэх/, конвэйрийн ком 2 ширхэг, сэгсрэгч ком 2 ш, цахилгааны шит 1 ш, генератор 7,5/970 1 ш, генератор 7,5/1450 1 ш, генератор 5,5/2900 2 ш, цахилгаан барабан /шатсан/ 1 ш, кабелийн утас 500 м, усны насос-1, түлшний насос 1 ш, усны насос 1 ш, тасдагч /том/ -1 ш, тасдагч /жижиг/ 1 ш, өрөм 2 ш, цэнхэр сав 3 ш, Жи мобайл антенн 1 ш, хар фанер 9 ш, ширээ 1 ш, сандал 10 ш, компрэссор 1 ш, угаалгын машин 1 ш, бутаар 1 ш, дорцов ком 1 ш, түлхүүр ком 1 ш, электрод 12 ш, ор 8 ш, шар канистр 10 ш, тосол 20 л, жижиг паажуур 1 ш, гэрийн хулдаас 20 м, Хюндай старекс автомашин зэрэг эд хөрөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр шар канистр 6 ширхэг, машин угаагч зэргийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлээ багасгаж байна. /хх-203, 205 дугаар хуудас/

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч П.Лхагвадорж,  хариуцагч М.Төгсбаяр нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, улмаар нэхэмжлэгч нь М.Төгсбаярыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх шалтгаанаар түүний эд хөрөнгийг барьцаалан авсан болох нь тогтоогддог бөгөөд энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. /хх-204-205 дугаар хуудас/

Нэхэмжлэгч тал уг сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... өөртөө туслах үүднээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар эд хөрөнгийг саатуулан барьсан, ... түрээсийн үүргээ биелүүлчихвэл өгөхөд татгалзахгүй, ...” гэж тайлбарлан, мэтгэлцдэг. /хх-205 дугаар хуудас/

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхгүй байгаатай холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж заажээ.

 Дээрх хуулийн заалтаас үзэхэд уг барьцааны эрх хэрэгжих угтвар нөхцөл нь зөвхөн хөлслөгчийн эд хөрөнгөд хамаарахаас өөр этгээдийн эд хөрөнгө хамаарахгүй, мөн хөлслөгчийн эд хөрөнгө нь түүний хөлслөн авсан орон сууцанд, эсвэл газар дээр нь байрлаж байх ёстой байна.

Талууд хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулаагүйгээс гадна нэхэмжлэгчийн барьцаалан авсан уг хөдлөх эд хөрөнгөд дээрх барьцааны эрх байхгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... хариуцагч нь автомашины эзэмшигч биш учир шаардах эрхгүй” гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Хьюндай старекс маркийн 9768ОРО улсын дугаартай автомашин нь иргэн Б.Бадмаараг гэх этгээдийн эзэмшилд бүртгэлтэй байгаа хэдий ч тухайн үйл явдал болох үед хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан, мөн П.Лхагвадорж нь гэрээний үүрэгт хамааралгүй этгээдйн эд хөрөнгийг барьцаалах эрхгүй тул хариуцагч М.Төгсбаяр нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс уг автомашиныг гаргуулахаар шаардах эрхтэй байна. /хх-

Нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардаж буй түлхүүрийн ком, дорцовын ком, тасдагч /том/ зэргийг гэрч Д.Энхтөрд байгаа гэдгийг нотлохоор түүгээр тодорхойлолт бичүүлэн шүүхэд гарган өгч байх боловч уг баримтыг гэрчийн мэдүүлэгтэй адилтгах боломжгүй юм.

П.Лхагвадорж нь барьцаалсан эд хөрөнгийн жагсаалт үйлдэн хариуцагч М.Төгсбаяраар гарын үсэг зуруулсан байдаг тул уг жагсаалт, үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. /хх-23-24,

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Лхагвадоржийн хууль бус эзэмшлээс баригч ширээ 2 ширхэг, конвэйрийн ком 2 ширхэг, сэгсрэгч ком 2 ш, цахилгааны шит 1 ш, генератор 7,5/970 1 ш, генератор 7,5/1450 1 ш, генератор 5,5/2900 2 ш, цахилгаан барабан /шатсан/ 1 ш, кабелийн утас 500 м, усны насос-1, түлшний насос 1 ш, тасдагч /том/ -1 ш, тасдагч /жижиг/ 1 ш, өрөм 2 ш, цэнхэр сав 3 ш, Жи мобайл антенн 1 ш, хар фанер 9 ш, ширээ 1 ш, сандал 10 ш, компрессор 1 ш, угаалгын машин 1 ш, бутаар 1 ш, дорцов ком 1 ш, түлхүүр ком 1 ш, электрод 1 бүтэн хайрцаг, 3  ш /боодол/, ор 8 ш, тосол 20 л, жижиг паажуур 1 ш, Хьюндай старекс автомашин зэрэг эд хөрөнгийг гаргуулан, хариуцагч М.Төгсбаяр олгож, харин гэрийн хулдаасыг нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа гэх үйл баримт баримтаар нотлогдоогүй учир уг сөрөг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч П.Лхагвадоржоос 603,145 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.П.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй, М.Төгсбаярт холбогдох иргэний хэргийн хариуцагч М.Төгсбаярын, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Лхагвадоржийн хууль бус эзэмшлээс баригч ширээ 2 ширхэг, конвэйрийн ком 2 ширхэг, сэгсрэгч ком 2 ш, цахилгааны шит 1 ш, генератор 7,5/970 1 ш, генератор 7,5/1450 1 ш, генератор 5,5/2900 2 ш, цахилгаан барабан /шатсан/ 1 ш, кабелийн утас 500 м, усны насос-1, түлшний насос 1 ш, тасдагч /том/ -1 ш, тасдагч /жижиг/ 1 ш, өрөм 2 ш, цэнхэр сав 3 ш, Жи мобайл антенн 1 ш, хар фанер 9 ш, ширээ 1 ш, сандал 10 ш, компрессор 1 ш, угаалгын машин 1 ш, бутаар 1 ш, дорцов ком 1 ш, түлхүүр ком 1 ш, электрод 1 бүтэн хайрцаг, 3  ш /боодол/, ор 8 ш, тосол 20 л, жижиг паажуур 1 ш, Хюндай старекс автомашин зэрэг эд хөрөнгийг гаргуулан, хариуцагч М.Төгсбаяр олгож, үлдэх гэрийн хулдаас гаргуулах сөрөг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төгсбаяраас 502,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Лхагвадоржид, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч П.Лхагвадоржоос 603,145 төгрөг гаргуулан хариуцагч М.Төгсбаярт тус тус буцаан олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД