Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/ШШ2019/0001

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/ШШ2019/0001

Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б…” ХХК

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын 7.3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б...” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Төв аймгийн Аптанбулаг сумын нутагт орших “Б...” ХХК-ийн --------- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс, хайрга олборлон боловсруулах үйлдвэрийн 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-н мэргэжилтэн Б.Баярмагнайд танилцуулж хүлээн авахаар хүргүүлсэн. Манай албан бичгийн хариуг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/769 тоот албан бичгээр ирүүлэхдээ төлөвлөгөөг хянан үзэхэд бичвэр хэсэг болон хүснэгтэн мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, худал тоон утгатай хавсаргах шаардлагатай зураг дутуу, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялгийн Урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн ТЭЗҮ-д тавигдах үндсэн шаардлагууд ба ТЭЗҮ хүлээн авах журмын 7.3-т тухайн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутам төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу боловсруулах үүргийг хүлээнэ гэж заасны дагуу одоог хүртэл техник эдийн засгийн үндэслэлээ тодотгон шинэчлээгүй тул 2018 он үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж баталгаажуулахгүйгээр буцааж байгааг мэдэгдье” гэжээ.

Бидний гомдол гаргаж буй Захиргааны хэм хзмжээний акт нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарсан Засгийн газрын "Захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөх тухай 119 дүгээр тогтоолд Захиргааны хэм хэмжээний акт заавал хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлж, “хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэний дараа л хүчин төгөлдөр дагаж мөрдөж, энэ шаардлагыг хангаагүй Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус байна... гэж тодорхой заасан бөгөөд үүнийг 2015 оны Захиргааны ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйлд хуульчилж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр заасан байхад өнөөг хүртэл дээрх журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй /Засгийн газрын 119-р тогтоол 2010.05.19/ Захиргааны ерөнхий хуультай зөрчилдөж байна. Энэ журмын үндэслэсэн хэсэгт Ашигт малтмалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, 48 дугаар зүйлийн 48.6.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Энэ үндэслэл нь дээрх журмыг боловсруулах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй байна.

“Б...” ХХК нь 2011 онд техник, эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулан Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгсөн. ТЭЗҮ-ээр уурхайг 8 жил нөөцдөө тааруулж ажиллуулахаар хийсэн. 2013 онд элс хайрганы уурхайг улсын комисст хүлээлгэн өгч түүнээс хойш 8 жил нь тооцогдож байгаа 2020 онд дуусна. Зарим жил ажиллахгүй байна. Ийм байхад 5 жил тутамд ТЭЗҮ-г тодотго гэсэн шаардлагыг тавьж байна.

Ингэж хүчин төгөлдөр бус Захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг тулган шаардаж 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө танилцаж хүлээн авч зөвшөөрөл өгөөгүй учраас 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, газар ус ашиглах дүгнэлт, гэрээ хийгдээгүй. Манай компанийг Төрийн хяналт шалгалтын байгууллага, Иргэний хөдөлгөөний зүгээс уурхайн үйл ажиллагааг хааж, торгууль тавьж, бид ажлаа хийж чадахгүй хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж ажлаа явуулаагүй байж Төрийн болон татварын байгууллагад 17 сая төгрөг төлж хохирч байна.

Энэхүү Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 07-ны 74 дүгээр тушаалаар батлагдсан ТЭЗҮ хүлээн авах журам нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдаж бүртгэгдээгүй Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №4-д нийтлэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4-д заагдсан шаардлагыг хангаагүй Засгийн газрын 119 дүгээр тогтоолыг биелүүлээгүй зөрчилдөж буй тул “Б...” ХХК-ний хувьд тус журмын 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Эрдэс баялаг, эрчим хүчний сайд /хуучин нэрээр/ нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.6.1 дэх заалтыг тус тус үндэслэж 2012 оны 074 дүгээр тушаалыг баталсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1-д “...тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 хоногийн дотор” гэж заасан байсан бөгөөд энэхүү заалтыг Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар өөрчлөн найруулсан.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 074 дүгээр тушаалаар баталсан журмын 7.3-т “Уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаас хойш ашиглалт явуулалгүй 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд болон техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл нь тухайн төслийн чухал үндсэн баримт бичиг бөгөөд энэхүү баримт бичигт тулгуурлан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг боловсруулдаг болно. 

Дээрх журам батлагдан гарсанаар төрийн байгууллага нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүнд сурталгүй, зөвхөн журамд заасны дагуу түргэн шуурхай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой билээ.

Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг төслийн хүчин чадал, техник, технологи өөрчлөгдсөн, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэд өөрчлөлт орсон зэргээс шалтгаалж төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тухайн нөхцөл байдалд тохируулан шинэчлэх, тодотгох зайлшгүй шаардлагатай байдаг юм.

Иймд “Б...” ХХК-ийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 дүгээр тушаалаар батлагдсан “ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, хүлээн авах журам” захиргааны хэм хэмжээний актын 7.3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б...” ХХК-иас “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ыг 7.3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээр дурдсан хэм хэмжээний актын 7.3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Төв аймгийн Засаг даргын  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/769 дүгээр албан бичгээр манай компанийн элс, хайрга боловсруулах үйлдвэрийн 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй журамд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг тулган шаардаж, хянан баталгаажуулахгүйгээр буцааснаас 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, газар ус ашиглах дүгнэлт, гэрээ хийгдэлгүй, төрийн хяналт шалгалтын байгууллага, иргэний хөдөлгөөний зүгээс уул уурхайн үйл ажиллагааг хааж, торгууль тавьж, бид ажлаа хийж чадахгүй хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, төрийн болон татварын байгууллагад 17 сая төгрөг төлж хохирч байна” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд маргаж буй захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Б...” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, 34.5.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу” гэж зааснаар Төв аймгийн Засаг даргад тус компанийн элс, хайрга боловсруулах үйлдвэрийн 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг хянуулахаар хүргүүлжээ.

Төв аймгийн Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/769 дүгээр албан бичгээр дээрх төлөвлөгөө нь “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын 7.3-д “...тухайн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу боловсруулах үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу техник эдийн засгийн үндэслэлээ тодотгон шинэчлээгүй гэх үндэслэлээр төлөвлөгөөг хянаж баталгаажуулахгүйгээр буцаасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 /захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ...тогтоогдсон бол түүнийг ...хүчин төгөлдөр бус болохыг тогтоох/ дахь заалтаас үзвэл маргаж буй захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй зэргээр хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн байх гэсэн урьдчилсан нөхцлүүдийг зэрэг хангасан тохиолдолд шүүхээс хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор зохицуулжээ.

Энэ тохиолдолд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 дүгээр тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1 дэх /тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор/ заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигч техник, эдийн засгийн үндэслэлээ төрийн захиргааны байгууллагад дурдсан хугацаанд ирүүлэх, түүнийг хүлээж авах харилцааг нарийвчлан зохицуулахаар маргаан бүхий хэм хэмжээний актыг баталсан байх бөгөөд уг журмын 1.2-т “Энэхүү журмаар ...төсөл хэлэлцүүлэгч геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, журмын хэрэгжилтэд хяналт тавих төрийн захиргааны төв байгууллагын хоорондын харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө”, 8.1-т “...техник, эдийн засгийн үндэслэлийг захиалж хийлгэсэн төсөл хэрэгжүүлэгч нь түүний хэвлэмэл болон цахим хэлбэрээр хийсэн тус бүр нэг хувийг Ашигт малтмалын газрын Уул, уурхайн хэлтэс эсхүл Нүүрс, судалгааны хэлтэст ирүүлэх бөгөөд тус газар нь санал дүгнэлтээ гарган Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч компанийн уулын ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг дарга хүлээн авч, хянаж баталгаажуулахтай холбогдох харилцаанд маргаан бүхий хэм хэмжээний акт үйлчлэхээргүй байна.

Тодруулбал, маргаан бүхий журам нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч техник, эдийн засгийн үндэслэлээ журамд заасан нөхцөл, шаардлагыг хангуулан Ашигт малтмалын газар /хуучнаар/ буюу төрийн захиргааны байгууллагад ирүүлэх, улмаар тус газраас санал дүгнэлтээ гарган уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авахтай холбогдох харилцаанд үйлчлэх бөгөөд аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө эсхүл техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, хянаж баталгаажуулах талаар уг журмаар зохицуулаагүй тул маргаан бүхий журмын холбогдох заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Төв аймгийн Засаг дарга нэхэмжлэгч компанийн уулын ажлын төлөвлөгөөг хянаж, баталгаажуулахаас татгалзсан нь хуульд нийцсэн эсэх талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б...” ХХК-ийн “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын 7.3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ