Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2016/01318/И |
Дугаар | 102/ШШ2017/01264 |
Огноо | 2017-05-02 |
Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/01264
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/01264 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 21/4 байр, 48 тоотод оршин суух, Билэг овогт Бавуугийн Батаа /РД-ТЗ61011011/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 47-18 тоот, “Тачбин” ХХК /РД-5167094/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47-18 тоотод оршин суух, Мөнх овогт Жамцын Чинзориг /РД-ЧН61062872/ нарт,
Тачбин ХХК-ийн хөрөнгө болох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч болохыг тогтоолгож, уг хөрөнгийн ногдох хувийг Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ж.Чинзоригийн, компанийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 318,890,000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, уг хөрөнгийн 72.5 хувь буюу 67.4 км замын өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд Ц.Эрдэнийн, “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” болон “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батаа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн /шүүхэд төлөөлөх эрх-084/, хариуцагч Ж.Чинзориг, хариуцагч “Тачбин” ХХК-ийн төлөөлж захирал Ж.Чинзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал /шүүхэд төлөөлөх эрх-0491/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Батаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс тус аймгийн Гурван загал сумын нутагт байрлах Мардай хүртэлх 93 км төмар замыг 440,000,000 төгрөгөөр 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах-худалдан авах 373 тоот гэрээ байгуулан өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр худалдан авсан.
Тухайн үед төмөр замын үнэ болох 440,000,000 төгрөгийг би дангаар төлөх боломжгүй байсан тул Ж.Чинзориг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болж, төмөр замыг богино хугацаанд зарж борлуулан худалдан авахад оруулсан хөрөнгөө өсгөн авах аман тохиролцоо хийснээр Ж.Чинзориг 240,000,000 төгрөг, би найз нөхдөөс нэмж 200,000,000 төгрөгийг Төрийн өмчийн хороонд төлсөн.
Дээр дурдсанаар иргэн Ж.Чинзоригтой хамтран хувьчилж авсан төмөр замаа цаашид худалдан борлуулах зорилгоор 2007 оны 9 дүгээр сард “Тачбин” ХХК-ийг шинээр байгуулж, төмөр зам худалдан авахад зарцуулсан хөрөнгө, оролцоо бүх зүйлийг тооцож, Б.Батаа, Ж.Чинзориг нар нь тус компанийн 50:50 хувийн хувьцаа эзэмшигч болохыг баталгаажуулж, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч хариуцагч Ж.Чинзоригийг захирлаар, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Батааг бүртгүүлсэн.
Компанийг үүсгэн байгуулсан зорилго нь 93 км төмөр замаа борлуулаад, оруулсан мөнгөө ашгийн хамт авах тохиролцоо байсан.
“Бүрхээст хайрхан” ХХК-ийг миний бие 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бусдад шилжүүлсэн. Иймээс одоо энэ маргаж буй асуудлаар зөвхөн иргэн Б.Батаа нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.
Харин энэ хэргийн гуравдагч этгээд болох Ц.Эрдэнэ гэгч нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийг өөрөө байгуулсан, 93 км төмөр замыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэх зэргээр ямар ч баримт нотолгоогүй зүйлийг зохион ярьж байгааг зөвшөөрөхгүй.
2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж.Чинзоригтой байгуулсан “Төмөр зам худалдах-худалдан авах гэрээ” нь дүр үзүүлсэн, ямар ч үр дагаваргүй, хуурамч гэрээ юм. Энэ гэрээг байгуулах хүсэл зорилго надад байгаагүй, зөвхөн төмөр замыг “Тачбин” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зорилгоор хийгдсэн гэрээ юм.
Энэхүү гэрээний дагуу би Ж.Чинзоригоос ямар ч мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлээгүй, энэ гэрээ нь миний нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, ач холбогдолгүй, шүүх үүнийг дүгнэх шаардлагагүй гэж үзэж байна.
Бид хоёрын хувьд энэ компанийн нэрээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд гол зорилго нь төмөр замыг хэрэгцээтэй газар нь зах зээлийн үнээр борлуулах, орлогоо 50:50 хувааж авах тохиролцоо байсан.
Тодруулбал, хөрөнгийг хамтарч захиран зарцуулах, орлогоо хуваахдаа адил тэнцүү байна гэсэн тохиролцоогоо “Тачбин” ХХК-ийн тэгш эрхтэй, хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч гэдгээр баталгаажуулсан юм.
Өөрөөр хэлбэл, уг эд хөрөнгийг анх худалдан авахад бид хоёрын хөрөнгө орсон учраас хөрөнгийн хэмжээ, хувьчилж авахад гарсан зардлуудыг тооцоод адил тэнцүү ашгаа хуваана гэж тохирч “Тачбин” ХХК-ийн 50:50 хувийн эзэмшигч гэж компанийн гэрээ, дүрэмд тодорхойлсон болно.
Хэрэв Ж.Чинзоригийн тайлбарлаж байгаагаар ганцаараа, илүү ашиг хүртэх эрхтэй гэж үзэж байгаа бол анхнаасаа шинээр компани байгуулах, үүсгэн байгуулагч нар нь бид хоёр байх, хувьцааны эзэмших хэмжээ адилхан байх зэрэг тохиролцоо угаасаа байх боломжгүй билээ.
Гэтэл Ж.Чинзориг нь миний эрхийг зөрчиж, надад мэдэгдэлгүйгээр 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 42.5 км төмөр замыг Эм Эр Си ХХК-д худалдан борлуулсан байснаас маргаан гарсан.
Ийнхүү бусдад худалдахдаа дээр дурдсан бид хоёрын хооронд хийгдсэн гэх дүр үзүүлсэн тохиролцоо, Төрийн өмчийн хорооноос олгосон “Өмчлөх эрхийн гэрчилгээ”, “Тачбин” ХХК-ийн гэрчилгээг үзүүлэн, бусдад өөрийгээ “өмчлөгч”, ганцаараа захиран зарцуулах эрхтэй мэтээр ойлгуулж, хууран мэхэлсэн байсан юм.
Нэгэнт бид хоёр тохиролцож, компанийн гэрээ, дүрэмд тодорхойлсон дагуу “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг ижил хувиар өмчлөх эрхтэй учир надад мэдэгдэлгүйгээр зарсан төмөр замаас олсон орлогын 50 хувийг би нэхэмжлэн авах эрхтэй ч нэхэмжлээгүй.
Харин одоо газар дээр үлдсэн төмөр замаас 46.5 км замыг аваад маргаанаа дуусгавар болгохоор Ж.Чинзоригтой ярилцсан боловч, “...би илүү мөнгө гаргасан... хэмээн маргаж, “Тачбин” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч миний өмчлөх эрх, худалдан авахад оролцсон оролцоо, өмнө нь тохиролцсон бүгдийг үгүйсгэж байгаа.
Иймээс шүүхийн журмаар өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулж, “Тачбин” ХХК-ийн өмч болох төмөр замын 50 хувийн өмчлөгч болохоо тогтоолгож, 46.5 км төмөр замыг Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
Харин гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулах, “Тачбин” ХХК-ийг гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчд даалгах, Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр олгосон 00460 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан байгаа гэв.
Хариуцагч Ж.Чинзориг болон "Тачбин" ХХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анх Төрийн өмчийн хорооноос 93 км урттай төмөр замыг худалдаж авахад Ж.Чинзориг миний бие 319,890,000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. Үүнийхээ 240,000,000 төгрөгийг нь би өөрөө банкинд очиж, 70 сая төгрөгийг нь нэхэмжлэгч Б.Батаагаар дамжуулж тушаасан. Энэ үед Б.Батаа надад хүсэлт гаргасан учраас би зөвшөөрч, түүнд 70 сая төгрөг өгсөн. Тиймээс энэ хэмжээгээр миний бие тухайн төмөр замыг өмчлөх, захиран зарцуулах, алдагдал болон хариуцлагыг хүлээх эрхтэй хүн гэж үзэж байгаа.
Ингээд төмөр замын өмчлөх эрхийн гэрчилгээг 2006 оны 9 дүгээр сард Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр авсан. Учир нь бид өмнө нь харилцан тохиролцоод төмөр замын өмчлөх эрхийн гэрчилгээг Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр эхэлж аваад дараа нь хоёулаа оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашгаа хувааж алдагдлаа үүрэхээр тохиролцсон байсан юм.
Гэтэл 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бүрхээст хайрхан ХХК-ийн захирал Б.Батаа итгэлийг эвдэж Газар шилтгээн гэх компанийг Бүрхээст хайрхан ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр татан оруулсан. Өөрөөр хэлбэл, хувьцааныхаа 50 хувийг өөр этгээдэд худалдсан гэсэн үг. Ингэснээр миний эрх ашгийг маш ноцтой зөрчсөн бөгөөд миний эд хөрөнгөд аюул учирсан тул би эд хөрөнгөө хамгаалахын тулд Б.Батаатай ярилцаад компани байгуулж, төмөр замын өмчлөх эрхийг тус компани руу шилжүүлэхээр тохирч 2007 оны 9 дүгээр сард Тачбин ХХК-ийг байгуулсан бөгөөд 12 дугаар сард төмөр замыг шилжүүлсэн.
Үүний дараа Б.Батаад удаа дараа “энэ төмөр зам үхмэл хөрөнгө болчихлоо, марк нь хоцрогдоод ашиглах боломжгүй болж байна, хоёулаа хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээгээр худалдая, хөрөнгийн үнэлгээ хийлгэе” гэсэн саналуудыг тавьсан боловч огт хүлээж авдаггүй байсан.
Б.Батаагийн хувьд Тачбин ХХК-ийн үйл ажиллагаанд оролцоогүй, төмөр замыг хэрхэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Би 70 хувийн хөрөнгө оруулсан учир анхаарал тавьж, зардлын 70 хувийг хариуцаж ирсэн. Б.Батаа 50 хувийн хувьцаа эзэмшдэг гэх боловч төмөр замд анхаарал тавьдаггүй, хаана ямар байдалтай байдаг талаар мэдэхгүй.
Дээрх тайлбарыг би Тачбин ХХК болон иргэн Ж.Чинзоригийн аль алиныг нь төлөөлж хэлж байна гэв.
Хариуцагч Ж.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.Чинзориг миний бие Б.Батаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах, бодит үнэнийг дэлгэж, төмөр замд оруулсан хувь эзэмшлийг шударгаар шийдвэрлүүлэх үүднээс энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Анх 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төрийн өмчийн хорооноос “Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замыг худалдан борлуулах тухай 356 дугаар тогтоол гарч, Хөрөнгийн үнэлгээний төвөөс худалдах үнийг 440,000,000 төгрөгөөр тогтоож байсан.
Энэхүү төмөр замыг худалдан авах саналыг анх Ц.Эрдэнэ надад санал болгож, надтай хамтран худалдаж авахаар тохирсон бөгөөд Төрийн өмчийн хорооноос авангуут 2 сарын дотор багтааж Улаанбаатар төмөр замд шууд худалдахаар тохирчихсон байгаа гэж ойлгуулсан.
Учир нь Ц.Эрдэнээгийн дотны хүн нь Улаанбаатар төмөр замд дээд албан тушаалд ажилладаг байсан юм. Миний хувьд уг саналыг судалж үзээд Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Батмөнх нарын хамт дөрвүүлээ Дорнод аймгийн Гурван загал явж бодит байдал дээр нь үзэж танилцаад ирсэн. Ингээд миний бие “тус төмөр замыг хөрөнгө гаргаад авч болох юм” гэж тооцоод Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Баянмөнх нартай “Оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хувь эзэмших, хариуцлага хүлээхээр тохиролцон” төмөр замыг худалдаж авахаар шийдвэрлэсэн.
Тухайн үед миний бие Худалдаа үйлчилгээний “Ирмүүн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус төмөр замыг өөрийн компанийн нэр дээр авч болох байсан боловч 2 шалтгааны улмаас больсон юм.
Манай компани барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг, орлого зарлага ихтэй байгууллага учир санхүүгийн хувьд өөр объектыг холих шаардлагагүй гэж тооцсон.
Тус замыг аваад 2 сарын дотор л Улаанбаатар төмөр замд борлуулчихна гэсэн итгэл үнэмшилтэй болсон байсан тул Б.Батаагийн санал болгосон “Бүрхээст хайрхан” нэртэй 1 хүний эзэмшлийн цаасан дээрх “хоосон” компанийн нэр дээр аваад богинохон хугацаанд эргүүлэн зарахаар төлөвлөсөн болно.
Ингээд төмөр замын эхний дэнчин 10 хувь болох 44,000,000 төгрөгийг би төлж үүнээс хойш нийт 8 удаагийн үйлдлээр 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 318,890,000 төгрөгийг “Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр иргэн Ж.Чинзоригоос гэж хийсэн бөгөөд Б.Батаагаар дамжуулан Төрийн өмчийн хорооны зохих дансанд төмөр замын урьдчилгаа болгон бэлэн мөнгө өгсөн.
Энэ хугацаанд Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Баянмөнх нарт төмөр замд хөрөнгө оруулаач гэж олон удаа шаардсан боловч хэн нь ч нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд бүгд “0” хөрөнгөтэй хүмүүс болох нь тодорхой болсон юм.
Төрийн өмчийн хорооноос худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөө төлж дуусгах, үгүй бол оруулсан мөнгийг чинь улсын орлого болгоно гэж удаа дараалан шаардаж байсан. Миний хувьд нэгэнт оруулсан хөрөнгөө хамгаалах зорилгоор нэмж төлсөөр нийт хөрөнгийн 72.5 хувь буюу 318,890,000 төгрөгийг төмөр зам авахад зориулсан бөгөөд “үлдэгдэл мөнгийг та нөхөд гарга, үгүй бол би оруулсан бүх мөнгөө татлаа” гэж асуудал босгож ирснээр Б.Батаа арга буюу хүнээс мөнгө зээлж үлдэгдэл төлбөрийг гүйцээн Төрийн өмчийн хорооноос уг төмөр замыг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах эрх нээгдсэн болно.
Тухайн үед Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Баянмөнх нар надаар бүх хөрөнгийг шийдүүлээд цааш худалдан борлуулах нэрээр дундаас нь мөнгө унагах, хувь хүртэх гэсэн башир арга хэрэглэж байсныг би хожуу ухаарсан юм.
Төмөр замыг богино хугацаанд худалдан борлуулах боломжгүй болж хугацаа алдан бүтэн 1 жил өнгөрсөн бөгөөд төмөр замд оруулсан хөрөнгө маань өсөж үрждэггүй үхмэл хөрөнгө болсон бөгөөд Ж.Чинзоригийнх гэх баримт байхгүй байсан учир Б.Батаагийн хамтаар 50:50 хувийн хөрөнгө оруулалттай, нийт өөрийн хөрөнгө нь 1 нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Тачбин” нэртэй хамтарсан компани байгуулсан. Энэхүү компани дээрээ “Бүрхээст хайрхан” ХХК-иас төмөр замаа шилжүүлэн авснаар төмөр зам тодорхой хэмжээгээр миний мэдэлд ирж, сэтгэл амар суух боломжтой болсон юм.
“Тачбин” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн тус төмөр замын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 20 км тутамд 5 айл буулган эргүүл харуулын гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл цалин хөлсийг (72:28% харьцаатай) төлж харж хамгаалуулж байгаа бөгөөд орлого ашиг олдоггүй, үргэлж алдагдалтай ажиллаж байгаа юм.
Нэгэнт төмөр замын ихэнхи хөрөнгийг гаргасны хувьд өмчлөх эрх тэр хэмжээгээр надад оногдож байгаа хэмээн ойлгож энэ хэмжээгээрээ алдагдлаа үүрч явах нь надад ногдсон үүрэг болсон тул 2007 оноос хойших бүх хугацаанд харуул хамгаалалт, сахиулуудыг байршуулж гэрээ хийн өөрийн хувийн хөрөнгөөр цалинжуулж ирсэн. Мөн 1 жилдээ гурваас доошгүй удаа харуулуудаа эргэж тойрох, гэрээ байгуулах, төмөр замын байр байдлыг шалгах, авах ёстой арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэгт байнга анхаарч өөрийн өмчдөө ойр ажиллаж ирсэн.
Төмөр зам авснаас хойш хавар, намрын тал хээрийн их түймэрт дөрвөн удаа өртөгдөхөд, мөн хулгайд алдагдах бүрт газар дээр нь хууль хяналтынхантай хамтран ажиллаж ирсэн бөгөөд сум орон нутгийн удирдлага, ард иргэд бүгд намайг таньж мэдэх хэмжээнд хүрсэн билээ. Харин Б.Батааг манай хоёрын зэрэг харуул л нэр усны сургаар нь мэдэх болохоос, өөр хэн ч орон нутагт таньж мэддэггүй.
Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү төмөр зам нь улам бүр муудаж, хэрэглээнээс хасагдах, түймэрт өртөх, хулгайд өртөх, дэр модууд илжрэх болоод өгрөх зэргээр элэгдэл хорогдол маш их болж байсан бөгөөд оруулсан хөрөнгөө аж ахуйн эргэлтэнд оруулах үүднээс банкны барьцаанд тавья, бизнесийн эргэлтэнд оруулая, цаг хугацаа өнгөрөх тутам хаягдал төмөрний үнэ ч хүрэхгүй болж байгааг Б.Батаад нэг бус удаа хэлж байсан боловч тодорхой хариу өгдөггүй, төмөр замаа гэж явдаггүй байсан.
Иймд оруулсан хөрөнгөө олж авах үүднээс сүүлийн хэдэн жил уйгагүй хөөцөлдсөний үр дүнд тодорхой хэсгийг нь зарж борлуулсан билээ.
Гэтэл дээр өгүүлсэн нөхөд Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нар маань ноход болж үндэслэлгүйгээр өөрийн өмчид халдсан мэтээр гомдол гарган намайг Дорнод аймагт Эрүүгийн хэрэг үүсгүүлэн хэсэг явсан боловч үнэнд гүйцэгдэн тус хэрэг хэрэгсэхгүй болж байсан.
Б.Батаа ч бас эдгээр нөхдийн адилаар илүү харж, билүү долоон “Тачбин” ХХК-ийн 50 хувийн эзэмшлээр далимдуулж иргэн Ж.Чинзориг миний шударга хөдөлмөрийн үр дүнг булаахаар санаархаж байгаа нь нэхэмжлэлийн утга санаанд тод харагдаж байна.
Төмөр замыг худалдан авахад зориулсан хувь хэмжээ өөр өөр байтал “Тачбин” ХХК-ийн дүрмийн сангийн эзлэх хувь хэмжээтэй хөрөнгө оруулалтыг хольж, түүнийг үндэслэн ашиг олох, аливаа хариуцлагаас мултрах гэсэн хувийн санаархал байна.
Компани үүсгэн байгуулагчийн хувьд Б.Батаа нь шүүхийн шийдвэрээр компаниас хасагдах биш хурлын шийдвэрээр зохицуулагдах бөгөөд тус компанийн алдагдал эрсдэлийг хамт үүрэлцэж, нөгөөтэйгүүр тус компанид оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр ашиг хүртэх учиртай.
Иймд иргэн Ж.Чинзориг миний бие Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг ТӨХ-оос худалдан авахад 318.890.000 /Гурван зуун арван найман сая найман зуун ерөн мянган/ төгрөгийг оруулсан болохыг, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын албан ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Батаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Төмөр замыг худалдан авахдаа Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нар нь Ж.Чинзоригоос тодорхой хэмжээний мөнгө зээлэхээр тухайн үед тохиролцож байсан нь үнэн.
Харин түүний хамтран ажиллах тухай түүний гаргасан саналыг хүлээн авснаар миний зүгээс 196 сая төгрөг, Ж.Чинзориг нь үлдэх 244 сая төгрөгийг гаргаснаар төмөр замын үнэ болох 440 сая төгрөгийг бид төлсөн.
Сөрөг нэхэмжлэлд бичсэн 318,890,000 төгрөгийг төмөр замын үнэд тушаасан гэдэг нь огт худлаа ба өөрийнх нь төмөр замын үнэд төлснөөс бусад зардал төмөр замын үнэтэй ямар ч хамааралгүй болохыг тэр өөрөө сайн мэдэж байгаа атлаа өнөөдөр өөрт илүү ашиг олох гэж илүү их хөрөнгө оруулсан мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.
Төмөр замыг худалдах авахад биднээс 196 сая, 244 сая төгрөгийг тус тус оруулсан, хэдийгээр хувь хэмжээ зөрүүтэй боловч хамтран ажиллахаар зүтгэсэн бүх үйл ажиллагаа, оролцоо зэргийг нэг бүрчлэн тооцоолж хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг тогтоож, төмөр замыг Тачбин ХХК-ийн хөрөнгөд бүртгэн эзэмших хувийг 50:50 хувь байхаар тохиролцсон.
Бидний хооронд ялангуяа миний зүгээс байнга хөөцөлдөж, сэтгэл зовж, түүнийг нэг адил оруулсан хөрөнгөө олж авах үүднээс бусдад худалдан борлуулах тухай асуудлыг хүртэл Ж.Чинзоригт нэг биш удаа тавьж байсан бөгөөд тэрээр бага үнээр худалдахгүй гэж өөрөө татгалзаж байсаар өнөөдрийг хүргэсэн болно.
Надад ч тухайн үед Ж.Чинзориг шиг авирлаж өөрийн хувь гэж түүнд мэдэгдэлгүйгээр дур мэдэн зарж борлуулах боломж бүрэн байсан. Гэхдээ би хамтран ажиллахаар тохиролцсон тохиролцоогоо нэг ч удаа зөрчиж байгаагүйг тэр үгүйсгэж чадахгүй.
Энэ бүх хугацааны харуул хамгаалалтын цалингийн асуудлыг тэр ганцаараа шийдээгүй. Г.Баянмөнхтэй гурвуулаа хамтран ярилцаад гаргасан шийдвэрийн дагуу харуул хамгаалалтын зардлыг сар сараар хуваарь гарган адилхан төлж байсан.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нарыг би олон жилийн өмнөөс мэдэх ба энэ хүмүүстэй хамтран ажил төрөл явуулж байсан үе надад бий.
Харин өнөөдөр энэ хоёр этгээд нь иргэн миний худалдан авсан төмөр замын байгууламж буюу Дорнод аймаг дахь “Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урт төмөр замыг залилан мэхлэх аргаар өөрсдийн өмчлөл эзэмшилд авсан бөгөөд хүний ёсноос гажууд ичгүүр сонжуургүйгээр танай шүүхэд иргэн миний өмчийг хоорондоо булаацалдан, хэрүүл маргаан үүсгэж яваад нь би үнэхээр харамсаад барахгүй байна.
Анх 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний бие нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийг байгуулсны үндсэн дээр тэр үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр дээрх төмөр замыг 440,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.
Тухайн үед уг “Бүрхээст хайрхан” ХХК-ийг би үүсгэн байгуулахдаа нэхэмжлэгч Б.Батаа гэх хүнийг захирлаар тавьж байсан.
Ж.Чинзориг хэлэхдээ “би энэ төмөр замыг 440,000,000 төгрөгөөр Төрийн өмчийн хорооноос худалдаж авсан” гэж байна.
Гэтэл энэ бол огт худал юм. Б.Батаа, Ж.Чинзориг нар мөнгө тушаасан баримт байгаа боловч энэ бизнесийн үүсгэл санааг хэн гаргасан бэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.
Уг 93 км төмөр замыг худалдан авахад надад 440,000,000 төгрөг шаардлагатай байсан тул 240,000,000 төгрөгийг нь энэ хэргийн хариуцагч гэх Ж.Чинзориг гэдэг хүнээс тухайн үед би зээлж авч байсан. Харин үлдэгдэл мөнгийг буюу 240,000,000 төгрөгийг нь би хувиасаа гаргаж байсан.
Нэгэнт Ж.Чинзоригоос 240,000,000 төгрөгийг зээлсэн, тэрээр мөнгөө надаас байнга нэхэж байсан тул энэ мөнгийг нь буцааж өгөхийн тулд би өөрийн хувьчилж авсан дээрх 93 км төмөр замаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон. Тиймээс 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзалтын тэмдэглэл гэсэн баримт бичгийг Б.Батаа, Ж.Чинзориг, Г.Баянмөнх, Ц.Эрдэнэ нар өөрсдийн гараар үйлдэж баталгаажуулж байсан. Энэ баримтад тухайн төмөр замыг буюу 93 км төмөр замыг зөвхөн Ц.Эрдэнэ миний бие худалдан борлуулах эрхтэй гэсэн заалтыг зориуд оруулж өгсөн бөгөөд энэ нь уг төмөр зам нь бүхэлдээ иргэн миний хувийн өмч байсан гэдгийг бусад гурван этгээд хүлээн зөвшөөрч, тодорхойлсон албан ёсны баримт бичиг болсон.
Өөрөөр хэлбэл Мардайн чиглэлийн дээрх 93 км төмөр замыг хувьчилж авах асуудлыг би ганцаараа бүтэн 4 жил хөөцөлдөж байж, эцэст нь хувьдаа буюу өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн нэр дээр хувьчлан авч чадсан. Дээрх уулзалтын тэмдэглэл хэмээх баримт бичгийг үйлдэхэд оролцсон Г.Баянмөнх гэдэг хүн бол бас л миний танил бөгөөд тэрээр тухайн үед “Бүрхээст хайрхан” ХХК-ийн менежер гэдэг албан тушаалтай байсан.
2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш буюу дээрх төмөр замыг хувьчилж авсны дараа 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо нь хувьчилж буй 93 км төмөр замаа “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б.Батаа, менежер Г.Баянмөнх нарьн хүмүүст хүлээлгэн өгч, “Төмөр зам хүлээлцсэн тухай акт” гэсэн баримт бичгийг үйлдсэн.
Ийнхүү төмөр замыг хувьчлан авсны дараа надад мөнгө зээлдүүлсэн Ж.Чинзориг гэгч нь Б.Батаатай үгсэн хуйвалдаж, уг төмөр замыг өөрсдийн өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авах луйврыг зохиосон юм.
Ж.Чинзориг нь “Тачбин” гэдэг нэртэй хуурамч компанийг байгуулж, улмаар уг хуурамч компани руугаа иргэн Ц.Эрдэнэ миний үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн бүх өмч хөрөнгийг хэнд ч мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлсэн билээ.
Ж.Чинзоригийн энэхүү залилан мэхлэх үйлдлийг би тухайн үед огт мэдээгүй бөгөөд сүүлд мэдсэн даруйдаа Дорнод аймаг дах Цагдаагийн газарт би өргөдөл гаргасан ба тухайн аймаг руу өөрийн өмгөөлөгч Б.Цолмон гэдэг хүнийг дагуулан очиж байсан. Улмаар уг Цагдаагийн газар нь Ж.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Харин Ж.Чинзориг гэгч нь уг хэргийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү татуулж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тиймээс миний бие нь өөрийн өмгөөлөгч Б.Цолмонгийн хамт давж заалдах гомдол гаргаж байсан ба сүүлд бид Улсын Ерөнхий Прокурорын туслах ХБМБАХТХ -ийн дарга Е.Сагсай гэдэг хүнд гомдлоо гаргаж байсан.
Нэхэмжлэгч Б.Батаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан тодруулгадаа “дээрх 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Чинзоригтой байгуулсан төмөр зам худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, ямар ч үр дагаваргүй, хуурамч гэрээ юм. Энэ гэрээг байгуулах хүсэл зориг надад байгаагүй, зөвхөн төмөр замыг Тачбин ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зорилготой хийсэн гэрээ, гэрээг Ж.Чинзоригийн хүсэлтээр хийсэн бөгөөд энэ нь цаашдаа төмөр замыг ганцаараа захиран зарцуулахын тулд бүхнийг өөрийн болгож авах гэсэн зальт арга байсан нь Ж.Чинзоригийг дур мэдэн төмөр замыг зарж борлуулах гэсэн үйлдлээс тодорхой болж байна. Би та нарыг яагаад худлаа ярьж байгааг ойлгохгүй байна. Бүгдээрээ ярьж тохиролцчихоод нэгнийгээ намаг шалбааг болгон, өөрсдөө төмөр замыг 50, 50 хувиар эзэмшинэ гэж яаж ичихгүй ярьж сууж байна вэ.
Иймээс “Бүрхээст хайрхан” ХХК нь иргэн Ц.Эрдэнэ миний 100 хувийн өмчлөлийн компани мөн болохыг тогтоолгох, “Тачбин” ХХК болон “Бүрхээст хайрхан “ХХК-ийн хооронд байгуулсан бүх өмч хөрөнгийг 100 хувь шилжүүлсэн гэх худалдах-худалдан авах хуурамч гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч Тачбин ХХК болон Ж.Чинзориг нарт холбогдуулан, Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, төмөр замыг худалдсан орлогын 50 хувийг гаргуулах, 46,5 км төмөр замыг 00460 тоот гэрчилгээнээс хасалт хийж Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах, Тачбин ХХК-ийн гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэх, Төрийн өмчийн хорооноос Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Ж.Чинзоригоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа Тачбин ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгон, 93 км төмөр замын 50 хувь болох 46,5 хувийг Б.Батаагийн нэр дээр шилжүүлэхийг даалгах болгон багасгажээ.
Хариуцагч Ж.Чинзориг болон Тачбин ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Батаад холбогдуулан төмөр замыг худалдан авахад 318,890,000 төгрөг оруулсан болохыг мөн Тачбин ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72,5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага,
Гуравдагч этгээд Ц.Эрдэнэ, Бүрхээст хайрхан ХХК-ийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгон, Тачбин ХХК, Бүрхээст хайрхан ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн төмөр зам худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.
1.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд “Бүрхээст хайрхан” ХХК нь Төрийн өмчийн хороотой худалдах худалдан авах 373 тоот гэрээ байгуулан Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замыг 440,000,000 төгрөгөөр худалдан авч, Төрийн өмчийн хорооноос 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Бүрхээст хайрхан” ХХК-д өмчлөгчийн эрхийн 00460 тоот гэрчилгээ өгснөөр тус төмөр замын өмчлөгч болсон байна. /хх-7-8/
Улмаар “Бүрхээст хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нар төмөр замыг цааш нь худалдан борлуулж ашиг олох зорилгоор “Тачбин” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн хөрөнгөд төмөр замыг шилжүүлэн компанийн хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр дүрмээ батлан, 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр компанийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-14, 16, 68-72/
Зохигч талууд Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замыг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч “Тачбин” ХХК-ийн захирал Ж.Чинзориг шүүх хуралдаанд “төмөр замыг компанийн хөрөнгөд бүртгэлтэй, татварын тайланд тусгагдаж явдаг, үл хөдлөх хөрөнгө биш учир улсын бүртгэлд бүртгээгүй” гэж тайлбарлаж байх тул маргааны зүйл болох төмөр замыг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө гэж үзнэ.
Уг төмөр замыг худалдан авахдаа нэхэмжлэгч “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б.Батаа 196,298,000 төгрөг, хариуцагч Ж.Чинзориг нь 243,702,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэргийн 12, 13, 17, 18 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байна.
Гэхдээ Б.Батаа, Ж.Чинзориг нар нь “Тачбин” ХХК-ийн дүрмэндээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1,000,000 төгрөгөөр тодорхойлж, хувь нийлүүлэгчийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг 50, 50 хувиар эзэмшихээр тусгажээ. /хх-70 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч тал, төмөр замыг худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөх ёстой гэж мэтгэлцэх хэдий ч “Тачбин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Батаа, Ж.Чинзориг нар нь компанийн хөрөнгийн эзэмших хувь хэмжээг оруулсан хөрөнгийн хувиар тогтоохоор дүрмэндээ өөрчлөлт оруулаагүй байна.
Хариуцагч Тачбин ХХК-ийн захирал Ж.Чинзориг нь хувьцаа эзэмшигч Б.Батаад мэдэгдэлгүйгээр компанийн хөрөнгө болох 93 км төмөр замаас 42.5 км урт төмөр замыг 271,245,600 төгрөгөөр Эм Эр Си ХХК-д худалдан борлуулсны улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч Б.Батаа нь Бүрхээст хайрхан ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал байхдаа тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн төмөр замыг “Тачбин” ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул тэрээр Тачбин ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувьд өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй байна.
Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.8-д заасныг баримтлан Тачбин компанийн хөрөнгө болох Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замын 50 хувь буюу 46,2 км урттай төмөр замыг нэхэмжлэгч Б.Батаа өмчлөх эрхтэй болохыг тогтоож, “Тачбин” ХХК-ийн захирал Ж.Чинзоригт хувь нийлүүлэгч Б.Батаагийн өмчлөлд Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замын 46,2 хувийг шилжүүлэхийг даалгаж, харин талууд компанийн хөрөнгийн хувь эзэмших талаар маргаж байх тул хариуцагч Ж.Чинзоригт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Талууд нэгэнт дүрмээр компанийн хөрөнгийг 50, 50 хувиар эзэмшихээр тусгасан тул хариуцагч Ж.Чинзоригийн, Тачбин ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72,5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Ж.Чинзориг нь уг төмөр замыг худалдан авахад 318,890,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж марган сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар Ж.Чинзориг нь 243,702,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь нотлогддог бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин Ирмүүн ХХК-иас Б.Батаад шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг төмөр замыг худалдан авахад Ж.Чинзоригийн оруулсан хөрөнгийг нотолсон баримт гэж үнэлэх боломжгүй байна. /хх-60-66/
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу хариуцагч Ж.Чинзоригийг Тачбин ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 243,702,000 төгрөг оруулсан болохыг тогтоож, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 75,188,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Шүүх Ж.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох төмөр зам худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоосноор нэхэмжлэгч, хариуцагч нарын төмөр замыг өмчлөх хувь хэмжээнд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Ж.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батаад, мөн дутуу төлсөн 1,682,200 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч Б.Батаагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,376,460 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Чинзоригт буцаан олгохоор шийдвэрлэв.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгохыг хүсч бие даасан шаардлага гаргасан.
Шүүх дээрх бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас харахад “Бүрхээст хайрхан” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай хуулийн этгээд байх бөгөөд үүсгэн байгуулагчаар нь нэхэмжлэгч Б.Батаа бүртгэгдэн улсын бүртгэлд тэмдэглэгдсэн байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох”-оор заажээ.
Гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь тус компанийн 100 хувийн өмчлөгч, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүйн гадна түүний шүүх хуралдааны үеэр “тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мөн тус компанид хөрөнгө оруулаагүй” гэх тайлбар нь Ц.Эрдэнийн, “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг нь үгүйсгэж байна. /хх-116-117 дугаар хуудас/
Мөн “Бүрхээст хайрхан” ХХК, “Тачбин” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн төмөр зам худалдах-худалдан авах 01 тоот гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй байна.
Хариуцагч “Тачбин” ХХК нь “Бүрхээст хайрхан” ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төмөр зам худалдах-худалдан авах гэрээ байгуулан, Төрийн өмчийн хорооноос 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Бүрхээст хайрхан” ХХК-д өмчлүүлэн өгсөн Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замыг 25,000 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нар уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж хэн аль нь тайлбарладаг.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтаас харахад шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэдий ч гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь энэ гэрээний оролцогч биш, мөн энэ зүйлд заасан сонирхогч этгээдэд хамаарахгүй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь маргааны зүйл болох Тачбин ХХК-ийн хөрөнгө болох төмөр замд 230-240 сая төгрөгийн хөрөнгө оруулсан, миний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж болохгүй гэж талууд тохиролцсон гэж марган шүүхэд 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн уулзалтын тэмдэглэл гэх бичгийн нотлох баримт гаргаж өгсөн боловч уг баримт нь Ц.Эрдэнийг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч гэдгийг, мөн 2,500 ам.долларын үнийн дүн бүхий төмөр зам худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаар түүний эрх хөндөгдсөн гэх үйл баримтыг нотлох нотолгоо болохгүй байна. /хх-112 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 57 дугаар зүйлийн 57.2, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх ёстой байдаг.
Гуравдагч этгээд нь 25,000 ам.долларын үнийн дүн бүхий гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж /ам.долларын ханшийг бие даасан шаардлага гаргасан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.долларыг 2,001.09 төгрөгөөр тооцов/, компанийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 165,190 төгрөг төлөхөөс 2,428,150 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу илүү төлсөн 2,262,960 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 260200965 тоот данснаас гаргуулан Ц.Эрдэнэд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х“уулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.8, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батааг Тачбин компанийн хөрөнгө болох Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замын 50 хувь буюу 46,2 км урттай төмөр замын өмчлөгчөөр тогтоон, “Тачбин” ХХК-ийн захирал Ж.Чинзоригт хувь нийлүүлэгч Б.Батаагийн өмчлөлд Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замын 46,2 хувийг шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Ж.Чинзоригт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу хариуцагч Ж.Чинзоригийг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 243,702,000 /хоёр зуун дөчин гурван сая долоон зуун хоёр мянган/ төгрөг оруулсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,188,000 төгрөгт холбогдох хэсгийг болон “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72,5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 57 дугаар зүйлийн 57.2, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Ж.Чинзоригийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батаад, мөн дутуу төлсөн 1,682,200 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч Б.Батаагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох 1,376,460 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чинзоригт буцаан олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу гуравдагч этгээд Ц.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,428,150 төгрөгөөс 165,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,262,960 төгрөг гаргуулан Ц.Эрдэнэд буцаан олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байх болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|