| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч Б.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********ийн **********т холбогдох эрүүгийн 2138000000186 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********д **********ийн **********, 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ********** дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 06-01 тоотод хамтран амьдрагч М.Г**********г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж, М.Г**********гийн биед баруун талын ухархайн ханын хугарал, дух, баруун дээд зовхи, баруун зүүн мөр, бугалга, шуу, гуяанд, цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, баруун зүүн бугалга, шуу, нуруу, баруун зүүн гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 06-01 тоотод хамтран амьдрагч М.Г**********г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000186 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Г**********гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Г**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.**********т зодуулсан... ********** чи намайг айлд үлдээгээд утсаа унтраасан байна. Би 4 зам хүртэл алхаж байж такси барьж суулаа. Чи тийм хол алхаж үздээ ямар байх нуу гэхээр нь би танай найзууд чамайг явуулахгүй энд нь хонуулна гээд явуулахгүй байсан. Тэгээд би үлдээгээд ирсэн гэж хэлэнгүүт намайг толгой хэсэг рүү хоёр удаа цохиод намайг орноос буулгасан...Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. ********** надаас болон миний охин ********** нараас удаа дараа уучлалт гуйсан. Бид гурав эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч А.**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ унтаж байхад цагийг нь мэдэхгүй байна шөнө аав согтуу гэрт орж ирээд ээжийг орноос нь босгоод тэр хоёр хэрэлдээд аав, ээжийг барьж аваад толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд бас үснээс нь чирээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч Э.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө 4 цагийн үед байх намайг гэртээ унтаж байхад манай гэрийн үүдэнд пижигнэх чимээ гарахаар нь нойрон дунд юу болов гэж бодоод байж байтал гэрийн гаднаас Г********** эгчийн хоолойны өнгө бачимдсан байдалтай **********аа гэж дуудахаар нь би яасан бол гэж бодоод хурдхан гарахад гэрийн яг үүдэнд Г**********г ********** нь дээр нь дараад унасан байхаар нь би **********ийн цамцны захан дээрээс нь хойш нь татаж босгоход доор нь байсан Г********** болон түүний охин ********** нар босоод манай гэр лүү гүйгээд орсон. Би тухайн үед ********** гэж залууг Г********** эгчээс салгачхаад гэртээ ороход Г********** эгчийн хөлийн улнаас цус гараад тогтохгүй байхаар нь цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд **********ийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 69-71-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай дугаартай:
1. М.Г**********гийн биед баруун талын ухархайн ханын хугарал, дух, баруун дээд зовхи, баруун зүүн мөр, бугалга, шуу, гуянд, цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, баруун зүүн бугалга, шуу, нуруу, баруун зүүн гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. М.Г**********гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-61-р хуудас),
Хохирогч М.Г********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 62-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000186 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 06-01 тоотод хамтран амьдрагч М.Г**********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Г**********гийн (хх-ийн 25-26-р хуудас), насанд хүрээгүй хохирогч А.**********гийн (хх-ийн 15-16-р хуудас), гэрч Э.**********ийн (хх-ийн 34-35-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 69-71-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай дугаартай дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас),
Хохирогч М.Г********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 62-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.********** нь хохирогч М.Г**********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.********** нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.********** нь 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********д **********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн **********ийг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2138000000186 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР