| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00763/И |
| Дугаар | 102/ШШ2017/01300 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/01300
| 2017 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/01300 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 15 дугаар байрны 06 тоотод оршин суух, Гэхэрмид овогт Бат-Очирын Ундраа /РД-ЧР80052065/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Хувьсгалчдын зам-3, өөрийн байранд оршин байгаа Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /цаашид МҮОНРТелевиз гэх/-д холбогдуулан гаргасан
Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундраа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ундраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр МҮОНРТелевизийн Санхүү, орлого бүрдүүлэлтийн газрын захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр МҮОНРТелевизийн дэд захирал бөгөөд стратеги, санхүүгийн газрын захирлаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сард бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн даргаар томилогдсон. 2016 оны 4 дүгээр сараас дахин бүтцийн өөрчлөлт хийгдэж, бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргаар томилогдсон боловч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уг ажлаас чөлөөлж, одоогийн бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн ерөнхий менежерээр томилсон. Энэхүү томилгоог хийхдээ надаас ямар нэгэн санал, зөвшөөрөл авч байгаагүйн гадна хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй болно.
Гэтэл МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр миний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Үүнд миний бие гомдолтой байх ба уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагад одоо 2016 оны аудитын шалгалт хийгдэж байгаа бөгөөд энэхүү шалгалт нь намайг санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацааны буюу 2015 оны жилийн эцсийн тайлан, 2016 оны 3 дугаар улирлын тайлангууд хамрагдаж байгаа юм.
Иймээс тухайн шалгалт хийж буй байгууллага болох Ихмонгол хөлөг аудитын байгууллагаас тодруулах болон тулган баталгаажуулах зүйл гараад дуудсаны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд өглөө 9 цагаас 12 цаг 30 минутын хооронд очиж тайлбар өгч, тулгаж ажилласан.
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг 20 минут хүртэл би МҮОНРТелевизийн байранд өөрийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн өдөр МҮОНРТелевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцож буй 9 хүнтэй Үндэсний зөвлөлийн ажлын хэсэг ярилцлага хийсэн ба уг ярилцлагад орсон.
Би өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Үүнийг “Ихмонгол хөлөг аудит” ХХК-иас бичиг баримт тулган, энэ талаар баримтжуулан хөтөлсөн ярилцлагын тэмдэглэл нотолно. Уг тэмдэглэлд надаар гарын үсэг зуруулж байсан.
Намайг тухайн үед аудитын шалгалтын дагуу “Ихмонгол хөлөг аудит” ХХК-д ажиллаж байсан, мөн сонгон шалгаруулалтад оролцож байгаа гэдгийг мэдэж байсан төдийгүй байгууллагын цахим хуудсанд энэ талаар мэдээлэл гарсан байгаа.
Түүнчлэн ажиллагсдын цаг бүртгэл, цаг ашиглалтад хяналт тавих журмыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар баталсан тул надад ногдуулсан сахилгын зөрчлийн цаг хугацаанд хамаарахгүй. Энэ үед цахим бүртгэл байгаагүй. Манай албаны дарга хэзээ ч цаг бүртгэдэггүй байсан.
Би ажил таслаагүй учир сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байсан учир нэгжийн даргад мэдэгдэх шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд сахилгын шийтгэл хүлээлгэсэн дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч МҮОНРТелевиз, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МҮОНРТелевизийн бодлого төлөвлөлт, маркетингийн ерөнхий менежер Б.Ундраад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Ундраа нь 2017 оны 01 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.б заалтыг үндэслэн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан.
МҮОНРТелевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1в-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагууд нийлбэрээрээ нэг өдрийн ажлын цагт хүрсэн бөгөөд уг шалтгаанаа нэгжийн даргадаа тухайн хугацаандаа мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болдог.
Б.Ундраа уг заалтыг зөрчсөн боловч хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан.
МҮОНРТелевизийн ажлын цаг нь дотоод журмын 8.1-д заасны дагуу өглөөний 9 цагт эхэлж, оройн 18 цагт дуусдаг ба үүнийг байгууллагын хэмжээнд цахим цаг бүртгэлийн системээр бүртгэж тооцдог. Түүнчлэн дотоод журмын 8.4-т ажлын цагийг тухайн салбар, нэгжийн бүтцийн удирдах албан тушаалтан бүртгэх бөгөөд тасалсан тохиолдолд цалингаас хасч тооцох, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэсэн байдаг. Б.Ундраа нь 2017 оны 01 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь цахим цаг бүртгэл болон нэгжийн удирдах албан тушаалтаны бүртгэлээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ундраа нь МҮОНРТелевизэд холбогдуулан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдол гаргаж, тус байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүсчээ.
Хариуцагч тал гомдлыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “...хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1в-г зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ... шалтгаанаа нэгжийн даргадаа мэдэгдээгүй ...” гэж тайлбарладаг. /хх-79, 97 дугаар хуудасны ар тал/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн асуудлаар маргаагүй.
Харин МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар Б.Ундраад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсны улмаас талуудын хооронд маргаан үүсч, тэрээр шүүхэд гомдол гаргасан ба үндэслэлээ “... би ажил таслаагүй, ... байгууллагад аудитын шалгалт ирж 2015 оны жилийн эцсийн тайланг шалгасан, ... өмнө нь МҮОНРТелевизийн Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн даргаар 2016 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан, ... тайлан баланс зөрсөн учир би 2 өдөр “Ихмонгол хөлөг аудит” ХХК-д очиж ярилцлага өгч, баримтуудад тулгалт хийсэн, ... мөн МҮОНРТелевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцсон, ... ажил гүйцэтгэж байсан учир нэгжийн даргад мэдэгдэх албагүй ...” гэж тайлбарлаж байна. /хх-23, 1, 78-79 дүгээр хуудас/
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ундраа нь 2017 оны 01 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд тус байгууллагын 2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн “Ихмонгол хөлөг аудит” ХХК-д очиж зөрүүтэй гүйлгээнүүдийг тулган, тайлбар өгсөн болох нь тус компанийн шүүхэд ирүүлсэн албан бичиг болон ярилцлагын тэмдэглэл, мөн МҮОНРТелевизийн ерөнхий захирлын албан тушаалд нэрээ дэвшүүлэн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн ярилцлагад оролцсон, мөн сарын 30-ны өдрийн 12 цаг 44 минутаас 18 цаг 02 минут хүртэл ажил дээрээ байсан болох нь зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хх-73-75, 88-93 дугаар хуудас/
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1в-д заасныг зөрчсөн гэж мэтгэлцэн шүүхэд цагийн бүртгэлийн баримт ирүүлсэн боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шаардлага хангаагүй, мөн хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан Бат-Очир Ундраа БТМ гэсэн нотлох баримт нь хэдэн оны хэдэн сарын цагийн бүртгэл гэдэг нь тодорхойгүй байх тул Б.Ундрааг сахилгын зөрчил гаргасан, мөн нэгжийн дарга нь дээрх үйл баримтын талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй юм. /хх-51-52 дугаар хуудас/
Түүнчлэн, хариуцагч МҮОНРТелевизийн ажиллагсдын цаг бүртгэл, цаг ашиглалтад хяналт тавих журам нь Б.Ундраад сахилгын шийтгэл ногдуулснаас хойш буюу тус байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан байна. /хх-70-71 дүгээр хуудас/
Иймээс хариуцагч байгууллагыг ажилтанд сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундрааг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан Б.Ундраад буцаан олгож, хариуцагч байгууллагаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан хариуцагч МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундрааг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан Б.Ундраад буцаан олгож, хариуцагч байгууллагаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |