| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00285/И |
| Дугаар | 102/ШШ2017/01302 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/01302
2017 оны 05 сарын 05 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01302 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС байрны 15 тоотод оршин суух, Дүү овогт Сономхүүгийн Мэлс /РД-ЧТ57121878/-ийн
Нас тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Мэлсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Мэлсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: С.Мэлс нь анх 2017 оны 01 дүгээр сарын 17-нд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох хүсэлт гаргаж байсан.
С.Мэлс нь 1956 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Октябрийн районы Улаанбаатар төмөр замын төрхөд төрсөн.
Тухайн үед Төмөр замын цэцэрлэгт хүүхэд ахуй насаа өнгөрүүлж, улмаар 1965 онд Нийслэлийн 18 дугаар сургуульд элсэн орж, 1973 онд онд 52 дугаар дунд сургуулийг төгссөн.
С.Мэлс нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Нийгмийн даатгалын газраас баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон насаа тогтоолгож ир гэсэн.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх дээр эцгийн нэрийг нь Соном гэж бичихийг Сономхүү гэж, 1956 онд төрснийг 1957 гэж буруу бичсэн байна.
Шинжээчийн дүгнэлт болон төрсний гэрчилгээг үндэслэн С.Мэлсийг 1956 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү.
Дүү, гэрч М.Оюунбилэг нь 1958 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ба хэрвээ С.Мэлсийг 1957 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн гэж үзвэл тэдгээрийн хооронд 6 сарын насны зөрүү гарч байгаа нь С.Мэлсийг 1956 онд төрсөн болохыг нотолж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Мэлс нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр мөн 1957 онд төрсөн болохыг хүсэлтийг гаргасан ба шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, 1957 онд төрсөн болохыг тогтоолгох шаардлагаа дэмжиж байна.
Шүүх хүсэлтийг хангав.
Учир нь С.Мэлсийн төрсний 441 тоот гэрчилгээ /шинэ төрсөн хүүхдийн паспорт/-нд түүнийг 1956 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн гэж бүртгэсэн байхаас гадна Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4233 дугаар дүгнэлтээр хүсэлт гаргагчийг 57-62 настай байх боломжтой гэжээ. /хх-29 дүгээр хуудас/
Түүнчлэн С.Мэлсийн төрсөн дүү буюу гэрч М.Оюунбилэг нь 1958 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн байна. /хх-8 дугаар хуудас/
Иймээс шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон гэрч М.Оюунбилэгийн мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Дүү овогт Сономхүүгийн Мэлсийг 1956 онд төрсөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. /хх-20 дугаар хуудас/
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хүсэлт гаргагч Дүү овогт Сономхүүгийн Мэлсийг 1956 онд төрсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД