Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох 2140000200015 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Шивээгийн ар”  гэх газар оршин суух, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, М.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Бурхант” гэх газарт нутаглах Д.Б гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б маргалдаж улмаар түүний зүүн гарыг хутгалж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдлийн хор уршгийг ойлгож, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна” гэв.

2140000200015 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг "Цагаан эрэг" гэх газар ээж, дүү нарын хамт нутагладаг. Гэртээ байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонио хараад явж байх үед отроор явж байгаа Б  гэх залуу над дээр 2 ширхэг 2.5 литрийн шар айрагтай ирсэн. Тэрийг нь гэрт уучихаад гэрээс гараад худаг дээр очсон. Худаг дээр байх үед О ах Б  ирээд бид дөрөв 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай шар айраг уусан. Тэндээс О ах сум яваад бид гурав Б гэрлүү явсан. Б гэрт 1 ширхэг 2.5 литрийн шар айраг ууж байхад Б.Б , С хоёр ирсэн. Араас нь Б , Х  хоёр ирсэн. Х Б  хоёр ирээд нэг ширхэг 2.5 литрийн шар айраг гаргаж ирээд ууцгаасан. Шар айраг ууж байх үед Дундговь аймгаас отроор явж байгаа Б ийг дээрэлхээд доромжилцгоогоод байсан. Би өмөөрсөн. Тэгсэн гэрээс Б.Б , Б  хоёр гарсан. Би бас л дээрэлхэх гэж байгаа байх гэж бодоод гал тогооны шүүгээнээс хүрэн өнгийн модон иштэй хутга аваад гарсан. Гэрээс гараад харсан Б , Б.Б  хоёр зогсож байхаар нь очиод чи дээрэлхээд байгаа юм уу, яаж байгаа юм бэ хөгшөөн гэж хэлсэн өөдөөс яадаг юм шаа гээд гараа дээш нь өргөхөөр нь хутгалсан. Намайг хутгалсан гээд орилохоор нь хутгаа шидчихсэн. Тэгээд бөөндөө гэрлүү ороод Дархан сумын төв рүү Б.Б г аваад явсан. Би гэрт үлдээд гадаа хаясан хутгаа аваад угаагаад шургуулганд хийсэн.Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/

         Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нар жаргаж байх үед С  хамт Б гэрт очсон. Б гэрт очих үед гэрт нь Б Б , Х Б , М.Б нар нийлчихсэн шар айраг ууж байсан. Тэнд С өврөөсөө 2.5 литрийн нэг шар айраг гаргаад бөөндөө уусан. Тэд нар нилээн олон шар айраг уусан юм шиг хоорондоо баахан юм яриад Б ийг нилээн бөөрөлхөөд, дээрэлхэх гээд байсан. Энэ Б  гэдэг залуу манай гэрт амьдарч байсан болохоор би цуг гараад гэрийн гадаа юм яриад зогсож байхад М.Б над дээр хутгатай ирээд гараараа толгой дээрээс доош нь буулгасан. Тэр үед нь би гараараа хаасан гарын шуу хэсгийн гадна талаас дотогш хэсэг рүү нэвт хутгалчихсан. Намайг орилсон чинь тэд нар бүгдээрээ над дээр хүрч ирээд дотогш оруулсан. Тэр үед М.Б гэрт харагдахгүй байсан. Гэрт орж ирээд цэнхэр өнгийн даавуугаар гараа боолгоод Б Х Б  нарын хамт Дархан сумын төврүү явсан. Дархан сумын төвд ирээд нэгдсэн эмнэлэгт очиж анхан шатны тусламж авсан. Тусламж авч байх үед цагдаа нар ирсэн. Би Дархан сумын эмнэлэгт эмчилгээ хийлгээд 2 ширхэг оёдол тавиулсан. Оёдол тавиад цус нь тогтохгүй байхаар нь эмнэлгийн машинаар аавтайгаа хамт Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг орсон. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд чигчий, ядам хоёр хуруу чинь хөдлөхгүй байна, 2-3 хоног хараад үзье, мэдрэлтэй нөлөөтэй байж магадгүй хараад болохгүй бол Улаанбаатар хот орж үзүүлнэ шүү гэж хэлсэн. Тэгээд өдөр болгон эмчилгээ хийлгэж, боолт хийлгэж байгаарай гэж хэлсэн. ...Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 6-7 хуудас/

            Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын Эрүүл мэндийн төвд хүний их эмчээр ажилладаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр жижүүртэй байсан. Орой 23 цаг 35 минутанд эмнэлгээс залгаад 4 залуу ирчихсэн байна нэг залуугийнх нь гарнаас цус гараад байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очсон нэг залуу сууж байсан. Бусад нь яваад өгсөн байсан. Би тэр залуугийн биед үзлэг хийхээсээ өмнө гарыг нь хараад шууд сумын хэсгийн төлөөлөгч рүү залгаж хутгалуулсан хүн ирсэн гэж мэдэгдсэн. Тэгээд залуугийн гаранд үүссэн шархыг цэвэрлэж, хэсгийн мэдээгүйжүүлэлт хийсэн. Мөн өвдөлт намдаах, анбиотик хийгээд, цус тогтоох шингэн хийгээд араас нь шингэн нөхөх эмчилгээ хийсэн. Хэмжилтүүдээ хийж 2 газар нийлээд 5 оёдол тавьсан. Тухайн залуугийн зүүн гарын шууны дунд гуравны нэгт гаднаасаа дотогшоо чиглэлтэй нэвтэрсэн шарх үүссэн байсан. Нэвтэрсэн шархыг хэмжиж үзэхэд гадна талын шархны урт 3 см орчим, дотор талынх 5-2 см, нэвтэрсэн хэмжээ нь 5-6 см байсан. Шархны гүнийг хоёр захын ирмэг дээрээс гүнрүү хатгаж үзэхэд 0.5-0.9 мм хэмжээтэй байсан. Голын хэсэг хөндлөн шарх байсан учраас хэмжиж үзээгүй. Зүүн гарын атгах тэнийлгэх үйл ажиллагааны тэнийлгэхэд ядам, чигчий хурууны тэнийлгэх хөдөлгөөн суларсан байсан. Чигчий ядам хуруунуудыг тэнийлгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 21 цаг өнгөрч байхад Б , Б  хоёр хоорондоо муудаж, маргалдсан. Б , Б  хоёрыг муудаад байхаар нь гараад учраа ол гээд гэрээс гаргасан. Тэгэхэд хоёр гэрээс гараад хоорондоо муудаж, зодолдоогүй эргээд ороод ирсэн. Би тухайн үед гэртээ байсан. Уусан архи, пивондоо согтсон байсан. Тэгтэл гэнэт Б.Б  М.Б т хутгалуулчихлаа гээд гарнаас цус гарсан байхаар нь Б  нартай хамт 2 мотоцикльтой Б.Б г аваад Дархан сумын эмнэлэг рүү явсан. Дархан сумын эмнэлэг дээр авчирч өгөөд хөдөө гэр рүүгээ буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг Бурхант гэх газрын худаг дээр М.Б той уулзаад Б гэрлүү 17 цаг өнгөрч байхад явсан. Б гэрт очих үед Б ганцаараа хугас шил архитай байж байсан. Тухайн үед М.Б 2 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй шар айрагтай байсан. Тэрнийх нь нэгийг нь задлаад уусан, харуй бүрий болж байхад Б.Б , С хоёр цуг ирсэн. Тэр хоёр ирээд бид 5 нийлээд шар айргаа ууж байсан. Тэр шар айргаа ууж байхад М.Б той уулзана гээд Х Б  хоёр ирсэн. Тэр хоёр ирэх үед би явах гэсэн М.Б байж бай гээд байхаар нь үлдсэн. Шар айргаа ууж байхад Х С хоёр нэг, нэг шар айраг гаргаж ирсэн. Тэрийг ууцгаагаад сууж байхад Б  намайг чи Б.Б гийн гэрийн хаалгыг хүчтэй хаагаад байна гээд агсан тавьсан. Тэгсэн С  ах Б ыг өмөөрөөд надтай муудах гээд байсан. Гэрт хоорондоо маргалдаж байгаад Б тай хамт гэрээс гараад ярилцаж учраа олоод гэрт орсон. Тэгээд гэрт байж байгаад Б.Б тэй гараад гэрийн баруун хойно зогсож байхад М.Б гарандаа хутгатай гарч ирээд шууд хутгалчихсан. Б.Б  намайг М.Б хутгалчихлаа гээд орилсон. Б.Б  тэгж орилоод гэр рүү орсон. Би араас нь орсон. Намайг орох үед зүүн гарыг нь даавуугаар боогоод Дархан сумын төв рүү авч явъя гэж ярьж байгаад С , Х Б  гурав Б.Б г аваад явсан. Би гэрт ороход М.Б байхгүй байж байгаад орж ирээд юм хэлэхгүй суугаад байсан. ... Миний хаалга хааснаас болж маргалдсан. Тэр хоёр муудаагүй. Тэнд М.Б той муудсан хүн байхгүй. Гэрээс хутгатай гарч ирэх үед нь хамгийн түрүүнд таарсан хүн нь Б.Б  байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

              Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай

  1. Б.Б гийн биед зүүн гарын шууны гадна, дотор дунд  хэсгүүдийн  хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-н 61-62-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Бурхант” гэх газарт нутаглах иргэн Д.Б гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Б.Б маргалдаж түүний зүүн гарыг хутгалж, зүүн гарын шууны гадна, дотор дунд  хэсгүүдийн  хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Б гийн “...Энэ Б  гэдэг залуу манай гэрт амьдарч байсан болохоор би цуг гараад гэрийн гадаа юм яриад зогсож байхад М.Б над дээр хутгатай ирээд гараараа толгой дээрээс доош нь буулгасан. Тэр үед нь би гараараа хаасан гарын шуу хэсгийн гадна талаас дотогш хэсэг рүү нэвт хутгалчихсан..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б ий “...Тэгээд гэрт байж байгаад Б.Б тэй гараад гэрийн баруун хойно зогсож байхад М.Б гарандаа хутгатай гарч ирээд шууд хутгалчихсан. Б.Б  намайг М.Б хутгалчихлаа гээд орилсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б “...гэнэт Б.Б  М.Б т хутгалуулчихлаа гээд гарнаас цус гарсан байхаар нь Б  нартай хамт 2 мотоцикльтой Б.Б г аваад Дархан сумын эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Азжаргалын “...Тэгээд залуугийн гаранд үүссэн шархыг цэвэрлэж, хэсгийн мэдээгүйжүүлэлт хийсэн. Мөн өвдөлт намдаах, анбиотик хийгээд, цус тогтоох шингэн хийгээд араас нь шингэн нөхөх эмчилгээ хийсэн. Хэмжилтүүдээ хийж 2 газар нийлээд 5 оёдол тавьсан. Тухайн залуугийн зүүн гарын шууны дунд гуравны нэгт гаднаасаа дотогшоо чиглэлтэй нэвтэрсэн шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь түүнийг хүсэж хохирогч Б.Б гийн зүүн гарын шуун тус газар хутгалсны улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

   Хохирогч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон бусдыг үл хүндэтгэсэн байдал нөлөөлсөн байна. 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй, 11 см бариултай, ажлын хэсгийн урт 11,5 см урттай хутга 1 ширхэг, ягаан эрээн өнгийн судалтай ногоон цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг

 тус тус удирдлага болгон

                                                                                                             Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй, 11 см бариултай, ажлын хэсгийн урт 11,5 см урттай хутга 1 ширхэг, ягаан эрээн өнгийн судалтай ноосон цамц 1 ширхгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Р.БАТБАЯР