| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01347/И |
| Дугаар | 102/ШШ2017/01303 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/01303
2017 оны 05 сарын 05 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01303 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 11 дүгээр байрны 36 тоотод оршин суух, Цэнд овогт Лхагвагийн Мэндбаяр /РД-ВЖ67031007/-ын,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: З.Болор-Эрдэнэ, нөхөр О.Өгөөдэйн хамт 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг түрээслэж суусан.
Тэгээд сар, сардаа төлбөрөө төлөх гэрээ хийсэн боловч тухайн оны 12 дугаар сараас түрээсээ хагасалж төлж эхэлсэн тэгээд цаашдаа өгч чадахгүй, дараа өгнө гэж хэлсэн байсан. Иймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 4 дүгээр сард хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байсан.
З.Болор-Эрдэнэ нь түрээсийн гэрээгээ сунгаад дахин суухыг хүссэн тул би гэрээг сунгаж байрандаа байлгасан.
Гэтэл төлбөрийг төлөхгүй байсаар нэмэгдээд 5.800,000 төгрөг болсон.
Би 2016 оны 02 дугаар сард байрнаасаа гаргасан, тэрнээс хойш сураггүй алга болсон.
Иймд З.Болор-Эрдэнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү.
Багануур дүүрэг, хот хоёрын хооронд яваад байгаа гэж сонссон, тэнд эцэг, эх нь байдаг юм шиг байна лээ. Дорнодоос урагш Дэлт гэдэг газар нөхөр О.Өгөөдэйн эцгийнх нь байдаг гэсэн, эцэг нь 99574744 дугаарын утас эзэмшдэг гэсэн гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Мэндбаяр нь З.Болор-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд З.Болор-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2015/10046 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 5 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Л.Мэндбаярын хүсэлтийг хангаж, Алтжин овогт Золжаргалын Болор-Эрдэнэ /РД-ЖЯ80071302/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
З.Болор-Эрдэнийн эцэг, эх нь Багануур дүүрэгт амьдардаг, Дорнод аймгаас урагш Дэлт гэдэг газар нөхөр О.Өгөөдэйн эцгийнх нь байдаг болохыг мөн эцэг нь 99574744 дугаарын утас эзэмшдэг гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алтжин овогт Золжаргалын Болор-Эрдэнэ /РД-ЖЯ80071302/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Болор-Эрдэнийн эцэг, эх нь Багануур дүүрэгт амьдардаг, Дорнод аймгаас урагш Дэлт гэдэг газар нөхөр О.Өгөөдэйн эцгийнх нь байдаг болохыг мөн эцэг нь 99574744 дугаарын утас эзэмшдэг гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД