| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б ад холбогдох 2140000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 8-812 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О.Б .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг “Канад хаус”-ны 3-17 тоотод оршин суух өөрийн төрсөн эгч О.С толгойн тус газар аягаар шидэж улмаар эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ болон прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
2140000000018 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед найз М хамт Гандангийн урд талын хашаанд байх гэрт нь М, Я нарын хамт 0,75 литрийн архинаас нэг ширхгийг уусан. Тэдний гэрээс нь гараад өөрийн төрсөн эгч О.С гэрт 11 цаг болж байхад очсон. Намайг гэрт нь очих үед ээж Оюунчимэг, эгч О.С 3 хүүхдийн хамт байсан. Гэрт ороод суухад эгчийн хүүхдүүд урдуур гүйлдээд байхаар нь больцгоо гэж хэлсэн. Намайг эгч архи уулаа, миний хүүхдүүдийг загналаа гээд байхаар нь идэж байсан аягатай хоолоо эгч О.С руу шидсэн. Тэгсэн аяга толгойг нь оноод, толгойноос нь цус гараад байсан. Тэгээд эгч уурлаад цагдаа дуудсан. ...Би бага зэргийн согтолттой байсан гэж бодож байна. Болсон бүх зүйлийг мэдэж байсан. Өөрийн үйлдлийг ухамсарлаж байсан. ...би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
Хохирогч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Канад хаусын 3-17 тоотод байх гэртээ ээж, 2 хүүхэд, дүүгийн 1 настай охинтой хамт байх үед гаднаас төрсөн дүү О.Б нилээн согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд хоол байна уу гэсэн ээж аяганд өвчүүний мах хөшиглөөд өгсөн. Тэрийгээ идэж байх үед нь урдуур нь миний бага охин гараад хогийн сав руу явсан чинь яах гээд урдуур хойгуур яваад байгаа юм гээд хүүхэд загнахаар нь би өмөөрөөд чи яах гээд хүүхэд загнаад байгаа юм гэж хэлчхээд эргээд харсан толгойн ар талаас юм цохисон. Тэгэхээр нь эргээд харсан чинь О.Б аягаа шидчихсэн байсан. Тэгээд миний толгойноос цус гарахаар нь цагдаа дуудсан. Тухайн үед аяга хагарсан учраас би гэрээ цэвэрлээд гаргаад хаячихсан. Одоо хагархайнууд нь хаана байгааг мэдэхгүй байна. Өмнө нь миний биед халдаж байгаагүй. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Канад хаусын О.С гэрт О.С , 3 хүүхдийнх нь хамт байх үед гаднаа хүү О.Б орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Тэгээд гэрт орж ирэхээр нь мах хөшиглөөд цай аяганд хийж өгсөн тэрийгээ идээд ширээний хажууд орон дээр сууж байсан. О.Б ын урдуур хойгуур нь О.С хүүхдүүд гүйлдсэн чинь О.Б хүүхдүүдэд уурласан. Тэгсэн О.С уурлаад чи яах гэж ингэж байдаг юм, дандаа архи ууж явах юм, чи одоо болиоч, хүүхэд дандаа дарамталж байх юм гэсэн чинь О.Б яадаг юм гээд идэж байсан аягаа О.С руу шидсэн. Тэгсэн О.С толгойг оноод толгойноос нь цус гарсан. Тэгсэн О.С уурлаад цагдаа дуудсан. О.Б нь миний дээрээсээ гурав дахь хүү байгаа юм. Би Баянхонгор аймагт амьдарч байх үедээ гаргасан. ... О.Б 2019 онд Бор-Өндөр суманд ирсэн. Энд ирээд том тэрэг барьж, хажуугаар нь нь хүнээс мал цуглуулж байсан. Одоо цуглуулсан хэдэн малаа өөрөө хардаг. О.Б Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 9 дүгээр хорооны харьяалалтай болохоор энд малаа тоолуулж чаддаггүй. Би шилжээд ирчихсэн болохоор малыг нь өөрийнхөө нэг дээр тоолуулдаг. ... зан аашны хувьд их сайхан сэтгэлтэй, хүн чанартай, их ажилсаг, багаасаа надад тус дэм болоод л явдаг байсан. Ойрын үед найз нөхөдтэйгөө нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа. Надад ганц ч мал байхгүй. Миний нэр дээр тоолуулсан бүх мал О.Б ын мал байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр О.Б бид хоёр одоогоос 3 жилийн өмнө Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд танилцсан юм. Би нөхөр О.Б тай хамтран амьдраад 3 жил болж байна. миний нөхөр бид хоёр нийлсээр хүүхэдтэй болоогүй байсан одоо би 7 сартай жирэмсэн байгаа. Би нөхөр О.Б тайгаа нийлэхдээ гурван хүүхэдтэйгээ хамт ирсэн. Манай нөхөр О.Б манай гурван хүүхдийг хүний өөрийн гэж ялгалгүй өөрийн төрсөн хүүхэд шиг дотно сайн харьцаатай байдаг. Надтай хамт амьдрах үедээ бол илүү дутуу зан араншин гаргаад байдаггүй, дөлгөөхөн, хүнд тусархуу, нийтэч, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай хүн. Байнга архи дарс уугаад байдаггүй хаяа найз нөхөдтэйгөө нийлэхээрээ л архи уудаг хүн. Манай нөхөр О.Б нь хүнтэй муудаад байдаггүй, ер нь их дөлгөөхөн хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах Канад хаус хотхоны 3-17 тоотод оршин суух өөрийн төрсөн эгч О.С толгойн тус газар аяга шидэж, эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч О.С “...урдуур нь миний бага охин гараад хогийн сав руу явсан чинь яах гээд урдуур хойгуур яваад байгаа юм гээд хүүхэд загнахаар нь би өмөөрөөд чи яах гээд хүүхэд загнаад байгаа юм гэж хэлчихээд эргээд харсан толгойны ар талаас юм цохисон. Тэгэхээр нь эргээд харсан чинь О.Б аягаа шидчихсэн байсан. Тэгээд миний толгойноос цус гарахаар нь цагдаа дуудсан...." гэх мэдүүлэг,
Гэрч Д.О “...Тэгсэн О.С уурлаад чи яах гэж ингэж байдаг юм, дандаа архи ууж явах юм, чи одоо болиоч, хүүхэд дандаа дарамталж байх юм гэсэн чинь О.Б яадаг юм гээд идэж байсан аягаа О.С руу шидсэн. Тэгсэн О.С толгойг оноод толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.С биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч О.С биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч О.С нь мөрдөн шалгах ажиллагаанд Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон бусдыг үл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР