Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00109

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

   Нэхэмжлэгч: 0000 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, -настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 0 дугаар байрны00 тоотод оршин суух Ширээт овогт Жанцангийн Санчинбазар /РД:ТГ/-ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймаг Сайхан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн дүүрэгт байдаг Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05 м2 талбайтай модон хийцтэй барилга байгууламжийн эзэмшигч нь юм. Миний эзэмшлийн хөрөнгө болох 245,05м2 барилга байгууламжийг “ЖИ ЭС ЭЙЧ ГОУЛД” ХХК-ийн захирал Баянмөнхийн Гантогтох нь хуурамч бичиг баримт гаргаж, өөрийнхөө өмчлөлд авсан байсан юм. Б.Гантогтохын энэ хууль бус үйлдэл нь хуулийн байгууллагаар шалгагдаж Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын байгууллагаар хянагдан тус прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5/76 тоот тогтоолоор залилан авсан нь тогтоогдсон юм. Б.Гантогтох нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгуулсан байна. “ЖИ ЭС ЭЙЧ ГОУЛД” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 10/14/18 тоот өмчлөлөөсөө татгалзсан гэрчилгээний эх хувийг Сайхан сумын үл хөдлөх хөрөнгийн газарт, гэрчилгээний хувийг надад өгсөн... Би 2002 онд иргэн Д.Валяхүүгээс бранк байрыг худалдаж авсан. Эхлээд энэ байранд гурилын үйлдвэр ажиллуулж байгаад гурилын үйлдвэрээ ажиллуулахаа зогсоогоод дараа нь төмөр авч байсан. Төмөр авахаа болиод Үл хөдлөх хөрөнгийн газар өмчлөгчөөр тогтоолгох гэхэд шүүхээс бичиг авчир таныг уг байрны өмчлөгчөөр бүртгээгүй байна. Та өмчлөгчөөр тогтоолгож ир  гэж хэлсэн. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн дүүрэгт байрлах Төмөр бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү гэв.

     Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Хүсэлт гаргагч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн дүүрэгт байрлах Төмөр бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ******* нь 2002 онд иргэн Д.Валяхүүгээс Сайхан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн дүүрэгт байдаг Төмөр бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай барилга байгууламжийг худалдан авч үйл ажиллагаа явуулдаг байсан болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 5/76 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/134 тоот хүсэлт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн засаг даргын 640 тоот тодорхойлолт,

гэрч Б.Лхагварагчаагийн: ...ямар ч байсан уг объектийг Валяхүүгээс Санчинбазар нь худалдаж авсан юм. Худалдаж авахад нь би нярав хийж байсан. Санчинбазар нь гурилын үйлдвэр ажиллуулж байгаад сүүлд нь төмөр авдаг байсан... гэх мэдүүлэг,

гэрч Г.Бямбын: ...гурилын үйлдвэрт би манаач хийдэг байсан. Тухайн үед өмчлөгч нь Санчинбазар байсан... гэх мэдүүлэг,

гэрч Я.Тэрбишийн: ...Төмөр бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай объект нь Валяхүүгийн өмчлөлд байсан юм. Валяхүүгийн өмчлөлд байхад нь тухайн газарт манаач хийдэг байсан. 2002 оны хавар тухайн объектыг Санчинбазар гэдэг хүнд зарж байгаа гэсэн. Тухайн объектод манайх гэр бүлээрээ амьдардаг байсан. Зарагдсан учраас манайх нүүсэн... гэх мэдүүлэг,

гэрч Б.Туяагийн: ...уг объектыг 2002 онд Санчинбазар Валяхүүгээс худалдаж авсан юм... гэх мэдүүлэг,

гэрч  Д.Валяхүүгийн: ...Анх 023 дугаар цэргийн анги байсан. Тэгээд тухайн цэргийн анги татан буугдсан юм. Цэргийн анги нь объектуудаа зарсан юм. Тэгэхэд нь нэг брак худалдаж авсан юм. Тэгээд талыг нь би *******т зарсан юм. Тухайн үед гэрээ хийсэн зүйл байхгүй. Хоорондоо ярилцаж тохиролцоод мөнгө төгрөгөө өгөөд зарсан юм... тухайн үед би улсын бүртгэлд бүртгүүлээгүй. ******* нь худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлэх гээд явж байсан.  би уг бракийг зарсан гэдгээ бичиж өгч байсан юм... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин уг /брак/ байрыг худалдаж, худалдан авахдаа эд хөрөнгийг шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй байна.

     Нөгөөтэйгүүр иргэн Д.Валяхүүгээс худалдаж авсан Төмөр бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай /брак/ барилга байгууламж нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэгч Б.Чинбаярын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

     Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн дүүрэгт байрлах Төмөр бетон дэрний үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай брак байрны өмчлөгчөөр *******ыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн “Төмөр бетон дэрний” үйлдвэрийн баруун талд байрлалтай 245,05м2 талбайтай модон хийцтэй барилгын өмчлөгчөөр Жанцангийн Санчинбазарыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарсанаас хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргагч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДЭЛГЭРСАЙХАН