Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01308

 

  2017 оны 05 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01308

                 Улаанбаатар хот

 

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 46 байр, Гранд плаза 701А тоотод оршин байгаа “Есөн шижир” ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “Есөн шижир” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Болдбаатар нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай компаниас ЗГ0500150138 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй Ниссан Икстрэйл маркийн 9833 УБҮ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэн барьцаалж 3,000,000 төгрөг зээлсэн.

Зээлдэгч Ч.Болдбаатар нь зээл хүүгээ төлөхгүй 743 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлсны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Ч.Болдбаатарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-ийн М.Гантулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай компанийн нэхэмжлэлтэй, Ч.Болдбаатарыг эрэн сурвалжлуулах шүүх хуралд нэхэмжлэгч нь биечлэн оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч “Есөн шижир” ХХК нь Ч.Болдбаатарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Болдбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2017/03200 дугаар захирамж, “Есөн шижир” ХХК-ийн зээлийн эдийн засагч Х.Баярмаа, Ч.Болдбаатар нарын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-6 дугаар тал/

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан “Есөн шижир” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Боржигон овогт Чулуунбаатарын Болдбаатар /РД-ЙР80031076/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ч.Болдбаатар нь Хан-Уул дүүргийн, 14 дүгээр хороо, Өлзийт 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суудаг байсан гэснийг дурдах нь зүйтэй.

            Хүсэлт гаргагч “Есөн шижир” ХХК-ийн захирал М.Гантулга нь шүүхэд нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Чулуунбаатарын Болдбаатар /РД-ЙР80031076/-ыг эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Ч.Болдбаатар нь Хан-Уул дүүргийн, 14 дүгээр хороо, Өлзийт 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суудаг байсан гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД