| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00019/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/20 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч М.Мэндбаяр
Шинжээч эмч Ж.Ариунзаяа
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох 2140000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Баргилт цехэд экскаваторын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Г.Б Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах 45 дугаар байрны 1 дүгээр орцны гадна иргэн З.М цээжний зүүн хажуу хэсэг рүү хутгаар 1 удаа хатгасны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсгийн суганы дунд шугамаар цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдсан шарх, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагч тухайн өдөр болсон үйл явдлыг тодорхой ярьсан тул надад нэмж хэлэх зүйл байхгүй. Ахиж ийм хэрэг төвөгт орохгүй. Өөрийнхөө гэм бурууг ойлгосон” гэв.
Шинжээч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт дэх гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн гэмтэл болно. Өөрөөр хэлбэл уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь хөнгөн гэмтэл болно” гэв
2140000000028 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн машины под гэрлийг засаж байхад 17 цагийн үед Т гэдэг хүн архитай ирээд цуг ууя гэхээр нь 2 хундага татаад уухгүй явуулсан. Тэгээд гэртээ орж байж байгаад гадаа гарч тамхи татчихаад хутгаа оруулж ирье гээд гарсан. Гараад машинаас хутгаа аваад ирийг нь машинд байсан тоос арчдаг даавуугаар ороогоод зүүн талынхаа халаасанд хийсэн. Хутгаа авчхаад орцны үүдэнд тамхи татаж байх үед З.М ирсэн. Бид хоёр юм яриад зогсож байхад А.Б ажлаасаа буугаад явж байгаад ирсэн. Тэгээд бид гурав гадаа юм ярьж байгаад тэр хоёр намайг одоо ор гээд оруулсан. Би орцондоо ороод гэрлүүгээ орохгүй буцаад гарч ирсэн. Гарч ирэхэд З.М баруун талын сандал дээр сууж байсан би хажууд нь суугаад тамхи татсан. Би хажууд нь сууж байгаад хутгаа зүүн халааснаасаа гаргаж ирээд боолттой чигээр нь З.М цээжний зүүн тал руу хатгасан. Тэгж хатгахдаа би даавуутай болохоор орохгүй байх гэж бодоод айлгаж тоглох гэж хатгасан юм. Тэгсэн Л.Б хажуунаас хутгаар тоглоод байхдаа яадаг юм гээд хажуунаас хутга булааж аваад хойш нь шидчихсэн. Тэгсэн З.М хүн хатгачих юм гэхээр нь за худлаа ярьж байгаа байх, тоглож байгаа байлгүй дээ гэж бодоод за орж унтлаа гээд гэрлүүгээ орсон. Машины тоос арчаад байдаг памбагар, зузаан даавуу байсан. Тэр даавуугаар ирийг нь урд үзүүртэй нь ороочихсон байсан. Тэр үед даавууг гадаа хаячхаад орсон. Маргааш нь харсан байхгүй болчихсон байсан. Би санамсаргүйгээр 3.М цээжний зүүн хэсэгт өөрийн гэрийн хутгаар нэг удаа хатгаж уг гэмтлийг учруулсан. Хэрэг учрал болох үөд би З.М цээжинд хатгасны дараа А.Б намайг араас тэврээд урагш нь түлхсэн. Тэр үед З.М дээшээ босох таарсан. Тэгээд надтай мөргөлдөж уруулаа язалсан юм. Би намайг тэвэрч аваад хутга авах гэхээр нь хутгаа тавиад өгсөн. Булаацалдаагүй. Намайг хутгаар машин засаж байхыг харсан хүн байхгүй, машин засаж байх үед Т ирсэн. Би тэр үед хутгаар юм хийгээд дуусчихсан багажаа хураачихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/
Хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ амарч байсан. Гэртээ амарч байгаад орой гэрээсээ тамхи татах гээд гарсан. Тэгсэн Г.Б орцныхоо үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь очиж уулзаад зогсож байхад А.Б ажлаасаа буугаад явж байгаад таарсан. Г.Б архи үнэртээд согтуу байсан. Гурвуулаа юм яриад 45 дугаар байрны 1 дүгээр орцны гадна юм ярьж байгаад А.Б бид хоёр Г.Б гэррүү нь оруулж өгсөн. Гэррүү нь оруулж өгөх гэж байхад орохгүй гээд байсан. Тэгээд бид хоёр гэррүү нь оруулж өгчхөөд орцны үүдэнд гарч ирээд сандал дээр сууж байхад араас Г.Б гараад ирсэн. Гарч ирээд юм дуугарахгүй шууд л зүүн талын хавиргаруу цохих шиг болсон. Тэгсэн миний зүүн хавирганд нойтон оргиод эхэлсэн. Тэр үед А.Б, Г.Б гарнаас бариад авсан. Удалгүй Г.Б гэррүүгээ орсон. Г.Б орцруугаа орсны дараа хутгатай байхаар нь би хутгыг нь аваад хойшоо шидчихлээ гэж А.Б надад хэлсэн. Тэр үед надад өвдөлт мэдэгдэхгүй, нойтон оргиод байхаар нь гэррүүгээ орж харъя гээд гэртээ ороод харсан хутгалуулчихсан, нилээн цус гараад байхаар нь эмнэлэг дуудсан. Миний зүүн талын 8-9 дүгээр хавирганы гол хэсэгт нэг удаа хутгалсан байсан. Уг гэмтлийг Г.Б үүсгэсэн. ...Би Г.Б-тэй 2004 оноос хойш найзалж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед ажлаасаа буугаад гэррүүгээ явган явж байхад 45 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд найз З.М , Г.Б нар тамхи татаад зогсож байсан. Би очиж цуг юм яриад зогссон Г.Б, З.М нараас архи үнэртэж байсан. Тэр хоёртой юм ярьж зогсож байгаад Г.Б З.М хамт гэррүү нь оруулж өгсөн. Гэрт нь оруулж өгчхөөд орцных нь үүдний сандал дээр суугаад юм ярьж байхад Г.Б орцноосоо гарч ирээд З.М хажууд нь ирээд суух шиг болсон. Тэр үед 3. З.М ёоё гэхээр нь харсан Г.Б гартаа хутгатай байсан. Хутгатай байхаар нь гарнаас булааж аваад хойш нь шидсэн. Би хутгыг нь авч шидчихээд хутгаар тоглоод байхдаа яадаг юм гэсэн Г.Б орцруугаа орсон. Г.Б явсны дараа З.М эндээс юм гараад байх шиг байна гээд зүүн талын хавиргаа заасан. Тэгж хэлэхээр нь би харсан цус гарч байх шиг байхаар нь гэррүү нь орж харъя гээд гэррүү нь орсон. Гэрт нь ороод харсан хутгалуулчихсан, цус гарч байхаар нь эмнэлэг дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч Г.Б хохирогчийн биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч дээрх гэмтлийг шүүгдэгч нь хохирогчид санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад учруулсан байхыг шаарддаг.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би З.М цээжинд хатгасны дараа А.Б намайг араас тэврээд урагш нь түлхсэн. Тэр үед З.М дээшээ босох таарсан. Тэгээд надтай мөргөлдөж уруулаа язалсан юм...” гэх мэдүүлэг, гэрч А.Батхуягын “...Г.Б орцноосоо гарч ирээд З.М хажууд нь ирээд суух шиг болсон. Тэр үед 3. З.М ёоё гэхээр нь харсан Г.Б гартаа хутгатай байсан. Хутгатай байхаар нь гарнаас булааж аваад хойш нь шидсэн. Би хутгыг нь авч шидчихээд хутгаар тоглоод байхдаа яадаг юм гэсэн Г.Б орцруугаа орсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь хохирогч М.З.М ын биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг санаатай учруулаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Г.Баярхүүд холбогдох хэргээс шүүгдэгчийг хохирогчийн биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах 45 дугаар байрны 1 дүгээр орцны гадна иргэн З.М цээжний зүүн хажуу хэсэг рүү хутгаар 1 удаа хатгасны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсгийн суганы дунд шугамаар цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч З.М “...Г.Б гараад ирсэн. Гарч ирээд юм дугарахгүй шууд л зүүн талын хавиргаруу цохих шиг болсон. Тэгсэн миний зүүн хавирганд нойтон оргиод эхэлсэн. Тэр үед А.Батхуяг, Г.Б гарнаас бариад авсан. Удалгүй Г.Б гэррүүгээ орсон...." гэх мэдүүлэг,
Гэрч А.Б-ийн “...Г.Б орцноосоо гарч ирээд З.М хажууд нь ирээд суух шиг болсон. Тэр үед 3. З.М ёоё гэхээр нь харсан Г.Б гартаа хутгатай байсан. Хутгатай байхаар нь гарнаас булааж аваад хойш нь шидсэн.....” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хутга хэрэглэн хохирогч З.М биед цээжний зүүн хажуу хэсгийн суганы дунд шугамаар цээжний хөндийрүү нэвтрээгүй хатгагдсан шарх гэмтлийг учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирогч З.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “ ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэсэн, зүй бус харилцаанаас үүдэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 15 см, нийт 26.5 см урт шар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баярхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР