| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00020/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-т холбогдох 2140000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Шорвог” гэх газар оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О.О Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ойдовын О.О нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг, “Шорвог” гэх газар буюу өөрийн гэртээ эхнэр М.О нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд зовхины хэсгүүд болон хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Би цагдаа дээр бүх үнэнээ хэлсэн, мэдүүлэг өгөхгүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм муухай зүйл хийхгүй” гэв.
2140000000025 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг "Шорвог" гэх газар эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэрийн баруун талд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумаас С О гэх хоёр айл ирж буусан. Тэдний гэрээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орой 18 цаг өнгөрч байхад очсон. Тэднийд очоод О тай хамт 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан. Архи ууж байгаад О унтаад өгсөн. Би О ын хүүгээр гэрт хүргээд өгчих гээд хүргүүлсэн. Гэррүү явж байх замд салхинд цохиулаад тасарчихсан байсан. Нэг ухаан ороод харсан эхнэр надтай ноцолдоод би нүүр рүү нь цохичихсон зогсож байсан. Тухайн үед миний бандаашнаас доош нь татаад байсан. Тэгээд би тавиад орондоо орсон. Орондоо ороод хэвтэж байхад эхнэр хүүхдүүд гараад явчихсан байхаар нь унтсан. Тэрнээс цаашаа босож явсан талаараа санахгүй байна. Өглөө сэрсэн О ын гэрт сэрсэн. Шөнө яаж О ын гэрт очсон талаараа мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор хараагүй. Мэдэхгүй байна. Ухаан ороод л шууд цохихоо болсон, хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Би нүүрэн тус газар нь цохисон тэрний улмаас уг гэмтлүүд учирсан гэж М.О хэлсэн. Би тухайн үед болсон зүйлийг сайн санахгүй байна. Би өмнө нь биед нь 1 удаа халдаж байсан. Хэвтэж байх үед нь өшиглөөд хавиргыг нь хугалчихсан юм. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс баруун тийш 2 км гаран зайд хаваржаан дээр 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр О , Сарангэрэл гэх хүмүүс ирж буусан. Тэр хүмүүс ирсэн өдрөө гэрээ бариагүй манай гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээ барьсан. ...Орой 17 цагийн үед манай нөхөр очиж хонийг нь хурааж хотлуулж өгчхөөд ирье гээд О , Сарангэрэл нарын гэр рүү мотоциклтой явсан. ... Гэртээ ирээд хоолоо хийж идээд, ороо засаад кино үзэх гээд хүлээгээд сууж байхад буюу 21 цаг өнгөрч 22 цаг болж байхад О ын хүүхдээр мотоциклоо бариулаад гэртээ ирсэн. Гэртээ ирэх үедээ их хэмжээний согтолттой байсан. Гэрт орж ирэхээр нь би өөдөөс нь юм дуугараагүй, манай хүүхдүүд бас архи уухаар нь юм дуугардаггүй дор бүрнээ чимээгүй байцгаадаг. Бушуухан л унтуулчихмаар байдаг. ...Намайг загнаад байхаар нь би өөдөөс нь шөнө дөлөөр битгий хэрүүл хийгээд бай, унтаж амраад өглөө болъё гэж хэлсэн. Намайг тэгж хэлсэн чинь босч ирээд гараараа миний зүүн талын нүд, хамар дайруулаад хоёр удаа цохиод авахаар нь дотуур хувцаснаас нь бариад авсан. Намайг бариад авсан чинь ахиад миний нүүррүү зөндөө цохисон. Цохиулаад миний хамар амнаас цус гоожсон байсан. Би цохиулж байхдаа хүүхдүүдээ босоорой гэж хэлсэн. Би турсикнээс нь барьчихаад хүүхдүүдээ хувцсаа өмсөж дуустал нь тавихгүй гээд тавихгүй байсан. Тэр үед хүүхдүүд гуталнаас бусдыг нь өмсчихсөн байсан. Тэгтэл намайг чирээд хойд орон дээрээ авч очоод дээш нь харуулаад нүүрэн дээрээс ахиж цохиж байгаад баруун гарынхаа шуугаар хоолойн дээр дарчхаад би мэдэж байна. Би эрүүл байна гээд загнаад байсан. Тэгж даруулаад ээжийг нь аллаа гээд орилсон миний хоолой боогдоод цус хоолой руу ороод, юм хэлэх гэсэн амнаас цус олгойдож байсан. Би дийлэхгүй болохоор одоо болиоч ээ гэж гуйсан. Миний том охин бас боль гэж их гуйсан. Дунд охин, бага охин хоёр уйлаад байсан. Миний дээр гарчхаад дийлдэхгүй байхаар нь аавынхаа гарыг нь барь, хөлийг нь барь гэж хашхирсан. Тэгсэн том охин гарыг нь барих гэсэн чинь баруун гарыг нь хоёр удаа цохисон байсан. Тэгээд хүүхдүүд айгаад ахиж ойртоогүй. Би болихгүй байхаар нь одоо больчих л доо гэж зөндөө гуйсан тэгсэн намайг тавиад дээрээс буусан. Миний дээрээс буугаад намайг шалдан нүцгэн болголоо, турсик урчихлаа гээд уурлаад байхаар нь солих турсик өгсөн солихгүй байсан. Тэгээд хөнжилдөө ороод хэвтсэн. Хэвтэхээр нь би хүүхдүүдээ аваад гэрээс нь гарсан. ... Гэртээ ороод хүүхдүүд, Б гэрт байсан хүүхдүүдийн хамт шууд унтацгаасан. Би толгойгоо угааж цусаа арилгачхаад унтсан. Унтаж байгаад Б гэрт байсан хүүхэд Погдоногын хамт 08 цаг өнгөрч байхад гэррүүгээ явсан. Би өглөө нь босох бүх бие маань хөндүүр босож чадахгүй, 2 өдөр хэвтсэн. Тэгээд арай гайгүй болсон. Би нөхөртэйгөө ханилаад 18 жил болж байна. Энэ хугацаанд миний биед хэдэн удаа халдаж байсан болохыг одоо хэлж мэдэхгүй байна. Маш олон удаа халдаж байсан. Архи уугаагүй үедээ миний биед хүрдэггүй, архи уух бүртээ л агсан согтуу тавьдаг. Зарим нэгэн удаа бол биед маань халдаж байсан. Би архи уучхаар нь аль болох шууд унтуулах гээд л хоолыг нь бэлдээд, орыг нь засаад өөдөөс нь юм дуугарахгүй байдаг. Өөдөөс нь юм дуугарахгүй байхаар загнана, өднө, хэл амаар доромжилно тэгээд тэсэхээ байгаад өөдөөс нь хэрэлдэхээр биед халдаж зоддог. Архи уучихсан байвал гарч орох үед нь харж байгаад хүүхдүүдээ аваад гараад зугтаачихдаг. Энэ хэрэг учралаас өмнө 2021 оны 01 дүгээр сард архи уугаад гэртээ намайг зодох гээд хөөхөөр нь гэрээс гарч зугтаад Б гэррүү орсон араас орж ирээд зодож чадахгүй загнаж байгаад гарсан. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр айлаар яваад архи уучихсан байхаар нь ирж зодно гэж бодоод хүүхдүүдээ аваад дэрсэнд очиж нуугдаж байгаад архи нь гарахаар нь маргааш орой нь хүүхдүүдтэйгээ буцаж очиж байсан. Миний биед халдаж зодсон нь 2020 оны 02 дугаар сарын 26, 27-ны үед цагаан сарын дараа айлуудаар явж архи ууж байгаад өглөө 06 цагийн үед ирсэн. Би айлаар явж архи ууж байгааг нь мэдээд унтахгүй хүлээгээд бага хүүхдийнхээ хажууд хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгсэн гэрт ирээд хажуу тийшээ хараад намайг унтаж байхад гэрт орж ирж архи ууж байгаад миний зүүн хавирган дээр дэвсэж сэрээж байсан. Тэрнээс болж миний 8, 9 дүгээр хавирга хугарсан байсан. Тухайн үед корона гараад пост гарчихсан байсан болохоор машинаа өөрөө бариад хадам ээжийг суулгаад, хүүхдүүдээ аваад Бор-Өндөр суманд ирж байсан. Бор-Өндөр суманд ирж нэгдсэн эмнэлэгт Гантулга эмч дээр үзүүлээд зургаа авахуулж өвчний картан дээрээ бичүүлсэн байгаа. Би эмчид хэлэхдээ утсаар ярих гэж байгаад хороон дээрээс ойчсон гэж хэлсэн. Энэ тухай хадмын талынхан бүгд мэдэж байгаа. Энэнээс мөн 1 жилийн өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын эхээр гэртээ байх үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас Ууганбаяр гэдэг залуу эхнэр, найзынхаа хамт гэрт ирсэн. Гэрт ирээд бүгдээрээ юм идэцгээгээд бөөндөө Баянмөнх сум руу бургас авна гээд явсан. Баянмөнх сум орж бургас авчхаад гэртээ ирээд манай нөхөр архи уучхаад У эхнэр хоёртой нь муудаад тэгээд надруу Дорноговь аймгийнхан гээд дайрсан. Надруу дайраад үс зулгааж байгаад нүүррүү гараараа цохиод, баруун гуя руу өшиглөөд хөх няц бопгочихсон байсан. Тэгээд маргааш нь Х гээд дүүгээр нь хүргүүлж Бор-Өндөрт ирж байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, гэртээ байж байгаад зүгээр болгосон. Энэ тухай Оюунгэрэл мэдсэн байгаа. Өмнө нь би Хэнтий аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуульд багшилдаг байсан. Багшилж байх үе буюу 2016 сонгууль болох үеэр сонгуулийн ажлын хэсэгт би орж ажиллаж байсан. Тэгээд Хэнтий аймаг руу явж семинарт суухаар болоод явах гэсэн чинь хөдөөнөөс согтуу ирээд надад агсам согтуу тавиад байхаар нь би гараад зугтаасан. Тэгээд нөхрөөсөө зугтааж Дархан сумын дотуур байраар хоноглож явж байгаад том эгч Х.Даваатай утсаар холбогдож, аваач гээд ажлаасаа гараад Дорноговь аймаг явж байсан. Би тухайн үед нөхрөөсөө саллаа гээд хүүхдүүдээ аваад явсан. Тэгээд миний араас 1 сар гарны дараа хүүхдүүдээ санаад байна гээд гуйсаар байгаад авч ирж байсан. Буцаж ирээд ажлаасаа гарчихсан юм чинь гээд Бор-Өндөр суманд ирж амьдарч байсан. Одоо чигтээ эндээ амьдарч байна. ... Архи уусан болгондоо миний биед халдах гэдэг би уусан үед нь түрүүлж унтаж чаддаггүй, унтуулчхаад л араас нь унтдаг. Уучихаад агсраад байх юм бол шууд л гараад зугтаачихдаг. Зарим үед гарч явж чадалгүй зодуулчихдаг юм. ...Би 2003 онд гэр бүл болж байсан. Гэр бүл болсон эхний хэдэн жилдээ янз бүрийн асуудал гараагүй. Том охин төрсөн жилд буюу 2005 оны хавар 03 сард агсан тавьж зодож байсан. Том эгч Х.Даваа эгч эргэж ирээд намайг зодуулсан байхыг харж байсан. Тэрнээс би архи уусан үед нь зайгаа барьж байх хэрэгтэй юм байна гэж бодоод зугтаадаг болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ элдвийн ааш байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ огцом ууртай хүн. Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р хуудас/
Хохирогч М.О 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Согтуу архи уусан үедээ агсам согтуу тавьдаг. Тэрнээс архи уугаагүй үедээ тийм үйлдэл гаргадаггүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ байх үед 2021 оны 02 дугаар сарын 26-ны 19 цагийн үед том эгч Х.Даваа залгаад дүү М.О чинь нөхөр О.О зодуулаад гэртээ ирчихсэн байна хоёр нүд нь хөхөрчихсөн гэж байна гэж хэлэхээр нь гэрт нь очиж харъя гэж бодоод гэрт нь очсон. Гэрт очиход дүү М.О , дунд охины хамт байсан. М.О хоёр нүд нь хавдсан, хөхөрсөн, зүүн нүдний дотор салст нь цус хурж нилэнхүйдээ улайсан, дээд уруулын дотор тал язарсан шархнуудтай байсан. Уг шархнууд нь шинээр үүссэн шарх байсан. Би тухайн байдлыг хараад зургыг нь аваад эгч Х.Давааруу явуулж ийм болсон байна гэж харуулсан. ... Би М.О ээс юу болсон гэхэд нөхөр О.О нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр айлд очоод ирэхдээ согтуу ирээд унтах гээд хэвтэж байхад гэнэт шууд нүүррүү нь цохиод авсан гэсэн. Тэгээд зууралдаж байгаад хүүхдүүдээ дуудаж сэрээж хувцаслуулсан байсан. Тэр хооронд зууралдаж байх үедээ М.О өөр барих зүйл байхгүй шалдан байсан болохоор дотуур өмднөөс нь бариад урчихсан. Тэгээд дотуур өмд урагдаад орондоо орох хооронд нь гараад явсан гэж хэлсэн. Гэрээсээ гараад хажуу айлдаа очсон араас нь нөхөр нь машинтай ирэхээр нь сандраад хүүхдүүдээ аваад гарах гэсэн том охин Уранзаяа нь ухаан алдаад унаад өгсөн гэсэн. Тэгээд гэр айлын хүн сэрээж өгөөд гэрээс нь гарсан байсан. Тэгээд гэрээс нь гарч хүнээр хүргүүлж гэртээ ирсэн гэж хэлсэн. Би энэ үйл явдпыг нь сонсоод 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед 102 дугаартай утас руу залгаж мэдэгдсэн. Уг утас нь Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэстэй холбож өгсөн. ... Би тэгээд 1 дэх өдөр өргөдлөө авч ирж өгсөн. Би дүүгээ өөрийн биеэр очиж харчихаад 02 дугаар сарын 27-ны өдөр Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг дээр очиж жижүүр эмчид үзүүлсэн. Өмнө нь миний дүүг ийм биед халдаж байсан. Халдахдаа дандаа хөдөө гэртээ халддаг. Халдсан үед нь хүүхдүүдээ дагуулж зугтаатаад Бор-Өндөр суманд ирж байсан. Би өмнө нь болсон зүйлүүдийг бүгдийг нь он сараар нь санахгүй байна. Энэ өмнө миний мэдэхээр 2019 оны зун зодуулаад гурван хүүхдээ дагуулаад орж ирсэн. Ирэх үед нь үснүүд нь тугаараа уначихсан байсан. Дэлгэрэх сумын хүмүүс Баянмөнх сумаас бургас авах гэж ирээд цуг архи ууж байгаад тухайн муудалцсан уурандаа миний дүүг зодож үснээ нь тугаар нь зулгаасан байсан. Хөдөө зодуулж ирээд Бор-Өндөр сумын шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд орж уулзсан. Бид хоёртой уулзаад эвлэрүүлэх юм байхгүй, шууд салгана гэж хэлсэн. Тэгж хэлснийх нь дагуу өргөдөл бичээд баримтжуулаад авч очих болсон чинь очихгүй, нөхөртэйгээ очиж уулзаж байж болно гээд очиж өргөдлөө өгөөгүй. Тэгээд буцаад хөдөө гэрлүүгээ явж байсан. Энэнээс хойш Бор-Өндөр суманд байх үедээ архи уучихсан байна айгаад гээд манай гэрт хүүхдүүдээ дагуулаад хүрээд ирдэг. Энэ явдал 10-аад болж байсан. Тэгээд архи нь гарсан болон хөдөө явсан хойно нь гэртээ очдог байсан. Миний дүү М.О нь Хэнтий аймгийн Дархан сумын ЕБС-д дотуур байрны багшаар ажиллаж байх үед буюу 2013 оны 07-08 дугаар сард зодуулаад гэрээсээ хөөгдөөд дотуур байрандаа нуугдаж таньдаг хүнээрээ цоожлуулж барьж байгаад том эгч Х.Даваатай утсаар ярьж эгч Дорноговь аймгаас очиж авч байсан. Тэгээд Дорноговь аймагт ажилд орж ажиллаж байгаад буцаад ирж байсан. Тэр үед хоёр хүүхэдтэй байсан. О.О гэдэг хүн миний дүүг байнгын дарамтад байлгадаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь зугтаахгүй л бол зоддог, хэл амаар доромжилдог. Ийм зүйл маш олон удаа болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/
Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү О.О нь Дархан сумын сайн малчин, аймгийн сайн малчин, алтан хурганы эзэн зэрэг шагналуудыг авч байсан. Зан аашны хувьд их нийтэч, цагаан цайлган, найз нөхдийнхөө дунд тусч гэдгээрээ их нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Архи өөрт нь зохидоггүй бага уусан ч их согтдог. О.О нь эхнэр М.О тэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, таарч нийлэхгүй байгаа зүйл харагддаггүй. Би тэр болгон хамт байдаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 46-47 хуу/
Хэнтий аймгийн Дархан сумын Шажин багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-н 68 хуу/
2020 оны жилийн эцсийн мал тооллогын баримт /хх-н 68-69 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.О нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг, “Шорвог” гэх газар нутаглах өөрийн гэртээ эхнэр М.О нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд зовхины хэсгүүд болон хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь
Хохирогч М.О “...Намайг тэгж хэлсэн босч ирээд гараараа миний зүүн талын нүд, хамар дайруулаад хоёр удаа цохиод авахаар нь дотуур хувцаснаас нь бариад авсан. Намайг бариад авсан чинь ахиад миний нүүррүү зөндөө цохисон. Цохиулаад миний хамар амнаас цус гоожсон байсан. Би цохиулж байхдаа хүүхдүүдээ босоорой гэж хэлсэн. Би турсикнээс нь барьчихаад хүүхдүүдээ хувцсаа өмсөж дуустал нь тавихгүй гээд тавихгүй байсан. ...Тэгтэл намайг чирээд хойд орон дээрээ авч очоод дээш нь харуулаад нүүрэн дээрээс ахиж цохиж байгаад баруун гарынхаа шуугаар хоолойн дээр дарчихаад би мэдэж байна. Би эрүүл байна гээд загнаад байсан. Тэгж даруулаад ээжийг нь аллаа гээд орилсон миний хоолой боогдоод цус хоолой руу ороод, юм хэлэх гэсэн амнаас цус олгойдож байсан. Би дийлэхгүй болохоор одоо болиоч ээ гэж гуйсан. ...Би нөхөртэйгөө ханилаад 18 жил болж байна. Энэ хугацаанд миний биед хэдэн удаа халдаж байсан болохыг одоо хэлж мэдэхгүй байна. Маш олон удаа халдаж байсан. Архи уугаагүй үедээ миний биед хүрдэггүй, архи уух бүртээ л агсан согтуу тавьдаг. Зарим нэгэн удаа бол биед маань халдаж байсан. ... 2020 оны 02 дугаар сарын 26, 27-ны үед цагаан сарын дараа айлуудаар явж архи ууж байгаад өглөө 06 цагийн үед ирсэн. Би айлаар явж архи ууж байгааг нь мэдээд унтахгүй хүлээгээд бага хүүхдийнхээ хажууд хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгсэн гэрт ирээд хажуу тийшээ хараад намайг унтаж байхад гэрт орж ирж архи ууж байгаад миний зүүн хавирган дээр дэвсэж сэрээж байсан. Тэрнээс болж миний 8, 9 дүгээр хавирга хугарсан байсан. ... Том охин төрсөн жилд буюу 2005 оны хавар 03 сард агсам тавьж зодож байсан. Том эгч Х.Даваа эгч эргэж ирээд намайг зодуулсан байхыг харж байсан…" гэх мэдүүлэг,
Гэрч М.О “...Гэрт очиход дүү М.О , дунд охины хамт байсан. М.О хоёр нүд нь хавдсан, хөхөрсөн, зүүн нүдний дотор салст нь цус хурж нилэнхүйдээ улайсан, дээд уруупын дотор тал язарсан шархнуудтай байсан. Уг шархнууд нь шинээр үүссэн шарх байсан. ... Өмнө нь миний дүүгийн биед халдаж байсан. Халдахдаа дандаа хөдөө гэртээ халддаг...” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О нь эхнэр М.О ийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулж удаа дараа зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан ба үүнээс 2021 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө М.О эрх чөлөөнд халдаж биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун, зүүн нүдний дээд зовхины хэсгүүд болон хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч М.О нь мөрдөн шалгах ажиллагаанд Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон бусдыг үл хүндэтгэсэн дээрэнгүй харилцаа нөлөөлсөн байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР